Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01863

 

 

 

 

............ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 28-ний өдрийн 184/ШШ2022/02465 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ............ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ..........-д холбогдох, 7,994,152 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван, Ц.Ган-Од,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

............ ХХК нь ..........-дтэй 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр цалингийн зээлээ гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн. Зээлдүүлэгч нь 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зээлдэгчийн эзэмшлийн 3053015211 тоот дансанд 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж 181/ШШ2021/02021 дугаар шийдвэрээр түүнийг эрэн сурвалжлуулж оршин суугаа хаягийг нь тогтоосон. ..........-дтэй зээлийн гэрээ байгуулсан талаарх мэдээлэл банкны программаас гарч ирэхгүй, хувийн хэрэгт зээлийн гэрээ байхгүй байсан. ..........-д 15,000,000 төгрөг авсныг зөвшөөрсөн. ..........-д зээлийн төлбөрөөс үндсэн зээлд 2,203,344.03 төгрөг, зээлийн хүүд 4,580,734.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 221,769.46 төгрөг нийт 7,005,847.84 төгрөгийг төлснийг үндсэн зээл 15,000,000 төгрөгөөс хасаж үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр үлдэгдэл 7,994,152.16 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

............ ХХК-тэй зээлийн гэрээ байгуулсныг зөвшөөрч байна. ..........-д нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зээлийн төлбөрийг төлснөөс хойш төлбөр хийгээгүй тул ............ ХХК нь зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул зээлийн хугацааг тодорхойлох боломжгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар ..........-дгээс 7,994,152.16 төгрөгийг гаргуулан ............ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,857 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..........-дгээс 142,857 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. ............ ХХК нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй хөрөнгөжсөн 7,994,152.16 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байхад шүүх зээлийн гэрээний үүрэг гэж дүгнэсэн. Мөн ............ ХХК нь хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулах зорилгоор дотоод программаар гаргасан зээлийн төлөлт болох 2019.08.29, 2019.12.31-ний өдрийн гүйлгээг шалгуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй. Гэтэл шаардах эрх хэзээ эхэлсэн эсэхийг тоолох ёстой. Шүүх Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолсон. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй нь ............ ХХК-ийн алдаа бөгөөд мөнгө шилжүүлсэн өдрөөс эрх нь зөрчигдсөн гэж үзнэ. Түүнээс эхлэн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 5 жил 1 сар өнгөрсөн. Зээлийн гэрээг байгуулаагүй байхад шүүх цалингийн зээлийн гэрээ байгуулан 48 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй байгуулсан хэмээн дүгнэсэн нь буруу. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Давж заалдах гомдол дурдагдсан 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны 12 дугаар сарны 31-ний өдрийн гүйлгээнүүдээс харахад ..........-д банк хоорондын гүйлгээгээр зээлийг төлсөн. ..........-д 15,000,000 төгрөгийн зээл авсныг зөвшөөрсөн. ............ ХХК зээлийн гэрээний дагуу зээл олгосон боловч хариуцсан мэргэжилтэн солигдсоны улмаас ..........-дтэй байгуулсан зээлийн гэрээ олдоогүй. ............ ХХК-аас нэмэгдүүлсэн хүү нэхээгүй бөгөөд зээлээр авсан 15,000,000 төгрөгөөс нийт төлсөн үнийн дүнг хасаж үлдэгдэл 7,994,152,16 төгрөгийг нэхэмжилсэн. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаагаар тооцоход 2022 оны 12 дугаар сард хөөн хэлэлцэх хугацаа дуусна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах, шийдлийн хувьд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

1. Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар

 

1.а. Нэхэмжлэгч ............ ХХК нь хариуцагч ..........-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,994,152 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул шаардах эрхгүй... гэж маргасан. (хх-ийн 1-2, 78)

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, ............... ХХК нь ..........-д 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн боловч зээлийн гэрээ байхгүй тул зээлдэгчийн төлсөн 7,005,847 төгрөгийг үндсэн зээлээс хасаж үлдэгдэл 7,994,152 төгрөгийг гаргуулна... гэж тайлбарласан байна.

 

1.б. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээг байгуулахдаа зээлдүүлэгч банк нь зээлдэгчтэй гэрээг бичгээр хийх шаардлагыг Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж зохицуулсан. Гэвч талууд хооронд 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан гэрээ хэрэгт авагдаагүй болно.

 

Нэхэмжлэгч ............ ХХК нь хариуцагч ..........-дтэй зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу баримтаар нотлоогүй байна.

 

Иймд нэхэмжлэгч ............ ХХК нь хариуцагч ..........-дгээс зээлийн гэрээний үүрэгт 7,994,152 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах шаардлагыг зөрчсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзнэ.

 

1.в. Нэхэмжлэгч ............ ХХК нь хариуцагч ..........-д 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдсон ба анхан шатны шүүх хариуцагч дээрх мөнгөн хөрөнгөөс 7,005,847 төгрөгийг буцаан төлсөн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй талаар зохицуулжээ.

 

Иймд нэхэмжлэгч ............ ХХК нь хариуцагч ..........-д шилжүүлсэн 15,000,000 төгрөгийн үлдэгдэл 7,994,152 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй.

 

Талуудын хооронд гэрээний үүрэг үүсээгүй, харин гэрээний бус үүргийн харилцаа үүссэн тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн тайлбар, татгалзал, давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

 

Мөн зохигчид хариуцагчийн төлсөн төлбөрийн хэмжээний талаар маргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар тоолох үндэслэлгүй тул ....шүүх 2019 оны 08 дугаар сарын 29, мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд тус тус шилжүүлсэн гүйлгээг шалгуулах хүсэлтийг хангаагүй гэсэн хариуцагч талын гомдол үндэслэлгүй.

 

Хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон нь дээрх байдлаар хууль зүйн үндэслэлтэй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж маргаантай эрх зүйн харилцааны төрлийг буруу тодорхойлж, улмаар тухайн маргаанд хамааралгүй, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 61 дүгээр зүйлийн 61.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д тус тус заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ................ ХХК нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй хөрөнгөжсөн 7,994,152.16 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байхад шүүх зээлийн гэрээний үүрэг гэж дүгнэсэн... Зээлийн гэрээг байгуулаагүй байхад шүүх цалингийн зээлийн гэрээ байгуулан 48 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй байгуулсан хэмээн дүгнэсэн нь буруу... гэсэн давж заалдах гомдол үндэслэлтэй. Харин шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тус тус тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хуулийн хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2022/02465 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 451 дүгээр зүйлийн 451.1 гэснийг 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 142,857 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ