Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 209/МА2022/00097

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  09 дүгээр сарын 21-ний өдрийн 135/ШШ2022/01297 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “...Хамтын амьдралтай байсныг тогтоолгох...” тухай

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******ын өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

...Миний бие нь *******тай гэр бүл болон амьдарч байгаад 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 386 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан.

Тухайн үед бид гэрлэлтээ цуцлуулсан боловч 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн хамтын амьдралаа үргэлжлүүлэн, хамтран банкнаас зээл авч, бизнесийн үйл ажиллагаагаа хамтран эрхэлж 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан юм.

Гэтэл ******* нь гэр бүлийн дундын өмч болон хамтын амьдралтай байхад бий болсон өмч хөрөнгийг хуваах болоход намайг оролцуулаагүй бөгөөд огт хамтын амьдралтай байгаагүй хэмээн мэлзэж, бодит үйл явдал нотлох баримтыг үгүйсгэн гуйвуулан шүүхэд худал тайлбар гаргадаг.

Иймд миний бие 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл бизнесийн үйл ажиллагаа хамтран эрхэлж, хамтын амьдралтай байснаа шүүхээр тогтоолгох шаардлагатай байна гэжээ.

  1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид 2012 оны 11 дүгээр сараас тус тусдаа амьдарч 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүхээр гэр бүлээ цуцлуулсан гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын гаргасан 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд *******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Гэрлэлт цуцлуулснаас хойших хугацаанд буюу 2014 оны 03 дугаар сарын 26-нд 80,000,000 төгрөгийг 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 30,000,000 төгрөгийг тус тус хамтран зээлж, “Амгаланбат-Орших” ХХК-ийг газрын хамт худалдаж авсан.

2014 оны намар улаан буудай, рапс тариалж, 300 тн улаан буудай, 200 тн рапс зэргийг тус тус хамтран хураан авч байсан ба энэ талаарх нотлох баримтууд нь хамтын амьдралтай байсныг нотолно гэдэг үндэслэлээр хэргийн материалд хавсаргасан.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 17А дугаартай шийтгэх тогтоолд ...Л.Ариунбат, ******* нар нь гэрлэлтээ цуцлуулснаас хойш хамтран бизнесээ хийж, хүүхдүүд дээрээ очдог харьцаатай байсан... гэдгийг дурдсан байдаг.

            Иймд шүүхээс бидний хамтын амьдралтай байсан үеийн үйл баримтыг илтэд үгүйсгэн гэрлэлт цуцлуулсан, хорих ангид ял эдэлсэн гэх хоёр хязгаарыг үндэслэн хамтын амьдралтай байсныг үгүйсгэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

  1. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрлэснээс хойш зөвхөн бид хоёрын тухайд эрүүл саруул нас биед гүйцсэн хүний ёсоор бие сэтгэлээ нэгтгэн, гэр бүлийн амьжиргаа болсон өрхийн бизнесийг хамт эрхэлж байсан гэдэг нь худлаа тул анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар Л.*******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч Л.*******ын  гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчдын мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн боловч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.   

Хэргээс судлан үзвэл :

3. Зохигчид нь 2003 онд гэрлэсний бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 386 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулжээ. /хавтаст хэргийн 7-8/

4. Нэхэмжлэгч ******* нь “...2013 онд шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулснаас хойш буюу 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан учир энэ хугацаанд хамтын амьдралтай байснаа тогтоолгоно.” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд хариуцагч ******* нь “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэж маргасан байна.

5. Анхан шатны шүүхээс гэрлэлтээ цуцлуулснаас хойших хугацаанд *******, ******* нарын хамтын амьдрал үргэлжлээгүй талаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 17А дугаартай шийтгэх тогтоолд тодорхой тусгаж, дүгнэсэн ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэдэгт хамаарна гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч ******* нь гэрлэлт цуцлуулснаас хойш буюу 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Голомт банктай байгуулсан ЗГ4305018959 дугаартай зээлийн гэрээ, БГ4305018959 дугаартай ипотекийн гэрээ /хавтаст хэргийн 56-63/,

мөн 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Голомт банктай байгуулсан ЗГ4305022130 дугаартай зээлийн гэрээ, БГ4305022130 дугаартай ипотекийн гэрээ, БГ4305022130/А дугаартай ипотекийн гэрээ /хавтаст хэргийн 23-38/-г тус тус ирүүлсэн бөгөөд хариуцагч ******* нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд ирүүлсэн тайлбартаа “...тухайн зээлийг банкнаас авах үед банкны зээл судлах шалгуурын дагуу өмнө нь буюу гэрлэлтээ цуцлуулаагүй байх үедээ судлуулж, баримтаа бүрдүүлж байсан, зээл гарах үед банкны шалгуурын дагуу ******* очиж гарын үсэг зурсныг үгүйсгэхгүй ч гарын үсэг зурснаар хамтарч амьдарч байсан гэдгийг нотлохгүй...” гэж дурдсан боловч зохигч нь Голомт банкнаас авсан 2 удаагийн зээлийн судалгааг гэрлэлт цуцлуулахаас өмнө хийлгэж байсан гэдэг нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.

7. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон гэрч ******* “...цуг хамт яваад л байдаг байсан. Би гэрлэлт цуцлуулсныг сайн мэдэхгүй байсан. Талуудыг гэрлэлтээ цуцлуулсныг сүүлд мэдсэн, 2013, 2014 онуудад хамт ажлаа хийгээд тариан талбай дээр хамт явдаг байсан, 2013, 2014 онуудад манайд цагаан сараар ирж золгож байсан. 2014 оны намар ургац хурааж байхад *******, ******* нар цуг байсан.” гэж,

 гэрч******* “...2014 онд би сургуулиа төгсөөд будааны машинд сууж явж байхад хамт явдаг байсан. 2014 оны 7, 8 сарын үед ажиллаж байхад *******, ******* нар хамт амьдардаг байсан. 2013, 2014 оны цагаан сараар манайд хамт ирж золголт хийж байсан, 2015 оноос хойш ирж золгоогүй.” гэж,

гэрч******* “...би 2007 оноос хойш хүргэн болж ирсэн, *******тай хамт ажиллаж байсан. Талууд *******ыг шоронд явах хүртэл хамт амьдарч байсан.” гэж,

гэрч******* “...*******, ******* нар малчин авна гэсэн зарыг 2013 оны 04 дүгээр сард тавьсан байдаг. Зарын дагуу 1 жилийн хугацаанд мал малласан.” гэж тус тус мэдүүлэг өгсөн бөгөөд худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж авсан эдгээр гэрчийн мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. /хавтаст хэргийн 135-137/

8. Зохигчид нь 2003 онд гэрлэсний бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 386 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан боловч хамтын амьдралаа үргэлжлүүлж,  бизнесийн үйл ажиллагаагаа хамтран явуулж байсан болох нь шүүх хуралдаанд оролцсон гэрч *******,*******,*******,******* нарын мэдүүлэг, 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Голомт банктай байгуулсан ЗГ4305018959 дугаартай зээлийн гэрээ, БГ4305018959 дугаартай ипотекийн гэрээ, мөн 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Голомт банктай байгуулсан ЗГ4305022130 дугаартай зээлийн гэрээ, БГ4305022130 дугаартай ипотекийн гэрээ, БГ4305022130/А дугаартай ипотекийн гэрээ /хавтаст хэргийн 23-38, 56-63/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байхад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэснийг үндэслэл болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэдэг нь эрүүгийн, иргэний болон захиргааны хэргийн талаар гаргасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон аливаа үйл баримт нь өөр хэргийг шийдвэрлэхэд “нэгэнт тогтоогдсон” гэж үзэх ойлголт юм.

10. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 17А дугаартай шийтгэх тогтоол нь *******ыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээх гэмт хэрэг, хохирогчийг арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж хурьцал үйлдсэн гэмт хэрэг, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг, хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна. /хавтаст хэргийн 115-128/

а. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүх ямар маргааныг хянан шийдвэрлэснээ тодорхой заахыг шаарддаг бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 17А дугаартай шийтгэх тогтоол нь *******ын гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байна.

б. 17А дугаартай шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр мөн боловч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...*******, ******* нар нь 2013 онд гэр бүлээ цуцлуулснаас хойш тусдаа амьдарч, хамтран бизнесээ хийж...” гэж /хавтаст хэргийн 126/ тодорхойлон бичсэнийг  *******, ******* нарын хамтын амьдралын асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

11. Иймд нэхэмжлэгч *******ын хариуцагч *******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох зорилго нь дундын хөрөнгийн маргааны асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  09 дүгээр сарын 21-ний өдрийн 1297 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд *******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг

“...2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд *******тай хамтын амьдралтай байсныг тогтоосугай.” гэж өөрчилж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.” гэснийг

“...нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                       

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.БАЙГАЛМАА

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.АМАРСАНАА

                                    ШҮҮГЧ                                   Я.ТУУЛ