Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 111/2018/0005/З |
Дугаар | 221/МА2018/0645 |
Огноо | 2018-12-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2018/0645
2018 оны 12 сарын 19 өдөр Дугаар 221/МА2018/0645 Улаанбаатар хот
“Чө” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Б.М, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга Ц.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нарыг оролцуулан хийж, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 111/ШШ2018/0026 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.Б-ийн давж заалдах гомдлын дагуу “Чө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн орон нутгийн өмчийн газар, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 111/ШШ2018/0026 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны “Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай” 6/104 дугаар тогтоолыг хүчингүй болгох”, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан “2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан “Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ”-г хүчингүй болгох” шаардлагатай хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, харин “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга болон “Чө” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 тоот “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоож, уг гэрээний дагуу нэхэмжлэгч “Чө” ХХК-иар Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумыг нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг хариуцагч Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч “Чө” ХХК-ийн гаргасан “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай” 6/4 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс шийдвэрлэхдээ шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлсэн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас маргаан бүхий 6/4 дугаар тогтоолыг гаргахын өмнө нэхэмжлэгчид сонсох ажиллагаа хийгээгүй уг тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 “захиргааны актыг ... эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Чө” ХХК-д мэдэгдээгүй юм.
Харин нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай” 6/4 тоот тогтоолыг өөрийн хүсэлтээр 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч байгууллагаас албан ёсоор хүлээн авч мэдсэн. Улмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 “Дээд шатны захиргааны байгууллага ... байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэснийг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.
Шүүхийн шийдвэрт дурдсан Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 434 дүгээр албан бичиг, төсөл сонгон шалгаруулах тухай мэдээллийг цахим хаягаар хүргүүлсэн гэх баримт, “Чө” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 58 дугаар албан бичиг зэрэг баримтууд нь тендер, төсөл сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл болохоос 6/4 дугаар тогтоолыг мэдэгдсэн баримт биш юм.
Иймд нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.
2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан “Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэхдээ “Чө” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөх, цаашлаад гомдол гаргах хууль зүйн үндэслэл бүрдээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч “Чө” ХХК нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын тендерийн үнэлгээний хорооны сонголтоор 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ЭЦ-ХО-01 тоот “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ”-г урт хугацааны турш байгуулан, өөрийн хөрөнгөөр /халаалтын/ уурын зуух барьж байгуулсан. Уг гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байхад “Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усын инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээг давхардуулан байгуулж, нэхэмжлэгчийн эрхэлж байсан Эрдэнэцогт сумыг дулаанаар хангах үйл ажиллагааг гуравдагч этгээд “Мг” ХХК-аар гүйцэтгүүлэхээр тохиролцон гэрээ байгуулсан. Ийм байхад нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй хэмээн шүүхээс дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй дүгнэлт болсон байна.
2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 тоот “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоолгож, уг гэрээний дагуу нэхэмжлэгч “Чө” ХХК-аар Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумыг нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг хариуцагч Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ЗАсаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс шийдвэрлэхдээ “Чө” ХХК-ийн Эрдэнэцогт сумын 2014 онд байгуулсан гэрээ үйлчлэлгүй болсон, “Мг” ХХК-ийн 2018 онд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр үйлчлэлтэй байгаа бөгөөд “Чө” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна.
Нөгөө талаар “Чө” ХХК-ийг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч “Чө” ХХК-ийн Эрдэнэцогт сумын Засаг даргатай байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 тоот “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ” нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна гэж ойлгож байгаа. Учир нь уг гэрээг цуцалсан тухай ямар нэг баримт байхгүй юм. Хэрэгт авагдсан баримт болон хариуцагч Эрдэнэцогт сумын Засаг дарга Ц.Төмөрбаатарын шүүх хуралдаанд хэлсэн тайлбар зэрэгт уг гэрээг цуцалсан тухай тушаал, шийдвэр өнөөдрийг хүртэл байхгүй. Гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байхад буюу уг гэрээний хугацаа дуусгавар болсон талаар талууд дүгнээгүй, хүчингүй болоогүй байхад үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Нэгэнт гэрээг цуцлаагүй тул нэхэмжлэгч “Чө” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өөрийн зардлаар Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумыг нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байсан боловч дулааны зардлыг гуравдагч этгээд “Мг” ХХК-д олгож байснаас цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр арга буюу халаалтын үйл ажиллагааг зогсоох мэдэгдэл өгч, үйл ажиллагаагаа хүчээр зогсоосон юм. Гэтэл энэ байдлыг шүүхээс анхаарч үзэлгүй 2014 оны гэрээний үйлчлэл дуусгавар болсон хэмээн дүгнэсэнд гомдолтой байна.
Нэхэмжлэгч “Чө” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагаа “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай” 6/4 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах хэмээн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өөрчлөн шүүхэд хүргүүлснийг шүүх хүлээн авч, хариуцагч нарт гардуулсан атлаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийг хүлээн аваад хариуцагчид гардуулснаас хойш нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн боломжгүй юм.
Нэхэмжлэгч талаас маргаан бүхий захиргааны акт болох “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай” 6/4 тоот тогтоолыг хариуцагч байгууллагаас гаргахдаа тухайн захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа нэхэмжлэгч “Чө” ХХК-д Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулах үүргээ биелүүлээгүй хэмээн маргасан. Гэтэл шүүх энэ үндэслэлд дүгнэлт өгөөгүй.
Иймд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 111/ШШ2018/0026 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Нэхэмжлэгч “Чө” ХХК-аас “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай” 6/4 дүгээр тогтоол, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан “Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ”-г тус тус хүчингүй болгох, мөн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга болон “Чө” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 тоот “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоож, уг гэрээний дагуу нэхэмжлэгч “Чө” ХХК-иар Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумыг нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг хариуцагч Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзах боломжгүй байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын дээрх үндэслэлд холбогдох баримтыг цуглуулж, үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр маргаан бүхий тогтоол батлагдан гарснаас хойших баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй.
Учир нь нэхэмжлэгчээс хариуцагч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь маргаан бүхий 6/4 дүгээр тогтоолыг батлан гаргахдаа “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга болон “Чө” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 тоот “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 2.3-д “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэсэн инженерийн хийцтэй шугам сүлжээг хөрөнгө оруулагч талд үнэ төлбөргүй ашиглуулна” гэж заасны дагуу 2014 оноос хойш нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашиглаж, үйл ажиллагаагаа явуулж байсан гол эд хөрөнгө болох шугам сүлжээг хувьчлах талаар Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулаагүй гэсэн үндэслэлээр маргасан байна.
Маргаж буй акт болох Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6/4 дүгээр тогтоолыг нэхэмжлэгчид хэзээ мэдэгдсэн нь тодорхойгүй байхад уг тогтоолтой маргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж дүгнэсэн нь буруу байна. Маргаан бүхий дээрх тогтоол нь нэхэмжлэгчийн 2014 оноос хойш гэрээний дагуу ашиглаж буй дулааны шугам сүлжээг хувьчилж буй тул Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар сонсох ажиллагаа явуулах оролцогчид хамаарахаар байна. Захиргаа энэ үүргээ биелүүлээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэсэн агуулгаар маргажээ.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгөхгүйгээр үндсэн маргааны акт болох “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай” 6/4 дүгээр тогтоолыг хүчингүй болгох” шаардлагыг уг тогтоолыг батлан гаргаснаас хойших үйл баримтууд болох 2017 оны 7, 9 дүгээр сарын шугам сүлжээ хувьчлах талаарх сонингийн зар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 434 дүгээр албан бичиг, нэхэмжлэгч “Чө” ХХК-ийн захирал Ү.Б-ийн цахим хаягаар 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүргүүлсэн төсөл сонгон шалгаруулах тухай мэдээлэл, нэхэмжлэгчээс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлсэн 58 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/356 дугаар албан бичиг зэргийг үндэслэн “маргаан бүхий захиргааны акт гарч, уг актыг үндэслэн тус шугам сүлжээг хувьчлах сонгон шалгаруулалт зарлагдсаныг “Чө” ХХК-д мэдэгдсэн” хэмээн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-д “Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй” гэж заасан тул маргаан бүхий актыг мэдэгдсэн эсэх талаар нэхэмжлэгч маргаж байгаа энэ тохиолдолд захиргааны актыг гаргасан хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болзошгүй шийдвэр гаргаж байгаа талаараа нэхэмжлэгчид хэрхэн, хэзээ мэдэгдсэн талаараа нотлох үүрэгтэй байхад шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэзээнээс эхлэн тоолж байгаа нь тодорхойгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй.
2. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан “Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ”-г хүчингүй болгох шаардлагын тухайд:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн дээрх шаардлагыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцоогүй гэсэн үндэслэлээр “сонгон шалгаруулалтын үр дүнгээс шалтгаалж “Чө” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх, цаашлаад гомдол гаргах хууль зүйн үндэслэл бүрдээгүй” гэж дүгнэн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгч “Чө” ХХК нь маргаан бүхий 6/4 дүгээр тогтоолоор хувьчлахаар баталж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан гэрээгээр гуравдагч этгээд “Мг” ХХК-д хувьчлуулсан “шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ”-тэй маргах эрхтэй, уг дулааны шугам сүлжээг 2014 оноос хойш ашиглаж байсныхаа хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан, уг үндэслэлээр эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар маргах эрхтэй гэж үзэхээр байна.
Хариуцагч Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга болон нэхэмжлэгч “Чө” ХХК-ийн хооронд 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ” ЭЦ-ХО-01 дугаар гэрээгээр нэхэмжлэгч нь “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын төвийн төрийн захиргаа, түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагаа явуулдаг барилгуудыг нэгдсэн дулаанаар хангах халаалтын зуухны барилгыг барих, зуухыг нэгдсэн трасс шугаманд холбох, дулааны хэвийн үйл ажиллагааг хангах, уурын зуухыг Засаг даргын Тамгын газраас тавьсан ажлын шаардлагын дагуу барих, тонох төхөөрөмж түүний угсралтын ажлыг хангах ажлыг ... өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх, цаашид ашиглалтын үйл ажиллагааг бүрэн хариуцах”-аар гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан, энэ нь уг хуулийн этгээдийн үндсэн үйл ажиллагаа нь байна. Гуравдагч этгээдтэй байгуулсан менежментийн гэрээгээр нэхэмжлэгч дээрх гэрээнд заасан үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж эхэлсэн байна. Тиймээс нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
Түүнчлэн, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга болон нэхэмжлэгч “Чө” ХХК-ийн хооронд 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ” ЭЦ-ХО-01 дугаар гэрээгээр Эрдэнэцогт сумын ... барилгуудыг нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг нэхэмжлэгч хариуцаж улмаар “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэсэн инженерийн хийцтэй шугам сүлжээг хөрөнгө оруулагч талд үнэ төлбөргүй ашиглуулна” гэж гэрээнд заасан бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд байгуулагдсан энэхүү гэрээний үндсэн дээр нэхэмжлэгчийн ашиглаж байсан шугам сүлжээг хувьчлах харилцаанд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан зарчим хэрхэн хэрэглэгдэх талаар дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дараах үндэслэлүүдэд дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Үүнд: - 6/4 тоот тогтоолыг гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т заасныг зөрчсөн тухайд: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3 дахь хэсэгт зааснаар хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөөгүй, - тухайн хуульд заасан ямар баримт материал, тооцоо, судалгаа, лавлагааг үндэслэж шийдвэр гаргасан нь тодорхойгүй, - хуульд хуулийн этгээдийн хувьд хувьчлах асуудал зохицуулсан байхад дулааны шугамыг хувьчилсан, - “Мг” ХХК-д хуульд зааснаас илүү хөнгөлөлт давуу эрх олгосон, тухайн төсөл сонгон шалгаруулах ажиллагаанд хоёр буюу түүнээс дээш этгээд оролцсоноор хүчинтэй болохоор байхад дан ганц “Мг” ХХК-ийг оролцуулж сонгон шалгаруулсан нь үндэслэлгүй. Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Эрчим хүч дамжуулах шугам, дэд станц нь төрийн өмчлөлд байна гэж заасан. Эрдэнэцогт сумын халаалтын шугам нь дээрх хуульд заасан төрийн өмчлөлд байх шугам байтал түүнийг хувьчилсан нь хууль бус, - төсөл сонгон шалгаруулах замаар удирдлагын үйл ажиллагааны үр дүнг харгалзан хувьчлах зарыг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нийтэд мэдээлж төсөл хүлээн авах эцсийн хугацааг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байхаар заасан нь хуульд заасан хугацааг баримтлаагүй зэрэг үндэслэлүүдэд дүгнэлт өгч шийдвэрлэх шаардлагатай байна.
Шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын хүлээн авахаас татгалзсанаас бусад хэсгийг шийдвэрлэхдээ материаллаг хууль хэрэглээгүй байгааг тэмдэглэв.
Иймд дээрх үндэслэлүүдийг шалгаж, маргааны үйл баримтад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 111/ШШ2018/0026 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ