| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2018/0767/Э |
| Дугаар | 773 |
| Огноо | 2018-10-31 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Н.М |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 773
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч Н.Мөнхтогоо,
Шүүгдэгч Д.Доржлхам нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авзага хайрхан овогт Даваагийн Доржлхамд холбогдох эрүүгийн 1809038350829 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1962 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, охины хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-2 дугаар гудамжны 8 тоотод оршин суух,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 213 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:ХЕ 62111008 / Авзага хайрхан овогт Даваагийн Доржлхам нь:
- 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлх чиглэлийн автобусаар үйлчлүүлж байсан хохирогч Д.Төлөөлөгчийн зүүж явсан алтан гинжийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 1.125.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Төлөөлөгч мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сэлбэ чиглэлийн нийтийн тээврийн автобусанд суун явж байтал араас нэг хүүхэн “ Эгчээ. Аль нутгийн хүн бэ “ гэж асуугаад хүзүүнээс тэврээд авахаар нь “ Яаж байна “ гээд гарын тавиултал хүзүүнд байсан алтан гинжийг тас татан авч, нийтийн тээврээс бууж явсан. Тэгээд нь би араас нь яваад гүйцээгүй гэжээ. / хх 24-25 /
Гэрч Д.Батчулуун мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 08 сарын 25-ны өдөр Бэлх 112 автомашинтай Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 14:30 цагийн үед Бэлх 10-аас Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, МТ шатахуун түгээх колонкийн буудал дээр автобусан дотор сууж явахад үл таних эмэгтэй алтан гинж авч зугтаалаа” гэх дуудлагаар очиж шалгахад Доржлхам нь гудамжинд байдаг ус, өвстэй жалганд хэвтэж байхад нь олж саатуулсан. Согтууруулах ундаа хэрэглэсэн ба өөрийн хийж байгаа үйлдлээ хянах чадвартай байсан гэжээ. / хх 30-31 /
Гэрч Ш.Отгонжаргал мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Автобус зогсоод хүүхэдтэй эмэгтэй буугаад “ Миний гинжийг тасалж аваад явчихлаа. Бариад ав. Цагдаа дуудаад өгөөч “ гэж орилоод байхаар нь би хар өнгийн хувцастай хүний араас МТ шатахуун түгээх станц хүртэл дагаж явж байгаад цагдаа дуудаж өгсөн. Нилээн согтуу байсан байх. Хүн рүү том чулуу шидэж байсныг харахад тасарсан байсан байх гэжээ. / хх 33-34 /
Яллагдагч Д.Доржлхам мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэртээ 1 шил архи, 1 лааз пиво уучихаад 15:00 цагийн үед гэрээсээ ганцаараа гарсан. Тэгээд нэг мэдсэн чинь автобусанд эмээтэй юм яриад явж байсан санагдаж байна. Нэг хүүхэн намайг хөөгөөд би зугтаагаад чулуу шидэж байсан санагдаж байна. Хохирогч эгч намайг гинж тасдаад зугтаасан, араас хүмүүс хөөсөн гэсэн. Тэгээд цагдаа нар намайг гол дотроос олсон гэсэн байсан. Би гинжээ хаана алга болгосныг мэдэхгүй байна. Би гүйж явахдаа хаясан байх гэжээ. / хх 3-4 /
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд "... Танигч Д.Төлөөлөгчөөс 1-6 хүртлэх дугаартай Б.Болорчулуун, Д.Доржлхам, Ж.Дуламсүрэн, Ч.Баярмагнай, Х.Нямаа, Т.Энхцэцэг нарын зургийг таньж олуулахад энэ хүмүүс дотор миний гинжийг тасалж авсан хүн 2 дахь баганын 5 дугаартай зураг мөн байна. Би царай болон өргөн нүүрээр нь таньж байна гэжээ. / хх 13-15 /
“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 37-38 /
Шүүгдэгч Д.Доржлхамыг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 3-4 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 47 / зэрэг болно.
Шүүгдэгч Д.Доржлхам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэртээ ганцаа 0.5л архи нэг шил пиво уугаад гарсан. Тэгж яваад хүний гинжийг аваад хаячихсан байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 1.125.000 төгрөг төлсөн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Д.Доржлхам нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “ Сэлх “ чиглэлийн автобусаар үйлчлүүлж байсан хохирогч Д.Төлөөлөгчийн зүүж явсан алтан гинжийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 1.125.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Араас нэг хүүхэн “ Эгчээ. Аль нутгийн хүн бэ “ гэж асуугаад хүзүүнээс тэврээд авахаар нь “ Яаж байна “ гээд гарыг нь тавиултал хүзүүнд байсан алтан гинжийг тас татан авч, нийтийн тээврээс бууж явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Төлөөлөгчийн мэдүүлэг / хх 24-25 /, ... “ Бэлх 10 “-аас ирсэн дуудлагаар очиж шалгахад Доржлхам нь гудамжинд байдаг ус, өвстэй жалганд хэвтэж байхад нь олж саатуулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Батчулууны мэдүүлэг / хх 30-31 /, ... Хүүхэдтэй эмэгтэй буугаад “ Миний гинжийг тасалж аваад явчихлаа гэж орилохоор нь би хар өнгийн хувцастай хүний араас МТ шатахуун түгээх станц хүртэл дагаж яваад цагдаа дуудаж өгсөн. Нилээн согтуу байсан байх, хүн рүү том чулуу шидэж байсныг харахад тасарсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ш.Отгонжаргалын мэдүүлэг / хх 33-34 /, …Гэртээ ганцаараа 1 шил архи, 1 лааз пиво уусан. Нэг мэдсэн чинь автобусанд эмээтэй юм яриад явж байсан санагдаж байна. Нэг хүүхэн намайг хөөгөөд би зугтаагаад чулуу шидэж байсан санагдаж байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Д.Доржлхамын мэдүүлэг / хх 3-4 /, ... Миний гинжийг тасалж авсан хүн 2 дахь баганын 5 дугаартай зураг мөн байна. Би царай болон өргөн нүүрээр нь таньж байна гэсэн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / хх 13-15 /, ...“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 37-38 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Д.Доржлхамыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Доржлхам нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлоо нөхөн төлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд хуульд заасан ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, түүнд үүрэг хүлээлгэх шаардлагагүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Д.Доржлхамыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Авзага хайрхан овогт Даваагийн Доржлхамыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Даваагийн Доржлхамд ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Д.Доржлхам нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдсугай.
4. Д.Доржлхамд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Доржлхам нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Доржлхамд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ