Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01885

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01885

 

 

БТМ-

ТӨБЗ-

газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2021/02337 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч БТМ-

Нэхэмжлэгч ТӨБЗ- газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч ЭЖЭК ХХК-д холбогдох,

Бусдын хууль бус эзэмшлээс талбай чөлөөлүүлэх тухай үндсэн, 13,123,852,100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ТӨБЗ- газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, түүний өмгөөлөгч Ж.У, нэхэмжлэгч БТМ- итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор ҮГМ-г байгуулсан бөгөөд 2013 онд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 869 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 645 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 689 тогтоолоор Л- музейн барилга нь төрийн өмч болохыг эцэслэн тогтоосон. Улмаар 2014 онд ҮГМ-д шилжүүлснээр 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2402 дугаар шийдвэрээр Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэс нь МАН-ын дугаар бүхий гэрчилгээг хүчингүй болгож Үлэг гүрвэлийн төв музейн өмчлөлд бүртгэсэн. Улмаар ҮГМ- нь тус барилга байгууламжийг буцаан авч, өөрийн үйл ажиллагаанд зориулж засвар үйлчилгээний ажил хийх гэтэл хэсэг талбайд асуудал үүссэн. Ингээд холбогдох байгууллагад хандахад хариуцагч ЭЖЭК ХХК болон МАН- нарын хооронд 15 жилийн хугацаатай байр түрээслэх гэрээний дагуу эзэмшсэн гэсэн маргаан үүсч, ЭЖЭК ХХК-д холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох хуучнаар Л- музейн барилгыг ЭЖЭК ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу албадан нүүлгэх арга хэмжээг авхуулах нэхэмжлэлийн шаардлага гарган 2015 оноос хойш өнөөг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.

Энэ маргаанд БТМ- оролцож байгаа учир нь Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 281 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн төв музейг БТМ-д нэгтгэн зохион байгуулж, Үлэг гүрвэлийн төв музейн сан хөмрөгийг БТМ- балансаас баланст шилжүүлэн авснаар тус хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байна.

ЭЖЭК ХХК болон МАН- нарын хооронд байгуулсан 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн байр түрээслүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй. Энэ нь тодорхой шүүхээр тогтоолгох шаардлагагүй гэж үзэж 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаас татгалзаад, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр ЭЖЭК ХХК-ийн хууль бусаар эзэмшиж байсан музейн барилгын Б1 давхар бүхэлдээ, 1, 2 дугаар давхрын зарим хэсэг, 3 дугаар давхар, нийт 4 давхар талбайг чөлөөлүүлэх анхны нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцож байна.

Манай нэхэмжлэлийн шаардлагын гол зорилго нь Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Тусгаар тогтнолын талбайн 1 тоот хаягт байрлах Л- музейн барилгыг хариуцагч ЭЖЭК ХХК-ийн байр түрээслэх гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байсан талбайг чөлөөлүүлж, өөрийн байгууллагын үйл ажиллагаанд тохируулан уг чөлөөлсөн талбайг ашиглах, олон нийтэд сан хөмрөг, үзвэрийг дэлгэж стандартын дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулах хүсэлттэй байна. Энэ хэрэг шийдэгдэхгүй 7-8 жил болсон учир музейн барилгад хадгалагдаж байгаа сан хөмрөг нь хадгалалтын горим алдагдсан. Цаашид музейн үзвэрийг үзүүлэх боломжгүйд хүрч, өнөөдрийг хүртэл энэ барилгыг бүрэн ашиглаж чадахгүй байна.

Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр ЭЖЭК ХХК-ийн хууль бусаар эзэмшиж байсан музейн барилгын Б1 давхар бүхэлдээ 1,2 дугаар давхрын зарим хэсэг, 3 давхар бүхэлдээ нийт 4 давхар талбайг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Хариуцагчийн хувьд хууль зүйн үндэслэлийг ойлгож байна. Гэхдээ тавьж байгаа үндэслэл нь хууль бус эзэмшлээс гаргуулах гэдэг шаардлага байдаг. ЭЖЭК ХХК нь хуучнаар МАН-ын 2 дугаар байр, Л- музей буюу Үлэг гүрвэлийн төв музей байрлах ёстой гэж үзэж байгаа барилгыг хууль бусаар эзэмшилдээ аваагүй. 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тухайн үед маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байсан МАХН-тай байр түрээслэх гэрээгээр МАН-ын 2 дугаар байрыг 15 жилийн хугацаанд эзэмшиж ашиглахаар тохиролцон байгуулсан. Гэтэл тус түрээсийн байртай холбоотой өмчлөх эрхийн маргаан үүсэж, 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Улсын дээд шүүхийн тогтоолоор МАХН-ын 2 дугаар байр байсан барилгыг төрийн өмчийн хөрөнгө болохыг эцэслэн тогтоосон. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дугаар тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор түрээслэгч өөрчлөгдсөн, түрээсэлж буй эд хөрөнгө гуравдагч этгээдийн эзэмшилд шилжсэн тохиолдолд түрээслүүлэгчийн бүх эрх үүрэг нь шинэ өмчлөгчид шилжих ёстой. Энэ дагуу түрээслүүлэгч нь түрээсийн гэрээний хугацаанд түрээслэгчид шилжүүлэн ашиглах, эзэмших боломжийг бүрдүүлж өгөх, хэн нэгэн этгээд түрээсийн гэрээний хугацаанд саад учруулахгүй байхыг хуульд заасны дагуу хариуцах ёстой. Гэрээнд заасан эрхийн хүрээнд энэ барилгыг эзэмшилдээ авсан учир тус компанийг хууль бусаар эзэмшигч гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх агуулга бүхий нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч ТӨБЗ- газрын тухайд шүүхийн шийдвэрийн үндсэн дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг олж авсантай хариуцагч маргахгүй. Гол маргаантай асуудал нь энэ байрыг өмчлөх, ашиглах эрх бүхий этгээдүүдэд суллаж хүлээлгэн өгөх үүргийг яагаад гүйцэтгэхгүй байгаа вэ гэдгээ хариу тайлбартаа тодорхой тайлбарласан. Энэ нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах, үүргийн гүйцэтгэлийг саатуулах хуульд заасан эрхийн хүрээнд энэ үйлдэл хийгдэж байгаа гэдгийг нэхэмжлэгч нар ойлгох хэрэгтэй. Ямар саатуулах эрх байгаа вэ гэвэл түрээсийн гэрээний үндсэн дээр энэ барилгад их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн. Энэ хөрөнгө оруулалтын хохирлыг барагдуулчих, энэ тохиолдолд чөлөөлж өгөх үүргийг гүйцэтгэе гэдэг л тайлбар өгсөн. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл түрээсийн гэрээний үндсэн дээр хариуцагч ЭЖЭК ХХК-д учирсан хохирлыг төлөөгүй учир энэ байрыг суллаж өгөхгүй байгаа. Анх шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 6 жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хооронд эрх бүхий этгээдүүд хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан хохирлыг барагдуулаагүйтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай явагдаж, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч БТМ- нийтийн эрх ашиг хөндөгдөж байгаатай маргахгүй. Гол нь хэн аль нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой гэж үзэж байна. Энэ үндэслэлээр л байрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа. Үүнтэй холбоотойгоор хариуцагч үүргээ гүйцэтгэхээс татгалзах, үүргийн гүйцэтгэлийг саатуулах эрхийн хүрээнд сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Музейн барилгыг төрийн өмчид шилжүүлэх үед Төрийн өмчийн хороо төрийн өмчийг захиран зарцуулах эрх, чиг үүргийг хэрэгжүүлдэг байсан ба энэ чиг үүрэг нь одоо Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны 4 дугаар тогтоолоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт шилжсэн байна. Иймээс түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс манай компанид учирсан хохирлыг төлөх үүргийг өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэгчийн хувьд ТӨБЗ- газар, гэрээний хэрэгжилтийг саатуулах шаардлага гаргаж байгаагийн хувьд Үлэг гүрвэлийн төв музей тус тус хамтран хариуцах ёстой гэж үзэж байна.

2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн байр түрээслүүлэх тухай гэрээний үүргээ түрээслүүлэгч зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг дараах байдлаар тооцно. Үүнд:

1. Байр түрээслүүлэх тухай гэрээний дагуу түрээсийн барилгад оруулсан хөрөнгө оруулалт 2,645,011,000 төгрөг,

2. Урсгал зардалд 110,833,800 төгрөг,

3. Гэрээ зөрчигдсөний алданги 315,700,000 төгрөг,

4. Олох ёстой байсан орлого 10,052,307,300 төгрөг, нийт 13,123,852,100 төгрөгийн хохирол учраад байна. Иймд түрээсийн гэрээний харилцааг үргэлжлүүлэх үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол болох 13,123,852,100 төгрөгийг холбогдох хуульд заасны дагуу ТӨБЗ- газар болон Үлэг гүрвэлийн төв музейгээс гаргуулж өгөхийг шаардсан.

Сөрөг нэхэмжлэлд ТӨБЗ- газар болон БТМ- нараас гаргуулна гэсэн нь хэнээс нь хэдэн төгрөг гаргуулах нь тодорхойгүй байгаа. Гэхдээ энэ шаардлага бол өмчлөгчийн хувьд ТӨБЗ- газарт хамааралтай. БТМ- холбогдох эрх зүйн актын хүрээнд эзэмших, ашиглах эрхтэй этгээд.

Эд хөрөнгүүдийг авах боломжтой гэж тайлбарлаж байна. Маргаан үүссэн 2014 оноос тоолбол 7 жил, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас тоолбол 6 жилийн хугацаа өнгөрч байна. 2013 оноос тооцвол 8 жил болсон байна. Энэ хугацаанд бараа материал элэгдэлд орсон. Зарим ажлууд хийгдээд буцааж салгаж авах боломжгүй байдлаар ашиглагдсан. Энэ агуулгаар барилгын хөрөнгө оруулалтаар хийгдсэн мөнгөө бүхэлд нь гаргуулахаар шаардсан. Олох ёстой байсан орлогын тухайд гэрээнд тодорхой заасан. Холбогдох тооцоолол, баримтуудыг гаргаж өгсөн. Үүнийг үйлчилгээний төвийн зориулалтаар засаж тохижуулсан болох нь шүүхээс үзлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдоно. Ийм хэмжээний орлого олох ёстой байсан гэдгээ хангалттай баримтаар нотолсон. Иргэний хуулийн 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэгт эд хөрөнгө хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшилд байгаа эд хөрөнгөө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн бол хөлслүүлэгчийн бүх эрх, үүрэг нь гуравдагч этгээд буюу шинэ өмчлөгчид шилжихээр заасан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ТӨБЗ- газарт холбогдуулж дэмжиж байна. Хууль ёсны дагуу байгуулсан гэрээний үндсэн дээр учирсан хохирлыг төлбөл байрыг хүлээлгэж өгнө. Барилгад оруулсан хөрөнгө оруулалт гэдэг нь түрээсийн гэрээнд заасны дагуу тухайн барилгыг засаж, тохижуулахаар хийгдсэн ажлууд, түрээсийн зориулалтаар ашиглахад зориулж олон тасалгаатай болгосон.

 

4. Нэхэмжлэгч БТМ- итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага бол хууль бус эзэмшлээс талбай чөлөөлүүлэх. Түүн дээр байгаа бараа материалаа авчихвал болно. Заавал хэн нэгнээс мөнгө гаргуулах шаардлагагүй. Манай зүгээс талбайд байгаа ЭЖЭК ХХК-ийн эд хөрөнгийг өгөхгүй гэсэн зүйл байхгүй. Бид өнөөдрийг хүртэлх 7-8 жилийн хугацаанд үнэ төлбөргүй харуул хамгаалалтаар харуулаад, агуулах маягаар хадгалж, хамгаалж байна. 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус байрыг битүүмжлэхэд байсан зүйлүүд нь тэр хэвээрээ байгаа.

ТӨБЗ- газар, БТМ- түүнийг нь авч ашиглаагүй, бусдад шилжүүлээгүй, тэр хэвээрээ байгаа зүйлийн төлөө төр төлбөр төлөх шаардлагагүй учир хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Энэ бол хариуцагч ЭЖЭК ХХК болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд МАН- нарын хооронд байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцлээс үүдсэн хохирлын асуудал. Хариуцагчид энэ хохирлоо гэрээ байгуулсан этгээдээс шаардах эрх нь нээлттэй байгаа. Музейн үйл ажиллагаа явуулж байгаа газар энэ гэрээний дагуу тийм үйл ажиллагаа явуулж байгаа нь зохимжгүй байна. Иймд байгаа эд хөрөнгөнүүдээ авчих, манайх сан хөмрөгөө байршуулаад, үйл ажиллагаагаа жигдрүүлнэ. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь музей төрийн үйлчилгээний байгууллага. Давхар өөрсдөө хохироод, үйл ажиллагаа жигд явуулж, сан хөмрөгөө хадгалж, хамгаалж чадахгүй байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн энэ өндөр үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Уг гэрээ хүчин төгөлдөр бус байсан. Өөрийнхөө эрх ашиг, ирээдүйд учрах эрсдэлийг хамгаалуулахаар МАН-аас шаардах ёстой байсан боловч шаардаагүй, гэрээ цааш үргэлжилсээр хэдэн жилийн дараа шүүхэд маргаан үүссэн асуудал учир сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. 3 дугаар хавтаст хэргийн 147 дугаар талд авагдсан баримтаар 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ЭЖЭК ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж үзэхээр бүгд зарлагын баримтууд байдаг. 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол яагаад нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болоогүй, шүүхэд хэрэг маргаан ирсэн хойно нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон эсэх, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй.

 

5. Нэхэмжлэгч ТӨБЗ- газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

ТӨБЗ- газар ЭЖЭК ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Олох ёстой байсан 10 тэрбум төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгийг олох байсан эсэх нь тодорхойгүй. Ирээдүйд бий болох байсан мөнгийг төрөөр төлүүлэх боломжгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 6 дугаар хороолол /15141/, Тусгаар тогтнолын талбай 1 тоот хаягт байршилтай музейн барилгын Б1 давхар, мөн 1, 2 дугаар давхрын ЭЖЭК ХХК-ийн тоног төхөөрөмж, эд хөрөнгө байрлаж байгаа хэсэг, 3 дугаар давхрын талбайгаас хариуцагч ЭЖЭК ХХК-ийг албадан нүүлгэн гаргаж, барилгыг чөлөөлж, Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт зааснаар 1,941,626,200 /нэг тэрбум есөн зуун дөчин нэг сая зургаан зуун хорин зургаан мянга хоёр зуу/ төгрөгийг ТӨБЗ- газраас гаргуулж хариуцагч ЭЖЭК ХХК-д олгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 11,182,225,900 /арван нэгэн тэрбум нэг зуун наян хоёр сая хоёр зуун хорин таван мянга есөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 56.2., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагч ЭЖЭК ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 65,847,410 /65,777,210+70,200/ төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, нэхэмжлэгч ТӨБЗ- газраас тэмдэгтийн хураамжид 9,866,081 төгрөг гаргуулж, хариуцагч ЭЖЭК ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

7. Нэхэмжлэгч ТӨБЗ- газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

7.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

7.б. Шүүх хариуцагчийг буруу тодорхойлсон нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх түүн дээр байгаа материалыг авахыг шаардсан шаардлага. 2021 оныг хүртэл харуул хамгаалалтаар харуулаад, агуулах маягаар хадгалж хамгаалж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ТӨБЗ- газар хариуцах ёсгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй этгээдийг хэлнэ гэж заасан тул Хариуцагчаа нэхэмжлэгч буруу тодорхойлж анхан шатны шүүхийн шүүгч сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэнэ гэж заасан. ТӨБЗ- газар нь үл хөдлөх хөрөнгөөс Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу чөлөөлөхийг шаардсан.

7.в. Шүүх нотлох баримтыг үнэлээгүй. Дээрх хууль зүйн үндэслэлгүй шаардлага иргэний хэрэг хянан шийдвэрлэх процесс зөрчсөн хууль буруу хэрэглэж хариуцах үүрэггүй этгээдийг Хариуцагчаар тодорхойлж ямар ч нотлох баримтгүй шийдвэр гаргасанд нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн 16 дугаар талд Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт зааснаар шударга эзэмшигчийн хувьд гэрээгээр олгогдсон захиран зарцуулах эрх хэмжээний үндсэн дээр гаргасан зардал болох оруулсан хөрөнгө оруулалтын 1,941,626,200 төгрөгийг хариуцан төлөх үүрэгтэй гэж заасан нь үндэслэлгүй юм. Иргэний хуульд түрээсийн гэрээнд Эд хөрөнгө хөлслөх гэрээний журам үйлчилнэ гэж заасан. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-т талууд өөрөөр тохиролцоогүй бол хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж заасан. Гэтэл шүүх хууль буруу хэрэглэж шийдвэр гаргасан.

Иймд ТӨБЗ- газраас 1,941,626,200 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

8. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг татах нь шүүхийн асуудал биш, нэхэмжлэгч өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж байгаа этгээдийг хариуцагчаар татдаг. Тухайн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь хууль ёсны шаардлага хангасан эсэхийг шүүх хянадаг. Хариуцагч компани сөрөг нэхэмжлэлийн хариуцагч буюу маргаан бүхий хөрөнгийн өмчлөгч болох ТӨБЗ- газрыг хариуцагчаар татсан нь үндэслэлтэй.

Нэхэмжлэлийн үндэслэлд тодорхой дурдсан. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн гэрээ байгуулагдсан. Түрээсэлж буй хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн тул Иргэний хуулийн 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгийн шинээр өмчлөгч болох нь тогтоогдсон төрийн бодлого зохицуулалтын газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй. Уг харилцааг анхан шатны шүүх зөв дүгнэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан.

 

9. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

9.а. Анхан шатны шүүх 1,941,626,200 төгрөгийн шаардлагыг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт тогтоогдсон үйл баримтыг нотлох баримтаас зөрүүтэй хэрэглэсэн зэрэг дараах зөрчлүүдийг гаргасан. Үүнд:

Хариуцагч гэрээний нэг тал болох түрээслүүлэгч нь Байр түрээслэх гэрээ-ээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохирлыг арилгуулахтай холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 221.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгүүдийг үндэслэн мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 болон 9.4.4 дэх заалтад заасан аргаар эрхийн хамгаалалт хийлгэх агуулга бүхий шаардлага юм.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримтуудыг шүүх тогтоосон.

ЭЖЭК ХХК нь 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр МАН-ын 2 дугаар байр /маргаан бүхий барилга/-ыг бүхэлд нь албан тасалгаа, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмших, ашиглахаар тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байсан Монгол Ардын Хувьсгалт намын байр түрээслэх гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр ЭЖЭК ХХК нь хөрөнгө оруулалтын зардалд 1,941,646,200 төгрөг, урсгал зардалд нийт 61,668,512 төгрөг гаргасан болохыг тогтоосон.

Маргаан бүхий барилгын өмчлөгчөөр шинээр тогтоогдсон Төрийн өмчийн хороо, Үлэг гүрвэлийн төв музей нь Иргэний хуулийн 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэгт заасан үүргээ зөрчиж, байр түрээслэх гэрээнээс татгалзсаны улмаас ЭЖЭК ХХК өөрт учирсан хохиролд маргаан бүхий барилгад оруулсан хөрөнгө оруулалт, урсгал зардал, алданги, олох ёстой байсан орлого-ыг оруулан тооцож, нийт 13,123,852,100 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 221.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцсэн хууль ёсны шаардлага байсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс ШҮА ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээчийн дүгнэлтээр ЭЖЭК ХХК нь хөрөнгө оруулалтын зардалд 1,941,646,200 төгрөг, урсгал зардалд 61,668,512 төгрөг тус тус гаргаж, олох ёстой байсан орлого буюу алдагдсан боломж 8,344,663,561 төгрөг болохыг тогтоосон. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлуудаас зөвхөн хөрөнгө оруулалтын зардалд 1,941,646,200 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсгийг үндэслэл болгосон нь үндэслэлгүй болсон.

Түүнчлэн, анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон урсгал зардалд хамаарах нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй үндэслэлээ ...Гаргасан урсгал зардал 61,668,512 төгрөг нь шударгаар эзэмшиж байх хугацааны зардал мөн боловч шинжээчийн дүгнэлтэд хариуцагчийн баримтаар МАН-д гэрээний хугацаанд төлсөн түрээс болон урьдчилгаагаа маргаан гарах үед буцаан авч хохиролгүй болсон байх тул бодит зардлаас хасч тооцох нь зүйтэй... гэж, олох ёстой байсан орлогод хамаарах хохирлыг хасаж тооцсон үндэслэлээ ...олох байсан орлого...нь барилгыг шударгаар эзэмшиж байхад хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардал болохгүй тул хангах үндэслэлгүй... гэж тодорхойлсон болон хэрэгт авагдсан нотлох баримтууд хуульд нийцээгүй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ЭЖЭК ХХК-ийн 13,123,852,100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

10. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч ТӨБЗ- газрын гаргасан тайлбарын агуулга:

Иргэний хуулийн 219, 221, 227 дугаар зүйлд тус тус заасан хэсгийг хариуцагч тал үндэслэл болгосон. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд заасан үүрэг хэнд үүсэх вэ, үүрэг гэрээгээр эсхүл хуульд зааснаар үүснэ. ТӨБЗ- газарт үүрэг болгосон эрх зүйн баримт бичиг байхгүй, үүрэг болгосон харилцаа үүсээгүй, мөн үүрэг болгосон шүүхийн шийдвэр гараагүй. Үүрэг хүлээж буй субъект нь анхны гэрээ байгуулсан МАН- юм. ТӨБЗ- газартай гэрээ, хэлцэл байгуулаагүй, анхны байгуулагдсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй.

 

11. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч БТМ- /ҮГМ-/ гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч БТМ- хамтран нэхэмжлэгч ТӨБЗ- газраас хариуцагч ЭЖЭК ХХК-д холбогдуулан хууль бус эзэмшлээс талбай чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч, 13,123,852,100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

2. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор ҮГМ-г байгуулсан бөгөөд 2013 онд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 869 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 645 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 689 тогтоолоор Л- музейн барилга нь төрийн өмч болохыг тогтоож, 2014 онд ҮГМ-д шилжүүлж, Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2402 дугаар шийдвэрээр МАН-ын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Үлэг гүрвэлийн төв музейн өмчлөлд бүртгэсэн байна./1хх 5, 7, 47-60/

 

3. Хариуцагч тал 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тухайн үед үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байсан МАХН-тай байр түрээслүүлэх гэрээгээр МАН-ын 2 дугаар байр/хуучнаар Л- музейн байр/-ыг 15 жилийн хугацаанд бүхэлд нь албан тасалгаа, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар түрээслүүлэх, өргөтгөл барих, үйл ажиллагаа явуулж эзэмшиж ашиглахаар харилцан тохиролцсон байна. /2хх 208-211/

 

4. Гэтэл дээр дурдсан шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч талын тухайн гэрээний зүйл болох барилгад хийж байсан засан сайжруулалт, засварын ажлыг зогсоож Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрээр уг байрыг 2015 оны 5 сард нэхэмжлэгч тал хүлээн авсан талаар тайлбар гаргасан байна.

 

5. Нэхэмжлэгч тал тухайн маргаан бүхий барилгыг хүлээн авсан боловч музейн зориулалтаар цаашид ашиглах боломжгүй, уг барилгын тодорхой талбайд хариуцагч талын эд хөрөнгүүд байгаа тул төрийн өмчлөлийн барилгын талбайг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхийн шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна гэж үзлээ.

 

6. Хариуцагч талаас, нэхэмжлэгчид холбогдуулан түрээсийн гэрээнээс учирсан хохиролд хөрөнгө оруулалтын зардлын 2,645,011,000 төгрөг, урсгал зардлын 110,833,800 төгрөг, алдангид 315,700,000 төгрөг, олох байсан орлого 10,052,307,300 төгрөг, нийт 13,123,852,100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна. /1хх 206-208/

 

6.а. Анхан шатны шүүхээс хариуцагч талаас тухайн барилгад оруулсан салгаж үл болох засан сайжруулалтын хөрөнгө оруулалтын зардалд нэхэмжилсэн 2,645,011,000 төгрөгийг Шонхор үнэлгээ-аудит ХХК-ийн гаргасан дүгнэлтийг үндэслэн 1,941,626,200 төгрөгөөр хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж байна.

 

6.б. Тодруулбал, хариуцагч нь түрээсийн гэрээний дагуу Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэгт эд хөрөнгө хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшилд байгаа эд хөрөнгөө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн бол хөлслүүлэгчийн бүх эрх, үүрэг нь гуравдагч этгээд буюу шинэ өмчлөгчид үүснэ гэсний дагуу түрээсийн гэрээний шинэ өмчлөгч болох төр, түрээслүүлэгч тал болсон байх тул түрээсийн гэрээгээ цуцалж байгаа тохиолдолд хариуцагчид гэрээнээс учирсан хохирлыг төлөх нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.6 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

6.в. Нэхэмжлэгч талаас түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй гэж маргаж байх боловч тухайн гэрээг бүртгүүлэх үүрэг нь түрээсийн гэрээний 5.2.9-д зааснаар түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч талд байсан байх тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

 

6.г. Мөн түрээсийн гэрээнээс олох байсан орлогод хариуцагчийн нэхэмжилсэн 10,052,307,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь хариуцагч талаас 15 жилийн хугацаанд уг барилгыг бусдад түрээслүүлэн эзэмшиж ашиглах тухай урт хугацааны гэрээтэй байсан бөгөөд нэхэмжлэгч тал түрээсийн зүйлээ хугацаанаас өмнө буцаан авсан тохиолдолд нэхэмжлэгч талд гэрээнээс учирсан хохирол буюу олох байсан орлогыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг үндэслэн шаардах эрхтэй.

 

6.д. Нэхэмжлэгч талаас 2015 оны 10 дугаар сараас гэрээний зүйл болох барилгыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийн 2016-2021 оны 1-3 сарын хугацаанд ногдох олох байсан орлогыг шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 5,984,516,150 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Уг шинжээчийн дүгнэлтийг няцаасан баримтыг нэхэмжлэгч талаас гаргаагүй байна.

 

Иймд хөрөнгө оруулалтын зардалд 1,941,626,200 төгрөг, олох байсан орлогод 5,984,516,150 төгрөг, нийт 7,926,142,350 төгрөгийн хэмжээнд сөрөг нэхэмжлэлийг хангав.

 

6.е. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлээс үлдэх урсгал зардлын 110,833,800 төгрөг, алдангид 315,700,000 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч ТӨБЗ- газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2021/02337 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.6, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэгт заасныг баримтлан 7,926,142,350 төгрөгийг нэхэмжлэгч ТӨБЗ- газраас гаргуулж, хариуцагч ЭЖЭК ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,197,709,750 төгрөгт холбогдох хэсгийг болон БТМ- /ҮГМ-/-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн,

 

Шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын 9,866,081 гэснийг 39,788,662 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 56,139,280 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

  ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ