Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 37

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хурлыг Ерөнхий шүүгч Ерөнхий шүүгч Б.Хажидмаа даргалж, шүүгч Д.Зоригтбаатар, шүүгч Ч.Одсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: “ЕОС” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Цээл сумын Засаг дарга, Цээл сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Цээл сумын Засаг дарга болон байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгах, Цээл сумын Засаг дарга М.Ганбатад Ашигт малтмалын тухай хуулийн 66.1.3-д заасны дагуу хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Төв аймгийн Цээл сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун, өмгөөлөгч Д.Гомбо, Цээл сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч В.Амараа, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ЕОС” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Манай компани Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл бүхий газарт хайгуулын ажлын төлөвлөгөөг гаргаж ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар хянуулан батлуулсан. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу байгаль хамгаалах төлөвлөгөөг сумын Засаг дагад 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээлгэн өгсөн боловч өдий хүртэл төлөвлөгөөг батлуулж аваагүй байна. 2014 оны 08 дугаар сараас эхлэн Цээл сумын Засаг дарга М.Ганбаттай удаа дараа уулзаж учир байдлаа хэлж нийт 5 удаа уулзсан. Орон нутгийг дэмжин ажиллах талаараа санал дэвшүүлсэн. Нутгийн захиргааны байгууллага нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах талаарх хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих үүрэгтэй мөртлөө байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөөг баталж өгөхгүй байна. Хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хайгуулын ажил хийж гүйцэтгэх ёстой байтал орон нутгийн удирдлагатай хэл амаа ололцож хамтран ажиллах хүсэлтэй байгаагаас шалтгаалан хайгуулын ажил хийж гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлж чадахгүй байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мэдээ тайлан төлөвлөгөөг гаргаж өгөх үүрэгтэй, хуулинд заасан хугацаатай байдаг. Нутгийн захиргааны байгууллага нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, төлөвлөгөөг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх гэсэн хуулиар хүлээсэн үүргээ эс биелүүлж, байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөөг баталж өгөхгүй байна. Хуулийн хугацаанд хайгуулын болон нөхөн сэргээх ажлаа хийж, тайлангаа Ашигт малтмалын газарт хүргүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлагддаг. 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр албан бичгээр Төв аймгийн Цээл сумын Засаг даргад төлөвлөгөөг хүргэж өгсөн. “Ашигт малтмалын тухай” хуулийн 38 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхийг үүрэг болгож өгнө үү. Нэхэмжлэгч талын гаргаж байгаа нэхэмжлэл одоо хүчин төгөлдөр байгаа тусгай зөвшөөрлийн дагуу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулах хууль ёсны нэхэмжлэл юм. Лицензийн талаар маргаантай гэж үзвэл тусдаа нэхэмжлэл гаргаж болох юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Цээл сумын Засаг дарга М.Ганбат шүүхэд гаргасан тайлбартаа:

Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газраас Лүн үхэр уул нэртэй 2128 гектар талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхийг хүссэн мэдэгдэл ирүүлсний дагуу Төв аймгийн Засаг дарга Ц.Энхтбат нь 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-д заасны дагуу малын бэлчээр байдаг тул дэмжих боломжгүй гэсэн хариу өгсөн. “ЕОС” ХХК-ийн Ашит малтмалын тусгай зөвшөөрөл авснаас хойш 6 жилийн хугацаанд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулах талаар надтай ганц удаа зөвшилцөж байгаагүй. 2014 онд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар ирэхдээ хүртэл зөвшилцөөгүйн улмаас доорхи шалтгаан үүссэн. Тухайлбал “ЕОС” ХХК-ийн захирал ZHANG YONG нь С.Өлзийбаярт итгэмжлэл өгөх эрхтэй субьект мөн эсэх нь тодорхойгүй, анх хайгуулын тусгай зөвшөөрөл авах саналд хуулийн хугацаанд нь үндэслэлтэй дэмжих боломжгүй гэсэн хариуг Төв аймгийн Засаг дарга өгсөн, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах” үүргийг биелүүлээгүй, Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “ЕОС” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авснаас хойш 6 жилд хуурамч бичиг баримт бүрдүүлэн зөвшөөрлийн хугацааг сунгуулсан баримтууд тогтоогдсон. Лүн үхэр уулын ХҮ-13629 лиценз нь “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4.1-д заасныг зөрчсөн, мөн лицензийн талбайд 1924 онд үүссэн оршуулгын газар оршиж байна. Үхэр уул 747 га 2008.03.10-ны өдрийн ХҮ-13361 лицензтэй талбайд 1921 оны хувьсгалаас өмнөх үед хамрах “Бурхан багшийн хөрөг” Маанийн зургаан үсэг, Газар усны маани, Хийморийн хөрөг зэрэг үнэлж баршгүй соёлын өв багтдаг. Мөн иргэн Д.Халиунхүү, Ц.Чадраабал, “Жива сонт” ХХК-ийн эзэмшиж байгаа тариалангийн талбайд давхацсан. Иймд нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Цээл сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч В.Амараа шүүхэд ирүүлсэн хариу болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ЕОС” ХХК-ийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авснаас хойш одоог хүртэл буюу 6 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй ба хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан үүргийг хүлээдэг. Гэвч “ЕОС” ХХК нь 6 жилийн хугацаанд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулах талаар ганц удаа ч зөвшилцөж байгаагүй. Уг компани нь хайгуулын лицензтэй талбай дээрээ 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй ба 2014 онд ажлын төлөвлөгөө батлуулан хайгуул хийхээр хандсан нь хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна. 2014 онд хайгуулын төлөвлөгөө батлуулах гээд Засаг дарга дээр ирэхэд, Засаг даргын зүгээс манай суманд ийм нэртэй талбай байхгүй гэж хэлээд буцаасан. “ЕОС” ХХК нь Цээл суманд ашигт малтмалын хайгуулын 3-н тусгай зөвшөөрөлтэй. Бүх тусгай зөвшөөрөлдөө хайгуулын талбайд гүйцэтгэх хээрийн ажлын үеийн байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөө батлуулах гээд ирсэн. Тухайн үед Лүн ихэр уул гэсэн талбайд төлөвлөгөө батлуулах гэж өгсөн. Нэршлийн хувьд алдаатай байсан болохоос эдгээр талбай манай суманд байдаг. Улмаар энэ компани нь хуурамч материал бүрдүүлэн тусгай зөвшөөрлийн хугацаагаа хууль бусаар сунгуулсан, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулах болон бусад хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай Засаг даргаас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсанаар саяхан 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдаанаас “ЕОС” ХХК-ний тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЕОС” ХХК-ний ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар, Засаг дарга М.Ганбатын зүгээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх “ЕОС” ХХК-ний ашигт малтмалын хайгуулын ХҮ-013360, ХҮ-013361, ХҮ-013629 гэсэн 3 тусгай зөвшөөрлийн хугацааг хууль бусаар сунгасан гэж үзээд, эдгээр тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Иймд маргаан бүхий байгаль орчны төлөвлөгөөтэй холбоотой тусгай зөвшөөрлүүд нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болж, уг шийдвэрийг нэхэмжлэгч авсан атлаа давж заалдах гомдол гаргаагүй, хуулийн төгөлдөр болсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Гомбо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ЕОС” ХХК-ний нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шалгаад 2 жил гаран болж байна. Гуравдагч этгээд нар шүүх хуралдаанд ирээгүй ч гэсэн бүгд хариу тайлбараа өгч, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байна. Иймээс шүүх хуралдаанд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч “ЕОС” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан байтал, нэхэмжлэлээ дэмжиж ирдэггүй, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гуравдагч этгээдээр оролцсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх дээр огт ирээгүй, олон дуудуулж, биднийг чирэгдүүлсэн. Энэ хэрэгт ч гэсэн ирэхгүй байгаад бид чирэгдэж байна. Одоо байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж, тусгай зөвшөөрлүүд нь хүчингүй болсон болохоор энэ шүүх дээр бүр ч ирэхгүй, бид олон жил шүүхээр явж, хэцүү байна. Энэ хэргийн хариуцагч болох Цээл сумын Засаг дарга М.Ганбат нь “ЕОС” ХХК-ний хайгуулын тусгай зөвшөөрөл хууль ёсны дагуу олгогдсон эсэх нь эргэлзээтэй байсан учраас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “ЕОС” ХХК-ний 269 га талбай бүхий Үхэр Уул ХҮ-013360, 746 га талбай бүхий Үхэр Уул ХҮ-013361 болон 2126 га талбай бүхий Лүн Ихэр Уул ХҮ-013629 дугаартай лецензийг тус тус хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмалын газарт даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс “ЕОС” ХХК-ний ХҮ-013360, ХҮ-013361, ХҮ-013629 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл нь хууль бус байна гэж үзэн тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэрийг “ЕОС” ХХК гардан авсан боловч, давж заалдах гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн байна. Иймээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 354 дүгээр шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Гуравдагч этгээд Төв аймгийн Цээл сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Түвшинжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Төв аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсанаар бүх сумдын нийтийн эзэмшлийн газрыг оруулж, эзэмшигчтэй болгох зорилтын хүрээнд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2013 оны 11 дүгээр сарын 08-ны 07/755 тоот хүргүүлсэн чиглэлийн дагуу 2014 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулсаны дагуу Сүүл бугын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Лүнгийн энгэрийн 300 га “Оршуулгын газар”-ыг сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/12 тоот захирамжаар Засаг даргын Тамгын газрын нэр дээр эзэмшүүлсэн. Үүний дагуу кадастрын зургийг баталгаажуулан 2014 оны 10 дугаар сард аймгийн мэдээллийн санд суулгасан. Дээд шатны байгууллагаас гаргасан бодлого, шийдвэрийг холбогдох хууль журмын дагуу орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллаж байна. “ЕОС” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Цээл сумын иргэн П.Энхбаясаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төв аймгийн Цээл сумын харьяат Пэрэнлэй овогтой Энхбаясаа миний бие 1976 оноос эхлэн тус өвөлжөөнд үе дамжин өвөлжиж хэдэн малынхаа ашиг шимээр өөрийн үр хүүхэд ахан дүсийнхээ амьдралыг залгуулж ирсэн. Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшихээр болж 000561001 тоот гэрчилгээ гаргуулсан. Цаашид “ЕОС” ХХК хайгуулын тусгай зөвшөөрөл авсныг эсэргүүцэж байна гэжээ.

Гуравдагч этгээд “Живаа сонт” ХХК-ний захирал Б.Нямбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай Живаа сонт” ХХ-ний Ихэр номгон уул гэх газарт сумын Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 40 дугаар захирамжтай, нэгж талбарын 18533371739029 дугаартай 80 га газар нь  “ЕОС” ХХК-ний хайгуулын талбайд хамрагдаж байгаа тул өөрийн эзэмшил газар дээр хайгуул хийлгэхийг зөвшөөрөхгүй гэжээ.

Гуравдагч этгээд Цээл сумын иргэн И.Эрвээхэй шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний тариалангийн зориулалтаар 2006 оноос хойш ашигладаг 115 га талбай нь “ЕОС” ХХК-ний хууль бус хайгуулын лицензтэй гэх Ихэр номгон гэдэг газар байршилтай юм. Хуулинд үр тарианы үйлдвэрлэлийн зориулалтын талбайд хайгуул хийж ашигт малтмал олборлох нь улс орны үндэсний аюулгүй байдлын хууль тогтоомж, Ашигт малтмалын тухай хууль зэрэг хууль эрх зүйн актуудаар хориглодог тул “ЕОС” ХХК-ний хайгуулын лицензийг хүчингүй болгох талаар шийдвэр гаргаж өгнө үү. Манай нутаг нь түүх соёлын үнэт зүйлээр элбэг газар, тариалангийн бүс нутаг, хадлан тэжээл бэлтгэдэг. Ард иргэд бид Угтаал, Залуучууд САА гэж байх үеэс эхлэн энэ нутгийн хөрс шорооны үр шимийг хүртэж хөдөлмөрлөж амьдарч ирсэн. Энэ байдлыг харгалзан үзэхийг хүсч байна гэжээ.

Гуравдагч этгээд Цээл сумын иргэн Ц.Чадраабал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Цээл сумын Майхны 3 дугаар багийн иргэн Ц.Чадраабал би тус сумын Ихэр номгон хэмээх газар байрлалтай үр тарианий зориулалтаар 100 га газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшиж, үр тарианы үйлдвэрлэл явуулж байна. Гэтэл ЕОС ХХК хууль бусаар хайгуулын лиценз эзэмшиж, ашигт малтмалын хайгуул, олборлолт хийхээр улайран зүтгэж байна. Газрын тухай хуулинд тариалангийн талбайд хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа явуулахыг хориглодог тул “ЕОС” ХХК-ний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Цээл сумын иргэн Д.Халиунхүү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Д.Халиунхүү би тус сумын Ихэр номгон хэмээх газар байрлалтай үр тарианы 56 га газрыг 40 жилийн хугацаатай 2006 оноос эзэмшиж үр тарианы үйлдвэрлэл явуулж байна. Гэтэл ЕОС ХХК ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдон хайгуул хийхээр болсон гэж шүүхэд мэдүүлжээ. Газрын тухай хуулинд тариалангийн талбайд хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа явуулахыг хориглодог тул ЕОС ХХК манай талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд Цээл сумын иргэн П.Бадарч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: П.Бадарч миний үр тариа, үйлдвэрлэлийн зориулалттай 34  га талбай нь ЕОС ХХК-ний хууль бусаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй Ихэр номгон гэх газар байрладаг талбайд хайгуул хийх ашигт малтмал олборлох нь улс орны үндэсний аюулгүй байдлын хууль тогтоомж, ашигт малтмалын тухай хуулиар хориглодог тул ЕОС ХХК-ний ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

Гуравдагч этгээд Цээл сумын иргэн О.Шинэбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Цээл сумын Майхны 3 дугаар багийн иргэн О.Шинэбаяр би тус сумын Номгон хэмээх газар байрлалтай үр тарианий зориулалттай 50 га газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшиж, үр тарианы үйлдвэрлэл явуулдаг. Гэтэл ЕОС ХХК  миний эзэмшдэг талбай орсон хэсэгт ашигт малтмалын хайгуулийн тусгай зөвшөөрөл хууль бусаар авч, хайгуулын үйл ажиллагаа, төлөвлөгөө батлуулах гэж хөөцөлдөж байна. Иймд “ЕОС” ХХК-ний тусгай зөвшөөрлийг цуцалж болгож өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ЕОС” ХХК-иас шүүхэд хандан “Төв аймгийн Цээл сумын Засаг дарга болон байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгах, Цээл сумын Засаг дарга М.Ганбатад Ашигт малтмалын тухай хуулийн 66.1.3-д заасны дагуу хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд ирээгүйтэй холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар зарим зүйлийг тодорхойлон дурьдах нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгч “ЕОС” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн 01 дүгээр шийдвэр[1]-ээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 139 дүгээр магадлал[2]-аар энэхүү 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсний дагуу тус шүүх 2015 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр хүлээн авч хэрэг хянан шалгах ажиллагаа явуулах явцад Цээл сумын Засаг даргаас  Ашигт малтмалын газарт холбогдуулан “ЕОС” ХХК-ний ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг шийдвэрлэх хүртэл энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхээр 2015 оны 06 дугаар сарын 13-ний өдрийн 55 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 354 дүгээр шийдвэр[3]-ээр Төв аймгийн Цээл сумын нутагт орших “ЕОС” ХХК-нд анх  2008 онд олгогдсон  “Лүн ихэр уул” нэртэй газарт орших 2128 га талбайд 13629Х[4] дугаар, “Үхэр-Уул” нэртэй газарт орших 747 га талбайд 13361Х[5] дугаар, “Үхэр-Уул” нэртэй газарт орших 270 га талбайд 13360Х[6] дугаар  бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг тус тус цуцлахыг Ашигт малтмалын газарт даалган шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иймд тус шүүх энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг 2016 оны 10 дугаар сарын 06-ний өдөр сэргээж, ажиллагаа явуулсан бөгөөд  дээрх бүх хугацаанд нэхэмжлэгч нь ямарч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд дуудсан цагт ирдэггүй, нэхэмжлэлд дурьдсан хаягтаа байхгүй, гар утас нь холбогдохгүй, улмаар  нэхэмжлэгчийг албадан ирүүлэх шүүгчийн захирамжийн дагуу Улаанбаатар хотод байрлах хаяг, байршилд  очиход 2015 оны сүүлийн хагас жилээс хойш олдохгүй байгаа гэхчлэн тэдэнд байр түрээслүүлж байсан гэх байрны эзэн Jiang Ming-ийн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өлзийбаярын “би тэдэнтэй холбоогүй, тэр компанид ажиллахаа больсон, итгэмжлэлийн хугацаа дууссан” гэсэн тайлбар, шүүхээс дуудсан баримтууд, тэмдэглэгээ, шүүхээс “ЕОС” ХХК-ийг  үйл ажиллагаа явуулж байгаа эсэх талаарх лавлагаа авсан дагуу Улаанбаатар хотын банк, ХААН банк, Баянгол дүүргийн Татварын хэлтсээс ирүүлсэн 2015 оноос хойш тус компани үйл ажиллагаа явуулаагүй тухай  тодорхойлолтууд  зэрэг баримтууд,  Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдаанд ч ирж оролцоогүй, нэхэмжлэгч шүүхийг үл хүндэтгэн, шүүн таслах ажиллагаанд саад учруулж байгаа зэрэг нөхцөл байдлуудад үндэслэн  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-д “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасны дагуу  нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд  оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн болохыг дурьдах нь зүйтэй байна. 

Харин гуравдагч этгээд нар нь өөрсдөө шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтээ шүүхэд ирүүлсэн болно.

Шүүх хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд,  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт тулгуурлан дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч “ЕОС” ХХК нь 2008 онд анх Төв аймгийн Цээл сумын нутаг “Лүн ихэр уул” нэртэй газарт орших 2128 га талбайд 13629Х дугаар, “Үхэр-Уул” нэртэй газарт орших 747 га талбайд 13361Х дугаар, “Үхэр-Уул” нэртэй газарт орших 270 га талбайд 13360Х дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус эзэмших эрхтэй болжээ.

            Нэхэмжлэгч нь дээрх тусгай зөвшөөрөл бүхий гурван талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулахад  Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Засаг дарга нь “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан батална” гэж заасан байхад манай төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байна, иймд уг төлөвлөгөөг батлахыг даалгуулах, Засаг даргад хариуцлага тооцуулахаар  маргажээ.

            Хариуцагчаас “ЕОС” ХХК нь Төв аймгийн Цээл сумын нутаг “Лүн ихэр уул” нэртэй газарт орших 2128 га талбайд 13629Х дугаар, “Үхэр-Уул” нэртэй газарт орших 747 га талбайд 13361Х дугаар,  “Үхэр-Уул” нэртэй газарт орших 270 га талбайд  13360Х дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг анх 2008 онд хууль бусаар авсан, 2014 он хүртэл 6 жилийн хугацаанд Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө батлуулахаар ирж байгаагүй, ямарч үйл ажиллагаа явуулаагүй гэж маргаж байх бөгөөд улмаар  эдгээр тусгай зөвшөөрөлтэй газар нь иргэдийн эзэмшил, орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газартай давхцалтай, хуурамч бичиг баримт үйлдэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулсан зэргээр   хууль бусаар тусгай зөвшөөрлийг авсан болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 354 дүгээр шийдвэрээр  маргаан бүхий дээрх гурван тусгай зөвшөөрлийг цуцлахыг АМГазарт даалган шийдвэрлэсэн тул одоо энэ маргааны улмаас нэхэмжлэгчийн ямарч эрх, хууль ёсны  ашиг сонирхол  хөндөгдөхгүй гэжээ. 

                 Талуудын дээрх маргааны хууль зүйн үндэслэлийг авч үзвэл: Нэхэмжлэгч “ЕОС” ХХК-нь Төв аймгийн Цээл сумын нутаг “Лүн ихэр уул” нэртэй газарт орших 2128 гектар талбайд 13629Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2008 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр, “Үхэр-Уул” нэртэй газарт орших 747 гектар талбайд 13361Х дугаар бүхий тусгай зөвшөөрлийг  2008 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр,  “Үхэр-Уул” нэртэй газарт орших 270 га талбайд  13360Х дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2008 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр тус тус эзэмшсэн болох нь хэрэгт авагдсан дээрх тусгай зөвшөөрлүүд, талуудын тайлбар мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь дээрх тусгай зөвшөөрлүүдийг 2008 онд анх эзэмшсэнээс хойш Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 38.1.3-д “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах” гэж заасны дагуу 30 хоногийн дотор “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г боловсруулан, Засаг даргад хүргүүлээгүй буюу эзэмшил бүхий талбайдаа зориулалтын дагуу ямарч үйл ажиллагаа явуулаагүй, харин 2014 онд буюу 6 жилийн дараа Засаг даргад хүргүүлсэн болох нь нэхэмжлэгчийн өөрийнх нь болон хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан уг төлөвлөгөөний эх хувь, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хариуцагч Цээл сумын Засаг дарга Ганбат нь 2014 онд батлуулахаар нэхэмжлэгчээс ирүүлсэн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг дээрх хуулийн заалтыг зөрчсөн тул батлахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд хариуцагч нарыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөөтэйгүүр хариуцагч нь маргаан бүхий тусгай зөвшөөрөлд заасан талбайнууд нь иргэдийн эзэмшил газар болон, сумын тусгай хамгаалалтанд авсан газартай давхцалтай тул Төв аймгийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгох асуудлыг дэмжихгүй гэсэн саналыг анх Ашигт малтмалын газарт хүргүүлээд байхад хууль зөрчиж тусгай зөвшөөрөл олгосон, хуурамч бичиг баримт үйлдэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан зэрэг хууль бус үйл ажиллагааг тогтоолгож хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүх 2016 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 354 дүгээр шийдвэрээр маргаан бүхий дээрх гурван тусгай зөвшөөрлийг цуцлахыг АМГазарт даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон үйл баримтаар нэхэмжлэгч “ЕОС” ХХК-нд олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Төв аймгийн Цээл сумын нутаг “Лүн ихэр уул” нэртэй газарт орших 2128 гектар талбайд олгогдсон 13629Х, “Үхэр-Уул” нэртэй газарт орших 747 гектар талбайд олгогдсон 13361Х, “Үхэр-Уул” нэртэй газарт орших 270 га талбайд олгогдсон 13360Х дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүд нь цуцлагдсан болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож байх тул эдгээр тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулахад хийгдэх ёстой байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хариуцагч Засаг дарга, Байгаль орны хяналтын байцаагч нар батлахгүй байгаа эс үйлдэхүйн улмаас үүсэх үр дагавар үгүй болсон төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ЕОС” ХХК-ий “Төв аймгийн Цээл сумын Засаг дарга болон байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ийг даалгах, Цээл сумын Засаг дарга М.Ганбатад Ашигт малтмалын тухай хуулийн 66.1.3-д заасны дагуу хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 108.5-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрсөнөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд ийнхүү гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

              Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ХАЖИДМАА

                                     ШҮҮГЧ                               Д.ЗОРИГТБААТАР

                           ШҮҮГЧ                              Ч.ОДСҮРЭН

 

 


[1] Хавтас хэрэг 1-ийн 187-195 дахь хуудас

[2] Хавтас хэрэг 1-ийн 218-224 дэх хуудас

[3] Хавтас хэрэг 3-ийн 78-93 дахь тал

[4] Хавтас хэрэг 1-ийн 6-11 дүгээр хуудас

[5]Хавтас хэрэг 1-ийн 13-17 дугаар хуудас

[6]Хавтас хэрэг 1-ийн 18-22 дугаар хуудас