| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0789/Э |
| Дугаар | 793 |
| Огноо | 2018-11-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 793
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,
Шүүгдэгч Ц.Ч,
Хохирогч Д.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Баргаужин овогт Цэвэлмаагийн Ч-т холбогдох эрүүгийн 1809040070854 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.Ч нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 32б-53 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу гэр бүлийн гишүүн болох эхнэр Д.Алтанцэцэгтэй маргалдаж улмаар түүний хүзүүн тус газар нь хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл
оногдуулж өгнө үү.” гэв.
Хохирогч Д.Алтанцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, нөхөр бид хоёр хоорондоо эвлэрсэн тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх-26-31/, гэрч Ч.Энхтулгын мэдүүлэг /хх-38/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэ зураг /хх-10-18/, шүүгдэгч Ц.Ч яллагдагчаар болон гэрчээр өгсөн мэдүүлгүүд /хх-32-35, 2/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн №11068 дугаартай дүгнэлт /хх-45/, эд зүйл хураан авсан болон, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-19-20/, хохирогч Д.Алтанцэцэг, шүүгдэгч Ц.Ч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-91, 92/, шүүгдэгч Ц.Чийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд болон гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-51-88/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Учир нь Ц.Ч нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 32б-53 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу гэр бүлийн гишүүн болох эхнэр Д.Алтанцэцэгтэй маргалдаж улмаар түүний хүзүүн тус газар нь хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэг үйлдсэн болох нь,
шүүгдэгч Ц.Чийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ “...эхнэр согтуу байсан, бид хоёр муудалцсан юм, ямар ч байсан маргалдаж ноцолдож байсан, би эхнэрээ санаандгүй хутгалсан байсан байна гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх /хх-32-35, 2/, хохирогч Д.Алтанцэцэгийн “...нөхөртэйгөө муудалцаж байх үед намайг хутгалсан байсан, манай нөхөр надаас уйчлалт гуйсан учир гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-26-31/, гэрч Ч.Энхтулгын ээж, аав хоёр согтуу байсан, ээж 00-ын өрөөнд цус гараад байна гээд аавын цамцаар дараад сууж байсан” гэх мэдүүлэг /хх-38/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №11068 дугаартай шинжээчийн дүгнэлт “Д.Алтанцэцэгийн биед хүзүү, өвчүүний дээд хэсэгт зүсэгдсэн
шарх гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх /хх-45/, болон хохирогч, шүүгдэгч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.Чт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Шүүх шүүгдэгч Ц.Чийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх хялбаршуулсан журмаар Ц.Чт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял оногдуулах санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Ч нь гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 31 см урттай, 4 см өргөнтэй бор хүрэн өнгийн модон иштэй 1 ширхэг хутгийг устгахыг даалгаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баргаужин овогт Цэвэлмаагийн Ч-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Чийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 31 см урттай, 4 см өргөнтэй бор хүрэн өнгийн модон иштэй 1 ширхэг хутгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгалын комисст даалгаж, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР