| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2018/0697/Э |
| Дугаар | 706 |
| Огноо | 2018-10-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | З.Э |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 706
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч З.Энхжаргал,
Шүүгдэгч Ч.Загарзүсэм, түүний өмгөөлөгч А.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адууч овогт Чулуунтогтохын Загарзүсэмд холбогдох эрүүгийн 1809021030636 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эгч, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Баянгол 6 дугаар баг Ширээд оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сэлбийн 10-211 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ЙВ 97051519 / Адууч овогт Чулуунтогтохын Загарзүсэм нь:
- 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангайн 28-172 тоотод оршин суух хохирогч М.Одонцэцэгийн гэрт хамт амьдардаг байхдаа гэрээс нь 4 ширхэг мөнгөн аяга хулгайлж, бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч М.Одонцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:… Манай гэртээ 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шалтгаангүйгээр 4 ширхэг мөнгөн аяга алдагдсан. Манай гэрийн хаалга цоожтой, рамны гялгар уутнууд бүтэн байсан. Тэгээд уг үйлдэлд хүргэн дүү Загарзүсэмийг сэжиглэж байна. Түүн рүү тулгаад мессеж бичсэн чинь “Уучлаарай. Би авсан хохирлыг нь төлөөд өгнө” гэсэн гэжээ. / хх 23-28 /
Яллагдагч Ч.Загарзүсэм мөрдөн шалгатын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 4 дүгээр сарын дундуур өдрийг нь санахгүй байна. Хадам эгч М.Одонцэцэгийн гэр болох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангайн 28-172 тоот гэрт эхнэр Оюунжаргалын хамт амьдардаг байсан юм. Тухайн үед эхнэр жирэмсэн, хордлого өгөөд эм худалдан авах шаардлагатай байсан учир эгч М.Одонцэцэгийн гэрийн хөнжил хийдэг шүүгээнд байсан 4 ширхэг аягьг хүнд хэлэлгүйгээр аваад 100 айл орчимд явж байгаад үл таних хүнд мөнгөн аягыг 1 ширхэгийг нь 40.000 төгрөгөөр нийт 160.000 төгрөгөөс зарсан гэжээ. / хх 44-45 /
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 8-19 /
Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 35-37 /
Хаан банкны орлогын мэдүүлэг / хх 8- 9 /
Шүүгдэгч Ч.Загарзүсэмийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар татаж, мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 42-46 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 48 / зэрэг болно.
Шүүгдэгч Ч.Загарзүсэм шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эхнэр жирэмсэн хордлого өгөөд тарианы мөнгө хэрэгтэй байсан учир хөнжил хийдэг шүүгээнээс 4 мөнгөн аягыг авч 160.000 төгрөг зарсан. Авснаа хүлээж, эцэг эхээсээ мөнгө авч хохирлыг төлсөн. Хөдөө эцэг, эх дээрээ очно. Гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ч.Загарзүсэм нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангайн 28-172 тоотод оршин суух хохирогч М.Одонцэцэгийн гэрт хамт амьдардаг байхдаа гэрээс нь 4 ширхэг мөнгөн аяга хулгайлж, бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...
2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шалтгаангүйгээр 4 ширхэг мөнгөн аяга алдагдсан. Дүү Загарзүсэм рүү тулгаад мессеж бичсэн чинь “Уучлаарай. Би авсан хохирлыг нь төлөөд өгнө” гэсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч М.Одончимэгийн мэдүүлэг / хх 23-28 /, ...Хадам эгч М.Одонцэцэгийн гэрийн хөнжил хийдэг шүүгээнд байсан 4 ширхэг аягьг хүнд хэлэлгүйгээр аваад гэрээс гараад 100 айл орчимд явж байгаад үл таних хүнд мөнгөн аягыг 1 ширхэгийг нь 40.000 төгрөгөөр нийт 160.000 төгрөгөөр зарсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн Ч.Загарзүсэмийн мэдүүлэг / хх 44-45 /, ...Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 8-19 /, ...Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 35-37 /, ...Хаан банкны орлогын мэдүүлэг / хх 8- 9 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Ч.Загарзүсэмийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, бага бус хэмжнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдав.
Шүүгдэгч Ч.Загарзүсэм нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэргийг харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүйг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Адууч овогт Чулуунтогтохын Загарзүсэмийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Чулуунтогтохын Загарзүсэмийг 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Загарзүсэм нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ч.Загарзүсэм нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Ч.Загарзүсэмд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Загарзүсэмд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ