Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 574

 

                                                                          С.Д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Мөнхбаатар, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 248 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 836 дугаар магадлалтай С.Д-д холбогдох эрүүгийн 1911016961271 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Нямсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1972 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга ажилтай, ял шийтгэлгүй Д овогт С-ийн Д

С.Д нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шатан дээр хохирогч А.О түлхэж, өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн “Самсунг А-6” загварын гар утсыг гэмтээсний улмаас 350,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэсэн байна. 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэж 836 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокуророос С.Д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгажээ.

 Хяналтын шатны шүүхэд  прокурор А.Нямсүрэн бичсэн эсэргүүцэлдээ: “Давж заалдах шатны шүүх хохирогчийн мэдүүлэгт ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөлгүй, зөвхөн өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ нотлох үүрэг хүлээдэггүй шүүгдэгчийн урьд өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй байдлаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт үндэслэн дүгнэлт хийн хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Дг цагаатгасан гэж үзэхээр байна.

Хохирогч А.О-ыг шатаар явж байхад С.Д мөрлөхөөр нь яаж байгаа талаар хэлэхэд “чи муу хэн болчхоод надтай ингэж яриад байна” гэж хэлээд заамдаж түлхсэн. Хохирогчийн зүгээс төрийн албан хаагч байж ажил дээрээ яагаад согтуу байгаа юм бэ гэдгийг хэлээд маргалдаж, улмаар гар утсаараа бичлэг хийх гэхэд нь өөрийг нь болон гар утас руу нь цохиж газарт унагаасан. Тонгойход нь нүүрэн тус газарт өшиглөсөн гэх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч, хохирогч нар харилцан маргалдаж, А.О-аас С.Д-ийн зүй бус үйлдлийг гар утсаараа бэхжүүлж бичлэг хийх гэсэн үйлдлийг таслан зогсоох зорилгоор А.Од-д халдаж зодсон байдаг.

Дээрх нөхцөл байдал нь С.Д-ийн өгсөн “...гар утсаа гаргаж ирээд бичлэг хийхээр нь би, энэ нэг таних танихгүй юманд заамдуулаад дээрэлхүүлээд чирүүлээд байж байх гэж бодоод уур хүрээд түүний утас барьсан гарын дотор талаас нь гадагш чиглэл рүү хагалж цохитол тэр залуугийн утас нь газарт унаад, намайг заамдаж байсан хүч нь сулрахаар нь би түүний цээж хэсэг рүү 2 гараараа түлхтэл уг залуу хойшоо гишгэгдэл алдаж унасан...” гэсэн мэдүүлгээр давхар нотлогддог.

Аргагүй хамгаалалтын гол шинж нь халдлагад өртсөн хохирогчоос довтолгоо бодитой хийгдсэн, эсхүл хийгдэх нь тодорхой болсон тохиолдлыг ойлгодог. Гэтэл хохирогч А.О-ын зүгээс довтолгоо хийгээгүй байдаг тул С.Д өөрийн амь нас, эрүүл мэндийг хууль бус халдлагаас хамгаалж, тулгарсан довтолгооны эсрэг үйлдэл хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7080 дугаар шинжээчийн “...А.О-ын биед хэлэнд шарх, зүүн доод 5, 7, 8-р шүдний сулрал, эрүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдож, гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэсэн дүгнэлтийг хохирогчийн биед учирсан гэмтлийг олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэж үзэх үндэслэлгүй, учирсан гэмтэл нь талбайн хэмжээгээр нэг удаагийн цохилтоор үүсэх боломжтой болох нь хэрэгт тогтоогдсон гэж шүүх үзжээ.

Гэтэл шинжээч мөрдөгчийн тогтоолын дагуу тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан дүгнэлтийг хэрэгт тогтоогдсон ямар нотлох баримтаар нэг удаагийн цохилтоор үүсэх боломжтой гэж үзсэн нь тодорхойгүй буюу дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг заагаагүйгээс гадна шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахаар шийдвэрлэсэн бол хуулийн шаардлагад нийцэх байжээ.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор О.Мөнхбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ:  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн үйл баримт, бодит байдалтай нийцсэн байна. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нямсүрэнгийн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “арга хамгаалалт” нь өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж хуульчилсан. Тухайн гэмт хэргийн хувьд шүүгдэгч С.Д-ийн амь нас, эрүүл мэндийн эсрэг тулгарсан довтолгоо бий болсон үндэслэл, нөхцөл байдал тогтоогдоогүй. Анхан шатны шүүх нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж шийдвэрлэсэн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Аргагүй хамгаалалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 1, 13 дахь хэсгүүдэд заасан амьд явах, халдашгүй байх эрхээ эдлэх, үүнд халдсан довтолгоог няцаах, түүнээс хамгаалахад чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл тул хүн бүрийн заяамал эрх болох аргагүй хамгаалалт хийсэн явдлыг Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчлан тогтоожээ.

Аргагүй хамгаалалт нь тухайн үед довтолгоон эхэлж буй нь хэн бүхэнд илэрхий болсон, аюултай шинжтэй, хариу хамгаалалт хийхгүй л бол эргэж буцашгүй, шууд аюул учрах нөхцөл байдалд хийгддэг бол ийм бодит аюул тулгараагүй тохиолдолд аргагүй хамгаалалтын асуудал үүсэхгүй юм.

Өөрөөр хэлбэл, гэмт халдлага нэгэнт эхэлсэн, аюул занал бодитой болж, хамгаалалтыг хойшлуулж болохгүй болсон буюу аргагүйдсэн тэр үед л аргагүй хамгаалалт хийгдсэн бол гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт билээ.

Аргагүй хамгаалалтын нөхцөлд халдагчийн эхлүүлсэн довтолгооныг няцаах, таслан зогсоох явцад түүнд гэм хор учруулдаг бөгөөд энэхүү шинж тогтоогдоогүй тохиолдолд аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх боломжгүй юм.

 Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Д нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байранд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч А.О-д хүч хэрэглэснээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэлтэй болжээ.

Иймд өөрт нь учирсан бодит аюул, заналхийллийн эсрэг С.Д нь хариу үйлдэл хийж Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан заяамал эрхээ хэрэгжүүлэн бусдад гэм хор учруулсан гэж үзэх боломжгүй хэмээн хяналтын шатны шүүх дүгнэж, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангахаар тогтов.

Шүүгдэгч С.Д-ийн бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэх үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх тодорхой үндэслэлүүд зааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

С.Д холбогдох хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэм буруу, ялын тохирооны талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т  тус тус  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 836 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                        Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР