Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 209/МА2022/00093

 

*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  09 дүгээр сарын 27-ны өдрийн 1330 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч *******ы хүсэлттэй,

            “*******ыг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлттэй,

Иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзоригийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1. ХҮсэлт гаргагчийн хүсэлтийн үндэслэл, шаардлага:

*******той 2013 оноос хамтран амьдарч 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр охин М.Өнүүжин төрсөн. 2019 оноос хойш бид тусдаа амьдрах болсон.

2019 оноос хойш охин М.Өнүүжинд тусламж дэмжлэг үзүүлдэггүй, хайхардаггүй, эцэг хүний үүргээ биелүүлдэггүй учраас шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргах гэсэн боловч ******* өөрийн оршин суугаа хаягаа хэлдэггүй, миний сурагласнаар сүүлийн байдлаар Улаанбаатар хотод Нисэх, Яармаг хавьцаа амьдардаг сураг гарсан.

Иймд *******ыг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хүсэлт гаргагч *******ы *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

             ******* нь *******той 2013-2019 он хүртэл хамтран амьдарч байсан боловч *******ын иргэний үнэмлэхийн бүртгэгдсэн хаягийг мэдэхгүй, *******ын хамгийн сүүлд амьдарч байсан багийн захиргаанаас мэдээлэл авах боломжгүй байхад өөрийн зүгээс мэдээлэл авах үүрэгтэй мэтээр дүгнэж үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар онцгой ажиллагааны журмаар өөрийн зүгээс байж болох бүхий л арга хэмжээг аваад олох боломжгүй болоод шүүхээр эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргахаас өөр сонголтгүй байхад хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            2. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

3. ******* нь охиндоо ямар нэгэн тусламж дэмжлэг үзүүлдэггүй, эцэг хүний үүргээ биелүүлдэггүй. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандах гэхээр оршин суугаа хаягийг нь мэдэхгүй, 89898787 дугаараар *******той холбогдохоор хаана оршин суудгаа хэлдэггүй.

******* нь хувийн журмаар найз нөхдөөс нь *******ыг сураглахаар Улаанбаатарт Нисэх, Яармаг орчимд дэлгүүр ажиллуулж амьдардаг гэх сураг гардаг.

*******ын хамгийн сүүлд амьдарч байсан хаяг нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг Хүрээлэн 2 дугаар гудамж, 5 тоот буюу *******ы амьдарч байсан хаяг юм. Багийн захиргаанаас тодруулах гэхээр хувь хүний нууцтай холбоотой гээд мэдээлэл өгөхгүй төвөгтэй байгаа... гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт  гаргажээ.

4. Гэтэл анхан шатны шүүх хүсэлт гаргагч ******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрыг тодруулахын тулд өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй бөгөөд *******той утсаар холбогдохоор хаана оршин суугаа газраа хэлдэггүй, найз нөхдөөс нь сураглахаар Улаанбаатарт Нисэх, Яармаг орчимд дэлгүүр ажиллуулж амьдардаг сурагтай гэх тайлбар нь *******ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, боломжит бүхий л арга хэмжээг аваагүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хүсэлт гаргагч *******ы хүсэлтийг хангаж *******ыг эрэн сурвалжилж, оршин амьдарч буй хаягийг тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

5. Өөрөөр хэлбэл боломжит бүхий л арга хэмжээ аваагүй гэдгийг юу гэж ойлгох нь тодорхойгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т ...боломжтой бол хавсаргана... гэж заасан бөгөөд хүсэлт гаргагч ******* холбогдох бичиг баримтыг бүрдүүлж хавсаргах боломжгүй болохоо илэрхийлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ ХЭСЭГ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  09 дүгээр сарын 27-ны өдрийн 1330 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хүсэлт гаргагч *******ы *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг,

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар *******ыг эрэн сурвалжлуулсугай” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэхь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг болон газрыг тогтоохыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай” гэж,

 Тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг 3 болгож, 3 дугаар заалтыг 4 болгож тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                          

 

 

       

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Я.ТУУЛ

                                                          ШҮҮГЧИД                                        Х.БАЙГАЛМАА

                                                                   Л.АМАРСАНАА