Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 680

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,                          

Улсын яллагч Д.Мөнхтогоо,

Шүүгдэгч Б.Энхбат, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баттөрийн Энхбатад холбогдох эрүүгийн 1809027120686 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл 9, эх, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49 дүгээр гудамж 1114 тотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 16 дугаар гудамжны 219 тоотод түр оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 540 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 79 дүгээр  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 288 дугаартай шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн  / РД: Х3 83021234 / Боржигон овогт Баттөрийн Энхбат нь:  

 

- 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 17-р сургуулийн автобусны буудал дээр хохирогч О.Хулангийн  айфоне 6-плас маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 544.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны хохирогч О.Хулан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:…

2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 19 цагийн үед хичээлээ тараад гэр рүүгээ явах гээд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны 17-ийн автобусны буудлаас Бэлх-Сэлх явдаг автобусанд суух гэж байгаад нэг хүнтэй зөрж гараад цагаа харах гээд утсаа хайтал утас маань алга болсон байсан. Би өөрийн гар утсаа хүлээн авсан болохоор надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. / хх 13-15 /

 

Гэрч Ч.Төмөрчөдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...Ажлаа тараад гадаа зогсож байхад “ Утас авах уу” гээд  нэг намхан барзгар нүүртэй залуу зогсож байсан. Тэгээд Айфоне маркийн гар утсыг хэдээр өгөх юм гэхэд 150.000-160.000 төгрөгний хооронд зарна гэж хэлэхээр нь кодтой болохоор ашиглахгүй боломжгүй учраас дэлгэцний үнээр нь авна гэж хэлээд ямар учиртай утас болохыг асуухад олсон гэж надад хэлсэн. Би утас худалдан авсан 60.000 төгрөгөө нэхэмжлэж байна. Би хулгайн утас байсныг мэдээгүй болохоор худалдан авсан гэжээ. / хх 17-18 /

 

Гэрч П.Батхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 20:20 минутын үед 17-н автобусны буудал дээр танил хар Батаатай тааралдаад бид 2 нэг Хандгай нэртэй архи худгийн тэнд хувааж уусан. Тэндээс босоод харих гээд явж байгаад цагдаа нарт баригдаад шууд наашаа ирээд эрүүлжүүлэхэд орсон. Би хулгай хийгээгүй. Цагдаа нар ирээд Батааг утас аваад ир гэхэд зарчихсан гэж хэлж байсан гэжээ. / хх 23 /

 

Яллагдагч Б.Энхбат мөрдөн шалгах ажиллагааны явцад ... 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 16:00 цагийн үед 17-н автобусны буудлаас автобусанд суух гээд зогсож байсан  формын хувцастай хүүхдийн пиджакнаас гар утас цухуйсан байхаар нь хажуугаар нь өнгөрөхдөө гар утсыг нь аваад доошоо гудамж руу эргээд явсан. Тэгээд Монтел ороод Төмөрчөдөр гэх хүнд 60.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед ганцаараа явсан. Батхүүтэй 20 цагийн үед 17-н автобусны буудал дээр тааралдаж, архи уугаад цагдаад баригдаад явсан. Миний хулгай хийсэн утсыг худалдан авсан эмэгтэйгээс утсыг хураан аваад хохирогч охинд хүлээлгэн өгсөн гэжээ. / хх 35 /

 

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 8- 9 /

 

             “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 25-27 /

 

Шүүгдэгч Б.Энхбатыг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар татаж, мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 33-35 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 37 / зэрэг болно.

Шүүгдэгч Б.Энхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018.03.12-ны өдөр ажлаа тараад харихаар автобусанд суух гэж байтал 1 охины халааснаас гар утас нь цухуйж байхаар нь авсан. Тэгээд монтел орж 60.000 төгрөгөөр зараад Батхүүтэй архи авч уусан. Утсыг буцаан авч хохирогчид өгсөн. Төмөрчөдөрт 60.000 төгрөгийг буцаан өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Б.Энхбат нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 17-р сургуулийн автобусны буудал дээр хохирогч О.Хулангийн  айфоне 6-плас маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 544.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...  17-гийн автобусны буудлаас Бэлх-Сэлхийн автобусанд суух гэж байгаад нэг хүнтэй зөрж өнгөрөөд цагаа харах гээд утсаа хайтал утас маань алга болсон байсан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн өсвөр насны хохирогч О.Хулангийн мэдүүлэг / хх 13-15 /,  ... “ Утас авах уу” гээд  нэг намхан барзгар нүүртэй залуу Айфоне маркийн гар утас үзүүлэхээр нь 60.000 төгрөгөөр худалдаж авсан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэрч Ч.Төмөрчөдөрийн мэдүүлэг / хх 17-18 /,   ...Цагдаа нар ирээд Батааг “ Утас аваад ир”  гэхэд зарчихсан гэж хэлж байсан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэрч П.Батхүүгийн мэдүүлэг / хх 23 /,  ... Формын хувцастай хүүхдийн пиджакнаас гар утас авч, Монтел ороод Төмөрчөдөр гэх хүнд 60.000 төгрөгөөр зарсан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн яллагдагч Б.Энхбатын мэдүүлэг / хх 35 /,  ...Гар утсыг  544.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан / хх  26-27 /,  …Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 8-9 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Энхтбатыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдав.

 

Шүүгдэгч Б.Энхбат нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэргийг харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүйг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Баттөрийн Энхбатыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баттөрийн Энхбатад 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Энхбат нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Энхбат нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

5. Б.Энхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах,  яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Энхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        С.ОЮУНЧИМЭГ