Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01915

 

 

 

....... ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2022/03637 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ....... ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч .....,, ..... нарт холбогдох, зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 143,715,569.60 төгрөг, нотариатын зардал 26,500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

.....,, ..... нар ....... ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ16/24 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, мөн тус өдөр БГҮ16/24 тоот барьцааны гэрээг байгуулж, 102,100,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай зээл авсан. Хувьсах хүүгийн хэмжээг банк нь өөрийн санаачилгаар жил бүрийн 06 дугаар сарын 30-ны өдөр өөрчлөн тогтоож болох бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02/156 дугаартай захирлын тушаалаар зээлийн хүүг 20,4 хувь, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 02/234 дугаар захирлын тушаалаар зээлийн хүүг 19,2 хувь, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05/204 дугаар захирлын тушаалаар зээлийн хүүг 18 хувь болгож тус тус бууруулсан. Зээлийн барьцаанд .....ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн .......дугаартай Хан-Уул дүүргийн ......дугаар хороо, Амгалан хотхон гудамж, ...... тоот хаягт байршилтай 92 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын....................... дугаартай 325 м.кв эзэмших эрхтэй газар болон гэрийн эд хогшил, бараа материал, рестораны тоног төхөөрөмж зэрэг хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс 32,849,252.19 төгрөг, хүүгийн төлбөрт 34,573,462.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 13,629.93 төгрөг, нийт 67,436,345.08 төгрөг төлсөн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт дахь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банкны зүгээс зээл төлөх тухай мэдэгдэл хүргүүлэх, утсаар мэдэгдэх, уулзалт хийх зэрэг арга хэмжээнүүд авч, зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилж мэдэгдсэн.

Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч нараас 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 69,250,747.81 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 71,204,416.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3,260,405.22 төгрөг, нийт 143,715,569.60 төгрөг, нотариатын зардалд 26,500 төгрөг, нийт 143,742,069.60 төгрөгийг гаргуулна. Зээлдэгч зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох .....ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн ......дугаар хороо, Амгалан хотхон гудамж, ...... тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-220604141466 дугаартай 92 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын....................... дугаартай 325 м.кв эзэмших эрхтэй газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

....... ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ16/24 тоот Орон сууцны зээлийн гэрээ, БГҮ16/24 дугаар барьцааны гэрээг тус тус байгуулж 102,100,000 төгрөгийг зээлсэн. .....,, ..... нар зээл авсан болон зээлийн төлбөрт 67,436,345.08 төгрөг төлсөн талаар маргаангүй. Зээлийн гэрээгээ удаа дараа зөрчсөн учраас гэрээнээс татгалзаж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхөд хүндрэл учирсан. Зээлдэгч нар үндсэн зээлийн мөнгийг эргүүлж төлөхтэй холбоотой маргаан байхгүй боловч дээрх үүссэн нөхцөл байдлыг харгалзан зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг багасгаж өгнө үү гэсэн санал гаргасан. 102,100,000 төгрөгийн зээл авсан, үндсэн зээлд 32,849,000 төгрөг, зээлийн хүүд 34,573,000 төгрөг төлсөн. Гэтэл дахиад зээлийн хүү гэж үндсэн зээлтэй дүйцэхүйц хэмжээний төлбөр төлөх нөхцөл үүссэн тул нэхэмжлэгчтэй эвлэрэх санал гаргасан. .....,ын хүү н.Лувсанбат 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад 20,000,000 төгрөг төлөөд үлдсэн төлбөрийг төлөхөөр гэрээ байгуулъя гэсэн боловч цаг хугацаа бага байснаас 20,000,000 төгрөг төлж чадаагүй, харилцан тохиролцоонд хүрэхгүй нөхцөл байдал үүссэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлийн хүүг 50 хувиар бууруулж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ....., ....., нараас зээлийн гэрээний үүрэгт 135,262,849.67 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ....... ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,479,219.93 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ....., ....., нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох .....ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220604141466 дугаартай Хан-Уул дүүргийн ......дугаар хороо, Амгалан хотхон гудамж, ...... тоот хаягт байршилтай 92 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон мөн хаягт байрлах нэгж талбарын....................... дугаартай 325 м.кв эзэмших эрхтэй газрыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 946,860.35 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ....., ....., нараас нийт 904,464 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ....... ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх ... зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 69,250,747.81 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 62,725,196.64 төгрөг, нийт 135,262,849.67 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,479,219.93 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй... гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай 21 дүгээр зүйлийн 21.2, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан. Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолд 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 24 дүгээр зүйлийн 3-т тус тус заасан нэмэгдүүлсэн хүү гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагыг хэлбэрийг хэлнэ гэж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ... төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүнийг төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж, гэрээнд заасан бол Нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн бол зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохирсон хувиар тооцож төлөхийг хэлнэ гэж тус тус тайлбарласан. Хуульд зааснаар зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөх үүрэгтэй байхаар зохицуулсан тул хариуцагч нар шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцож нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгчид төлөх үндэслэлтэй. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн. Зээлийн тооцоололд маргаагүй, харин төлөх хугацаа олгоно уу гэсэн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5.    Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянаж, шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

1. Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар

 

1.а. Нэхэмжлэгч ....... ХХК нь хариуцагч .....,, ..... нарт холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Орон сууцны зээлийн гэрээ-г цуцалж, үндсэн зээл 69,250,747.81 төгрөг, зээлийн хүү 71,204,416.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,260,405,22 төгрөг, нотариатын зардал 26,500 төгрөг, нийт 143,742,069.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зээлийн төлбөрийн хэмжээнд маргаагүй, харин Ковид-19 цар тахлын улмаас зээлийн төлбөрийг төлөх боломжгүй тул зээлийн хүүг 50 хувиар бууруулна гэжээ. (хх-ийн 83)

 

1.б. .....,, ..... нар нь ....... ХХК - тай 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ16/24 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-г байгуулж зээлдүүлэгч нь 102,100,000 төгрөгийг зээлэх, зээлдэгч нар 102,100,000 төгрөгийг 84 сарын хугацаанд жилийн 21,6 хувийн (Хувьсах хүүгийн хэмжээг банк нь өөрийн санаачилгаар жил бүрийн 6 дугаар сарын 30-ны өдөр өөрчлөн тогтоож болно) хүүгийн хамт гэрээний хавсралтаар тогтоосон зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлөхөөр тохиролцжээ. (хх-10-12)

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Энэхүү гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг, буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Зээлдүүлэгч ....... ХХК нь зээлийн гэрээний дагуу 102,100,000 төгрөгийг зээлдэгч .....д шилжүүлэн өгсөн болох нь зээлийн дансны хуулга болон ....... ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон.

 

1.в. Харин хариуцагч нар нь сар бүр зээл, зээлийн хүүг гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үүрэг зөрчигдсөн, улмаар зээлдүүлэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 61/899 дугаар, мөн оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 61/253 дугаар, 11 дүгээр сарын 29-ний өдрийн 61/01/6025 дугаар албан бичгээр .....,, ..... нарт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар удаа дараа мэдэгдсэн боловч зээлдэгч нар эргэн төлөх хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тул (хх-ийн 30-32) нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг цуцлах, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй.

 

1.г. Зээлийн гэрээний 2.1.5-т Нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг ... төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэж талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасантай нийцсэн тул нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй. Түүнчлэн, хариуцагч нарын гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээ цуцлагдсан тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нотариатын зардал 26,500 төгрөгийг нэхэмжлэгч хохиролд тооцож шаардах эрхтэй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

1.д. Хариуцагч тал Ковид цар тахлын улмаас ажил зогсож зээлийг графикийн дагуу төлөхөд хүндрэл учирсан, зээлийн хүүг бууруулах үндэслэлтэй гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй, зээлийн хүүг зогсоолгох хүсэлт гаргаж байгаагүй байна. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлаар Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрүүдээр өмчийн хэлбэр үл харгалзан зарим хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоосон хэдий ч тэднийг зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлсөн эрх зүйн зохицуулалт уг хуульд байхгүй юм.

 

1.е. Хариуцагч .....,, ..... нар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 102,100,000 төгрөгөөс 32,849,252.19 төгрөг, зээлийн хүү 105,722,384 төгрөгөөс 34,573,462.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,959,095 төгрөгөөс 13,629.93 төгрөгийг тус тус төлж, үндсэн зээл 69,250,747.81 төгрөг, зээлийн хүү 71,204,416.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,260,405.22 төгрөг, нийт 143,715,569.60 төгрөг төлөөгүй талаарх нэхэмжлэгчийн тооцооллыг хариуцагч нар үгүйсгэж маргаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 8,479,219.93 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчимд нийцэхгүй. (хх-ийн 9)

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасан зохицуулалт банкны зээлийн гэрээний харилцаанд хамаарахгүй бөгөөд анхан шатны шүүх зээлийн хүүгийн хэмжээг зээлдэгчид илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй болохыг зөв дүгнэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаас ямар үндэслэлээр 8,479,219 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээ шүүхийн шийдвэрт огт заагаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

1.ё. Талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр барьцааны гэрээг байгуулж зээлдүүлэгч ....... ХХК болон зээлдэгч .....,, ..... нарын байгуулсан 102,100,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Хан-Уул дүүргийн ......дугаар хороо, Амгалан хотхон гудамж, ...... тоот хаягт байршилтай, 92 м.кв талбайтай орон сууц, 325 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалт бүхий газрыг барьцаалсан байна. (хх-ийн 13-20

 

Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна. Тиймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2022/03637 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дүгээр зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч .....,, ..... нараас зээлийн гэрээний үүрэгт 143,742,069 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ....... ХХК-д олгосугай гэж,

3 дахь заалтын 904,464 гэснийг 946,860 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 150,618 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Н.БАТЗОРИГ