2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 192/шш2026/03504

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 31 192/ШШ2026/03504

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,,,-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 108,336,674.58 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн нэхэмжлэлтэй, шимтгэлд суутгаж авсан 900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Аригбанк ХХК нь зээлдэгч Т.Санчиртай 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр MN910021002102988026 тоот Зээлийн гэрээ байгуулан 90,000,000 төгрөгийн зээлийг жилийн 30 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгосон. Гэвч Т.Санчир нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2024.10.07-ны өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар банкнаас удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний зөрчлийг арилгаагүй. Т.Санчиртай байгуулсан зээл нь зээлийн гэрээний дагyy 2026 оны 01 дүгээр 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 76,991,822.58 төгрөг, зээлийн үндсэн хүү 29,669,822.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,675,029.32 төгрөг, нийт 108,336,674.58 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд хариуцагч Т.Санчиртай байгуулсан Зээлийн гэрээ-ний 5.2.3., Иргэний хуулийн 451.1., 452.1., 453.1.-д заасныг үндэслэн 108,336,674.58 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...шүүхэд анх гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлага болох 103,429,085.79 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болох 4,907,588.79 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид эвлэрэн хэлэлцэх боломжтой байсан. Мэдэгдэлгүй шаардлагаа ихэсгэж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

3. Хариуцагч Т.Санчир сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Т.Санчир нь 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Аригбанк ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний ерөнхий нөхцөлд заасны дагуу зээл олгосны шимтгэл 900,000 төгрөгийг суутган авсан. Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-т банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасан. Гэтэл Аригбанк ХХК нь зээлийн шимтгэл тооцон авсан үндэслэлээ Монголбанк-ны журмаар зохицуулсан гэдэг. Дээрх зээлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хуулиар зохицуулна гэж Банкны тухай хуульд заасаар байтал гэрээнд тусган шимтгэл авсан нь стандарт нөхцөл зөрчсөн гэрээ гэж үзэхээр байна. Зээлдэгчийн зүгээс зээлийн гэрээний заалтуудад саналаа тусгах, өөрчлөх боломж байдаггүй бөгөөд зээл авахын тулд банкны бэлдсэн зээлийн гэрээнд гарын үсэг зурдаг. Стандарт нөхцлийг гэрээнд тусгасан ч гэсэн нөгөө талдаа илт хохиролтой, шударга ёсны зарчимд харш хууль бус гэж үзэж байна.

Иймд Банкны тухай хуульд зээлийн шимтгэлийн хэмжээг зохицуулсан заалт байхгүй тул гэрээтэй холбоотойгоор нэг хувийн шимтгэл суутгаж авсан 900,000 төгрөгийг Аригбанк ХХК-иас гаргуулж өгнө үү.

 

4. Нэхэмжлэгч Аригбанк ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-ыг баталсан бөгөөд уг журмын 9 дүгээр зүйлийн 9.1-д зээлийн шимтгэлд зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл болон баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах, барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайлан гаргах, зээлийн түүхийн судалгаа, шуудан холбоо, нэмэлт судалгаа, хяналт шалгалт, хугацаа сунгасны шимтгэл зэрэг нийт 8 төрлийн зардлыг шингээж тооцохоор заасан бөгөөд уг шимтгэл нь зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байхаар тогтоосон. Ийнхүү зээлийн шимтгэлийн харилцааг холбогдох журмаар зохицуулж, түүний дээд хязгаарыг тогтоосон. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.-д банк нь зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг харилцагчаас авах бөгөөд нэг төрлийн үйлчилгээнд шимтгэл давхардуулан авахыг хориглосон. Мөн зүйлийн 6.6.-д шимтгэлийн хувь хэмжээг үндэслэлтэй тогтоох, 6.7.-д хяналтын байгууллагаас шаардлагатай тохиолдолд бууруулах, хүчингүй болгох эрхийг тус тус хуульчилсан байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5.-д зээлдэгч нь зээлийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний үйлчилгээний шимтгэлийг банкинд төлөхөөр, уг шимтгэл нь санхүүгийн үйлчилгээний зардлыг нөхөх төлбөр бөгөөд буцаан олгогдохгүй болохыг харилцан тохиролцсон байна. Түүнчлэн Төв банкны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт заасны дагуу Монголбанкны Ерөнхийлөгч нь банкны үйл ажиллагаанд мөрдөх журам, зааврыг батлах бүрэн эрхтэй бөгөөд энэ хүрээнд батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын дагуу банк нь зээлийн хүү, хугацаа, шимтгэлийн хувь хэмжээ, эргэн төлөлтийн нөхцөл зэрэг мэдээллийг зээлдэгчид урьдчилан бүрэн танилцуулсан. Зээлдэгч нь дээрх нөхцөлүүдтэй танилцаж, сайн дурын үндсэн дээр, аливаа дарамт шахалтгүйгээр гэрээнд гарын үсэг зурж, зээлийн шимтгэл төлөхийг зөвшөөрсөн.

Иймд зээлийн үйлчилгээний шимтгэл нь хууль тогтоомж, холбогдох журамд нийцсэн, талуудын гэрээгээр тохиролцсон, үндэслэл бүхий төлбөр гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн гаргасан зээлийн шимтгэлийг хууль бус гэж үзэх, буцаан гаргуулах тухай шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Аригбанк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Бизнесийн зээлийн гэрээ, зээл, зээлийн хүү төлөх хуваарь, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Барьцаалбар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205024663 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Мемориалын баримт, Зээлийн дансны хуулга, Хүү тооцооллын хүснэгт, Мэдэгдэл, Т.Санчирын хүсэлт, Холбоо барьсан тэмдэглэл-ийг шүүхэд гаргаж өгсөн.

 

6. Хариуцагчаас итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.   Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.   Нэхэмжлэгч Аригбанк ХХК нь хариуцагч Т.Санчирт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 108,336,674.58 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага 103,429,085.79 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага 4,907,588.79 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

3.   Хариуцагч Т.Санчир нь 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Аригбанк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээл олгосны шимтгэлд 900,000 төгрөг суутган авсан нь Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-т банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасныг зөрчсөн. Зээлдэгч талд илт хохиролтой, шударга ёсны зарчимд харш хууль бус гэж марган Аригбанк ХХК-иас шимтгэлд суутгаж авсан 900,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч Аригбанк ХХК-иас бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

4.   Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч Аригбанк ХХК нь 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Т.Санчиртай MN910021002102988026 дугаартай Бизнесийн зээлийн гэрээ байгуулж, 90,000,000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгосон болох нь Мемориал баримт, зээлийн дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна /хэргийн 9-11, 16, 17 дугаар тал/.

 

4.2.  Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагч Т.Санчир нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205024663 дугаартай, Нийслэлийн ,,, тоот хаягт байршилтай, 73.36 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан нь 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн MN910021002102988026 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 11-2660980 дугаартай барьцаалбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ /хэргийн 12-15 дугаар тал/.

 

4.3.  Хариуцагч нь 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Бизнесийн зээлийн гэрээ-ний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 76,991,822.58 төгрөг, хүү 25,240,156.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,197,107.03 төгрөг, нийт 103,429,085.79 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн.

 

5.   Нэхэмжлэгч Аригбанк ХК нь 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Т.Санчиртай MN910021002102988026 дугаартай Бизнесийн зээлийн гэрээ-г бичгээр байгуулж, гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн ба зохигчийн хүсэл зоригийг илэрхийлсэн, зээлийн гэрээний шаардлагыг хангаж бичгээр үйлдэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

6.   Зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг ба энэ гэрээгээр зээлдүүлэгч нийт 90,000,000 төгрөг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлжээ.

 

7.   Бусдаас зээл авсан нөхцөлд буцаан төлөх зарчим зээлийн гэрээний харилцаанд оршдог. Хариуцагч гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

8.   Иймээс Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., 452.2 дах хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно., 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч Аригбанк ХХК нь хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй юм.

 

9.   Хариуцагч нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага 4,907,588.79 төгрөг үндэслэлгүй гэж маргах ба үндэслэлээ эвлэрэн хэлэлцэх боломжтой байхад мэдэгдэлгүй ихэсгэсэн гэж тайлбарладаг. Хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх...эрхтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, мөн хуулийн 21.2.-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан.

 

Түүнчлэн шүүхийн зүгээс зохигчийг эвлэрэн хэлэлцэх боломжоор хангасан болохыг дурдах нь зүйтэй.

 

10.   Дээрх үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Т.Санчираас талуудын байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 76,991,822.58 төгрөг, хүү 29,669,822.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,675,029.32 төгрөг, нийт 108,336,674.58 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Аригбанк ХХК-д олгож шийдвэрлэв.

 

11.   Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1.-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан.

 

12.   Аригбанк ХХК болон Т.Санчир нар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, MN910021002102988026 дугаартай Бизнесийн зээлийн гэрээ үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн. Талуудын байгуулсан барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

13.   Иймд хариуцагч Т.Санчир шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205024663 дугаартай, Нийслэлийн ,,, тоот хаягт байршилтай, 73.36 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулна.

 

14.   Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

 

Хариуцагч Т.Санчир нь нэхэмжлэгч Аригбанк ХХК-иас 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан MN910021002102988026 дугаартай Бизнесийн зээлийн гэрээ-ний шимтгэлд суутган авсан 900,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан. Тус шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3 дах хэсэгт хариуцагчийн шаардлагын үндэслэлийг тодруулсан.

 

15.   Талуудын байгуулсан MN910021002102988026 дугаартай Бизнесийн зээлийн гэрээ-ний 1.5.-д Зээлдэгч нь олгосон зээлийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний зээлийн үйлчилгээний шимтгэлийг банкинд төлнө. Зээлийн үйлчилгээний шимтгэл нь санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлж буй үйл ажиллагааны төлбөр тул буцаан олгогдохгүй гэдгийг зээлдэгч энэхүү гэрээг байгуулснаар хүлээн зөвшөөрч байгаа болно гэж заасан.

 

Зээлийн гэрээний талууд харилцан тохиролцож, гэрээний нөхцөлд шимтгэл авахаар тусгасан нь зээлдэгчид илт хохиролтой, шударга ёсны зарчимд харш, хууль бус гэж үзэхгүй. Тодруулбал, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд гэрээний талуудын чөлөөт байдал, мөн хуулийн 196 дугаар зүйлд гэрээ нь талуудын хооронд үүссэн эрх, үүргийг тодорхойлж, түүнийг биелүүлэх үүрэгтэй болохыг тус тус зохицуулсан.

 

16.   Зохигч гэрээний нөхцлийг чөлөөтэй тогтоох эрхтэй бөгөөд хуульд харшлахгүйгээр харилцан тохиролцсон аливаа нөхцөл хүчин төгөлдөр үйлчилнэ. Зээлийн гэрээнд шимтгэл авах нөхцлийг харилцан зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр тохиролцсон нь хуульд харшлахгүй бөгөөд уг нөхцөл нь хүчин төгөлдөр, биелэгдэх боломжтой гэрээний заалт гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нөгөөтэйгүүр хариуцагч Т.Санчир нь 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан MN910021002102988026 дугаартай Бизнесийн зээлийн гэрээ-г байгуулахдаа зээлийн үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд суутгах 1 хувийн шимтгэлийг мэдэж байсан, түүнийг хүлээн зөвшөөрч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээж авсан гэж үзнэ.

 

17.   Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

18.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 838,766 төгрөг, хариуцагчаас төлсөн 26,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 838,766 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 115.2.3., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч Т.Санчираас 108,336,674.58 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Аригбанк ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан хариуцагч Т.Санчир шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205024663 дугаартай, Нийслэлийн ,,, тоот хаягт байршилтай, 73.36 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 838,766 төгрөг, хариуцагчаас төлсөн 26,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Санчираас 838,766 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Аригбанк ХХК-д олгосугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.АМАРТҮВШИН