Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 36

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Одсүрэн даргалж,

            Нэхэмжлэгч: “Чонос Эмбо” ХХК-ний нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Угтаалцайдам сумын Засаг дарга,

            Хариуцагч: Угтаалцайдам сумын газрын даамал нарт холбогдох

            Нэхэмжлэлийн шаардлага: “сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/125 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, газрын даамлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Чонос Эмбо” ХХК-ний захирал Н.Энхболд, өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагч Н.Гантулга, Б.Мөнгөнтуяа, гуравдагч этгээд П.Галаа, өмгөөлөгч Ш.Дуламжав, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Чонос Эмбо” ХХК-ний захирал Н.Энхболд шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Манай компани Угтаалцайдам суманд 2007 оноос хойш тасралтгүй 8 жил газар тариалангийн үйл ажиллагаагаа явуулж, татвар хураамжаа төлж, сум орон нутагтай хамтран ажиллаж ирсэн. Угтаалцайдам сумын Талын-Уул 3-р багт байрлалтай хуучин 2000 бяруу бордох цэг байсан, олон жил эзэнгүй орхисон балгас болсон байрыг ашиглах болсон. “Талын-Уул” ХХК-ний удирдлагууд бяруу бордох цэгийн сахиул байсан П.Галаад цалин хөлснийх нь оронд үлдээгээд явсан, П.Галаа ч уг газрыг орхиод хот руу нүүгээд нилээн хэдэн жил болсон гэсэн. 2009 онд би П.Галаатай холбоо барьж уулзан бид тохиролцон П.Галаа надад 2 сая төгрөгөөр зарсан, би энд өөрийн хөрөнгөөр 10 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 6 жил тасралтгүй ямар нэгэн маргаангүй үйл ажиллагаагаа явуулсан. Сумын Засаг дарга 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/61 дугаар захирамжаар П.Галаад уг газрыг эзэмшүүлэх эрх олгохдоо 1997 онд П.Галаагийн нөхөр Ө.Хавчуурын эзэмшлийнх байсан мэтээр бичсэн. Энэ талаар Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/1451 тоотоор Угтаалцайдам сумын Засаг даргад хандаж гаргасан албан бичигт тодорхой бичигдсэн байдаг. Сүүлийн 6 жил манай “Чонос Эмбо” ХХК эзэмшиж ашиглаж үйл ажиллагаагаа явуулж ирснийг Засаг дарга мэдсээр байж дээрхи зөрчил болон бодит байдлыг судалж шалгаж үзэлгүйгээр дахин 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр А/125 дугаар хууль бус захирамж гарган аймгийн Засаг даргын 2015 оны 01/1451 тоот албан бичгээр өгсөн мэдэгдэлд дурьдагдсан зөрчлүүд дахин давтагдсан. Иймд сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/125 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү. П.Галаа гуайг настай хүн болохоор нь ингэж олон жилийн дараа хэрүүл, маргаан хийгээд явна гэж бодоогүй. Тухайн үед би худалдаж авсан, хүний газрыг луйвардаж аваагүй худалдаж авсан гэдгээ нотлох гэрчтэй газрын даамал дээр очиж, газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авъя гэж хэлэхэд таны нэр дээр газрыг шилжүүлж өгнө гэж хэлдэг байсан, 2 жилийн дараа газрын даамалтай уулзахад газрын гэрчилгээг П.Галаагийн охин Х.Мөнгөнтуул нь аваад явсан гэж хэлсэн. Газрын даамал Б.Мөнгөнтуяа нь газрын гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгнө гэж бичиг баримтыг аваад гаргаж өгөлгүй удааж эцэст нь надад хэлж мэдэгдэлгүй П.Галаад буцааж өгснөөс би хохирч байна. Иймд газар эзэмших эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлээгүй газрын даамлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож өгнө үү

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чонос эмбо” ХХК 2007 оноос хойш 8 жил тус суманд газар тариалангийн үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ байдлыг сумын Засаг даргын зүгээс огт үнэлээгүй, газрыг Ө.Хавчуурын нэрээс П.Галаад шилжүүлж 2015 оны 06 дугаар сарын 04-нд 61 тоот газар эзэмших эрх шилжүүлсэн захирамж гаргасан ч тус захирамж нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй гарсан. Гаргасан захирамжийн дагуу Н.Энхболд Төв аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Аймгийн Засаг даргаас П.Галаад эзэмшүүлэх болсон үндэслэлийг газрын нэгж талбарын хувийн хэрэг болон аймгийн арвихаас лавлагаа авах, газрын кадастрын зургийг мэдээллийн сангаас шалгах зэргээр шалгаад уг газрыг П.Галаад эзэмшүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй байна гэсэн 2015 оны 11 сарын 06-ны өдөр 01/1451 тоот бичгийг сумын Засаг даргад хүргүүлсэн. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр сумын Засаг дарга аймгийн Засаг даргын 01/1451 дугаар албан тоотыг үндэслэсэн атлаа албан тоотыг судалж үзэхгүйгээр А/125 тоот захирамж гаргасан. Сумын Засаг даргын А/125 тоот захирамжийн 2 дахь хэсэгт Ө.Хавчуурт холбогдох хэсгийг дурьдсан. 1997 оны захирамжид Ө.Хавчуурт холбогдох хэсэг байдаг, 1998 онд гарсан захирамж гэж огт байхгүй, хавтаст хэрэгт хүртэл нотлох баримтаар авагдаагүй, энэ захирамжийг аймгийн Засаг даргын ажлын хэсэг хайгаад олоогүй. Тухайн газрыг Ө.Хавчуурын нэр дээр эзэмшүүлсэн эсэх нь тодорхойгүй. Өмчлөлийн газар биш, эзэмшүүлсэн газар, эзэмшүүлсэн газрыг 2 жил дараалан ашиглаагүй бол газрын тухай хуулиар шууд хүчингүй болгох ёстой. П.Галаад тэр газрыг ашигласан, газрын төлбөр төлсөн талаарх нотлох баримт огт байдаггүй. Газрыг анх “Хүүлээ” ХХК-д хэдэн оны ямар захирамжаар өгсөн, тус компани иргэн Ө.Хавчуурт яаж хэрхэн шилжүүлсэн нь нотлогдохгүй, газрыг Ө.Хавчуурт цалингийн өрөнд шилжүүлсэн гэдэг боловч энэ талаарх баримт байхгүй, захирал нь тодорхойлолт бичиж өгсөн боловч хэдэн онд Ө.Хавчуурт шилжүүлсэн нь тодорхойгүй. Мөн Засаг дарга, газрын даамал нар энэ газарт “Чонос эмбо” ХХК нь 8 жилийн турш үйл ажиллагаа явуулаад ирсэн байхад огт мэдэхгүй байна гэж байхгүй. Нэхэмжлэгч 2009 онд энэ газрыг П.Галаагаас 2 сая төгрөгөөр худалдаж авсан. П.Галаа нь манай гэр энэ газар байдаг гэж хэлдэг ч 2009 онд “Чонос эмбо” ХХК газрыг худалдаж авахад балгас болсон, хүн амьдрах ямар ч боломжгүй байсан. Н.Энхболд 10 гаруй сая төгрөгөөр бүтээн байгуулалт хийсэн. П.Галаа төрийн эзэмшилд байсан газрыг хууль бусаар Н.Энхболдод худалдаж зарчихаад 2015 онд өөрийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан нь хууль бус үйлдэл болж байна. Мөн газрын даамал нь газрын гэрчилгээг шилжүүлж өгнө гэж холбогдох бичиг баримтыг авчихаад өөртөө хадгалсан, бичиг баримтад ч бүртгээгүй, гэрчилгээг шилжүүлж өгөөгүй буруутай. Ийм үр дагавараас болж Н.Энхболд хохирол амсаад байна. Угтаалцайдам сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/125 дугаар захирамж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, газрын даамлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Угтаалцайдам сумын  Засаг дарга Н.Гантулга шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чонос Эмбо” ХХК Угтаалцайдам суманд газар тариалангийн үйл ажиллагаа явуулж, сум орон нутагтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулан ажилладаг нь үнэн. Манай сумын иргэн ахмад Ө.Хавчуурын эзэмшлийн газрыг эхнэр П.Галаад эрх шилжүүлсэн захирамж “Чонос Эмбо” ХХК-ний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус шийдвэр гаргасан гэдэгтэй санал нийлэхгүй. “Чонос Эмбо” ХХК нь тухайн газрыг өдий хүртэл ашигласан бол нэг ч удаа сумын Засаг даргатай гэрээ байгуулаагүй, газрын төлбөр төлөөгүй Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалтыг зөрчсөн. “Чонос Эмбо” ХХК нь худалдан авсан гэсэн боловч Ө.Хавчуур болон түүний эхнэр П.Галаатай эрх шилжүүлэх гэрээ хийгээгүй, засвар хийсэн гэх объект нь тус компаний өмч, эзэмшилд байх нотлох баримт байхгүй байна. Харин Ө.Хавчуур, П.Галаа нарт “Талын-Уул” компаний манаачийн цалингийн хөлсөнд өгсөн болохыг тухайн үеийн захирал О.Чимэдцэрэн нотолдог. Иргэн П.Галаа нь нөхөр Ө.Хавчуур нас барсан тул миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэж орж ирэхэд нь шилжүүлсэн. 2015 оны 12 дугаар сарын 23-ны А/125 тоот захирамжийг гаргахдаа дээд шатны Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/1451 тоот, уг газрыг Ө.Хавчуурт тухайн үед олгосон захирамжны архивын лавлагаа, 850 м кадастрын зураг, тус объектыг Ө.Хавчуурт манаачийн цалинд өгч байсныг нотолсон захирлын бичиг баримтыг үндэслэн гаргасан. Тухайн газрыг П.Галаа, Н.Энхболд нарын аль ч эзэмших эрхгүй. П.Галаа гуайн хувьд тус газрыг ашиглах гэж гэрээ байгуулж байгаагүй, газар ашигласаны төлбөр төлөөгүй. Н.Энхболд 2009 онд тус газрыг авсан гэх боловч мөн адил гэрээгээ байгуулаагүй, газрын төлбөрөө төлөөгүй, газрын төлбөр төлөх нь тухайн газрыг эзэмшиж ашиглаж байгаа хүний үүрэг юм. Н.Энхболд нь газрыг худалдаж авсан гэж хэлж байна. Төрийн өмчийн газрыг худалдахгүй, сумын Засаг даргатай гурвалсан гэрээ хийх ёстой. Гурвалсан гэрээ огт хийгээгүй. Газар, объект 2 нь тусдаа зүйл. “Чонос эмбо” ХХК-ний үйл ажиллагааг нь дэмжээд 520 га газар эзэмшүүлсэн. Энэ маргаанд “Чонос эмбо” ХХК-ний үйл ажиллагаа огт хамааралгүй. Сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/125 тоот захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэжээ.

            Хариуцагч Угтаалцайдам сумын газрын даамал Б.Мөнгөнтуяа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Энхболд нь П.Галаа гуайн охин Х.Мөнгөнтуултай хамт 2009 онд ирээд 1998 оны Ө.Хавчуурын газрын гэрчилгээ, гэрээг өгөөд миний нэр дээр шилжүүлж өгөөрэй гэхэд нь би Хавчуур өөрөө ирэх ёстой гэхэд нас барсан гэхээр нь тэгвэл эхнэр нь ирэх ёстой гэж хэлсэн. П.Галаа болон Н.Энхболд хоёрын хооронд худалдаж авсан гэх гэрээ байгаагүй. Газар худалдаж авсан талаар ямар ч нотлох баримт байхгүй байсан учраас шилжүүлэх боломжгүй гэж Н.Энхболдыг ирэхэд хэлж байсан. П.Галаа, Н.Энхболд нар 2009 оноос хойш тухайн газраас болж маргалдаж байсан. П.Галаа, Н.Энхболд нар тус тусдаа ирдэг байсан. Би хоёуланд нь хандаж, та хоёр цуг байж энэ асуудлаа шийдвэрлэ гэж хэлж байсан гэжээ.

 

            Гуравдагч этгээд П.Галаа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Н.Энхболд Ганбат гэдэг хүнтэй хамт намайг хотод байхад ирж уулзсан. Тухайн үед би газраа зарахгүй, чи газрыг ашиглаад байж бай гэж хэлсэн. Газраа Н.Энхболдод худалдаагүй, 2 сая төгрөгөөр түрээслэсэн, Н.Энхболд надад та газрын гэрчилгээгээ өгчих, би гадны хүн учраас хүнд үзүүлэх бичиг баримттай байж байя гэж хэлэхээр нь газрын гэрчилгээгээ өгч явуулсан. Энэ газарт би 50-иад жил амьдарсан. Газар дээр байгаа объектыг мөнгөөр авсан. Газраа авъя гэж Н.Энхболдод хэлэхэд чөлөөлж өгөхгүй байсан учраас иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

            Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш.Дуламжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Галаа нь Ө.Хавчуурын хууль ёсны өв залгамжлагч мөн, иймээс тус газрыг эзэмшиж авах эрхтэй. “Хүүлээ” ХХК-д Ө.Хавчуур гэдэг хүн манаачийн ажил хийж байгаад цалингийн хөлсөнд тус газрыг шилжүүлж авсан. Н.Энхболд үнэхээр тухайн газрыг худалдаж авсан гэсэн нотлох баримт байсан бол эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж болох юм. Нэхэмжлэгч талын ямар эрх ашиг зөрчигдсөн эсэх нь тодорхойгүй байна. Газрын даамал нь хуулийн дагуу ажлаа хийсэн байна, тухайн үед Н.Энхболдод газрыг шилжүүлсэн бол хууль бус үйлдэл болох байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сумын Засаг даргын А/125 тоот захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан “Угтаалцайдам сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/125 дугаар захирамжийг хүчин төгөлдөр бусд тооцуулах“ гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/125 дугаар захиргааны акт илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, газрын даамлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох“ гэж ихэсгэсэн байх ба шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх шатанд энэхүү шаардлагаа дэмжиж “сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/125 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож түүнийг хүчингүй болгох, газрын даамлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүсчээ.

            Нэхэмжлэгч “Чонос Эмбо” ХХК-ний захирал Н.Энхболд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Угтаалцайдам сумын Талын-Уул багт байрлалтай хуучин 2000 бяруу бордох цэг байсан, олон жил эзэнгүй орхисон балгас болсон байрыг газартай нь 2009 онд П.Галаатай тохиролцон 2 сая төгрөгөөр худалдан авсан. П.Галаа надад газрын гэрчилгээгээ өгөхөд нь сумын газрын даамал Б.Мөнгөнтуяад өгч манай нэр дээр шилжүүлж гэрчилгээ гаргаж өгөөрэй гэхэд газрыг шилжүүлж өгнө гэж хэлж бичиг баримт авчихаад газрыг шилжүүлж өгөөгүй нь хууль бус эс үйлдэхүй. Энэ газарт 10 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 6 жил тасралтгүй маргаангүй үйл ажиллагаа явуулж байгааг сумын Засаг дарга мэдсээр байж 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/125 дугаар захирамжаар П.Галаад уг газрыг эзэмшүүлэх эрх олгосон нь хууль бус” гэжээ.

            Харин хариуцагчаас “...Чонос Эмбо ХХК тухайн газрыг 6 жил ашигласан бол нэг ч удаа сумын Засаг даргатай гэрээ байгуулаагүй, газрын төлбөр төлөөгүй, газар худалдан авах гэрээ байгуулаагүй, Засаг даргад мэдэгдээгүй” гэсэн тайлбар гаргасан байна.

Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг дарга 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаар захирамжаар иргэн Ө.Хавчуурт тус сумын Талын-Уул багийн нутаг дэвсгэрт 750 м2 газрыг ахуйн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн[1] байх ба хууль ёсоор газар эзэмшигч Ө.Хавчуур нас барсан гэсэн үндэслэлээр түүний эзэмшлийн 750 м2 газар, 100 м2 объект нийт 850 м2 талбайтай газрыг түүний эхнэр П.Галаад 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр сумын Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/125 дугаар захирамжаар шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч тал “П.Галаатай тохиролцон Угтаалцайдам сумын Талын-Уул багт байрлалтай хуучин 2000 бяруу бордох цэг байсан газар, барилгыг 2 сая төгрөгөөр худалдан авсан” гэж тайлбарласнаас үзвэл нэхэмжлэгч нь тухайн үед П.Галааг маргаан бүхий уг газар, объектын хууль ёсны эзэмшигч гэж үзсэн байх боловч “газар болон үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах тухай” гэрээг бичгээр байгуулаагүй болох нь нэхэмжлэгчийн “П.Галаагаас газрыг худалдан авсан тухай гэрээ бичгээр байгуулаагүй” гэсэн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн “П.Галаагийн өгсөн газрын гэрчилгээг газрын даамалд өгсөн” гэсэн, хариуцагч газрын даамал Б.Мөнгөнтуяагийн “Н.Энхболд надад Ө.Хавчуур гэж хүний нэр дээрх газрын гэрчилгээ, гэрээ 2-оос өөр бичиг баримт өгөөгүй” гэсэн тайлбаруудаар нэхэмжлэгч нь тухайн үед маргаан бүхий газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авах тухай хүсэлтээ бичгээр гаргаж эрх бүхий албан тушаалтанд хандаагүй болох нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д “эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж, эрх шилжүүлэх тухай нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, хураамж төлсөн баримтыг хавсаргана” гэж заасан шаардлагыг биелүүлээгүй, үүний улмаас эрх бүхий албан тушаалтан түүний эзэмшилд маргаан бүхий газрыг шилжүүлэх шийдвэр гаргах боломжгүй байсан гэж үзлээ. Мөн нэхэмжлэгчид маргаж буй газрыг эзэмших эрх хуульд заасан журмаар шилжсэн гэх байдал, уг газрыг эзэмших эрх хуульд заасан журмаар үүссэн гэх байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчийн “нэхэмжлэгч тал газрын тухай хууль зөрчиж газар эзэмшиж байсан” гэх тайлбарыг хүлээн авч, нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг ...гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасныг зөрчиж маргаан бүхий газрыг эзэмшиж ашиглаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаас дүгнэвэл “Чонос Эмбо” ХХК-д Угтаалцайдам сумын Талын-уул багт байрлах /Ө.Хавчуурын эзэмшлийн ахуйн зориулалтай 750 м2 газар, 100 м2 объект/ нийт 850 м2 газрыг[2] эзэмших эрх хуульд заасан журмаар үүсээгүй байх тул уг маргаан бүхий газрын эзэмших эрхийг П.Галаад шилжүүлсэн сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/125 дугаар захирамж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүх хэргийг хянан шийдвэрлэх”-ээр зохицуулсан бөгөөд маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчид шууд чиглээгүй байгааг дурьдаж байна.

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн П.Галаагийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт “Талын-Уул багт байрлах газар объектыг П.Галаа надад зарж худалдсан болохыг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч тал гаргасан[3] байх тул түүний “газар, дээрх 2 байрыг худалдаж авсан” гэх тайлбарыг шүүх хүлээн авах, улмаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авахтай холбогдон үүссэн маргаанд захиргааны хэргийн шүүхээс дүгнэлт хийх үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч тал Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг зөрчиж маргаан бүхий газрыг эзэмшиж ашигласан байх тул түүний “...газрыг Ө.Хавчуурын нэр дээр хэзээ эзэмшүүлсэн нь тодорхойгүй, эзэмшүүлсэн газрыг 2 жил дараалан ашиглаагүй бол газрын тухай хуулиар шууд хүчингүй болгох ёстой, 18 жил 6 сар болж байхад газар эзэмшүүлэх захирамж гаргасан, 1997 оноос хойш Хавчуур газрыг яаж ашигласан, кадастрын зураг түүний нэр дээр байгаа эсэх нь тодорхойгүй, Ө.Хавчуурт олгосон газар эзэмшүүлэх гэрчилгээг 1998 оноос хойш улсын хэмжээнд 4 удаа шинэ загвар, шинэ агуулга бүхий гэрчилгээгээр солигдсон байхад мэдээллийг шинэчилж шинэ гэрчилгээгээр солигдож байсан талаар баримт бичгүүд байхгүй, газрын хэмжээ зөрүүтэй, П.Галаа газрын төлбөр төлж байгаагүй, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан зэргийг судлаад үзэхэд П.Галаа гэж хүн газрыг эзэмших эрхгүй гэдэг нь нотлогдож байгаа... “гэх зэрэг тайлбарыг шүүх хүлээн авч дүгнэлт хийх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн “газар эзэмших эрхийн гэрчилгээг “Чонос Эмбо” ХХК-ний нэр дээр гаргаж өгөөгүй газрын даамлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд “Чонос Эмбо” ХХК-д маргаан бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэрийг тус сумын Засаг дарга гаргаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-д “сумын газрын даамал Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмшүүлэх асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгоно” гэж заасан байх тул сумын  газрын  даамлыг  “Чонос Эмбо”  ХХК-нд маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

Иймд шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.4.2, 27 дугаар зүйлийн 27.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 60 дугаар зүйлийн 60.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Чонос-Эмбо” ХХК-ний “сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/125 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, газрын даамлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ОДСҮРЭН

 


[1] Угтаалцайдам сумын Засаг даргын 1997.04.25-ны өдрийн 47 дугаар захирамжийн хавсралтын ар талд,  Өлзийноровын Хавчуур-ахуйн болон ногооны газар-750м2 гэсэн, хавтаст хэргийн 84-р хуудас,

[2] Угтаалцайдам сумын Засаг даргын 2015.12.23-ны өдрийн А/125 дугаар захирамж,1 дэх заалт, хавтаст хэргийн 4-р хуудас

[3] Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.01.12-ны өдрийн 151-р захирамж-хавтаст хэргийн 65-р хуудас.