Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 101/2016/02681/И |
Дугаар | 001/ХТ2017/00580 |
Огноо | 2017-05-09 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2017/00580
А.Цэрэндуламын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01342 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 425 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч А.Цэрэндуламын нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Пегасус ложистик групп” ХХК-д холбогдох,
2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны цалин, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны 660.5 илүү цагийн хөлс, мөн хугацааны нийтээр амрах өдөр ажилласаны 34.5 цагийн нэмэгдэл, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны амралтын олговор, 2015 оны 05 дугаар сарын цалингийн дутуу төлөлт, цалин хөлс төлөлтүүдийн саатуулан хожимдуулсаны алданги, зохих даатгалын шимтгэл төлөөгүйн улмаас учирсан хохирол буюу ажилгүйдлийн тэтгэмжийн дүнтэй тэнцэх төлбөрт нийт 100 195 459 төгрөг гаргуулж, 2015 оны 05, 7-11 дүгээр саруудад цалин үндэслэлгүй бууруулсныг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Галбаатарын гаргасан гомдлоор
Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хишигзаяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны цалин, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны 660.5 илүү цагийн хөлс, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны нийтээр амрах өдөр ажилласны 34.5 цагийн нэмэгдэл, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 сарын 12-ны өдөр хүртэл хугацааны амралтын олговор, 2015 оны 05 дугаар сарын цалингийн дутуу төлөлт, цалин хөлс төлөлтүүдийн саатуулан хожимдуулсаны алданги, зохих даатгалын шимтгэл төлөөгүйн улмаас учирсан хохирол буюу ажилгүйдлийн тэтгэмжийн дүнтэй тэнцэх төлбөрт нийт 100 195 459 төгрөг гаргуулж, 2015 оны 05, 07-11 дүгээр саруудад цалин үндэслэлгүй бууруулсныг тогтоолгох байр сууриа илэрхийлсэн гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани ачаа тээвэрлэлт, хангамжийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 2013 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд компанийн эрхэлж буй үйл ажиллагаанаас шалтгаалж ажилчдын ажлын ачаалал харилцан адилгүй байдаг. Нэхэмжлэгчийн хувьд тэрээр орон нутагт буюу Тавантолгойн хээрийн ангид төслийн менежерийн албан тушаалд ажиллаж байсан ба уул уурхайн компаниудын үйл ажиллагаанаас хамаарч, нүүрс тээвэрлэлт хийгдэх үед ажлын ачаалал нь ихэсдэг хэдий ч компанийн зүгээс тухайн үед ажилласан илүү цагийг дараа нь нөхөн амраах хэлбэрээр тооцдог байсан. А.Цэрэндуламын илүү ажилласан цагийг нөхөн тооцож амраах зорилгоор 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн цалинтай амралт эдлүүлсэн бөгөөд түүнтэй хийх илүү цаг ажилласны болон нийтээр амрах баярын өдөр ажиллуулсны нэмэгдэл цагийн тооцоо дууссан гэж үзэж байна. Харин эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалж компанийн хэвийн үйл ажиллагаа доголдох болсноор бид ажилчдынхаа цалин хөлсийг цаг тухайд нь бүрэн гүйцэд өгч чадахгүй байх тохиолдол гарч байгаа хэдий ч компанийн зүгээс бүхий л боломжит арга хэмжээг авч ажиллаж байна. Манай зүгээс 2015 оны 09-11 дүгээр cap, 2016 оны 01-10 дугаар саруудын цалин, ээлжийн амралтын олговор, ажилгүйдлийн тэтгэмжийг өгөхийг зөвшөөрч байгаа гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01342 дугаар шийдвэрээр
Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 55 дугаар зүйлийн 55.1, 128 дугаар зүйлийн 128.1, 129 дүгээр зүйлийн 129.1, 141 дүгээр зүйлийн 141.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Пегасус ложистик групп” ХХК-иас 25 920 777 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Цэрэндуламд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 74 274 682 төгрөг гаргуулах болон 2015 оны 05, 07-11 дүгээр саруудад цалин үндэслэлгүй бууруулсаныг тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 677 494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас 18 567 төгрөг, “Пегасус ложистик групп” ХХК-иас 287 554 төгрөг тус тус гаргуулан А.Цэрэндуламд олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 425 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01342 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Пегасус ложистик ложистик” ХХК-иас 22 965 116 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Цэрэндуламд олгож, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны цалин, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны 660.5 илүү цагийн хөлс, мөн хугацааны нийтээр амрах өдөр ажилласны 34.5 цагийн нэмэгдэл, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацааны амралтын олговор, 2015 оны 05 дугаар сарын цалингийн дутуу төлөлт, цалин хөлс төлөлтүүдийн саатуулан хожимдуулсаны алданги, зохих даатгалын шимтгэл төлөөгүйн улмаас учирсан хохирол буюу ажилгүйдлийн тэтгэмжийн дүнтэй тэнцэх төлбөрт гаргуулах, 2015 оны 5, 7-11 дүгээр саруудад цалин үндэслэлгүй бууруулсаныг тогтоолгох, хариуцагчаас 77 230 343 төгрөг гаргуулах гэснийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...287 554 төгрөг... гэснийг 544 101 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 529 325 төгрөг, хариуцагчаас төлсөн 101 875 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Галбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг үнэлээгүй гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Мөн шүүх хөөн хэлэлцэх хугацааг буруу тогтоон хэрэглэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт хариуцагч компанийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 30/15 тоот илүү цаг нөхөж бодох тухай тушаалыг үнэлээгүй хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзжээ. Тушаалд “төслийн менежер албан тушаалтай А.Цэрэндуламын 2014 он болон 2015 онуудад хуримтлагдсан илүү цаг болох нийт 650,5 цагийг дараагийн 6 сарын хугацаанд тэнцүү хувааж олгосугай” гэсэн байна. Шүүх Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасныг зөрчин шийдвэрлэсэн. Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно” гэж заасан. Шаардах эрхийг тоолох хугацаа 2016 онэы 03 дугаар сарын 28-ны өдөр байсан бөгөөд нэхэмжлэгч 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Иймд хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй. Шүүх хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хэрэгт авагдсан баримтуудыг үнэлээгүй. Тухайлбал 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ерөнхий захиралтай тохиролцсон эргэн төлөлтийн хуваарь, компани 2016 он гаргаад цалинг төлж эхлээд цувуулаад төлөлтийг хийчихнэ гэсэн амлалт зэргийг шүүх үнэлээгүй. Тэрхүү тушаалаараа нэмэгдэл цалинг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон байна. Иймд үүргийн гүйцэтгэлтэй холбоотой Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг баримтлах нь зүйтэй юм. ИХШХШТХуулийг зөрчиж, нотлох баримт гаргуулах захирамж биелэгдээгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч А.Цэрэндулам 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтдээ 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1166 тоот шүүгчийн захирамжилсан хэргийн материалаас ажилд дэвшүүлэн томилох тухай захирлын тушаал, нэхэмжлэгчтэй холбоотой тооцоо, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр болон 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан тооцоо, ажил байдлын тодорхойлолт зэрэг баримтуудын эх хувийг дээрх хэргийн материалаас татан миний хэрэгт хавсаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж, хуралдааныг хойшлуулсан. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ дээрх захирамжийн биелэлтийг хангахгүй шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг зөрчин шийдвэрлэсэн гэж үзэж байна. ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
Хоёр шатны шүүх нэхэмжлэл гаргах хугацааг тусгайлан тогтоосон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэхдээ хэрэгт цугларсан баримтад нийцээгүй дүгнэлтийг хийжээ.
Нэхэмжлэгч А.Цэрэндулам нь хариуцагч “Пегасус ложистик групп” ХХК-нд холбогдуулан 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны цалин 38 026 491 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны 660.5 илүү цагийн хөлс 15 074 980 төгрөг, мөн хугацааны нийтээр амрах өдөр ажилласны 34.5 цагийн нэмэгдэл 1 086 618 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацааны ээлжийн амралтын олговор 8 024 331 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын цалингийн дутуу 500 000 төгрөг, цалин хөлс төлөхийг саатуулан хожимдуулсаны алданги 27 805 518 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 6 273 585 төгрөг, нийт 100 195 459 төгрөг гаргуулах, 2015 оны 5, 7-11 дүгээр саруудад цалин үндэслэлгүй бууруулсныг тогтоолгох шаардлага гаргасан байна. /1 дүгээр хавтас хуудас- 1, 2, 42, 56, 70, 72, 117, 163, 209, 214, 2 дугаар хавтас, хуудас-28, 33/ Хариуцагч нь нэхэмжлэлээс 16 086 111 төгрөг төлөхийг зөвшөөрч, шүүх хуралдаан дээр 20 488 053 төгрөгийг төлөх боломжтой гэж тайлбарлан, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг татгалзжээ.
Нэхэмжлэгч А.Цэрэндулам нь 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн хариуцагч байгууллагад захиргааны туслах ажилтнаар, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс захиргааны менежер, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс төслийн зохицуулагчаар ажиллаж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн байна.
Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөнийг үндэслэлгүй гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01166 дугаар захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ. Хариуцагч нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03/16 тоот тушаалаар А.Цэрэндуламыг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, сарын үндсэн цалин 2 500 000 төгрөг болохыг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байна. Нэхэмжлэлийн шаардлагын талаар:
1. Нэхэмжлэгч нь 2015 оны 07 дугаар сарын 01-нээс мөн оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл авах байсан цалин хөлсийг шүүгчийн дээрх захирамжаар шийдвэрлүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлгүй болно.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 10 дугаар сарын 20 нэхэмжлэгч нь ажлаасаа дахин чөлөөлөгдсөн байх ба ажил олгогч энэ хүртэл хугацааны цалинг олгоогүй тул нэхэмжлэгч нь олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ ажилд эгүүлэн авахыг хариуцагч зөвшөөрсөн шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 01 дүгээр сарын 29-нөөс ажлаас чөлөөлөгдсөн 2016 оны 10 дугаар сарын 20 хүртэл хугацаагаар тодорхойлжээ. Уг шаардлага нь шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс ажилд авсан 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны олговор, 2016 оны 02 дугаар сарын 16-наас мөн оны 10 дугаар сарын 20 хүртэл хугацаанд ажилласан боловч олгоогүй цалин хөлсийг багтаасан агуулгатай байна.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговрыг, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар ажилтны цалин хөлсийг олгох үүрэгтэй байна. Ажил олгогч 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 16/03 тоот тушаал гаргаж сул зогсолтын хугацаанд ажилчдад цалингийн 60 хувиар олговор олгох шийдвэрийг гаргажээ. Энэ шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 29-нөөс сул зогсолт зарлах хүртэлх хугацаанд цалинг бүрэн хэмжээгээр, үүнээс хойш цалингийн 60 хувиар сар бүр олговор авах эрхтэй. 2016 оны 01 дүгээр сарын 29-нөөс 2016 оны 02 дугаар сарын 16 хүртэл 1 976 744 төгрөг /сарын цалин 2 500 000 төгрөг, өдрийн цалин 116 279 төгрөг, 17 хоногт 1 976 744 төгрөг болно/-ийн олговор, 2016 оны 02 дугаар сарын 16-наас мөн оны 10 дугаар сарын 20 хүртэл 8 сар 4 хоногийн хугацаанд 12 279 070 төгрөг /сарын цалин 2 500 000 төгрөгийн 60 хувь 1 500 000 төгрөг, 8 сар 4 хоногт нийт 14 255 814 төгрөг/-ийн олговрыг авах эрхтэй байна.
3. Нэхэмжлэгч нь 660 цаг илүү ажилласныг ажил олгогч зөвшөөрч, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр /хх-23/ тушаал гарган, илүү цагийн хөлсийг 6 сарын турш, сар бүр үндсэн цалин дээр нь тэнцүү хувааж олгохоор шийдвэрлэсэн байх ба уг олговрыг зөвшөөрч байжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар илүү цаг ажилласны хөлсийг 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлэн олгохыг заасан байна. Ажилтны нэг сарын цалин 2 500 000 төгрөг, нэг өдрийн цалин 116 279 төгрөг болох бөгөөд үүнийг хуульд зааснаар 1,5 дахин илүү бодоход 174 418 төгрөг байна. Үүнээс нэг цагийн цалин хөлсийг /174 418:8/ бодоход 21 802 төгрөг, илүү цаг 660 цагаар бодвол 14 389 320 төгрөгийг нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлэх ёстой байна. Ээлжийн амралтын хугацааг мөн хуулийн 79.2, 79.5-д заажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтоохыг заасан байна. Нэхэмжлэгч нь хуульд заасан журмын дагуу олговрыг тодорхойлж, шаардаагүйгээс гадна 2015 оны ээлжийн амралтын олговрыг авсан байх тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 2016 оны ээлжийн амралтын олговор 2 901 911 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв. Үүнээс гадна ажил олгогч нь ажлаас халагдсаны тэтгэмжид 1 500 000 төгрөг өгөхийг зөвшөөрсөн байна.
Иймд нэхэмжлэгч нь цалин хөлсөнд 14 255 814 төгрөг, илүү цаг ажилласны хөлс 14 389 320 төгрөг, 2016 оны ээлжийн амралтын олговор 2 901 911 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 1 500 000 төгрөг, нийт 33 047 045 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговор, илүү цагийн хөлс гаргуулах нэхэмжлэлийг хуульд заасан дээрх хугацааны дотор шүүхэд гаргасан байна. Хуулиар тусгайлан тогтоосон уг хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо Иргэний хуулийн 76 дугаар зүйлд зааснаар шаардах эрх үүссэн үеэс, шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхлэн тоолно. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл ажил олгогч нь илүү цагийн хөлс болон олговрыг олгохыг зөвшөөрч байсан тул нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөн гэж үзээгүй, хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөгүй гэж үзэхээр байжээ.
Нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хангах үндэслэл хэрэгтт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцжээ.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 425 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01342 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 49.1, 53.1, 141.3 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Пегасус ложистик групп” ХХКомпаниас 33 047 045 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Цэрэндуламд олгож, нэхэмжлэлээс илүү цаг ажилласны нэмэгдэл 1 086 618 төгрөг, ээлжийн амралтын олговроос 3 744 719 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын цалингийн дутуу 500 000 төгрөг, цалин хөлс төлөлтүүдийн саатуулан хожимдуулсны алданги 27 805 518 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 6 273 585 төгрөг гаргуулах, 2015 оны 5, 7-11 дүгээр саруудад цалинг үндэслэлгүйгээр бууруулсныг тогтоолгох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтад “...287 554... гэснийг ...323 185.22... гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 529 325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА