| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2018/0753/Э |
| Дугаар | 760 |
| Огноо | 2018-10-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Л.М |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 760
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч Л.Мажигсүрэн,
Шүүгдэгч А.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон том ах овогт Адъяажавын Баасанжавд холбогдох эрүүгийн 1809038320821 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэнгийн ухааны их сургууль, Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн Олон улсын харилцааны 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах, эгчийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Саруул Тэнгэр хороололын 2101-36 тоотод суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД. НШ 99043012 / Боржигон том ах овогт Адьяажавын Баасанжав нь:
- 2018 оны 09 дүгээр сарын 01-02-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Туушин зочид буудлын 1303 дугаарын өрөөнд Авсртали улсын иргэн Эван Жэймстэй хамт хонох үедээ түүний цэнэглээд орхисон “Айфоне 7” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар Эван Жеймст 570.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Эвэн Жэймс мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:… 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр танилцах аплейкэйшинээр Мариус гэж дууддаг монгол залуутай танилцсан. Бид 2 Шангрилла Ай Макс-д оройны 20 цагийн үед уулзаад хамтдаа кино үзсэн. Тэгээд 00 цаг өнгөрөөгөөд кино дуусаад хамтдаа гараад миний байрлаж байсан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Туушин” зочид буудлын 13 дугаар давхарт 1303 тоот өрөөнд ороод бид 2 ядарчихсан байсан болохоор унтсан. Тэгээд 04 цаг 15 минутын үед тэр залуу босоод явлаа гээд яваад өгсөн. Гарч явсаных нь дараа цаг харах гээд утсаа хайсан чинь миний гар утас байхгүй байсан. Тэгээд араас нь гарсан чинь тэр залуу явчихсан байсан. Миний утас шаргал өнгөтэй, ус нэвтэрдэггүй, хөх өнгийн гэртэй, 512 гегавайтын багтаамжтай, 2017 оны 09 дүгээр сард 1300 Австрали доллараар буюу Монгол төгрөгөөр 2.359.500 төгрөгөөр худалдан авч байсан. Энэ үнээрээ үнэлнэ. Би утсаа зочид буудлын өрөөнд цэнэглээд тавьсан байсан гэжээ. / хх 13-14 /
Гэрч А.Баасанжав мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Австрали улсын иргэн Эван Жэймстэй фейсвүүкээр танилцаад 9 дүгээр сарын 01-ний орой 21 цагийн үед Шангрилла төвийн хоолны давхарт уулзаад Монголын талаар ярилцаж байгаад хамтдаа Туушин зочид буудлын 1303 тоот өрөөнд нь байж байгаад тэр хүнийг унтчихаар нь “Айфоне 7” загварын цэнхэр гэртэй гар утсыг нь аваад гараад явсан. Би тэр хүнд хэлээгүй. Гар утсыг нь хулгайлан аваад явсан. Одоо гар утас нь надад байгаа. Би тэр эрэгтэй хүнийг гар утсаа цэнэглэж байхаар нь залгуураар нь салгаад аваад явсан. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна гэжээ. / хх 25-27 /
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 9-10 /
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 20-22 /
Шүүгдэгч А.Баасанжавыг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагчаар татаж, мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 25-27 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 30 / зэрэг болно.
Шүүгдэгч А.Баасанжав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийнхөө ийм болчимгүй үйлдлээс үнэхээр ичиж байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хүсэж байна гэв.
Шүүгдэгч А.Баасанжав нь 2018 оны 09 дүгээр сарын 01-02-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Туушин зочид буудлын 1303 дугаарын өрөөнд Авсртали улсын иргэн Эван Жэймстэй хамт хонох үедээ түүний цэнэглээд орхисон “Айфоне 7” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан хууль бусаар авч Эван Жеймст 570.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр танилцах аплейкэйшинаар Мариус гэж дууддаг монгол залуутай танилцсан. Тэгээд миний байрлаж байсан өрөөнд ороод бид 2 унтсан. 04 цаг 15 минутын үед тэр залуу босоод явлаа гээд гарсныхан нь дараа цаг харах гээд утсаа хайсан чинь миний гар утас байхгүй байсан гэж мөрдөн шалгалтын явцад хохирогч Эвэн Жэймсийн мэдүүлсэн мэдүүлэг / хх 13-14 /, ... 9 дүгээр сарын 01-ний орой 21 цагийн үед Шангрилла төвийн хоолны давхарт уулзаад хамтдаа Туушин зочид буудлын 1303 тоот өрөөнд нь байж байгаад тэр хүнийг унтчихаар нь “Айфоне 7” загварын цэнхэр гэртэй гар утсыг нь аваад гараад явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.Баасанжавын мэдүүлэг / хх 25-27 /, …Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 9-10 /, ...“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 20-22 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч А.Баасанжавыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдав.
Шүүгдэгч А.Баасанжав нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.
Мөн А.Баасанжав нь тохиолдлын шинжтэй анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд сургуульд суралцдаг, сурлага сайтай, амжилт гаргаж удаа дараа шагнуулж байсан зэргийг харгалзан түүнд тодорхой үүрэг хүлээлгэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч А.Баасанжавыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүйг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон том ах овогт Адъяажавын Баасанжавыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Адъяажавын Баасанжавд ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар А.Баасанжав нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, А.Баасанжав нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. А.Баасанжавд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Баасанжавд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ