Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01939

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01939

 

 

 

Г.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2022/01796 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.С-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч АД ХК-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт 60,788,742 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, түүний өмгөөлөгч Д.М, Л.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Г.С- нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ХХБ ХХК-тай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу АД ХК-тай 1920121856 тоот ипотекийн даатгалын гэрээ байгуулан, орон сууц, зээлдэгчийн амь насыг даатган, хөдөлмөрийн чадвараа 70 дээш хувиар алдсан тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн зээлийг АД ХК бүрэн хариуцах тохиролцоог хийсэн.

Даатгуулагч Г.С- нь МДМ ХХК-д хүний нөөцийн ажилтнаар ажиллаж байгаад 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэнэт цус харваж, 13:00 цагт түргэн тусламжаар Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдэж, 2 сар эмнэлэгт ухаангүй эмчилгээ хийлгэж байгаад 10 дугаар сард ухаангүй хэвээр, хүчилтөрөгчийн аппараттай эмнэлгээс гарсан. Цус харвахаас өмнө Г.С-д ямар нэг өвчин зовуурь байгаагүй учир урьдчилан таамаглах боломж байгаагүй. 4 сарын дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс”-ын хурлаар орж, тархины урд артерийн тромбозоос улбаалсан тархины шигдээс өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 90 хувиар буюу бүрэн алдсан акт гарсан тул МДМ ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсөн.

Иймээс даатгуулагч Г.С- нь цаашид хөдөлмөр эрхэлж, ипотекийн зээлээ үргэлжлүүлэн төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд Г.С- нь Худалдаа хөгжлийн банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл нь өнөөдрийн байдлаар 60,788,742 төгрөг болоод байгаа.

Охин Э.Н- нь ээж Г.С-ыг төлөөлөн зээлийн үлдэгдэл төлбөрийг АД ХК-аас даатгалын гэрээний дагуу төлүүлэхээр 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өргөдөл гаргахад даатгалын компани нь даатгалын гэрээний 3.4.4-т зааснаар цус харвах эрсдэлийг даатгуулаагүй, ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тул нөхөн төлбөр олгохгүй гэх хариу өгсөн. Даатгалын гэрээний 4.2.6-т даатгуулагч амь нас, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд нөхөн төлбөрийг даатгуулагчийн дансанд олгоно гэж заасан байдаг. Гэтэл энэ гэрээний заалт биелэгдээгүй гэж үзээд бидний нөхөн олговор авах хүсэлтийг АД ХК-аас буцаасан.

Иймд АД ХК-аас даатгалын нөхөн төлбөрт орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 60,788,742 төгрөгийг гаргуулан, Худалдаа хөгжлийн банктай байгуулсан тоот орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт олгуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нотлох баримтаар гаргасан гэрчилгээнд АД ХК нь мэргэжлийн даатгалын үйлчилгээ үзүүлдэг байгууллага болох нь харагдана. Нэхэмжлэгчтэй байгуулсан даатгалын гэрээний 8 дугаар зүйлд нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүдийг тодорхой тусгасан байх ба нэхэмжлэгч тал сүүлд нотлох баримтаар гаргаж өгсөн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 568 дугаар хариу албан бичигт Г.С- нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээ тогтоолгосон өвчин нь олон улсын өвчний ердийн ангилалд хамаарна гэж тусгасан. Мөн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан нь ердийн өвчнөөс болсон учир даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээ нь дээрх тохиолдолд хамаарахааргүй байна гэж тусгасан.

Санхүүгийн зохицуулах хорооны 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 2.2 дахь хэсэгт даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах эрсдэлийг даатгана гэж заасан байдаг ба ердийн даатгалын хувьд гэж ялгасан.

Иймд хариуцагч нь ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол болон гэнэтийн ослын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 хүртэлх хувиар алдсан тохиолдолд даатгал нь үйлчлэхээр зохицуулагдсан байгаа.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 9/2161 тоот албан бичигт АД ХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзсаныг үндэслэлгүй гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн нь бидний гаргасан шийдвэрийг хуулийн хүрээнд үнэн зөв шийдвэр гэдгийг давхар баталж байна.

Гэрээний нэр томьёоны тайлбар хэсэгт буюу 10.20-д гэнэтийн осол гэж үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол гэж тодорхойлсон. Тиймээс нэхэмжлэгч нь ямар нэг байдлаар гэнэтийн осолд өртөөгүй бөгөөд өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан нь эрх бүхий байгууллагын актаар тогтоогдсон байгаа.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан бөгөөд гэнэтийн осол гэдгийг даатгалын гэрээнд тайлбарласан. Даатгалын гэрээний 3.2-т гэрээний 2.1.2, 2.1.3-т заасан даатгалын зүйлд дараах эрсдэл учирсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгоно гэж, 3.1.6, 3.1.7-т даатгуулагч гэнэтийн ослыг улмаас нас барах, даатгалын гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах талаар зааж, гэнэтийн осол гэдгийг даатгалын гэрээнд олон удаа тайлбарласан.

Ипотекийн даатгалыг манай байгууллагын зүгээс Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн. Тиймээс даатгуулагчийн ашиг сонирхолд харшлахаар ямар нэг нөхцөлөөр даатгалын гэрээ байгуулаагүй бөгөөд даатгуулагч нь өөрөө хүлээн зөвшөөрч даатгалын гэрээнд гарын үсэг зурсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.С-ын хариуцагч АД ХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт 60,788,742 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 461,894 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Г.С- нь өөрөө харвах гэж байгаагаа мэдээгүй, мэдэх боломжгүй буюу хүсэл эрмэлзлээс нь гадуур, гэнэт, богино хугацаанд бий болсон, урьдчилан харах боломжгүй зүйл байсан учир ажлын байран дээрээ, ажлаа хийж байх явцад харвалт өгсөн нь гэнэтийн осолд хамаарна гэж үзэж байна. Цус харвалтыг ердийн өвчин гэж Олон улсын өвчний ангилалд оруулсан хэдий ч миний үйлчлүүлэгчийн тухайд гэнэт тохиолдсон байгааг анхаарах ёстой.

Зохигчдын хооронд байгуулсан ипотекийн даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаанд хамаарахаас гадна АД ХК-ийн зүгээс өөрийн урьдчилан бэлтгэсэн, 1 төрлийн гэрээг санал болгосон, гэрээний нөхцөлийг талууд нэг бүрчлэн тохиролцоогүй, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулаагүй шинжийг агуулж байгаа тул энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах журмаар тайлбарлана” гэж заасан.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлд нөхөн төлбөр төлөх үндэслэл, нөхцөлийг тодорхойлсон бөгөөд 7.6, 7.8-д зааснаар даатгуулагчид нөхөн төлбөрийг 100 хувь олгох ёстой байсан. Өөрөөр хэлбэл, 7.8-д зааснаар хамтран зээлдэгчгүй зээлийн хувьд зээлдэгч нас барсан (Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан) тохиолдолд нас барсан (хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан) өдрөөр тасалбар болгон зээлийн төлбөрийн үлдэгдлийн хэмжээгээр 100 хувь нөхөн төлнө гэсэн байгаа. Хариуцагч нь гэрээнийхээ 10 дугаар зүйлийн 10.21 дэх хэсэгт “хөдөлмөрийн чадвар бүрэн алдалт гэж даатгуулагч хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар алдсан тохиолдлыг хэлнэ” хэмээн тодорхойлсон бөгөөд миний үйлчлүүлэгч Г.С- нь хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан.

Нөгөө талаас зохигчдын хооронд байгуулсан ипотекийн даатгалын гэрээний 8 дугаар зүйлд даатгагч нөхөн төлбөр төлөхгүй байх үндэслэлийг заасан байх бөгөөд уг нөхцөлүүдийн алинд нь ч миний үйлчлүүлэгчийн нөхцөл хамаарахгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүрэн хангасан өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Урт хугацааны даатгагч нь зөвхөн урт хугацааны даатгалын хэлбэрээр үйл ажиллагаа явуулна гэж даатгалын багц дүрэмд заасан. Нэхэмжлэгч талын хэлж байгаа урт хугацааны даатгалын үйл ажиллагаа явуулдаг гэдэг нь үндэслэлгүй. Даатгалын гэрээгээр тохиролцсон эрсдэл учраагүй тул даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч Г.С-, хариуцагч АД ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 60,788,742 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, даатгалын тохиолдолд хамаарахгүй тул нөхөн төлбөр өгөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

2. Нэхэмжлэгч Г.С- нь 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ХХБ ХХК-тай орон сууцны зээлийн гэрээгээр 77,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 15 жил /180 сар/-ын хугацаатай орон сууц худалдан авах зорилгоор зээлж, улмаар АД ХК-тай ипотекийн даатгалын гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 22-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулжээ.            

         /хх 6-11/

 

3. Нэхэмжлэгч Г.С-, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр цус харваж, улмаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0282842 тоот актаар “Тархины урд артерийн тромбозоос улбаалсан тархины шигдээс” оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар, 12 сараар тогтоож, мөн комиссын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0427351 тоот актаар хөдөлмөрийн чадварыг 90 хувиар, хугацаагүй сунгаж шийдвэрлэсэн болох нь нотлогдсон байна. /хх 77-80/

 

3.а. Талуудын хооронд байгуулсан ипотекийн даатгалын гэрээний 3.3-т “Даатгуулагч нь орон сууцаа гэрээний 3.1 дэх хэсэгт заасан эрсдэлээс бусад нэмэлт эрсдэлийг даатгуулах тохиолдолд даатгагчтай харилцан тохиролцож холбогдох даатгалын нэмэлт хураамжийг даатгагчид төлж даатгуулж болно”.

-3.4-т “гэрээний даатгалын зүйлийн нийт үнэлгээ, хураамж дараах хэмжээтэй байна. Үүнд:

1. Орон сууц,

2. Даатгуулагчийн амь нас /гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар бүрэн алдах/ 

3. Зүрх гэнэт зогсох,

4. Цус харвах,

5. Зүрх гэнэт зогсох+цус харвах” гэсэн байна.

 

4. Хариуцагч тал даатгалын гэрээний дээрх заалтын дагуу нэмэлт хураамж төлөөгүй, зөвхөн гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар алдсан тохиолдлыг даатгахаар тохиролцсон  учраас гэрээгээр тохиролцсон эрсдэлд хамаарахгүй гэж татгалзлалын үндэслэлээ тайлбарласан байна.

 

5. Нэхэмжлэгч талаас зээлдэгчийн даатгалын гэрээний дагуу ипотекийн зээлийн үлдэгдлийг төлүүлэх хүсэлт гаргасныг даатгалын гэрээний 3.4-т зааснаар цус харвах эрсдэл нь нэмэлт нөхцөл, нэмэлт хураамж төлж даатгагддаг, энэ эрсдэлээ даатгуулаагүй үндэслэлээр хариуцагч АД ХК 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан хариуг өгсөн байх ба, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 9/2161 тоот албан бичгээр Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан үндэслэлээр татгалзсаныг үндэслэлгүй гэж үзэхээргүй байх тул шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжтой гэсэн хариуг өгсөн нь урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангасан байна гэж үзлээ. /хх 13, 15, 16, 20/

 

5.а. Даатгалын хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Зохицуулах хорооноос даатгагчийн үйл ажиллагааг зохистой явуулах зорилгоор тусгайлсан журам гаргаж болно” гэж заасан байна.

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 2.2-т “Даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдэлийг даатгана,

2.1.1-д Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл, түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол (цаашид гэнэтийн осол гэх)-ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт гэж, ны даатгагчийн хувьд аливаа шалтгааны улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чад 2.1.2-т Урт хугацааны даатгагчийн хувьд аливаа шалтгааны улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт”,

Журмын 4.2-т “даатгагч даатгалын гэрээнд нөхөн төлбөр олгох, нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийг тодорхой, хоёрдмол утга санаагүй, бусдад шууд ойлгогдохоор үг хэллэгтэй байхаар тусгах бөгөөд нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлөөс бусад тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж үл болно” гэж тус тус заасан байна.

 

5.б. Журмын 4.5-д “Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загварын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна” гэж заасан ба хариуцагч АД ХК нь нэхэмжлэгч Г.С-д даатгалын гэрээний нөхцөл шаардлагыг танилцуулж, мэдүүлгийн маягтыг загварын дагуу мэдээллийг авч нэхэмжлэгчээр баталгаажуулсан талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Мөн журмын 5.4.2-т “даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгуулагчаар төлүүлэх” арга хэмжээ авах тухай заасан байна.

 

6. Зээлдэгчийн хуулиар олгогдсон, амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлийн сонголтоо хийх эрхийг нь эдлүүлээгүй, даатгуулагчид гэрээний заалт түүний агуулгыг тайлбарлан ойлгуулаагүй, амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлүүдээс сонголт хийлгээгүй тухайд даатгуулагчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд даатгагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн буруутай байх тул даатгуулагчийн даатгалын зүйл болох гэнэтийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдсан эрсдэлийг даатгалын тохиолдол биш гэж үгүйсгэх үндэслэл болохгүй тул даатгуулагчид учирсан хохирлыг даатгагч хариуцан төлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

6.а. Зээлдэгч Г.С- нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 60,788,742 төгрөгийг төлөөгүй, үлдэгдэлтэй гэх тайлбарыг гаргасан бөгөөд хариуцагч тал зээлийн үлдэгдлийн талаар маргаагүй байх ба уг зээлийн үлдэгдэл нь зээлийн эргэн төлөлтийн хуваариар нотлогдсон байх тул энэ хэмжээгээр хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ./хх 9-10/

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2022/01796 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч АД ХК-аас 60,788,742 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.С-д олгосугай.” гэж өөрчлөн,

2 дахь заалтын “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч АД ХК-аас 461,894 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.С-д олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 461,894 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.ОЮУНХАНД

 

                   ШҮҮГЧИД                                    С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ