| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2018/0791/Э |
| Дугаар | 794 |
| Огноо | 2018-11-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Б |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 794
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч П.Бямбасүрэн,
Шүүгдэгч Д.Батбаяр, түүний өмгөөлөгч Б.Эрхэмбаяр,
Хохирогч Б.Төмөрсүх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугчин овогт Доржсүрэнгийн Батбаярт холбогдох эрүүгийн 1809031240815 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, “Мега Саплай” ХХК-нд гадаад харилцааны менежер ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамтаар Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц Хутагт Дамдинбазарын гудамж АОС-ийн 8 дугаар байр 01 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ДЭ72092817 / Тугчин овогт Доржсүрэнгийн Батбаяр нь:
- 2018 оны 07 дугаар сарын 04-ний оройн 22 цагийн үед Сухбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 19 дүгээр байрны гадна Б.Төмөрсүхийг эхнэртэйгээ хардсаны улмаас зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн хацарт цус хуралт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Төмөрсүх мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 07 дугаар сарын 04-ний оройн 22 цагийн үед Батбаяр 99080246 /91110238/ утсаар залгаад “Хаана байна” гэхээр нь гэртээ гэсэн чинь “Очиж уулзанаа” гээд утсаа тасалсан. Унтах гээд хэвтэж байтал эхнэр хаалга нүдээд байна гээд онгойлгоноо “Батбаяр чамтай уулзья” гэж байна гэхээр нь ороод ир гэсэн чинь гараад ир гэхээр нь лифтээр буугаад гараад харсан чинь орцны зүүн талд зогсож байсан. Тэгээд наашаа хүрээд ир гэхээр нь очоод мэндлээд би “тамхи байна уу” гэсэн чинь байгаа дагаад яв гээд цаашаа эргээд явахаар нь араас нь дагаад явсан чинь харанхуй хэсэгт очоод хутга гаргаж ирээд “Одоо чамайг ална” гэж сүрдүүлээд хутганыхаа ишээр нүүр нүдгүй нүдсэн. Толгойноос цус гарсан. Хутга нь хуванцар иштэй, хуванцар хуйтай хутга байсан. Эхнэртэйгээ хардаад л байх шиг байгаа юм. Хутгаа тулгаад ална шүү гээд байхаар нь хөдөлж чадаагүй. Тэгсэн чинь ишээр нь толгой, нүүр, чих руу нилээн олон удаа цохьсон. Би хариу үйлдэл үзүүлээгүй. Хэрэгт хавсаргасан баримтуудаар хохирлын мөнгөө нэхэмжилж байна гэжээ. / хх 6-7, 8 /
Яллагдагч Д.Батбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би Б.Төмөрсүхийг өөрийн эхнэртэйгээ хардаад очтол гар утсаа салгасан байхаар нь уур хүрээд Б.Төмөрсүхийн биед нь халдсан гэжээ. / хх 22-23 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8372 дугаар дүгнэлтэнд:
1. Б.Төмөрсүхийн биед зүүн нүдний зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн хацарт цус хуралт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг байнгад алдагдуулахгүй гэжээ. / хх 14 /
Хохирогч Б.Төмөрсүхийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдлыг харуулсан гэрэл зураг, тухайн зургийг хүлээн авсан талаарх мөрдөгчийн тэмдэглэл / хх 41 /
Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэлд:... цагаан өнгийн дискийг уншуулахад бичлэгийн 23 секундэд хохирогч Б.Төмөрсүх Д.Батбаярын хамт алхаж байгаад зогсоод хоорондоо юм яриад зогсож байгаа бичлэг байх ба Д.Батбаяр нь баруун гартаа гар утас барьцан зогсож байгаад Б Төмөрсүхийг зүүн гараараа нэг удаа цохиж, гартаа хутга мэт зүйл барьж Б.Төмөрсүх рүү дайрч уг зүйлээрээ Б.Төмөрсүхийг нэг удаа цохиод дахиад нэг удаа гартаа барьсан зүйлээрээ нүүр хэсэгт нь цохиж дайрч байгаад Б.Төмөрсүхийг заамдаж аваад камерын бичлэгийн харагдах орчноос гарч байгаа талаар тусгасан байна. / хх 49 /
Шүүгдэгч Д.Батбаярыг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 30-31 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 27,32 / зэрэг болно.
Шүүгдэгч Д.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 198.000 төгрөг төлсөн. Би хутгаар гэмтэл учруулаагүй, хутганы хуйгаар цохьсон гэв.
Хохирогч Б.Төмөрсүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 07 дугаар сарын 04-ний орой Д.Батбаяр утсаар залгаад 20-30 минутын дараа ирсэн. Гарч уулзъя гээд гартал орцны зүүн талд зогсож байсан. Би тамхи гуйтал байгаа араас дагаад яв гээд хутга гаргаж ирээд толгой руу 2-3 удаа цохиод нүүр рүү цус гоожсон. Одоо биеийн байдал зүгээр болсон. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би эхнэртэй нь ямар нэг холбоо байхгүй. Эмчилгээний зардлаа төлүүлж авсан гэв.
Шүүгдэгч Д.Батбаяр нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний оройн 22 цагийн үед Сухбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 19 дүгээр байрны гадна Б.Төмөрсүхийг эхнэртэйгээ хардсаны улмаас зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн хацарт цус хуралт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Араас нь дагаад явсан чинь харанхуй хэсэгт очоод хутга гаргаж ирээд одоо ална гээд сүрдүүлээд хутганыхаа ишээр нүүр нүдгүй цохиж, толгойноос цус гарсан. Хутга нь хуванцар иштэй, хуванцар хуйтай хутга байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Төмөрсүхийн мэдүүлэг / хх 6-7, 8 /, ... Би Б.Төмөрсүхийг өөрийн эхнэртэйгээ хардаад намайг очиход гар утсаа салгасан байхаар нь уур хүрээд Б.Төмөрсүхийн биед нь халдсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Д.Батбаярын мэдүүлэг / хх 22-23 /, ...Б.Төмөрсүхийн биед зүүн нүдний зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн хацарт цус хуралт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8372 дугаар дүгнэлт / хх 14 /, ...Хохирогч Б.Төмөрсүхийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдлыг харуулсан гэрэл зураг, тухайн зургийг хүлээн авсан талаарх мөрдөгчийн тэмдэглэл / хх 41 /, ... цагаан өнгийн дискийг уншуулахад бичлэгийн 23 секундэд хохирогч Б.Төмөрсүх Д.Батбаярын хамт алхаж байгаад зогсоод хоорондоо юм яриад зогсож байгаа бичлэг байх ба Д.Батбаяр нь баруун гартаа гар утас барьцан зогсож байгаад Б Төмөрсүхийг зүүн гараараа нэг удаа цохиж, гартаа хутга мэт зүйл барьж Б.Төмөрсүх рүү дайрч, уг зүйлээрээ Б.Төмөрсүхийг нэг удаа цохиж дахиад нэг удаа гартаа барьсан зүйлээрээ нүүр хэсэгт нь цохиж дайрч байв гэсэн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Д.Батбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, хутганы хуйг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Д.Батбаяр нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тугчин овогт Доржийн Батбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Доржийн Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 / зургаан зуу / нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Батбаяр нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, хутганы хуйг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн Тамгын газарт шилжүүлэн устгаж, шүүгдэгч Д.Батбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Д.Батбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Батбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ