| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2018/0692/Э |
| Дугаар | 720 |
| Огноо | 2018-10-09 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | П.Д |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 720
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгч Н.Төрболд, түүний өмгөөлөгч Б.Лхагвацэрэн,
Хохирогчийн өмгөөлөгч Н.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нацагдоржийн Төрболдод холбогдох эрүүгийн 1809019980714 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрлэлийн менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 4-1516 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УХ 90042115 / Боржигон овогт Нацагдоржийн Төрболд нь:
- 2018 оны 04 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо “Хүннү” зочид буудалд Э.Алтаншагайг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Мөнгөншагай мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 04 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө “Хүннү” зочид буудалд Төрболд бид 2 маргалдсан. Н.Төрболд нь сандал дээрээсээ босоод ирэхээр нь би бостол Н.Төрболд миний нүүр рүү шууд 1 удаа цохьсон. Миний ам руу мөргөсөн. Тэгээд би газарт унасан чинь толгой дээрээс хөлөөрөө дэвсээд байх шиг байсан. Миний ухаан балараад ухаан алдсан. Үүрээр 06 цагийн үед сэрээд өрөөнд байдаг нойл руу ороод толинд нүүрээ харахад уруул, дух язарч, хавдсан, нүүр хэсэгт хөндлөн юмаар урсан юм шиг улаан болчихсон байсан. Өрөөнд ороод нөгөө хэдийн сууж байсан ширээний хажууд очоод “ Чи миний нүүр амыг аймаар болгосон байна шүү дээ. Яаж байгаа юм “ гэж хэлэхэд Н.Төрболд нь зодох гэж дайрахаар нь ширээн дээр байсан 0.75 хоосон шилийг аваад Н.Төрболд руу шидсэн гэжээ. / хх 34-35 /
Гэрч И.Мөнхтэмүүлэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Н.Төрболд Б.Алтаншагай нар хоорондоо хэрүүл хийгээд маргалдаад байсан юм. Босож ирээд хоорондоо барьцалдаж аваад бие биенийгээ гараараа цохилцоод хамтдаа орны хажууд унаад Н.Төрболд, Б.Алтаншагайгийн дээр гарсан байдалтай байсан. Н.Төрболдыг татаад дийлээгүй. Оргил сэрээд тэр хоёрыг салгасан. Б.Алтаншагайгийн нүүр ам цус болсон байсан гэжээ. / хх 33-34 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5279 дугаар дүгнэлтэнд:
1. Э.Алтаншагайгийн биед тархины хатуу хальсны доорх цусан хураа, аалзан хальсны доорх цус харвалт, хамар ясны хугарал, дух, дээд уруулын няцарсан шарх, зүүн чихний дэлбэн, зүүн хөхлөг сэртэн, дээд уруулын зөөлөн
эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. / хх 54 /
Шүүгдэгч Н.Төрболдыг 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 63-66 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 71 / зэрэг болно.
Шүүгдэгч Н.Төрболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 4 дүгээр сарын 21-нд миний төрсөн өдөр болсон юм. 10-н жилийн ангийнхантайгаа уулзаад 1 шил архи уусан. Тэгээд Алтаншагайтай надад амьдрал заагаад “ Үр хүүхэд, амьдралаа сайн авч яв “ гэхээр нь “ Чи надад амьдрал заах болоогүй “ гээд бид хоёр маргалдаад барьцалдаж аваад газарт унасан. Унахдаа Алтаншагай толгойгоороо орны хажуугийн тумбочка нидрээд би дээр нь унасан. Тэгээд дух хэсэг рүү гараараа цохьсон. Алтаншагайгийн биед учирсан гэмтлийг би учруулсан нь үнэн. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 1.660.000 төгрөг төлсөн. Цаашдын эмчилгээний зардлыг төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Н.Төрболд нь 2018 оны 04 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Хүннү” зочид буудалд согтуугаар Э.Алтаншагайг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Н.Төрболд бид 2 маргалдаад Н.Төрболд нь миний нүүр, ам хэсэг рүү 1 удаа цохиод, 1 удаа мөргөсөн. Газарт унасан байхад толгой дээрээс хөлөөрөө дэвсээд байх шиг байсан. Тэгээд би ухаан алдсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Мөнгөншагайгийн мэдүүлэг / хх 34-35 /, ...Н.Төрболд Б.Алтаншагай нар хоорондоо хэрэлдээд барьцалдаж аваад бие биенийгээ гараараа цохилцоод 2 орны хажууд унаад Н.Төрболд, Б.Алтаншагайгийн дээр гарсан байдалтай байсан. Б.Алтаншагайгийн нүүр ам цус болсон байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч И.Мөнхтэмүүлэнгийн мэдүүлэг / хх 33-34 /, ... Э.Алтаншагайгийн биед тархины хатуу хальсны доорх цусан хураа, аалзан хальсны доорх цус харвалт, хамар ясны хугарал, дух, дээд уруулын няцарсан шарх, зүүн чихний дэлбэн, зүүн хөхлөг сэртэн, дээд уруулын зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5279 дугаар дүгнэлт / хх 54 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Н.Төрболдыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Төрболд нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, цаашдын эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн санал хүсэлт, хувийн байдал зэргийг харгалзан түүнд хуульд заасан 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, түүний цалин хөлс, орлогыг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Н.Төрболд нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүйг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Нацагдоржийн Төрболдыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Нацагдоржийн Төрболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дах хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Н.Төрболд нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч нь цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 6-д зааснаар Н.Төрболдод оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Н.Төрболд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
6. Н.Төрболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Төрболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ