| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2018/0719/Э |
| Дугаар | 724 |
| Огноо | 2018-10-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.М |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 724
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.Анхтулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Батжаргалын Анхтулгад холбогдох эрүүгийн 1809000000725 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, “ВОЯАЖ” цэвэр усны үйлдвэрт захиалгын менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 46 байрны 26с тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УШ 94090734 / Боржигин овогт Батжаргалын Анхтулга нь:
- 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ойн булаг” нэртэй амралтын газарт өөрийн дүү Б.Тайванбаатарыг өмөөрч, иргэн Ж.Үнэнбаттай маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа, нуруун тус газарт гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ж.Үнэнбат мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр найз Солонгоогийн ангийнх нь хүүхэд Тайванбаатартай муудалцан түүний нүүр рүү нь өшиглөж, 1 шүдийг нь дундуур хугалж, 1 шүдийг нь угаар нь булгалсан. Тэгээд Тайванбаатарын ах нь ирж намайг нэг удаа баруун гараараа алгадаад доош дарж байгаад нуруунд 1-2 удаа цохьсон. Надад ямар нэгэн санал, гомдол байхгүй гэжээ. / хх 13-15 /
Яллагдагч Б.Анхтулга мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Ж.Үнэнбат орж ирсэн. Тэгэхлээр Ж.Үнэнбатыг “ Чи яахаараа хүүхдийн шүд хуга цохьдог юм “ гэж хэлээд гараараа зүүн шанаа хавьд нэг удаа алгадаад татаж, тонгойлгоод нуруу хэсэгт нь нэг удаа гараараа цохьсон гэжээ. / хх 62 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5665 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Ж.Үнэнбатын биед зүүн нүдний дээд зовхины цус хуралт, гэмтлийн гаралтай зүүн дунд чихний үрэвсэл бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй гэжээ. / хх 22 /
Шүүгдэгч Б.Анхтулгыг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 60-63 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 33 / зэрэг болно.
Шүүгдэгч Б.Анхтулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дүүгээ хараад өрөвдсөндөө тэр хүүхдийг зодож гэмтээсэн нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Б.Анхтулга нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ойн булаг” нэртэй амралтын газарт өөрийн дүү Б.Тайванбаатарыг зодож, шүдийг нь хугаллаа гэж иргэн Ж.Үнэнбаттай маргалдан түүний нүүрэн болон нуруун тус газарт гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Б.Тайванбаатарын ах нь намайг нэг удаа баруун гараараа алгадаад доош дарж байгаад нуруунд 1-2 удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ж.Үнэнбатын мэдүүлэг / хх 13-15 /, ... Ж.Үнэнбатыг “ Чи яахаараа хүүхдийн шүд хуга цохьдог юм “ гэж хэлээд гараараа зүүн шанаа хавьд нэг удаа алгадаад татаж тонгойлгоод нуруу хэсэгт нь нэг удаа гараараа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Б.Анхтулгын мэдүүлэг / хх 62 /, …Ж.Үнэнбатын биед зүүн нүдний дээд зовхины цус хуралт, гэмтлийн гаралтай зүүн дунд чихний үрзвсэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5665 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх 22 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Анхтулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Анхтулга нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл шалтгаан, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзаад түүнд хуульд заасан торгуулийн ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Ж.Үнэнбат нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн / хх 66 / тул шүүгдэгч Б.Анхтулгыг бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Батжаргалын Анхтулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Батжаргалын Анхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Анхтулга нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг төлөөгүй тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Анхтулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Б.Анхтулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Анхтулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ