Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2020/0411

 

2020 оны 12 сарын 07 өдөр                       Дугаар 001/ХТ2020/0411                            Улаанбаатар хот

 

 

Ж.Дамбаасүрэнгийн гомдолтой,

Санхүүгийн зохицуулах хорооны

улсын байцаагч Ж.Цэдэндамбад

холбогдох зөрчлийн хэргийн

тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид: Х.Батсүрэн

М.Батсуурь

Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

Гомдлын шаардлага: Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Ж.Цэдэндамбын 0055552, 0055546 шийтгэлийн хуудсыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0470 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 540 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагч Ж.Дамбаасүрэн, хариуцагч Ж.Цэдэндамба нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0470 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.10.3-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ж.Дамбаасүрэнгийн гомдлын шаардлагыг хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Ж.Цэдэндамбын гаргасан, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0055546 дугаар, мөн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0055552 дугаар шийтгэлийн хуудсуудыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 540 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 470 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Дамбаасүрэнгийн Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Ж.Цэдэндамбад холбогдуулан гаргасан, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 0055552, 0055546 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. ...Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай /0055552 дугаар акт/: Улсын байцаагч нь намайг хуулийг биш журам зөрчсөн гэж үзэж торгосон. Зөрчлийн тухай хуулийн 11.10.3 дахь заалтаар торгох урьдчилсан нөхцөл нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон байх юм. Журам зөрчсөн нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 11.10.3-д зааснаар торгууль ногдуулах хууль зүйн урьдчилсан нөхцөлийг хангахгүй. Харин зөрчил үйлдсэн, мэдээлээгүй гэх шүүхийн маргааны мэдээлэл нь журмын 3.2.2-т заасан санхүүгийн бус мэдээлэлд хамаарах бөгөөд компанийн үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл биш учраас үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан үнэт цаас гаргагчийн нийтлэг үүрэгт хамааралгүй. Нэгэнт хуульд заасан нийтлэг үүрэгт хамааралгүй тул Зөрчлийн тухай хуулийн 11.10.3-д заасан хууль тогтоомжид заасан нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй гэх урьдчилсан нөхцөлийг хангахгүй.

4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1.1-д Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна, мөн хуулийн 7.1.1.3-д тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх гэж заасан байх ба Ж.Цэдэндамбын 0055552 дугаар акт Зөрчил оногдуулах зүйл, хэсэгтэй нийцэхгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэж байна. Гэвч давж заалдах шатны шүүх Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн нийтлэг үүрэгт заагаагүй зөвхөн журамд заасан санхүүгийн бус мэдээллийг үнэт цаас гаргагчийн нийтлэг үүрэгт хамааруулан буруу тайлбарлаж хэрэглэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааны дагуу явагдаж, тэр хугацаанд тогтоогдсон үйл баримтыг шүүх хэлэлцэхээс биш тухайн ажиллагааны явцад тогтоогдоогүй зөрчлийг үйлдсэн гэдгийг шүүх тогтоохгүй, харин маргааны зүйл болсон акт үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх учиртай.

5. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай /0055546 дугаар акт/: Улсын байцаагч Ж.Цэдэндамба, Ц.Энхжаргал нар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэд хэдэн процессын алдаа гаргасныг болон анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ууганжаргал нь давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байхдаа тус тус хүлээн зөвшөөрсөн. Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаар тогтоолд Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хэрэг үүсгэсэн гэснээс үзвэл Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйл Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль зөрчих гэсэн гомдол болоод үйлдэгдсэн гэх зөрчилтэй огт холбоогүй хуулийн зүйлээр хэрэг үүсгэсэн, уг хэрэг бүртгэлтийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүй, зөрчлийн хэрэгт холбогдогчийн төлөөлөгч надад эрх, үүрэг танилцуулаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.7-д заасан уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах эрхийг зөрчсөн.

6. Мөн Г.Цогбадрахаас мэдүүлэг авахдаа эрх зүйн байдлыг нь тодорхойлоогүй, гомдол гаргагч А.Базар нь хувьцааны үнэ унаж хохирсон гэх боловч хохирогчоор тогтоогоогүй зэрэг хэрэг бүртгэлтийн ажиллагааны олон зөрчил гаргасан. Дээр дурдсанчлан хорооны 430 дугаар тогтоолоор батлагдсан Үнэт цаасны мэдээллийн ил тод байдлын журмын 3.2.2.11 дэх заалт нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.1.7-д заасан хуульд заасан нийтлэг үүрэгт хамаарахгүй тул Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх боломжгүй. Улсын байцаагч Ж.Цэдэндамба нь 0055546 дугаар актаар намайг Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 3-т зааснаар торгосон нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1.1, 7.1.1.3-т заасан зүйл, хэсэгтэй нийцэхгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэж байна.

7. Давж заалдах шатны шүүх Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн нийтлэг үүрэгт заагаагүй, зөвхөн журамд заасан санхүүгийн бус мэдээллийг үнэт цаас гаргагчийн нийтлэг үүрэгт хамааруулан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь иргэн намайг торгосон хууль зүйн үндэслэлээ ч мэдэхгүй байхад давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой. Дээрх хоёр шийдвэр нь торгууль ногдуулах хууль зүйн үндэслэлгүй байхад торгууль ногдуулсан нь илт хууль бус гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, мөн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

9. Хариуцагчаас маргаан бүхий акт болох 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0055546 дугаар шийтгэлийн хуудсаар Ард даатгал ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Дамбаасүрэн нь Хорооны 2015 оны 443 дугаар тогтоолоор баталсан Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 3.2.2.11. компани шүүхэд нэхэмжлэгч, хариуцагчаар оролцох гэснийг зөрчсөн, тодруулбал тус компанийг шүүхэд нэхэмжлэгч, хариуцагчаар оролцох тухай мэдээллээ тухай бүр бүрэн гүйцэд нийтэд мэдээлээгүй гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 2,000,000 төгрөгөөр, мөн маргаан бүхий акт болох 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0055552 дугаар шийтгэлийн хуудсаар Ард даатгал ХК-ийг дээрх журмын заалтыг зөрчсөн нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар тогтоогдож байна гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 2,000,000 төгрөгөөр тус тус торгожээ.

10. Анхан шатны шүүх .... хариуцагч 0055546 дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл хүлээлгэхдээ Ард даатгал ХК нь үнэт цаас гаргагч хуулийн этгээдийнхээ хувьд зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоох байтал тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Дамбаасүрэнд буюу хүнд холбогдуулж шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, мөн гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт /зөрчилтэй огт холбоогүй заалт/ зааснаар торгосон зэргээс үзвэл уг шийтгэлийн хуудас нь техникийн алдаатай гэхээс илүүтэй утга агуулгын илэрхий алдаатай, 0055552 дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулахдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдээгүй, тухайн зөрчил үйлдэгдсэн эсэх, хэн үйлдсэн болохыг хангалттай тогтоогоогүй, ингэснээр хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй... гэж дүгнэн маргаан бүхий актуудыг илт хууль бусад тооцсон нь буруу байна.

11. Учир нь, давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журмын 1 дүгээр зүйлийн 1.4-д ...Мэдээллийг нээлттэй болгох ажиллагааг компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга гүйцэтгэнэ... гэж заасан тул гомдол гаргагч Ж.Дамбаасүрэнд 0055546 дугаар шийтгэлийн хуудсаар Ард даатгал ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргад холбогдуулан шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй, мөн тухайн шийтгэлийн хуудасны ШИЙДВЭРЛЭХ нь хэсгийн эхэнд Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу... гэж бичсэн боловч 1 дэх заалтад ...Зөрчлийн тухай хуулийн 11.30 зүйлийн 3 дахь хэсэгт... гэсэн нь техникийн буюу бичилтийн алдаа байх тул үүнийг захиргааны актыг илт хууль бусад тооцох утга агуулгын илэрхий алдаа гэж үзэхгүй юм.

12. Мөн Ард даатгал ХК нь Шангри Ла Улаанбаатар хотел ХХК-тай холбоотой шүүхийн маргааны талаар буюу шүүхэд нэхэмжлэгч, хариуцагчаар оролцох тухай мэдээллээ нийтэд мэдээлээгүй зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд энэ нь Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3-т заасан Хууль тогтоомжид заасан үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй.... гэсэнд хамаарна.

13. Тодруулбал, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д Компанийн үйл ажиллагаа, санхүүгийн байдлын талаарх мэдээллийг Хорооноос тогтоосон журмын дагуу нийтэд мэдээлэх нь үнэт цаас гаргагчийн нийтлэг үүрэг байхаар заасан бөгөөд уг зүйлийн урьдчилсан нөхцөлд санхүүгийн мэдээллээс гадна компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэхээр байгаа, үүнийг Хорооны 2015 оны 443 дугаар тогтоолоор баталсан Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 3.2.2.11-д компани шүүхэд нэхэмжлэгч, хариуцагчаар оролцох тохиолдолд энэ талаарх мэдээллийг компаниас тухай бүр нийтэд мэдээлж байхаар тус тус заажээ.

14. Иймд, ...улсын байцаагч намайг хуулийг биш, журам зөрчсөн гэж үзэж торгосон нь хууль бус, шүүхийн маргааны мэдээлэл нь санхүүгийн бус мэдээлэлд хамаарах тул Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.10.3-ийн урьдчилсан нөхцөлд хамаарахгүй байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хэд хэдэн алдаатай, зөрчилтэй огт холбоогүй хуулийн зүйл, заалтаар шийтгэл ногдуулсан... гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3, 5-7-д заасан гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

15. Харин давж заалдах шатны шүүх маргаан бүхий 0055552 дугаар актын талаар ямар нэгэн дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

16. Хэргийн үйл баримтаас үзвэл, хариуцагчаас Ард даатгал ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн А.Базарын гаргасан гомдол мэдээллийн дагуу Ард даатгал ХК нь Шангри Ла Улаанбаатар хотел ХХК-тай холбоотой шүүхийн маргааныг нийтэд мэдээлээгүй нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй гэж үзэн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зөрчлийн хэрэг нээж холбогдох ажиллагааг явуулж, улмаар зөрчлийг тогтоон 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 0055546 дугаар шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан, мөн иргэн А.Базарын гомдлоор 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ард даатгал ХК нь Монголын хөрөнгийн бирж ХК-ийн цахим хуудсанд Шангри-Ла Улаанбаатар хотел ХХК-ийн нэхэмжлэлтэй, шүүхэд хариуцагчаар оролцож буй мэдээллийг нийтэд хүргэсэн, гэвч 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монголын хөрөнгийн бирж ХК-ийн цахим хуудсанд мэдээллийг хүргүүлэхдээ /2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаарх/ дээрх маргааны тухай мэдээллийг орхигдуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэсэн үндэслэлээр 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 0055552 дугаар шийтгэлийн хуудсаар дахин торгууль ногдуулжээ.

17. Үүнээс үзвэл, нэг иргэний нэг гомдол мэдээллээр гомдол гаргагчийг Шангри-Ла Улаанбаатар хотел ХХК-тай холбоотой шүүхийн маргааныг нийтэд мэдээлээгүй гэсэн үндэслэлээр зөрчлийн хэрэг нээж шийтгэл ногдуулсан атлаа мөн тухайн иргэний гомдлоор анхны зөрчлийн хэрэг нээснээс 1 хоногийн дараа Шангри-Ла Улаанбаатар хотел ХХК-тай холбоотой мэдээллийг мэдээлсэн боловч 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар орхигдуулсан гэсэн үндэслэлээр дахин зөрчлийн хэрэг нээж, шийтгэл ногдуулсан нь үргэлжилсэн шинжтэй нэг зөрчилд давхар шийтгэл ногдуулсан гэж үзэхээр байна.

18. Өөрөөр хэлбэл, Шангри-Ла Улаанбаатар хотел ХХК-тай холбоотой шүүхийн маргааныг нийтэд мэдээлээгүй гэх нэг үр дагавар бүхий үйлдлийг тус тусдаа зөрчил гэж үзэн эхний зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг шалган шийдвэрлэж дуусаагүй байхдаа тухайн үйл баримтад холбогдуулан Шангри-Ла Улаанбаатар хотел ХХК-тай холбоотой шүүхийн маргааныг нийтэд мэдээлсэн боловч 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар /эхний зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаанд/ орхигдуулсан буюу нийтэд мэдээлээгүй гэж үзэн дахин зөрчлийн хэрэг нээж, яг ижилхэн хууль тогтоомжийн зүйл, заалтыг үндэслэн давхар шийтгэл ногдуулсан нь илт хууль бус буюу гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг илэрхий ноцтой дордуулсан, энэ утгаараа маргаан бүхий 0055552 дугаар шийтгэлийн хуудсыг агуулгаар нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэнд хамааруулах боломжтой гэж үзлээ.

19. Иймд, ...0055552 дугаар акт Зөрчил оногдуулах зүйл, хэсэгтэй нийцэхгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэж байна... Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явагдаж, тэр хугацаанд тогтоогдсон үйл баримтыг шүүх хэлэлцэхээс биш тухайн ажиллагааны явцад тогтоогдоогүй зөрчлийг үйлдсэн гэдгийг шүүх тогтоохгүй... гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан гомдол гаргагчийн хяналтын гомдлын хүрээнд маргаан бүхий актыг илт хууль бусад тооцох үндэслэлтэй байна.

20. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0470 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 540 дүгээр магадлалын 1 дэх заалтыг Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3-д заасныг баримтлан гомдол гаргагч Ж.Дамбаасүрэнгийн гаргасан гомдлын Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Ж.Цэдэндамбын гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0055546 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлагыг хангаж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Ж.Цэдэндамбын гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0055552 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоосугай гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Ж.Дамбаасүрэнгийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гомдол гаргагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ

 

ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ