Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01901

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01901

 

 

 

Н.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2022/03375 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Д-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Н-, ИБ ХХК, МБС ХХК-д тус тус холбогдох,

Хариуцагч Ц.Н-аас 4,900,000 төгрөг, ИБ ХХК-аас 6,868,000 төгрөг, МБС ХХК-аас 3,300,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Д-, хариуцагч Ц.Н-ын өмгөөлөгч Э.М, хариуцагч ИБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагч МБС ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Ц.Н- нь 2015 оны 5-6 дугаар сард надаас телевизүүдтэй холбоотой ажилладаг тул хямд үнээр сонгуулийн сурталчилгаа хийж өгнө гэж 81,125,000 төгрөгийг бэлнээр авсан. Энэ дүнгээр надад тайлан гаргаж өгсөн учраас авсан болон өгсөн мөнгөнд маргаан байхгүй. Ц.Н- бэлэн мөнгө аваад, 10 гаруй телевизтэй хуйвалдаж хуурамч баримт бүрдүүлж 30,000,000 гаруй төгрөг хууль бусаар авч, залилангийн хэрэг хийсэн гэж би үзсэн тул цагдаагийн байгууллагад 3 жил яваад эрүүгийн хэрэг биш гэсэн. Ц.Н- надад гаргаж өгсөн тайландаа Ийгль телевизээр 1 минут нь 1,200,000 төгрөгийн үнэлгээтэй 13 мэдээ гаргуулж, 15,750,000 төгрөг төлсөн гэсэн тайлан гаргаж өгсөн. Энэхүү тайлангийн үнэн худлыг Сонгуулийн хуулийн дагуу телевизийн нэвтрүүлэгт хяналт тавьж байсан. Харилцаа Холбооны Зохицуулах Хороогоор би 2017 онд шалгуулсан. Учир нь Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд телевизийн нэвтрүүлэгт Харилцаа холбооны зохицуулах Хороо мониторинг хийж хянаж ажиллахыг хуульчилж зааж өгсөн. Тус хорооноос ирүүлсэн тайлангаас харахад Ц.Н-ын гаргасан гэсэн зарим мэдээ гараагүй болох нь тогтоогдсон юм. ХХЗХ 2019 онд дахин дээрх тайланг Цагдаад ирүүлсэн.

Телевизийн мэдээ гаргасан талаар Ц.Н-ын болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос тайлангуудыг харьцуулна. Ийгль телевизэд 8 өдөр буюу 8 удаа мэдээ гаргасан гэсэн тайлан гаргасан. Үүнээс 3 удаа мэдээ бүрэн гарсан. Үүнд: 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 2 минут, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2 минут, 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2 минут. Энэ 3 мэдээн дээр маргаан байхгүй. Мэдээг 6 удаа дутуу гаргасныг ХХЗХ-ны тайлан нотолсон. Үүнд:

 

 

Мэдээ гарсан өдөр

 

Наранжаргалын ирүүлсэн тайлан

 

ХХЗХ-ын ирүүлсэн тайлан

 

Дутуу гарсан

1

2016.06.27

2 мин /1 удаа/

58 сек

1 мин 2 сек

2

2016.06.26

3 мин /3 удаа/

36 сек /3 удаа/

2 мин 24 сек

3

2016.06.23

1 мин

15 сек

45 сек

4

2016.06.22

1 мин

22 сек

38 сек

5

2016.06.21

1 мин

15 сек

45 сек

 

ДҮН

 

 

 

 

Сүүлийн 4 хоногт буюу 06 дугаар сарын 24-ний өдрөөс 06 дугаар сарын 27-ны өдөр гарах мэдээний төлбөрийг 1,200,000 байхаар гэрээ хийжээ. 06 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд мэдээ дутуу гаргасны авлага 3.26 мин х 1,200,000 төгрөг нийт 3,912,000 төгрөг, хоёрдугаар 7 хоног буюу 06 дугаар сарын 17-23-нд гарах мэдээний 1 минут нь 700,000 төгрөгийн төлбөртэй байхаар гэрээ хийжээ. 06 дугаар сарын 21, 22, 23-нд мэдээг 128 сек буюу 2 мин 8 сек дутуу гарсан. 2.08 мин х700,000 төгрөг 1,456,000 төгрөг дутуу гарсны авлага. Нийт дутуу гарсан мэдээний авлага 3,912,000 төгрөг дээр нэмэх нь 1,456,000 төгрөг нийт 5,368,000 төгрөгийг Ийгль телевизээс нэхэмжилнэ. Реклам дутуу гаргасантай холбогдуулж Наранжаргал 15 секундээр бэлдсэн 16 удаагийн рекламын төлбөрт 1 секундийн 15,000 төгрөг 3,600,000 төгрөг төлсөн гэж тайлан ирүүлсэн. Гэтэл ХХЗХ-ны тайланд 16 удаа биш 14 удаа реклам гарсан гэжээ. Ингээд 2 реклам гараагүйн төлбөр болох 450,000 төгрөг нэхэмжилнэ. Мөн өмнөх удаагийн 14 төлбөрт 1 секунд 10,000 төгрөгөөр бодох ёстой буюу нийт 2,100,000 төгрөг төлөх ёстой. Үлдэгдэл 3,150,000 төгрөгөөс 2,100,000 төгрөгийг хасахад 1,050,000 төгрөг рекламын зардалд илүү төлснийг Ийгль телевизээс нэхэмжилж нийт 6,868,000 төгрөгийг нэхэмжилнэ.

Ц.Н-ын тайлан ба телевизийн төлбөрийн зөрүү:

Хэргийн 91 дүгээр талд байгаа тайлбартаа Ийгль телевизэд 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 6,400,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 11,550,000 төгрөг буюу нийт 17,950,000 төгрөг тушаасан гэж бичжээ. Тэгвэл мэдээнд зориулсан төлбөр нь 17,950,000 төгрөгөөс 3,360,000 төгрөгийг хасаж 14,590,000 төгрөг болж байна. Ийгль телевиз 14,050,000 төгрөг авсан гэж тайлбар ирүүлсэн. Үүнээс рекламын 3,360,000 төгрөг, ярилцлагын 1,000,000 төгрөгийг хасвал 9,690,000 төгрөг авсан болж байна. эндээс харвал Наранжаргал тайлан бичихдээ 4,900,000 төгрөг илүү Ийгль телевизэд төлсөн гэж худал бичсэн байна. Мэдээний төлбөрт тушаасан гэж худал тайлан гаргасан 4,900,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Боловсрол телевизтэй мэдээ гаргах гэрээгүй байсан. Гэтэл 2 удаа мэдээ гаргасан 3,300,000 төгрөгийг төлсөн гэсэн тайлбар Ц.Н- гаргасан. 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр мэдээ гаргаагүй гэсэн харилцаа холбоо зохицуулах хорооноос тайлан ирсэн. Өмнө нь Ц.Н-аас нэхэмжлээд буцсан. Иймд Ц.Н-аас 4,900,000 төгрөг, ИБ ХХК-аас 6,868,000 төгрөг, МБС ХХК-аас 3,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч Ц.Н-ын тайлбарын агуулга:

Тухайн үед мэдээнд 15,750,000 төгрөг, рекламд 3,600,000 төгрөг зарцуулсан гэсэн тайлан өгсөн. Нийт 19,350,000 төгрөг болсон ба үүнээс Д.Д-ын хүсэлтээр 11,000,000 төгрөг төлсөн гэсэн 1 баримт гаргуулж авсан. 19,350,000 төгрөгийг Ийгль телевизийн удирдлагууд эрүүгийн гэмт хэрэг шалгагдаж байхад мэдүүлэхдээ өгсөн, тушаасан тухайн үеийн байцаагч Б.Ариунболд хохирлын үнэлгээг хийж хэргийг хэрэгсэхгүй болгож байсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Хариуцагч ИБ ХХК-ийн тайлбарын агуулга:

ИБ ХХК буюу хариуцагч нь 2016 онд нэхэмжлэгчийн сонгуулийн штабын ерөнхий менежер Д.Д-тай нийт 10,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр сонгуулийн албан ёсны сурталчилгааны мэдээ, нэвтрүүлгийг телевизийн эфирээр түгээхээр харилцан тохиролцсон. Харилцаа, холбооны зохицуулах хорооны Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст явуулсан 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 04/676 дугаартай албан бичгийн хоёрдугаар хавсралтаар Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч болох ИБ ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 12-27-ны өдрийн хугацаанд нэхэмжлэгчийн сонгуулийн сурталчилгааны мэдээг 14 удаа буюу 666 секунд, рекламыг 14 удаа буюу 213 секундийн хугацаатайгаар өөрийн эфирээр нэвтрүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн нь нотлогддог. Үүнийг задалж харуулбал,

2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 17-ны хооронд нийт 211 секундийн хугацаатай 2 мэдээ 1,100,000 төгрөг,

2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 24-ний хооронд нийт 231 секундийн хугацаатай 6 мэдээ, нийт 213 секундийн хугацаатай 14 реклам 4,200,000 төгрөг, 2,130,000 төгрөг,

2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ны хооронд нийт 224 секундийн хугацаатай 6 мэдээ 7,200,000 төгрөг байна.

ИБ ХХК нь Н.Д-ийн 2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааг эфирээр нэвтрүүлсэн талаар нотлох архивын бичлэг байгаа эсэх талаар хөндлөнгийн судалгаа, тандалтын ММ ХХК-аас тодруулахад бичлэг байгаа талаар мэдээлсэн. Дээрхээс харахад нэхэмжлэгч нь хариуцагч болох ИБ ХХК-аас гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, илүү хөлс авсан гэж үзэх боломжгүй, харин ч төлсөн хөлснөөсөө илүү үнийн дүнтэй ажил гүйцэтгүүлсэн байна. Түүнчлэн нэхэмжлэгчтэй биш түүний сонгуулийн штабын ерөнхий менежер Д.Д-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотойгоор шаардлага гаргах 3 жилийн хугацаа дууссан.

Нэхэмжлэгч нь ИБ ХХК-д 7,275,000 төгрөг илүү төлсөн учраас илүү төлсөн мөнгөө шаарджээ. Гэтэл нэхэмжлэлд хавсаргасан баримтаас харахад 2016 оны 05 сарын 31-ний өдөр 3,050,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус тушаасан байна. Үүнээс харахад нэхэмжлэгч нь ИБ ХХК-д 7,275,000 төгрөг илүү төлсөн талаар нотлогдохгүй байна. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ МБС ХХК-д төлсөн 7,000,000 төгрөг болон 12,975,000 төгрөгийн баримтыг хавсаргасан баримтаа хавсаргажээ. Тус баримтууд нь ИБ ХХК-д биш МБС ХХК-д мөнгө тушаасан баримт байх тул нэхэмжлэгч нь маргааны агуулга, хэргийн үйл баримтаа ойлгоогүй байгаа нь харагдаж байна.

 

4. Хариуцагч МБС ХХК-ийн тайлбарын агуулга:

МБС ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн сонгуулийн штабын менежер Д.Д-тай Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, хамтран ажилласан. МБС ХХК-ийн Д.Д-тай 2016 онд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 4.3-д сурталчилгааг Б-телевиз, Э- телевиз, М- телевизүүдээр хувааж цацахаар тусгасан байгаа бөгөөд түүнийг цаг тухайд нь цацсан. Энэ тухайгаа гэрээний 2.8-д зааснаар МБС ХХК-ийн маркетингийн албанаас гүйцэтгэлийн тайланг захиалагчид хүргүүлэн тайлагнаж ажилласан. Нөгөө талаас захиалагч болох Д.Д- нь өнгөрсөн хугацаанд шторк, мэдээг хуваарийн дагуу цацаагүй гэсэн ямар нэг гомдол гаргаж бидэнд хандаагүй. Иймд бид гэрээгээр хүлээсэн үүргээ харилцан биелүүлсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримт буюу Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 02/732 дугаартай нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст явуулсан албан бичигт тус хороо нь Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн үеэр Сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.17, 82.18 дахь хэсэгт заасан чиг үүргийн дагуу радио, телевизээр нэвтрүүлсэн сонгуулийн сурталчилгаанд 2016 оны 06 дугаар сарын 10-аас 06 дугаар сарын 28-ны өдрүүдэд хяналт мониторинг хийхдээ Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.7 дахь хэсэгт заасны дагуу сурталчилгааны эхлэл, төгсгөлд сонгуулийн сурталчилгаа гэдгээ тодорхой ойлгомжтой илэрхийлсэн сурталчилгааг сонгуулийн сурталчилгаа гэж авч үзэн, тухайн сурталчилгааны эхэлсэн, дууссан болон үргэлжилсэн хугацааг бүртгэж хуульд заасан хугацаанаас хэтэрсэн эсэхийг хянаж, тайлан мэдээ гаргаж ажилласан гэжээ. Үүнээс харахад сурталчилгааны эхлэл, төгсгөлд сонгуулийн сурталчилгаа гэсэн бичиггүй л бол Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан сонгуулийн сурталчилгаа гэж тооцон мониторингийн тайланд орохооргүй байна.

Ингэхдээ нэхэмжлэгчийн сонгуулийн штабын менежер нь сонгуулийн сурталчилгаанд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 02/732 дугаартай албан бичигт заасан нөхцөл шаардлагыг хангах, мөн дээрх телевизүүдийн эфирээр гаргасан сурталчилгааны бичлэгийг авах талаар огт дурдаагүй. Бид өөрийн эфирийн бичлэгийг 1-3 сараар архивлан хадгалдаг бөгөөд цаашид хадгалах шаардлагагүй бичлэгийг устгадаг дотоод журамтай. Тухайн үед ямар нэгэн маргаан гараагүй тул тухайн үеийн бичлэг устгагдсан байгаа. Иймд бид бичлэг гаргаж өгөх боломжгүй болсон юм. МБС ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь гүйцэтгэсэн бөгөөд бид эфирт цацсан реклам шторкны цацалтын тухайн өдрийн хуваарийг цаасаар архивлан хадгалдаг тайланг нэмэлт нотлох баримт болгон гаргаж өгч байна.

Төлбөрийн баримтын үнийн дүнгийн зөрүүг МБС ХХК-аас нэхэмжилж байна гэжээ. Захиалагчийн гаргаж өгсөн хуваарийн дагуу Б-телевиз, Э- телевиз, М- телевизүүдийн эфирээр нийт 12,975,000 төгрөгийн үнэ бүхий сонгуулийн сурталчилгаа, мэдээг цацуулахаар тохиролцон 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр сурталчилгааны үнийг бэлнээр төлж хуваарийн дагуу цацуулсан. Гэтэл нэхэмжлэгчийн сонгуулийн штабын менежер Д.Д- нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Сонгуулийн тухай хууль болон зардлын дээд хязгаарыг нийт гаргасан зардал нь давж байгаа тул гэрээний дүн болон төлбөр төлсөн баримтыг 7,000,000 төгрөг болгон бууруулан хийж өгөхийг хүссэн. Энэ нь ч нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1231 дугаартай прокурорын тогтоолд Н.Д-ийн хүү Д.Д- нь Тухайн үед сонгуулийн зар сурталчилгааны тухай хуулийн дагуу заасан зардлын хэмжээнээс хэтэрсэн зардал гарсан тул зарим баримтад тусгагдсан мөнгөн дүнг багасгах шаардлага тэрний дагуу телевизүүдтэй хийсэн гэрээг өөрчлөх, мөнгөн дүнг багасгах чиглэлээр би Наранжаргалд чиглэл өгч байсан гэсэн мэдүүлгээр нотлогддог. Бид захиалагчийн хүсэлтээр Ажил гүйцэтгэх гэрээ, төлбөр төлсөн кассын баримт мөн НӨАТ-ын баримтыг тус тус 7,000,000 төгрөгөөр бичиж өгсөн.

Санхүүгийн тайланд тусгахдаа 7,000,000 төгрөгийн борлуулалтын орлогыг захиалагч Д.Д-ын нэр дээр шивж тайлагнасан, зөрүү 5,975,000 төгрөгийг эцсийн хэрэглэгчээр шивж борлуулалтын орлогоор тайлагнасан бөгөөд хуурамч баримт үйлдэн борлуулалтын орлогоо нуун дарагдуулсан зүйл огт байхгүй. Гүйцэтгэлийн тайланд мэдээний төлбөрийг 825,000 төгрөгөөр гаргаж өгснийг буруу дүнгээр гаргаж өгсөн гэж байна. Энэ нь талуудын байгуулсан гэрээний хавсралтад заасан сурталчилгааны үнэ, тариф нь нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ ороогүй үнийн дүн бөгөөд 1 минутын мэдээний төлбөр 750,000 төгрөг дээр НӨАТ 10% 75,000 төгрөгийг нэмээд НӨАТ орсон үнэ нь 825,000 төгрөг болж байгаа. Иймд гүйцэтгэлийн тайланг НӨАТ орсон дүнгээр гаргаж өгсөн байна. Дээрхээс харахад МБС ХХК нь нэхэмжлэгчийн 12,975,000 төгрөгийн үнэ бүхий сонгуулийн сурталчилгааг өөрийн харьяа Б-телевиз, Э- телевиз, М- телевизүүдийн эфирээр цацаж гүйцэтгэсэн бөгөөд захиалагч Д.Д-ын хүсэлтээр 7,000,000 төгрөгийн кассын баримт үйлдэж, НӨАТ-ын баримтыг мөн тус дүнгээр шивж өгсөн тул гүйцэтгэсэн ажил үйлчилгээнээс илүү төлбөр манай компанид төлөөгүй, ямар нэгэн өрийн зөрүү байхгүй болно.

Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хариуцагч МБС ХХК-ийн зүгээс үзэж байна. Дээр дурдсанчлан талуудын байгуулсан гэрээ нь 2016 онд байгуулагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2016 онд Н.Д-ийн сонгуулийн сурталчилгааг эфирээр цацсанаас хойш захиалагч Д-ын зүгээс МБС ХХК-тай байгуулсан гэрээний 3.6-д зааснаар гүйцэтгэгчийн Б-телевиз, Э- телевиз, М- телевизүүдийн эфирээр цацсанаас хойш нийт 5 жилийн хугацаанд ямар нэг гомдол, санал гаргаж байгаагүй. Иймд нэхэмжлэгч, эсхүл түүний сонгуулийн штабын менежер Д.Д- нь нэгэнт телевизийн эфирээр гарч буй сурталчилгааг хянах боломжтой байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна.

 

5. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Н-аас 2,786,065 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Д-т олгож, Ц.Н-д холбогдох шаардлагаас 2,113,935 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч ИБ ХХК-аас 6,868,000 төгрөг, МБС ХХК-аас 3,300,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387,525 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Н-аас 59,527 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Д-т олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Максима компанид үзлэг хийхийг зөвшөөрөөгүй, Ийгль телевизд үзлэг хийх хүсэлтийг сунжруулсан. Тэнд хуурамч баримт бэлдэх нөхцөлийг бүрдүүлсэн.

Шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Ц.Н- нь телевизүүдэд нэвтрүүлэг хямд гаргуулж өгнө гэж надаас мөнгө авч, телевизэд өндөр албан тушаалд байсан н.М- гэдэг хүнд өгч энэ 2 хүн нэвтрүүлэг гарсан гэж хуурамч баримтууд бүрдүүлж, санаатайгаар үгсэн хуйвалдаж надад санхүүгийн гэм хор буюу 16,0000,000 орчим төгрөгийн хохирол учруулсан үйлдэл хийсэн. Ц.Н- хуурамч тайлан гаргаж мөнгө завшиж, надад гэм хор учруулсныг шүүгчид зөвшөөрч, Ийгль телевизд Ц.Н- өгөөгүй атлаа өгсөн тайлан гаргасныг хуурамч гэж үзэж тушаагаагүй мөнгөний тодорхой хэсгийг надад олгохоор шийдвэр гаргасан.

Хуурамч баримт бүрдүүлж мөнгө авсан учир Эрүүгийн хэрэг гэж үзэж 3-4 жил шалгаад үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Гэтэл үүнийг Ийгль телевиз ба бидний хооронд байгуулсан гэрээний харилцаа тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шүүх илтэд буруу дүгнэсэн.

Ийгль телевизтэй байгуулсан гэрээ нь огноогүй, нэвтрүүлэг гарах хуваарьгүй байгаа нь нөхөж хийсэн хуурамч хүчин төгөлдөр бүс гэрээ юм. н.М- хүн Ийгль телевиздээ нөлөөлж нэвтрүүлэг бүрэн гарсан гэсэн хуурамч тайлан, баримт бүрдүүлсэн. Энэ бол урьдаас хуйвалдан тохиролцсон, бусдад санаатай учруулсан гэм хор гэж үзэж байна.

6.б. Ц.Н-аас мөнгө авч, Ийгль телевизтэй харьцсан н.М- гэдэг хүнээс гэрчийн мэдүүлэг аваагүй нь алдаатай байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлд Ц.Н-аас шүүгч асуусан асуулт, хариулт бүрэн тусгагдаагүй байна. н.М-т өгсөн мөнгө 24,000,000 төгрөг билүү гэж хэлснийг, энэ талаар болсон олон асуулт хариулт тэмдэглэлд тусгагдаагүй байна.

Ц.Н-ын хувьд хувьд тасалдсан, телевизүүдийн хувьд тасалдаагүй гэж буй нь логик зөрчилтэй болжээ.

2016 оны 9 дүгээр сараас би Н ба 10 телевизийг хамтарч санаатай хууран мэхэлж, хамтран гаргаж, надад санхүүгийн гэм хор учруулсан гэж 3-4 жил цагдаа, прокурорын байгууллагаар шалгуулсан. Телевизүүдээс хамтарч залилсан хүмүүсийн нэр, утсыг нь би цагдаад өгч шалгуулсан юм. Телевизүүдийг цагдаагаас шалгасан баримт хэрэгт байгаа.

Би телевизүүдийг хамт шалгуулсан гэж хурал дээр хэлсэн нь хурлын тэмдэглэлд байна. Шүүх хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч: Цагдаад гомдол гаргахдаа Ийгл телевизийг холбогдуулан өгч байсан гэв гэжээ.

Шүүх Ц.Н- ба ТВ9-ийн ажилтны хамт хуурамч баримт бүрдүүлж хамтарч санхүүгийн гэм хор учруулсан үйлдлийг тогтоож 3,500,000 төгрөг надад олгуулж байсан шүүхийн шийдвэрийг би хэрэгт хавсаргасан байгаа. Гэтэл ИБ ХХК, МБС ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсонгүй гэжээ.

Дээрх нотлох баримт хэрэгт байсаар түүнийг үнэлсэнгүйд гомдолтой байна. Тухайн телевизүүдэд хөөн хэлэлцэх хугацаа хамтран үйлдэгч Ц.Н-ыг адил тасалдсан гэж үзэж Ийгль бродкастинг ХХК-аас 9,868,000 төгрөг, МБС ХХК-аас 3,300,000 төгрөгийг гаргуулж надад олгох шийдвэр гаргаж өгнө үү. Би өөрийнхөө алдсан мөнгийг авах гэж цагдаа шүүхээр 5 жил явж байна.

Ц.Н-д холбогдох 2,116,935 төгрөг, Ийгль бродкастинг ХХК-аас 9,868,000 төгрөг, МБС ХХК-аас 3,300,000 төгрөг, нийт 12,281,935 төгрөг тус тус гаргуулж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч Ц.Н-аас гаргасан тайлбарын агуулга:

Анх өгсөн мөнгөнд баримт авсан байж байгаад Н.Д-, Д.Д- нарын гуйлтаар буцаж очиж өөр баримт үйлдүүлж авчирч Сонгуулийн хороо руу тайлангаа гаргаж өгсөн асуудлыг талууд ярьдаг. Үнэн бичилттэй баримтуудаа хурааж авч үгүй хийчхээд одоо Ц.Н-ыг дундаас нь мөнгө завшсан гэх байдлаар залилангаар шалгуулж эхэлсэн. Залилангийн хэрэгт шалгагдахад мөрдөн шалгах ажиллагаагаар телевизүүд Ц.Н-аас авсан, дамжуулсан, Д.Д-аас Ц.Н-д өгсөн гэдэг бүх мөнгөнд ажиллагаа явуулахад залилан биш болох нь тогтоогдсон. Залилангаар шалгагдаад авч чадаагүй мөнгөө иргэний журмаар авах ёстой гэдэг нь үндэслэлгүй юм.

 

8. Давж заалдах гомдолд хариуцагч ИБ ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

9. Давж заалдах гомдолд хариуцагч МБС ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга:

Уг цацсан гүйцэтгэлээ тухайн үед гаргуулж хүргүүлсэн. 2016 оны гарсан үйлдэл боловч 2021 оны шүүгчийн захирамжаар нэмэлтээр нотлох баримт гаргуулах шийдвэрийн дагуу бид дахин албан бичиг гаргаж өгсөн. Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан журмын дагуу эрхээрээ 3 хүртэлх сар эфирийн бичлэгээ хадгалдаг. Гэтэл 2016 онд болсон эфирийн бичлэгийг 2021 он хүртэл хадгалах боломжгүй. 3 сарын дараа тухайн бичлэгтээ үзлэг хийж шаардлагатайг нь архивлаж, шаардлагагүйг нь серверээс устгадаг. Тухайн үед бичлэг гаргах боломжгүй байсан. Албан бичгээ хэрхэн бичлэгийг цацсан тухай баримтыг дахин гаргаж өгсөн. Д.Д-тай хамтарч ажиллаж байхдаа тухай бүрт нь гүйцэтгэлээ гаргаж өгсөн. Энэ талаар хэрэгт авагдсан. 26, 27-ны өдрүүдэд 2 минутын бичлэг гарсан гэдгийг нэмэлтээр ямар баримт гаргаж өгөх боломжтой байдлыг судалж цаасаар хадгалагддаг, тухайн өдөр ямар нэвтрүүлэг цацсан талаар эфирийн найруулагч, нягтлан бодогч г.м олон хүний дамжлагаар орж цаасаар архивлагддаг баримтыг нэмэлтээр гаргаж өгсөн. Үүнд хэдэн цаг, хэдэн минутад цацагдсан талаар авагдсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэрээнд заасан нэвтрүүлгүүдийг эфирээр цацаж гаргасан тул нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй.

 

10. Хариуцагч Ц.Н-ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

10.а. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Н.Д-ийн Ц.Н-аас нэхэмжилсэн 4,900,000 төгрөгөөс 2,113,935 төгрөг хэрэгсэхгүй болгож, 2,786,065 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулахаар шийдсэн нь буруу гэж үзэж байна.

Учир нь нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Н-ыг өмнө нь цагдаагийн байгууллагад залилангийн хэрэг үйлдэж, өөрт нь 51,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн, гомдол гаргасан байна. Энэ гомдлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж, Хан-Уул дүүргийн Прокурорын газар хянаж, Ийгл болон Боловсрол телевизүүдийн зэрэг нэр бүхийн байгууллагуудын санхүүгийн албаны баримтуудад үзлэг хийж, Ц.Н-ыг нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгийг хувьдаа залилж авсан гэмт үйлдэл хийгээгүй буюу Н.Д-т мөнгөн хохирол учруулсан нь тогтоогдоогүй тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн прокурорын №1231 тогтоол үйлдэгдсэн. Уг тогтоолын гол үндэслэл нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Ц.Н-ын хувьдаа мөнгө завшсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгасан баримтуудыг цуглуулсан. Үүнд: Н.Д-ийн хүү Д.Д-, нягтлан бодогч М.О- нарын болон бусад гэрчийн мэдүүлэг мөн мөрдөгчийн гаргасан хохирлын тооцоо баримтуудыг үндэслэсэн. Мөрдөгч нь хохирлын тооцоог гаргахдаа нэр бүхий телевизүүдийн санхүүгийн баримтад үзлэг хийж, тулгаж гаргасан талаар Ц.Н- мэдүүлдэг. Уг хохирлын тооцоонд Ц.Н- нь Д.Д-ын даалгавраар 19,350,000 төгрөгийг нягтлангаас гаргуулж аваад, ИБ ХХК-д хүлээлгэж өгч, реклам мэдээний ажлыг хийлгэж гүйцэтгүүлсэн ба ажлын 19,350,000 төгрөгийг Ийгл телевизэд хүлээлгэж өгснийг тогтоож, гаргасан хохирлын жагсаалт нь хэрэгт нотолгоогоор авагдсан. Ийгл телевизээс хэрэгт Ц.Н-аас ажлын хөлсөнд авсан мөнгөний баримтад 14,050,000 төгрөгийн баримт ирүүлсэн атлаа 16,563,935 төгрөгийн ажил гүйцэтгэсэн тайлбар, тайланг хэрэг ирүүлсэн дүнгийн зөрүүтэй байна.

Эдгээр баримтуудын мөнгөн дүнгийн зөрүү бичилтийг Ц.Н- болон Н.Д- гэрч Д.Д- нар нь бүгд тухайн сонгуульт ажлын дараа нэр дэвшигч Н.Д-ийг Санхүүгийн зохицуулах хороонд сонгуулийн ажлын зарцуулалтын тайлангаа гаргахдаа хуульд заасан зарцуулалтын хэмжээнээс хэтэрсэн тайлан гаргавал Н.Д- нь хариуцлага хүлээсэн учир байгууллагуудад өгсөн мөнгөний баримтуудын дүнг багасгаж, дахин өөр баримт үйлдүүлэхийг Ц.Н-д даалгаж, телевизүүдэд өгсөн мөнгөний баримтуудыг дахин бууруулсан дүнтэй үйлдүүлж хувийг авч, санхүүгийн тайландаа хавсаргаж байсан талаар талууд шүүхэд үл маргаж, мэдүүлдэг.

Гэтэл ИБ ХХК нь хэрэгт 14,050,000 төгрөгийн баримт, ажлын тайлан нь 16,563,935 төгрөгийн дүнтэй зөрүүтэй, дүнтэй эргэлзээтэй баримт ирүүлсэн. Эдгээр зөрүүтэй дүнтэй баримтаас үзвэл Ийг брокастинг ХХК-ийн хэрэгт гаргаж өгсөн баримтуудыг эцсийн үнэнг нотлох боломжтой баримт гэж үзэхэд ноцтой эргэлзээтэй байхад шүүхээс эцсийн нотолгоо гэж үнэлсэнд гомдолтой байна. Иймд хуульд заасан журмаар авагдсан дээрх нотолгоогоор хариуцагч Ц.Н- нь Н.Д-ийн төлөөлөгч Д.Д-аас авсан 19,350,000 төгрөгийг ИБ ХХК-д бүрэн хүлээлгэж өгсөн нь тогтоогдож байгаа тул эдгээр баримтуудыг үнэлж, хэргийг бүхэлд нь дахин хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн Ц.Н-аас Н.Д-т 2,786,065 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, Ц.Н-д холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

11. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс гаргасан тайлбарын агуулга:

Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан тоо баримтыг үнэлээгүй Ц.Н-ын бэлтгэл зүйлүүдийг үзэж авсан байна гэж үзсэн, Ц.Н-ын амаар хэлсэн мөнгөн дүнгүүдийг болсон байна гэж Хан-Уул дүүргийн прокурор, мөрдөгч нар шийдвэрлэсэн. ИБ ХХК 16,563,935 төгрөгийн нэвтрүүлэг гарсан, 14,000,000 төгрөгийг өгсөн гэж эдгээр тоонууд хоорондоо авцалдахгүй байна. Бид нарын ганц үндэслэх зүйл бол Харилцаа холбооны зохицуулах хороо Н.Д-ийн нэвтрүүлэг ингэж гарсан гэж мониторинг хийсэн зүйл юм. 3 нэвтрүүлэгт маргаан байхгүй. Хэрэв миний дүрсийг гаргаж хасаж байсан бол энэ 3 нэвтрүүлгийг 100 хувь зөвшөөрч байгаа нь хариуцагч нар зохион байгуулалттай хийсэн. Энэхүү дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан цаг хуваарийн минут, секундийг үндэслэхдээ телевизүүдийн гаргасан үнийн үнэлгээг үнэлж, түүний дагуу уг асуудлыг шийдвэрлэх хүсэлтийг гаргаж байна. Би Ц.Н-аас 16,000,000 төгрөг нэхэмжлэх ёстой. Ц.Н-аас надаас мөнгө аваад н.М-т өгсөн, бид нар оролцоогүй. Он, сар, өдөр тодорхойгүй гэрээнд гарын үсэг зуруулсан. Иймд уг гэрээ хуурамч юм. Би 6-7 жил өгсөн мөнгөнийхөө араас явж байгаа тул миний мөнгийг авч өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Нэхэмжлэгч Н.Д- нь хариуцагч Ц.Н-аас 4,900,000 төгрөг, хариуцагч ИБ ХХК-аас 6,868,000 төгрөг, хариуцагч МБС ХХК-аас 3,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдол бүхий байж болох хүсэлтүүдийг хангахгүй орхиж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хөндсөн зөрчлүүдийг гаргасан байна.

 

3. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулгын хэсэгт шаардлагыг дутуу бичиж, орхигдуулсан байна. Тодруулбал, хариуцагч МБС ХХК-д холбогдох 3,300,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага бичигдээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна. /2хх 167-169/

 

4. Нэхэмжлэгч, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Ц.Н-, Ийгл телевизийг хариуцагчаар тодорхойлсон байх ба шүүх 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШЗ2021/19116 дугаартай шүүгчийн захирамжаар дээрх хариуцагч нарт холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн байна./1хх 24/

 

4.а. Нэхэмжлэгч нь хариуцагч Ийгл телевизийг, ИБ ХХК болгон өөрчилж өгөх хүсэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан байх боловч шүүхээс уг ажиллагааг хийгээгүй атлаа хариуцагчийг ИБ ХХК гэх нэрээр эрхийн актуудаа гаргасан байна./1хх 39/

 

4.б. Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШЗ2022/01303 дугаартай шүүгчийн захирамжаар Б-телевиз ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулахаар шийдвэрлэсэн байх боловч, тухайн хариуцагчийн нэр нь МБС ХХК болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ болон итгэмжлэлээр нотлогдсон байхад мөн хариуцагчийн нэрийг зөвтгөх ажиллагааг хийгээгүй орхигдуулсан байна. /2хх 16-18, 21-22/

 

4.в. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийг тодорхойлох бөгөөд шүүхээс тухайн хариуцагчийн нэр тодорхойгүй, зөрүүтэй байгаа тохиолдолд тодруулах, зөвтгөх ажиллагаануудыг хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.1, 28.3 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

5. Шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хийсэн Үзлэг хийсэн тэмдэглэл гэх баримтад МБС ХХК-ийн ...кассын баримтад үзлэг хийв. Хавтаст хэргийн 42 дугаар талд авагдсан Медиа Б-гэх 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 69 дугаар кассын орлогын ордер гэх баримт нь ... тохирч байна байна гэжээ. Үзлэгээр илэрсэн баримтыг хуулбарлах, зураг авах зэргээр бэхжүүлж аваагүй байх бөгөөд хэргийн 42 дугаар талд кассын орлогын баримт нь үдэгдээгүй байх тул уг үзлэгийн тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5, 51.7 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. /2хх 8-9/

 

6. Хариуцагчийн өмгөөлөгч Э.М-гоос 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан хүсэлтүүдээс 201726030217 дугаартай эрүүгийн хэргээс гэрч Д.Д-, М.О-, Ц.Н- нарын мэдүүлгийг авах тухай хүсэлтийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 5484 дугаартай шүүгчийн захирамжаар, нэхэмжлэгчээс гаргасан Ийгл телевизийн ажилтан н.М- гэх иргэнийг гэрчээр асуулгах, ММ ХХК-аас ирүүлсэн бичлэгийн баримт нь тухайн байгууллагад байгаа эсэх талаар үзлэг хийлгэх зэрэг хүсэлтүүдийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШЗ2022/09518 дугаартай шүүгчийн захирамжаар тус тус хангахгүй орхиж шийдвэрлэсэн зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. /1хх 135-147, 2хх 75-76/

 

6.а. Хариуцагчийн өмгөөлөгч Э.М-оос 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан хүсэлтүүдээс 201726030217 дугаартай эрүүгийн хэргээс Баталгаат аудит ХХК-ийн аудиторын дүгнэлтийг хэргээс авах тухай хүсэлтийг хангасан байх боловч уг дүгнэлт нь бүрэн бус баримт ирсэн гэж үзэхээр байна. Тодруулбал, тухайн дүгнэлт нь зардлын тайлангийн хамт хүчинтэй гэсэн байхад тухайн тайлан хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. /1хх 143-147, 1хх 154-155/

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2022/03375 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 211,461 төгрөг, хариуцагч Ц.Н-аас төлсөн 59,600 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ