Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2018/0644

 

 2018 оны 12 сарын 19 өдөр        Дугаар 221/МА2018/0644                            Улаанбаатар хот

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын “Үнэлгээний хороо”-ны төлөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, О.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0704 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч, гуравдагч этгээд “Ю” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г нарын давж заалдах гомдлоор “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын “Үнэлгээний хороо”-нд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0704 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, 6 дугаар зүйлийн 6.1, 20 дугаар зүйлийн 20.5, 24 дүгээр зүйлийн 24.5, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.2, 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” “ТН-ХХМТГ/201804008 дугаар тендер сонгон шалгаруулалтын “Үнэлгээний хороо”-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудын заримыг хангаж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарласан “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” ТН-ХХМТГ/201804008 дугаар тендер сонгон шалгаруулалтын “Үнэлгээний хороо”-ны 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр, дүгнэлт, зөвлөмж,

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2018 оны 08 дугаар сарын17-ны өдрийн 1/682 дугаар “Ю” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл,

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар “Ю” ХХК-иудын хооронд 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ТН-ХХМТГ/201804008 дугаар Багц 1: “Архангай аймгийн Цэнхэр сум, Тамир сум, Булган аймгийн Бугат сум, Төв аймгийн Сүмбэр сум, Дорноговь аймгийн Өргөн сум” Захиалагч, үйлчилгээ үзүүлэгч хооронд байгуулах гэрээ,

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар “Ю” ХХК-иудын хооронд мөн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ТН-ХХМТГ/201804008 дугаар Багц 2: “Говь-Алтай аймгийн Бугат сум, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Өлзийт, Шинэжинст, Галуут сум”, Захиалагч, үйлчилгээ үзүүлэгч хооронд байгуулах гэрээ,

“Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” ТН-ХХМТ/201804008 дугаар тендер сонгон шалгаруулалтыг тус тус хүчингүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн гаргасан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1/656 дугаар “С” ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шаардлагын энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс “... Тендерийн хуулийн 19.1-д ... “тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, ... холбогдох журам, аргачлалын дагуу бэлтгэнэ” гэж заасан нь хуульд заасан тендерийн хүчинтэй байх хугацаанаас илүү хугацаагаар тендерийн баталгааны хугацааг заах агуулгагүй, мөн хуулийн 20.4-т зааснаар захиалагч нь тендерийн баталгааны хүчинтэй байх хугацааг биш харин тендерийн баталгааны хэмжээ буюу үнийн дүнг тооцож тогтоох эрхтэй байна. Харин Тендерийн хуулийн 20.5-д заасан зохицуулалтын тухайд тендерийн баталгаа шаардсан нөхцөлд ирүүлээгүй байхаар, мөн тендерийн баталгаа нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байхаар тус тус ойлгож хэрэгжүүлэх бөгөөд нэхэмжлэгчийн тендерт ирүүлсэн баталгаа нь хуулийн энэ зохицуулалтыг зөрчөөгүй буюу тендерийн баталгааны хугацаа тендерийн хүчинтэй байх хуульд заасан 45 хоногийн хугацаагаар олгогдсон байна ... тендер шалгаруулалтын үнэлгээг ... дахин хийгээгүйн улмаас нэхэмжлэгч компанийн тендер шалгаруулалтын үйл ажиллагаанд өрсөлдөх, тэгш боломжтой оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ...” гэж үзсэн.

Тендер гэдэг бол захиалагчаас тогтоосон бүх нөхцөл, шаардлагыг бүрэн хангахаа илэрхийлж, сайн дурын үндсэн дээр ирүүлдэг тендерт оролцогчийн санал байдаг.

Захиалагчаас тендерийн баталгааны хүчинтэй хугацааг 2018 оны 8 сарын 20-ны өдөр гэж зааж өгсөөр байтал “С” ХХК нь өөрсдөө дур мэдэн баталгааны хугацааг заасан хугацаанаас зөрүүлэн ирүүлсэн нь нэхэмжлэгчийн тендерт өрсөлдөх, тэгш боломжтой оролцох эрхийг захиалагчаас зөрчсөн гэж үзэхгүй байна.

Сангийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 3.1-д “Үнэлгээний хороо тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолт боловсруулахдаа захиалагчийн шаардлагыг бүрэн хангасан, өрсөлдөөнийг дэмжсэн, хууль тогтоомжид нийцсэн байх зарчмыг баримтална”, 5.2.1-д “Тендерийн баримт бичгийг боловсруулахдаа тухайн бараа, ажил, үйлчилгээний онцлогоос хамааруулан төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичгийн аль тохирохыг ашиглах” гэж Захиалагчийн буюу Үнэлгээний хорооны үйл ажиллагааг нарийвчлан тогтоож өгсөн байдаг.

Тус газар нь тендерийн баримт бичгийг боловсруулахдаа дээрх журмыг баримтлан Сангийн сайдын 2007 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 176 дугаар тушаалаар батлагдсан “Зөвлөхөөс бусад үйлчилгээний тендерийн жишиг баримт бичиг”-ийг ашигласан. Тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/ нь захиалагчийн шаардлагад нийцсэн тендер бэлтгэхэд тендерт оролцогчдод шаардлагатай мэдээллийг өгдөг. Түүнчлэн тендер хүлээн авах, нээх, үнэлэх болон гэрээ байгуулах эрх олгох үйл ажиллагаатай холбогдсон мэдээллийг мөн тусгасан байдаг.

Тендерийн баримт бичгийг боловсруулах эрх хэмжээг дээр дурдсан журам болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зааж өгсөн бөгөөд энэ нь ямар жишиг баримт бичиг ашиглах болон тендерийн баталгааны хүчинтэй байх хугацааг захиалагч өөрөө тогтоох бүрэн эрхийг олгосон зохицуулалт гэж үзэж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.7-д зааснаар тендерийн баталгаа нь тендерийн хүчинтэй байдлыг баталгаажуулах зорилгоор гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал гэсэн 2 утгаар гаргуулж болохоор харагдаж байна. Өөрөөр хэлбэл захиалагч өөрөө сонгож тогтоох эрх олгосон зохицуулалт юм.

Захиалагчаас тендерийн баримт бичгээ батлахдаа дээрх зохицуулалтыг баримтлан жишиг баримт бичигт заасан зохицуулалтыг өөрийн тендерийн баримт бичигт тусгаж тендерийн баталгааны хүчинтэй бах хугацааг тогтоосон.

Түүнчлэн нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... уг тендерт 2 компани оролцсон бөгөөд 4 багц тендер зарласан. Эхний хоёр багцад ... 4007 дугаартай тендер зарласан. Уг тендерт манай компани оролцсон боловч үнийн саналаар татгалзсан. Гэтэл уг тендерт хамгийн бага үнийн саналыг манай компани ирүүлээд байхад хуульд заагаагүй, үл ялиг шалтгаанаар татгалзсан учраас гомдолтой байна” гэсэн байдаг. Үнийн саналаар ... 4007 дугаартай тендерт хасагдсан гэж байгаа нь тендерийн баталгаагаа тендерийн баримт бичигт заасан хугацаа ёсоор ирүүлсэн гэдгийг нотолж байна. Харин ... 4008 дугаартай тендерт баталгаа гаргахдаа өөрсдийн дур зоргоор, тогтоосон хугацааг зөрүүлж ирүүлж байгаа нь нэхэмжлэгчийн хайхрамжгүй хандаж тендерт оролцсон алдаагаа бусдад нялзаах гэсэн төрийн байгууллагын тасралтгүй үргэлжлэх ёстой үйл ажиллагааг зогсоох гээн санаатай үйлдэл гэж үзэж байна.

Тус төслөөр Багц 1. Архангай аймгийн Цэнхэр, Тамир сум, Булган аймгийн Бугат сум, Төв аймгийн Сүмбэр сум, Дорноговь аймгийн Өргөн сум, Багц 2. Говь-Алтай аймгийн Бугат сум, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Өлзийт, Шинэжинст, Галуут сумдын нэр бүхий багуудад оршин суудаг 8000 гаруй иргэнийг хөдөлгөөнт холбооны буюу үүрэн холбооны үйлчилгээгээр хангаж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг эдлүүлэх учиртай юм. Монгол Улсын иргэн оршин суугаа газраасаа үл хамааран харилцаа холбооны үйлчилгээг авч, аливаа мэдээ, мэдээллээр хангагдах эрхтэй. Энэ төслийг зогсоосноор дээрх 8000 гаруй иргэний үндсэн эрх зөрчигдөж, нөгөө талаар бүх нийтийн үүргийг хэрэгжүүлэх төрийн байгууллагын хувьд хүлээсэн үүргээ манай байгууллага хэрэгжүүлж чадахгүй болох бодит эрсдэл үүсээд байна.

Мөн Сангийн сайдын 2014 оны 212 тушаалаар батлагдсан журмын 5.2.4-д “Тендерийг үнэлэхэд холбогдох хууль болон төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан заавар, аргачлал, захиалагчийн боловсруулсан тухайн тендерийн баримт бичгийг баримтлах” талаар заасан.

Захиалагч, Үнэлгээний хороо боловсруулж баталсан баримт бичгийн дагуу үнэлгээ хийж, тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй /баталгааны хугацаа зөрүүтэй нь тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлага хангаагүй/ материал ирүүлсэн “С” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзсэн тул Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан тендерийг үнэлэх үе шат хийгдэхгүй юм. Шүүхээс тус хуулийн 27.1, 28.1-г зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ гэрээний урьдчилгаа төлбөр 344 250 000 төгрөгийг захиалагчаас төслийн гүйцэтгэгч “Ю” ХХК-д шилжүүлсэн, гүйцэтгэгч ажлаа эхлээд үр дүнгийн тайлангаа ирүүлсэн, тодорхой хэмжээний өртөг зардлууд гарсан, төсөлд зориулж тонон төхөөрөмж худалдан авсан талаар үнэлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан ба уг хуулийн зохицуулалтын агуулга нь шүүхийн шийдвэр бодит байдалд нийцсэн буюу хэрэгжих боломжтой, хэрэгжихүйц, биелэгдэхүйц байх явдал гэж ойлгож байна. Гуравдагч этгээд болох “Ю” ХХК нь гэрээгээр хүлээсэн ажлаа гүйцэтгээд үр дүн гараад эхэлсэн, улсын төсвөөс тодорхой хувийн санхүүжилт авсан. Шүүхээс “С” ХХК-ийн нэхэмжлэлийг хангасан нь шүүхийн шийдвэр бодит байдалд биелэгдэх боломжтой байх буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Үнэлгээний хорооны болон Захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэх нь тодорхойгүй, тендерт нэгэнт шалгарсан компани байхад тендерийн хүчинтэй байх хугацааг захиалагч сунгуулаагүй гэх үндэслэлээр тендерийг бүхэлд нь хүчингүй болгох нь “гэрээ байгуулах мэдэгдэл”-ийг авсан гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг давхар зөрчсөн үйлдэл болсон.

Иймд шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байх тул дээрх гомдлын үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “С” ХХК-ийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч захиргааны зүй ёсны үйл ажиллагааг саатуулах, гуравдагч этгээдийн захиргааны шийдвэрээр олж авсан эрхийн хэрэгжилтийг үндэслэлгүйгээр зогсоох зорилгоор үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарласан “Хөдөө орон нутгийн алслагдсан сум багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” ТН-ХХМТГ/201804008 дугаартай цахим тендерт “Ю” ХХК хууль ёсны дагуу шударгаар өрсөлдөн шалгарч, захиалагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай тус тендерийн Багц 1, Багц 2-ын ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан билээ. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар цахим тендерийн нөхцөлийг нийтэд ил, маргаангүй байдлаар зарласан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн тендерийн материалыг хүлээн авах, нээх, дүгнэх, үнэлэх ажиллагааг хийж зохих ёсоор шаардлага хангасан “Ю” ХХК-тай гэрээ байгуулсан ба бид энэхүү гэрээний дагуу ажил үйлчилгээ хийж эхэлсэн бөгөөд гэрээнд заасан ажлууд болох 10 газрын явцын тайлан гаргах үед 60-90 хувийн гүйцэтгэлтэй байсан ба шийдвэр гаргах үед зарим газрын ажлууд дууссан тухайгаа мэдэгдсэн ба захиалагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хүлээн зөвшөөрсөн болно. Захиргааны байгууллага шийдвэрээ хараат бусаар гаргаж, энэхүү шийдвэрийн хүрээнд шударгаар олж авсан эрхээ хэрэгжүүлэн, гэрээг байгуулж, ажлын зохих журмаар хийж гүйцэтгэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа болно.

Нэгэнт хэрэгжсэн захиргааны актыг хүчингүй болгох нь эрх зүйн үр дагаваргүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгжих үндэслэл бүхий шийдвэр гаргах ёстой суурь зарчмыг баримтлаагүй байна.

Нэхэмжлэгчийн дурдсан үндсэн шаардлага нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан хугацаа нь хуульд нийцээгүй гэх ба энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Захиалагч санхүүгийн чадавхийн шаардлагыг тендерийн, эсхүл урьдчилсан сонголтын баримт бичигт тусгана” гэж заасан бөгөөд тендер шалгаруулалтын өргөдлийн хуудаст тендерийг нээх, гэрээ байгуулах хүртэл хугацааг тодорхойлж заасан нь хуульд нийцэж байна.

Нэхэмжлэлд дурдсан агуулга болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарт “тендерийн хороо буруу үнэлсэн тухай бус Тендер шалгаруулах өргөдлийн хуудас хуульд нийцээгүй, 2018 оны 8 дугаар сарын 20 гэж заасан нь буруу, тендерийн баталгаа нь тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй гэж заасан зүйл байгаагүй гэх шаардлага нь үндэслэлгүй байх ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Захиалагч санхүүгийн чадавхийн шаардлагыг тендерийн, эсхүл урьдчилсан сонголтын баримт бичигт тусгана” гэж заасан бөгөөд тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 16.3-д болон тендер шалгаруулалтын өргөдлийн хуудасны 16.1-д тендерийн баталгааны хугацааг тодорхой заасан нь хуульд нийцэж байгаа бөгөөд нэхэмжлэгч тендерийн баталгааг тендер шалгаруулах өргөдлийн хуудаст огноолон заасан хугацаагаар ирүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой байх ба нэгэнт захиалагчийн шаардсан санхүүгийн чадавхийн шаардлагыг хангаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1.1-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх тул мөн хуулийн 28 дугаар зүйлд зааснаар шаардлагад нийцсэн гэж үзсэн тендерт л үнэлгээ хийх хуулийн шаардлагатай нийцэж байгаа болно. Тендерийг хянан үзэх болон үнэлэх талаар хариуцагчийн үйл ажиллагаа нь хуульд нийцсэн байна.

Шүүх шийдвэрээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46.1.2-д заасныг үндэслэсэн ба “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж,  гарсан зөрчлийг  арилгуулах” гэсэн захиалагчийн эрх нь тендерийг бүхэлд нь мөн гэрээг хүчингүй болгох үндэслэл болохгүй болно.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцдаа хэргийн оролцогчид шүүхийн өмнө эрх тэгш байх болон шүүгч ялгаварлалгүй эрх тэгш хандах зарчмыг зөрчсөн үйлдэл удаа дараа гаргаж байсан бөгөөд мөн хэргийн хуульд заасан хугацаанд шийдвэрлэх, нэгэнт гаргасан шийдвэрээ үндэслэлгүйгээр өөрчлөх, энэ талаар оролцогчдод мэдэгдэхгүй “surprise” барих, урьдчилсан хэлэлцүүлгээр гаргасан шийдвэрээ шүүх хуралдаанд өөрчлөн хурлын дэгээ өөрчлөх зэргээр хэргийг шударгаар шийдвэрлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0704 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

1. “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” ТН-ХХМТГ/201804008 дугаар тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтээс үзвэл ирүүлсэн тендерүүдэд үнэлгээ хийж нэхэмжлэгч “С” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж, “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн тендер ирүүлсэн “Ю” ХХК-тай гэрээ байгуулах талаар зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1/656 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “С” ХХК-ийн ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасны дагуу “тендерийн баталгааны хугацааг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөр ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр татгалзаж байгааг мэдэгдэж, гуравдагч этгээд “Ю” ХХК-д гэрээ байгуулах тухай 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1/682 тоот албан бичгээр мэдэгджээ.

Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх ТН2ХХМТГ/201804008 дугаар тендерийн урилгад Багц – 1: Архангай, Булган, Төв, Дорноговь – 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг, Багц – 2: Говь-Алтай, Баянхонгор – 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг дүн бүхий тендерийн баталгаа ирүүлэх, тендерийг 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 11.00 цагт нээхийг дурдсан байна.

Захиалагчаас тендерийн баталгааны хүчинтэй хугацааг тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд (ТШӨХ 16.1) 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал байхаар[1] заажээ. Гэтэл нэхэмжлэгч “С” ХХК-ийн ирүүлсэн тендерийн саналд Худалдаа хөгжлийн банкнаас гаргасан тендерийн баталгаа нь 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хүчинтэй байхаар тусгажээ.

Нэхэмжлэгч талаас тендер хүчинтэй байх хугацаа болон гэрээ байгуулах хүртэл хугацаа нь нэг адил тоологдох хугацаа гэсэн үндэслэлээр маргасан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д “тендерийн баталгаа” гэж гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр байх, шалгарсан тохиолдолд гэрээ байгуулахыг баталгаажуулж тендерт оролцогчоос захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг ойлгохоор заасан байна. Уг зохицуулалтад заасан “гэрээ байгуулах хүртэл хугацаа” болон “тендерийн хүчинтэй байх” хугацаа нь хоёр өөр хугацаа байх боломжтой байна.

Дээрх зохицуулалтад заасан “тендер хүчинтэй байх” хугацаа нь мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэж зааснаар тодорхойлогдох, харин хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно” гэж зааснаар хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-ийн “гэрээ байгуулах хүртэл” хугацаа нь тендер хүчинтэй байх хугацааг нэг удаа 30 хоногоор сунгасантай тэнцэх хугацаа байж болох учраас ялгаатай байна.

Иймд тендерийн баталгааны хугацааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д заасан гэрээ байгуулах хүртэл хугацаагаар тооцож, тендерийн хүчинтэй байх хугацаанаас өөрөөр тогтоосон нь тус хуульд нийцжээ.

Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, 29 дүгээр зүйлийн 29.4 дэх заалтуудаас үзвэл тендерийн баталгааны хугацаа нь гэрээ байгуулах хүртэл хугацаагаар буюу (1) тендерийн хүчинтэй байх хугацаа (тендер нээснээс хойш 45 хоног) болон (2) нэг удаа сунгаж болох 30 хоногийн нийлбэр (тендер нээснээс хойш 75 хоног) хугацаагаар тооцогдож болохоор байх тул нэхэмжлэгч “С” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баталгааны хугацаа нь мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д “Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд ... ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана” гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь хуульд зааснаар тендерийн баталгааны хугацааг Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 16.1-т тусгайлан зааж өгсөн байхад нэхэмжлэгч “С” ХХК нь уг хугацаанд нийцээгүй баталгааг гаргаж ирүүлсэн байна. Энэ тохиолдолд мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “С” ХХК-ийн тендерээс татгалзсан хариуцагч Үнэлгээний хороо болон захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, хуулиар “тендерийн баталгааны хугацаа” нь “тендер хүчинтэй байх хугацаа”-наас өөр байж болохоор зохицуулсныг үндэслэн захиалагчаас тогтоосон хугацаанд нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийн баталгаа нь нийцээгүй учир хариуцагч нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан нь үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх ТН-ХХМТГ/201804008 дугаар тендер сонгон шалгаруулалтын “Үнэлгээний хороо”-ны 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр, дүгнэлт, зөвлөмж,

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, “Ю” ХХК-иудын хооронд 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ТН-ХХМТГ/201804008 дугаар Багц 1: “Архангай аймгийн Цэнхэр сум, Тамир сум, Булган аймгийн Бугат сум, Төв аймгийн Сүмбэр сум, Дорноговь аймгийн Өргөн сум” Захиалагч, үйлчилгээ үзүүлэгч хооронд байгуулах гэрээ,

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, “Ю” ХХК-иудын хооронд мөн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ТН-ХХМТГ/201804008 дугаар Багц 2: “Говь-Алтай аймгийн Бугат сум, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Өлзийт, Шинэжинст, Галуут сум”, Захиалагч, үйлчилгээ үзүүлэгч хооронд байгуулах гэрээг тус тус хүчингүй болгох” шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгчийн ирүүлсэн тендер нь хариуцагчийн заасан  баталгааны хугацааны шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгчээс “тендер хүчинтэй байх хугацаа дууссанаас хойш 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулж байгаа нь хууль бус байна. Өөрөөр хэлбэл, тендер хуулийн хүчин төгөлдөр байх 45 хоногийн дотор гэрээ байгуулаагүй” гэх үндэслэлээр тендерийн үнэлгээ, гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээтэй маргах боломжгүй юм.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1/656 тоот “С” ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах” шаардлагыг захиргааны актын шинжийг агуулаагүй, гадагш чиглэсэн шинжгүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан, нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй байна.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1/682 тоот албан бичгээр “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” ТН-ХХМТГ/201804008 дугаар тендер шалгаруулалтыг цаашид үргэлжлүүлэх шийдвэр гарсныг мэдэгдэж гуравдагч этгээд гэрээ “Ю” ХХК-д гэрээ байгуулан хамтран ажиллах талаар мэдэгдсэн байна. Гэтэл Үнэлгээний хорооны дүгнэлтээр гарсан шийдвэрийн дагуу гэрээ байгуулахаар мэдэгдсэн дээрх мэдэгдлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу захиалагчаас гаргасан бие даасан захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг мөн адил хүлээн авахаас татгалзахаар байжээ.

Нэхэмжлэгчээс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ихэсгэсэн “Хөдөө орон нутгийн алслагдсан сум багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” ТН-ХХМТГ/201804008 дугаар тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” шаардлагыг анхан шатны шүүх хүлээн авч, тусдаа нэхэмжлэлийн шаардлагад тооцож шийдвэрлэсэн байна. Гэтэл энэ нь Үнэлгээний хорооноос тус тендер сонгон шалгаруулалттай холбогдуулан гаргасан дүгнэлт, захиалагчийн гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээ зэрэг тухайн тендертэй холбоотой шийдвэрүүдээс тусдаа бие даасан шаардлага гэж үзэх үндэслэлгүй, дээрх шийдвэрүүд нь тус бүр нэхэмжлэлийн шаардлага болон шийдвэрлэгдсэн байна. Иймд нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0704 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, 20 дугаар зүйлийн 20.5, 29 дүгээр зүйлийн 29.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-аас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх ТН-ХХМТГ/201804008 дугаар тендер сонгон шалгаруулалтын “Үнэлгээний хороо”-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарласан “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” ТН-ХХМТГ/201804008 дугаар тендер сонгон шалгаруулалтын “Үнэлгээний хороо”-ны 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр, дүгнэлт, зөвлөмж,

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, “Ю” ХХК-иудын хооронд 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ТН-ХХМТГ/201804008 дугаар Багц 1: Архангай аймгийн Цэнхэр сум, Тамир сум, Булган аймгийн Бугат сум, Төв аймгийн Сүмбэр сум, Дорноговь аймгийн Өргөн сум Захиалагч, үйлчилгээ үзүүлэгч хооронд байгуулах гэрээ,

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, “Ю” ХХК-иудын хооронд мөн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ТН-ХХМТГ/201804008 дугаар Багц 2: Говь-Алтай аймгийн Бугат сум, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Өлзийт, Шинэжинст, Галуут сум, Захиалагч, үйлчилгээ үзүүлэгч хооронд байгуулах гэрээ,

“Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх" ТН-ХХМТ/201804008 дугаар тендер сонгон шалгаруулалтыг тус тус хүчингүй болгуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн гаргасан “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1/656 дугаар "С" ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах,

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1/682 дугаар “Ю” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, 4 дэх заалтын дугаарыг хасч, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ