Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 693

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга В.Бадмаагарав,                      

Улсын яллагч С.Оюунжаргал,

Шүүгдэгч Ч.Баярхүү, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

Хохирогч Т.Цэвээнянжиндулам, С.Булганхангай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чимэдрэгзэнгийн Баярхүүд холбогдох эрүүгийн 1803005270305 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агро эдийн засаг менежмент, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Нарангийн 6-140 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, /РД: М3 84111531 / Боржигон овогт Чимэдрэгзэнгийн Баярхүү нь:  

 

- Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Чингэлтэйн өргөн чөлөө, 17 дугаар сургуулийн зүүн замд 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 21 цаг 45 минутын орчимд Самсунг маркийн 86-43 УБ улсын дугаартай эксковаторыг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний гар нэвтрэх: Явган хүний зохицуулагддаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Булганхангай, Т.Цэвээнянжиндулам нарыг мөргөж, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 3-9 /

 

Жолооч, явган зорчигчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл  / хх-14-16 /

 

Хохирогч С.Булганхангай мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр би эхнэр Цэвээнянжиндуламын хамт охин Дүүрэнзаяагаа авахаар 21 цагийн орчимд гэрээсээ гарсан. Тэгээд бид хоёр 17-н буудлын Хаан банкны АТМ орж мөнгө авчихаад явган хүний гарцаар замын эсрэг тал руу гарах гээд зогсож байсан. 1, 2-р эгнээний 2 машин явган хүний замаар гарах гэж байсан хүмүүст зам тавьж өгсөн. Яг явган хүний гарц дээгүүр алхаад голын тусгаарлах зурвасын тэнд зогсоод 1 алхах үед тэр том машин Приус машины хойгуур дараад гүйцэж түрүүлэх гэж байгаа юм шиг болоод шууд тулж ирээд бид хоёрыг мөргөчихсөн. Би хөл дээрээ босох гэтэл босч чадахгүй байсан. Жолооч машинаасаа утсаар ярьж бууж ирсэн. Тэгтэл машин нь зогсохгүй дахиад л бид хоёрыг чиглээд хөдлөөд байсан. Тэнд байсан хүмүүс урдаас нь тулаад “Машинаа зогсоогооч ээ” гэж орилж байсан. Гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд эмч нар үзээд яаралтай тусламжийн өрөөнд оруулаад яаралтай хагалгаанд оруулсан. Эхнэр бид 2 согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Бид хоёрт эм тарианы мөнгө гээд 700.000 төгрөг тус тусад нь өгсөн. Үүнээс хойш гарсан эмчилгээний зардал, нэхэмжилж байгаа мөнгө төгрөгийг барагдуулаагүй, утсаа авахаа больсон. Эмчилгээний зардал, эрүүл мэндээрээ хохирсон. Одоогийн байдлаар 2.028.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой. Цаашид гарах зардлыг бас нэхэмжлэх болно гэжээ. / хх-19-20 /

 

Хохирогч Т.Цэвээнянжиндулам мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ... Явган хүний гарц дээгүүр алхаад голын тусгаарлах зурвасны тэнд зогсож байхад юм ирээд л мөргөчихсөн. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. Нэг босч ирээд ухаан ортол тракторт мөргүүлсэн байсан. Жолооч нь машинаасаа буугаад бид хоёр руу ирж байх үед машин нь хөдлөөд бид хоёр руу яваад байсан. Тэнд байсан хүмүүс “Хүүе. Чи машинаа зогсоогооч” гэж орилж байсан ба түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэр трактор гэнэт л гараад ирсэн. Бид хоёр тэр машиныг огт хараагүй. Бид хоёрт эм тарианы мөнгө гээд 700.000 төгрөг тус тусад нь өгсөн. Үүнээс хойш гарсан эмчилгээний зардал, нэхэмжилж байгаа мөнгө төгрөгийг барагдуулаагүй, утсаа авахгүй биеийн байдал асуухгүй “Та нарыг хэвтэж байхад чинь дайрчихсан юмуу” гэж хэл амаар доромжлоод байсан. Эмчилгээний зардал, эрүүл мэндээрээ хохирсон одоогийн байдлаар 701.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна. Цаашид аваар осолд орсны улмаас ямар гэмтэл гарахаас айж байна гэжээ. / хх 24-25 /

 

Иргэний хариуцагч Б.Баяржавхлан мөрдөн шалгалтын явцал мэдүүлэхдээ:  …Затзипд маркийн 86-43 УБ улсын дугаартай автомашин миний өөрийн эзэмшлийн машин юм. Би энэ машиныг өнгөрсөн жил аваад ашиглахгүй байж байгаад 6 сарын эхээр машиндаа засвар хийж дуусгаад айлын газар тэгшлэх ажил хийж байсан. Би өөрөө тухайн машиныг барьж чадахгүй учраас ах Б.Баярхүүгээр машиныг бариулж ажил хийлгээд цалинжуулж байсан. Ослын улмаас автомашинд ямар нэгэн гэмтэл байхгүй байна. Хохирогчийн эмчилгээний зардалтай холбоотой хохирлыг төлж барагдуулахад ямар нэгэн татгалзах зүйл байхгүй гэжээ. / хх 88 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7814 дугаар дүгнэлтэнд:

1. Т.Цэвээнянжиндуламын биед цээжний хэнхэрцэгийн баруун талын 4 хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн шууны гадна дээд, дунд хэсэгт хууларсан шарх, баруун тавхайн 1-р хурууны үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвууны ар дээд хэсэг, баруун ташаа, бүсэлхий нурууны баруун хажуу хэсгүүдэд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй гэжээ. / хх 30 /

 

Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 401 дүгээр дүгнэлтэнд:

1. Жолооч Ч.Баярхүү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 Явган хүний гар нэвтрэх: Явган хүний зохицуулагддагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Явган зорчигч С.Булганхангай, Т.Цэвээнянжиндулам нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

2. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ нөлөөлсөн гэх үндэслэлгүй бөгөөд уг осол гарсан газрын бусад байгууламж эвдрэл гэмтэлгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна  гэжээ. / хх 38-39 /

 

            Нэмэлт материалаар хийсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 897 дугаар дүгнэлтэнд: 

1. С.Булганхангайгийн биед баруун шаант ясны гадна булууны ар хэсгийн шахагдсан хугарал, өвдөгний гадна хажуу холбоосны суналт, шилбэний эрээн булчин, шөрмөслөг булчингуудын жижиг урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2018 оны 06 дугаар сарын 17-ны ослын үед үүсгэгдэх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй гэжээ. / хх 63-64 /

 

Шүүгдэгч Ч.Баярхүүг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар татаж, мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 60-61 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 41 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.Баярхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед би хоёр хүнийг хараагүйгээс гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Баримтгүйгээр хохирогчийг хагалгаанд ороход 100.000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын дэвтэр авахад 50.000 төгрөг, эмнэлэгт зураг авахуулахад тодорхой хэмжээний мөнгө өөрөөсөө төлсөн бөгөөд нийт хохиролд 5.600.000 төгрөг төлсөн. Цаашдын эмчилгээний зардлыг нөхөн төлнө гэв.

 

Хохирогч Т.Цэвээнянжиндулам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гарцаар гарч яваад осолд орж гэмтсэн. Одоо биеийн байдал сайнгүй, бие байнга өвддөг болсон. Осолд орсноос хойш өнөөдрийг хүртэл ажилгүй байгаа. Би байнга босоогоороо ажилладаг учир хавирга тулаад хатгаж өвдөөд, мөн толгой өвдөөд ажлаа хийж чадахгүй байгаа. Бид 4 настай хүүтэй бөгөөд хоёулаа осолд орсон учир амьдрал ахуй хүнд байна. Гомдолтой байна.

Цаашдын эмчилгээний болон 6 сарын 14-нөөс 9 дүгээр сарын 21-н хүртлэх хугацааны ажилгүй хугацааны цалин сарын 550.000 төгрөгөөр тооцож, 2.200.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хохирогч С.Булганхангай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний биеийн байдал маш муу байгаа. Гадна шарх эдгэрсэн боловч хөлөө удирдах чадваргүй байна. Эмчилгээний зардалд 4.400.000 төгрөг бэлнээр авсан нь үнэн. Цаашдын эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Ажилгүй 3 сарын хугацааны цалин 2.200.000 төгрөг нэхэмжилнэ. Эмчилгээний зардал төлөгдсөн нь үнэн гэв.

 

            Шүүгдэгч Ч.Баярхүү нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 21 цаг 45 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Чингэлтэйн өргөн чөлөө, 17 дугаар сургуулийн зүүн замд Самсунг маркийн 86-43 УБ улсын дугаартай эксковаторыг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний гарц нэвтрэх: Явган хүний зохицуулагддаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Булганхангай, Т.Цэвээнянжиндулам нарыг мөргөж, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 3-9 / Жолооч, явган зорчигчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл  / хх-14-16 /, ... явган хүний гарцаар замын эсрэг тал руу гарах гээд зогсож байтал 1, 2-р эгнээний 2 машин гарцаар гарах гэж байсан хүмүүст зам тавьж өгсөн. Замын голын тусгаарлах зурвасын тэнд зогсоод 1 алхтал том машин Приус машины хойгуур дараад гүйцэж түрүүлэх гэж байгаа юм шиг болоод шууд тулж ирээд бид хоёрыг мөргөчихсөн гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч С.Булганхангайгийн мэдүүлэг / хх-19-20 /, ... Явган хүний гарц дээгүүр алхаад голын тусгаарлах зурвасны тэнд зогсож байхад юм ирээд л мөргөчихсөн гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Т.Цэвээнянжиндуламын мэдүүлэг / хх 24-25 /, ...Т.Цэвээнянжиндуламын биед цээжний хэнхэрцэгийн баруун талын 4 хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн шууны гадна дээд, дунд хэсэгт хууларсан шарх, баруун тавхайн 1-р хурууны үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвууны ар дээд хэсэг, баруун ташаа, бүсэлхий нурууны баруун хажуу хэсгүүдэд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7814 дугаар дүгнэлт / хх-30 /, ... Жолооч Ч.Баярхүү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 Явган хүний гарц нэвтрэх: Явган хүний зохицуулагддагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэсэн Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 401 дүгээр дүгнэлт / хх 38-39 /, ...С.Булганхангайгийн биед баруун шаант ясны гадна булууны ар хэсгийн шахагдсан хугарал, өвдөгний гадна хажуу холбоосны суналт, шилбэний эрээн булчин, шөрмөслөг булчингуудын жижиг урагдал бүхий хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 897 дугаар дүгнэлт / хх 63-64 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Баярхүүг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч  нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн, цаашдын эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл шалтгаан, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзаад түүнд хуульд заасан торгуулийн ялыг оногдуулах боломжтой гэж дүгнэв.

 

Хохирогч нар нь цаашдын эмчилгээний зардал болон 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс хойшхи 3 сарын цалин тус бүр 2.200.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч  өнөөдрийг хүртэл ажил хөдөлмөр эрхлээгүй болохыг нотолсон баримтгүй, “ Дархан дээж бейкери “ ХХК-ний сард 600.000 төгрөгний цалинтай гэсэн тодорхойлолт, сүүлийн 6 сарын цалингийн зэс гэсэн жагсаалтаас өөр баримт байхгүй байна. Дээрх цалингийн зэсэнд 6,7 дугаар сард гар дээр 560.000 төгрөг авснаар бичигдсэн байна. Иймд холбогдох баримтаа бүрдүүлэн ажилгүй хугацааны цалин болон цаашдын эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх нь зүйтэйг дурьдав.

 

Шүүгдэгч нь баримтаар нотлогдсон хохирлыг бүрэн төлсөн / хх 94 / тул түүнийг төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурьдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

                                                                                                            

1. Боржигон овогт Чимэдрэгзэнгийн Баярхүүг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Чимэдрэгзэнгийн Баярхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нь Ч.Баярхүү нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Баярхүү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь цаашдын эмчилгээний зардал болон ажилгүй хугацааны цалингаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Ч.Баярхүүгийн жолооны  В ангиллын 840258 тоот үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

 

5. Ч.Баярхүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  өмгөөлөгч,  яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч   Ч.Баярхүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ОЮУНЧИМЭГ