Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 723

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,                                    

Улсын яллагч Г.Цогтгэрэл,

Шүүгдэгч Ч.Эрдэнэчулуун,

Шүүгдэгч Т.Саруул-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Угалзынхан овогт Чулуунхүүгийн Эрдэнэчулуун, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18,6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Төмөрсүхийн Саруул-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 1809007920676 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дархан аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 100-14 тоотод оршин суух, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ТА 95042034 / Угалзынхан овогт Чулуунхүүгийн Эрдэнэчулуун

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 63-03 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УИ 96012920 / Боржигон овогт Төмөрсүхийн Саруул-Эрдэнэ нар нь:

 

 - Ч.Эрдэнэчулуун нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эс Аутлет” дэлгүүрийн гадна гээгдүүлсэн иргэн С.Дуламсүрэнгийн өмчлөлийн “Ай фоне 6” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, 472.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Т.Саруул-Эрдэнэ нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эс Аутлет” дэлгүүрийн гадна гээгдүүлсэн иргэн С.Дуламсүрэнгийн өмчлөлийн “Ай фоне 6” загварын гар утсыг Ч.Эрдэнэчулуун нь бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, бусдад шилжүүлэн зарж борлуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                           

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.Дуламсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: … 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн үед байх би яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. “Эс Аутлет” дэлгүүр рүү ороод гарч яваад машиндаа суухдаа өөрийн түрүүвчтэй эд зүйлээ хаясан. Миний түрүүвчин дотор иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, хаан банк, хас банк, голомт банкны картууд, зиндаа фитнесийн карт, 20.000 төгрөг бэлнээр, Ай фоне-6 маркийн гар утас зэрэг эд зүйлээ хулгайд алдсан. Би гар утсаа эргүүлж авмаар байна гэжээ. / хх 45 /

 

Гэрч М.Шаравдорж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дэлгүүр хямдрал зарласан байсан учраас хамт ажилладаг Эрдэнэчулууны хамт орж үйлчлүүлсэн. Би дэлгүүрийн авто зогсоол руу орж байхад газарт алаг өнгийн хэтэвч байхаар нь аваад ойр хавиар нь эзнийг нь хайсан боловч олдохгүй болохоор нь дэлгүүр орж үйлчлүүлээд гараад явсан. Хэтэвчний  эзнийг нь олж өгөх гээд хадгалж байхад Эрдэнэчулууны эхнэр Номингийн утас руу гар утсаа алдсан гэсэн хүн ярихаар нь би Эрдэнэчулуунтай хамт очоод хэтэвчийг нь өгсөн. Гэхдээ гар утсыг нь Эрдэнэчулууны хадам эгч нь аваад зарсан гэсэн учраас өгч чадаагүй гэжээ. / хх 29 /

 

Гэрч М.Номин мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ....Би нөхөртэйгөө хамт нарийн боовны цехэд ажилладаг байсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын эхээр намайг ажил дээрээ байхад Ай фоне 6 маркийн гар утас, хэтэвч оллоо гээд барьчихсан орж ирсэн ба Саруул-Эрдэнэ эгчтэй замд тааралдлаа гэж байсан. Тэгээд эгч тэр утсыг нь аваад “ Ю ч байсан надад байж байг. Зарж чадвал би чамд өөрийнхөө Самсунг Эс 5 маркийн гар утсаа өгье “ гэж манай нөхөр Эрдэнэчулуунд хэлээд уг утсыг аваад явчихсан. Тэгээд сүүлд нь цагдаад хураалгасан. Надаас дараа нь Эс 5 гар утас аваарай гэж Саруул-Эрдэнэ эгч надтай ярьсан гэжээ. / хх 31 /

 

Яллагдагч Ч.Эрдэнэчулуун мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...Би машин дотроо орж суугаад утсыг нь унтраачихсан. Олсон юм чинь гэж бодоод санаатайгаар шууд унтраасан минь үнэн. Би гар утсыг олчихоод Саруул-Эрдэнэ рүү залгасан ба зарвал хэд хүрэх бол гэж асуутал “ Айди кодтой бол болохгүй байхдаа. Юу ч гэсэн үзье. Байлгаж байгаарай “ гэж Саруул-Эрдэнэ надад хэлсэн.Тэр орой нь замдаа Саруул-Эрдэнэтэй уулзаад гар утсыг өгсөн. Би түүнд зараагүй. Зүгээр л Саруул-Эрдэнэ “ Надад өгчих. Зарж чадвал чамд Самсунг эс-5 маркийн өөрийнхөө гар утсыг өгнө “ гэж байсан гэжээ. / хх 30 /

 

Яллагдагч Т.Саруул-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...2018 оны цагаан сарын өмнө гэрийнхээ ойролцоо байж байтал манай төрсөн дүүгийн найз залуу болох Эрдэнэчулуун нь над руу залгаад “ Би нэг Ай фонь 6 маркийн гар утас олсон чинь Айди кодтой юм байна “ гээд надаас асуухаар нь би кодыг арилгуулаад авчихъя “гэсэн чинь над дээр ирээд цагаан өнгийн Голд өнгөтэй Ай фонь 6 маркийн гар утсыг авч ирж өгсөн. Тэгээд би уг гар утсыг нь Эрдэнэчулуунаас аваад “ Кодыг нь гаргачихвал өөрийнхөө барьж байгаа Самсунг Эс 5 маркийн гар утсыг өгнө “гэж би хэлээд би уг гар утсыг нь авсан гэжээ. / хх 32-33/

 

“Дамно” ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайлан / хх 48-49 /

 

            Шүүгдэгч Т.Саруул-Эрдэнийг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэл / хх 53-54 /

 

            Шүүгдэгч Ч.Эрдэнэчулууныг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэл / хх 61-62 /

 

Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 56, 66 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.Эрдэнэчулуун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Шаравжамцтай явж байгаад машин доороос түрийвч олсон. Дотор нь гар утас байсан. Би түрийвчийг асуудалд орж магадгүй гээд машин дотроо байлгаж байсан ба утсыг Т.Саруул- Эрдэнэд өгсөн. Тэр “Айди кодыг гаргачихвал чамд Самсунг Эс 5 маркийн гар утсыг өгнө “гэж хэлсэн.  Утсыг түүнд өгөхдөө хүний юм гэдгийг мэдэж байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Т.Саруул-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ч.Эрдэнэчулуун нь надад олсон гээд цагаан өнгийн Голд өнгөтэй Ай фонь 6 маркийн гар утсыг авч ирж өгсөн. Тэгээд би уг гар утсыг нь Эрдэнэчулуунаас аваад “ Кодыг нь гаргачихвал өөрийнхөө барьж байгаа Самсунг Эс 5 маркийн гар утсыг өгнө “гэж  хэлээд би уг гар утсыг нь авсан. Тэгээд айди кодыг гаргуулаад Теди төвийн гадна зогсдог ченжид 250.000 төгрөгөөр зарсан. Хохирлын 472.000 төгрөгийг хохирогчид өгсөн. Хүний юмыг мэдэж байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Прокуророос шүүгдэгч Т.Саруул-Эрдэнийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эс Аутлет” дэлгүүрийн гадна гээгдүүлсэн иргэн С.Дуламсүрэнгийн өмчлөлийн “Ай фоне 6” загварын гар утсыг Ч.Эрдэнэчулуун нь бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, бусдад шилжүүлэн зарж борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18,6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.       

Шүүгдэгч Т.Саруул-Эрдэнэ нь Ч.Эрдэнэчулууны олсон “Ай фоне 6” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж, түүнээс авч, айди кодыг нь гаргуулан бусдад 250.000 төгрөгөөр зарж, өөртөө завшсан үйлдлийг Прокуророос мөнгө угаах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18,6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн жинхэнэ байдалтай тохирохгүй байна. Учир нь:

1. Мөнгө угаах гэмт хэргийн хувьд тухайн эд хөрөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан байхыг шаарддаг.

 

2. Гэтэл шүүгдэгч Ч.Эрдэнэчулуун нь гэмт хэрэг үйлдэж  “Ай фоне 6” загварын гар утсыг олоогүй болох нь гэрч М.Шаравдоржийн “ ... Хямдрал зарласан гэхээр нь хамт ажилладаг Ч.Эрдэнэчулууны хамт орж үйлчлүүлсэн. Авто зогсоол руу орж яваад газарт алаг өнгийн хэтэвч байсныг аваад эзнийг нь олдохгүй болохоор машиндаа байлгаж байгаад буцааж өгсөн. Утсыг нь Ч.Эрдэнэчулууны хадам эгч аваад зарчихсан гэсэн учраас өгч чадаагүй / хх 29 /,  хохирогч С.Дуламсүрэнгийн “ ... Би дэлгүүрээс гараад өөрийн машиндаа суухдаа түрийвчтэй эд зүйлээ хаясан. Түрийвчтэй эд зүйлүүдээ авсан. Утсаа авмаар байна “ / хх 45 / гэсэн мэдүүлгүүдээр нотлогдсон.

3. Шүүгдэгч Ч.Эрдэнэчлуун нь гар утсыг өгөхдөө М.Саруул-Эрдэнэд олсон болохоо хэлсэн болох нь тэдгээрийн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. Иймд прокуророос шүүгдэгч М.Саруул-Эрдэний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18,6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй, дээрх  гэмт хэргийн бүрэлдхүүнгүй байна.

Харин М.Саруул-Эрдэнэ нь тухайн гар утсыг олсон болохоо хэлсээр байхад бусдын өмчлөлд байгааг мэдсэн атлаа 250.000 төгрөгөөр зарж завшсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдхүүнтэй байх тул түүний зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Эрдэнэчулуун, М.Саруул-Эрдэнэ нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй тул тус тусад нь зүйлчлэв.

 

Шүүгдэгч Ч.Эрдэнэчулуун нь  2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эс Аутлет” дэлгүүрийн гадна гээгдүүлсэн иргэн С.Дуламсүрэнгийн өмчлөлийн “Ай фоне 6” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, 472.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Саруул-Эрдэнэ нь шүүгдэгч Ч.Эрдэнэчулууны олж ирсэн“Ай фоне 6” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж, бусдад 250.000 төгрөгөөр зарж завшсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Би яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. “Эс Аутлет” дэлгүүр рүү ороод гарч яваад машиндаа суухдаа өөрийнхөө түрүүвчтэй эд зүйлээ хаясан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч С.Дуламсүрэнгийн мэдүүлэг / хх 45 /,  ... Хамт ажилладаг Ч.Эрдэнэчулууны хамт орж үйлчлүүлсэн. Би дэлгүүрийн авто зогсоол руу орж байхад газарт алаг өнгийн хэтэвч байхаар нь аваад ойр хавиар нь эзнийг нь хайсан боловч олдохгүй болохоор нь өөртөө хадгалж байсан. Гар утсыг нь Эрдэнэчулууны хадам эгч нь аваад зарсан гэсэн учраас өгч чадаагүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэрч М.Шаравдоржийн мэдүүлэг / хх 29 /,  ...2018 оны 02 дугаар сарын эхээр намайг ажил дээрээ байхад Ч.Эрдэнэчулуун Ай фоне 6 маркийн гар утас, хэтэвч оллоо гээд ирсэн. Эгч тэр утсыг нь аваад “Зарж чадвал би чамд өөрийнхөө Самсунг Эс 5 маркийн гар утсаа өгье “ гэж манай нөхөр Эрдэнэчулуунд хэлээд уг утсыг аваад явчихсан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэрч М.Номингийн мэдүүлэг / хх 31 /,  ... Олсон юм чинь гэж бодоод санаатайгаар шууд унтраасан. М.Саруул-Эрдэнэ рүү залгасан ба зарвал хэд хүрэх бол гэж асуутал М.Саруул-Эрдэнэ “ Надад өгчих. Зарж чадвал чамд Самсунг эс-5 маркийн өөрийнхөө гар утсыг өгнө “ гэсэн  гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн яллагдагч Ч.Эрдэнэчулууны мэдүүлэг / хх 30 /,  ... 2018 оны цагаан сарын өмнө Ч.Эрдэнэчулуун цагаан өнгийн Голд өнгөтэй Ай фонь 6 маркийн гар утсыг өгсөн.  “ Кодыг нь гаргачихвал өөрийнхөө барьж байгаа Самсунг Эс 5 маркийн гар утсыг чамд өгнө “гэж хэлээд авсан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн яллагдагч Т.Саруул-Эрдэнийн мэдүүлэг / хх 32-33/,   ...“Дамно” ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайлан / хх 48-49 / зэрэг болно.  

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Эрдэнэчулуун, Т.Саруул-Эрдэнэ нарыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус   тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ч.Эрдэнэчулуун, Т.Саруул-Эрдэнэ нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул тэдгээрийн үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, учруулсан хохирол, хувийн байдлыг харгалзан тэдгээрт хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хохирогч С.Дуламсүрэнд түрийвчтэй эд зүйлүүдийг буцаан өгч, утасны хохиролд 472.000 төгрөгийг төлсөн. Хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхэд бичиж өгсөн тул шүүгдэгч нарыг төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурьдав.

 

            Шүүгдэгч нар нь тус бүр 6 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, тэдгээрийн эдлэх ялаас 48 цагийн ялыг хасч тооцов.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Прокуророос Боржигон овогт Төмөрсүхийн Саруул-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Угалзынхан овогт Чулуунхүүгийн Эрдэнэчулуун, Боржигон овогт Төмөрсүхийн Саруул-Эрдэнэ нарыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Чулуунхүүгийн Эрдэнэчулууныг 250 цаг, Төмөрсүхийн Саруул-Эрдэнийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар Ч.Эрдэнэчулуун, Т.Саруул-Эрдэнэ нар нь тус бүр 6 хоног цагдан хоригдсон тул 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, тус бүр 48 цагийг эдлэх ялаас хасаж, биечлэн эдлэх ялыг Ч.Эрдэнэчулуун 202 цаг, Т.Саруул-Эрдэнэ 192 цагаар тус тус тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар Ч.Эрдэнэчулуун, Т.Саруул-Эрдэнэ нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Эрдэнэчулуун, Т.Саруул-Эрдэнэ нар нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Ч.Эрдэнэчулуун, Т.Саруул-Эрдэнэ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Эрдэнэчулуун, Т.Саруул-Эрдэнэ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ОЮУНЧИМЭГ