Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 747

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,                                      

Улсын яллагч Х.Еркебулан, 

Шүүгдэгч Б.Анхбаатар, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиад овогт Баяраагийн Анхбаатарт холбогдох эрүүгийн 1809033680764 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин, найруулагч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 3-86 А тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: АЭ 84060476 / Хиад овогт Баяраагийн Анхбаатар нь:

 

- 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнх” видео, фото студид хохирогч Д.Төрмөнхийг “зургийн аппаратаа түр хугацагаар хэрэглүүлээч, хөлсөнд нь 80.000 төгрөг өгөх болно” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулан, улмаар Канон 7-Ди маркийн зургийн аппарат өмчлөх эрхийг шилжүүлэн авч, түүнд 1.895.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Төрмөнх мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: … 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнх” видео, фото студид ажиллаж байх үед зүс таних Б.Анхбаатар орж ирээд “Ээжийнхээ зургийг авах гэсэн юм. Аппаратаа 3 хоног хэрэглүүлээч. Хөлсөнд нь 80.000 төгрөг өгье” гэж залилан мэхэлж, Канон Ди-7 маркийн аппарат, 18-135 мм дуран, цэнэглэгч, нэмэлт зай, 32 гегабайт санах ой, цүнхтэй нь авч явсан боловч утсаа авахаа больж сураггүй болсон гэжээ. / хх 7 /

 

Гэрч Ц.Батсайхан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ...2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Хангарьд” төвд байрлах “Сайн арвижих” барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байх үед гаднаас үл таних эрэгтэй орж ирээд “Аппарат тавих гэсэн юм. Түрээс төлөх цаг болчихоод түрээсээ төлж чаддаггүй” гээд гуйсаар байгаад 500.000 төгрөгт тавиад явсан юм. Ингээд 06 дугаар сарын 23-ны өдөр буюу барьцааны хугацаа дуусах өдөр уг аппаратыг барьцаалсан залуу ирээд “мөнгө нэмж авъя” гэж хэлээд 10.000 төгрөг аваад явсан юм. 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр над руу “Аппарат барьцаалсан хүн байна. Хугацаа нь дууссан уу? Байгаа юу?” гэж залгасан. 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төв салбар руугаа залгаад асуугаад өгөөч. Аппаратаа авах гэсэн юм" гэж хэлсэн. Ингээд төв салбарын ажилтан руу залгаж асуухад "2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр зарагдсан байна” гэж хэлсэн гэжээ. / хх 8 /

 

Гэрч Б.Анхбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр фэйсбүүкийн танил маань фото, натур зураг авахуулъя гэсэн. Ингээд аппарат хэрэг болсон ба тухайн үед танил Төрмөнхийн студид сууж ажиллаж байсан. Ингээд Төрмөнхөд “Зураг авах хэрэгтэй байна. 2-3 хоног аппарат хэрэгтэй байна. Ээжийн ажлынхан зугаалганд явах гэж байгаа юм байна. Зураг авч байгаад хүрээд ирье. Аппараатаа өгч байгаач. 100.000 төгрөг өгье гэнэ. Таньд 80.000 төгрөг өгье” гэж хэлсэн. Гэтэл Төрмөнх ах сайн яваад зургаа аваад ирээрэй ах руугаа мөнгөө яаралтай явуулаарай гэж хэлээд Канон 7-Ди маркийн аппарат, 18-135 мм дуран, цэнэглэгч, нэмэлт зай, 32 гегабайт санах ой, аппаратын цүнхийг надад өгсөн. Аппаратыг аваад фэйсбүүкийн танилруугаа зурвас бичихэд "өнөөдөр болихоор шинжтэй юм шиг байна. Та юу ч гэсэн хүлээж бай" гэж хэлээд 1 өдөр өнгөрсөн. Ингээд 1 өдөр хүлээгээд уг хүн хариу өгөөгүй ба найз охин Гэрэлтуяа залгаад “Яаралтай мөнгөний хэрэг байна. Эм тариа авах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Ингээд бодож байгаад Канон 7-Ди аппаратаа барьцаалан зээлдүүлэх газарт 7 хоногийн хугацаатай 500.000 төгрөгийн барьцаанд тавьсан гэжээ. / хх 10-11 /

 

            Хохирлын мөнгө хураан авсан тухай тэмдэглэл / хх 7 /

           

            “Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 15-16 /

           

            Шүүгдэгч Б.Анхбаатарыг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 23-26 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 28 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Анхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 1.895.400 төгрөг төлсөн. Үлдэх хохирлыг төлнө. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч Б.Анхбаатар нь 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнх” видео, фото студид хохирогч Д.Төрмөнхийг “зургийн аппаратаа түр хугацагаар хэрэглүүлээч, хөлсөнд нь 80.000 тегрөг өгөх болно” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулан, улмаар Канон 7-Ди маркийн зургийн аппарат өмчлөх эрхийг шилжүүлэн авч, түүнд 1.895.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Б.Анхбаатар гэгч орж ирээд “ээжийнхээ зургийг авах гэсэн юм. Аппаратаа 3 хоног хэрэглүүлээч. Хөлсөнд нь 80.000 төгрөг өгье” гэхээр нь Канон Ди-7 маркийн аппарат, 18-135 мм дуран, цэнэглэгч, нэмэлт зай, 32 гегабайт санах ой, цүнхтэй нь өгсөн боловч утсаа авахаа больж сураггүй болсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Төрмөнхийн мэдүүлэг  / хх 7 /, ...Аппарат тавих гэсэн юм. Түрээс төлөх цаг болчихоод түрээсээ төлж чаддаггүй” гээд гуйсаар байгаад 500.000 төгрөгт тавьсан. Барьцааны хугацаа дуусах өдөр ирээд “мөнгө нэмж авъя” гэж хэлээд 10.000 төгрөг аваад явсан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэрч Ц.Батсайханы мэдүүлэг / хх 8 /, ... Ээжийн ажлынхан зугаалганд явах гэж байгаа юм байна. Зураг авч байгаад хүрээд ирье аппараатаа өгч байгаач 100.000 төгрөг өгье гэнэ. Таньд 80.000 төгрөг өгье” гэж аваад Канон 7-Ди аппаратаа барьцаалан зээлдүүлэх газарт 7 хоногийн хугацаатай 500.000 төгрөгийн барьцаанд тавьсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Анхбаатарын мэдүүлэг / хх 10-11 /, ...Хохирлын мөнгө хураан авсан тухай тэмдэглэл / хх 7 /, ...Дамно ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 15-16 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Анхбаатарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдны найз нөхдийн харилцааны явцад үүссэн итгэлийг нь урвуулан ашиглаж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцал байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Анхбаяр нь  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдал үйлдсэн хэргийн нөхцөл байдлыг харгалзан түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж,  үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон               

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Хиад овогт Баяраагийн Анхбаатарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдны найз нөхдийн харилцааны явцад үүссэн итгэлийг нь урвуулан ашиглаж, эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Баяраагийн Анхбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 1 жилийн хугацаанд ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Анхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар Б.Анхбаатар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдсугай.

 

6. Б.Анхбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Анхбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    С.ОЮУНЧИМЭГ