Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 791

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

Улсын яллагч Ц.Амгаланбаатар,

            Шүүгдэгч М.Мнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Боржигон овогт Мөнхсайханы М-д холбогдох эрүүгийн 1809037850881 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.Мнь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Бадрахын гээгдүүлсэн “Ай-Фоне 7 плас” загварын гар утсыг олж бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж өөрийн үүрэн телефоны операторын дугаарыг хийн ашиглаж Б.Бадрахад 1.305.000 төгрөгийн хохирол учруулан гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Мшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Бадрахын мэдүүлэг /хх-10/, гэрч Б.Оюун-Эрдэнийн мэдүүлэг /хх-

13/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-7, 8/, шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-17-18/, хохирогч Б.Бадрах, шүүгдэгч М.Мнарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-27, 35/, шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-19-26/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Учир нь М.Мнь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Бадрахын гээгдүүлсэн “Ай-Фоне 7 плас” загварын гар утсыг олж бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж өөрийн үүрэн телефоны операторын дугаарыг хийн ашиглаж Б.Бадрахад 1.305.000 төгрөгийн хохирол учруулан гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэхдээ “...автобусны буудал дээрээс гар утас олсон, намайг уг утсыг олоход 4 хувийн цэнэгтэй байсан, мессеж ирсэн зүйл байгаагүй, би өөрөө олсон учраас миний гэж бодсон, утсыг хүнд нь буцаагаад өгсөн” гэх /хх-17-18/, хохирогч Б.Бадрахын “...гэртээ ороод утсаа үзэхэд утас байхгүй байсан, би нилээн согтолттой байсан учраас гадаа хаясан гэж бодсон, утсаа 1.300.000 төгрөгөөр үнэлсэн” гэх мэдүүлэг /хх-10/, гэрч Б.Оюун-Эрдэнийн “...гар утас олсоноосоо болж эрүүгийн хэрэгт татагдаж байгаад харамсалтай байна, хууль эрх зүйн мэдлэггүйгээс болж ийм байдал орлоо” гэх /хх-13/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-7-8/ болон хохирогч, шүүгдэгч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.  

Шүүхээс шүүгдэгч М.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүх шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх хялбаршуулсан журмаар М.М-д холбогдох хэргийг хянан

шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял оногдуулах санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Мнь гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Мнь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Мөнхсайханы М-ийг гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар М.М-ийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, М.Мнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол              М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР