| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 192/2025/08258/И |
| Дугаар | 192/шш2026/02782 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 192/шш2026/02782
2026 03 11 192/ШШ2026/02782
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нэхэмжлэгч:*************** нэхэмжлэлтэй,
хариуцагч: ************холбогдох,
түрээсийн гэрээний үүрэгт 295 899 999 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,
хариуцагчийн төлөөлөгч ***оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг тус шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч хариуцагчид түрээсийн гэрээний үүрэгт 295 899 999 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: … Манай **** нь хариуцагч ***-тай 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр №ТГ-02 дугаар түрээсийн гэрээг байгуулж, ************** бүхий Лоунж чиглэлийн үл хөдлөх эд хөрөнгө, мөн 7 давхарт байрлах 188 м.кв талбай бүхий Караоке чиглэлийн үл хөдлөх эд хөрөнгө, нийт 376 м.кв талбайг хоёр жилийн хугацаанд сарын 50,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцсон. Хариуцагч нь 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор эхний сарын түрээсийн төлбөр 50,000,000 төгрөг болон гэрээнд заасан барьцаа төлбөр 50,000,000 төгрөг, нийт 100,000,000 төгрөгийг манай компанид төлөх ёстой байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй. Улмаар 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 50,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн бөгөөд энэхүү төлбөр нь 2024.07.08-ны өдрөөс 2024.08.08-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр юм. Түүнээс хойш манай компанид түрээсийн төлбөр огт төлөөгүй. 2024 оны 11 сарын 12-ны өдөр манай компани гэрээ цуцлах саналыг хариуцагч компанид тавьсан. Энэ саналыг хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрөөд тооцоо нийлсэн акт үйлдээд гэрээг цуцалсан байдаг. Бид анх түрээсийн гэрээ байгуулаад хариуцагч компанид хүлээлгэж өгсөн эд зүйл, бараа материал байдаг. Энэ бол 11 800 000 төгрөгийн 47 нэр төрлийн 511 ш бараа материал, герман улсын ************* брэндийн 2 ширхэг тус бүрийн үнэ 350 000 төгрөг нийт 700 000 төгрөгийн хавтан, ************ брэндийн 39 100 000 төгрөгийн үнэ бүхий төгөлдөр хуурыг хариуцагчид хүлээлгэн өгсөн байдаг. Мөн 2 сарын хугацаанд төгөлдөр хуурын VIP 6 800 000 төгрөгийн сургалт авсан байдаг. Дээрх төлбөрүүдийг огт төлөөгүй. Хариуцагчаас түрээсийн төлбөр алданги 237 499 999 төгрөг, дагалдуулж өгсөн барааны үнэ 12 500 000 төгрөг, төгөлдөр хуур болон сургалтын төлбөр 45 900 000 төгрөг нийт 295 899 999 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа: ...нэхэмжлэгч талын нэхэмжлээд байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манай үлдэгдэл төлбөртэй тохирохгүй, таарахгүй байна. Дагалдуулж өгсөн барааны үнэ 11 800 000 төгрөг, түрээсийн төлбөр 114 838 710 төгрөг, төгөлдөр хуурын үнэ 39 100 000 төгрөг зөвшөөрнө. Нийт 165 738 710 зөвшөөрнө, үлдэх төлбөрийг зөвшөөрөхгүй... гэв.
4. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг, нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн гэрчилгээ, нэхэмжлэгчээс ******** олгосон итгэмжлэл, голомт банкны дансны хуулга, 2024.07.08-ны өдрийн №ТГ-02, Түрээсийн гэрээ, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, Лоунж караоке бараа материалын тооллого, талуудын хооронд байгуулсан 2024.07.08-ны өдрийн №ТГ-02 гэрээний төлбөр, тооцоо нийлсэн акт, хуулийн этгээдийн гэрчилгээ /хэргийн 1-15, 42-47, 71 дүгээр тал/ зэрэг баримтууд,
5.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн хариуцагчийн хуулийн этгээдийн гэрчилгээ, дансны хуулга, хариуцагчаас *************олгосон итгэмжлэл, дансны хуулга /хэргийн 19, 30-33, 69-70 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
2. Нэхэмжлэгч ...295 899 999 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн... гэж тайлбарлав.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч ...манай тооцоо төлбөрийн үлдэгдэлтэй тохирохгүй байна... гэж тайлбарлав.
4. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч ****, түрээслэгч буюу хариуцагч **** нар 2024 оны 07 сарын 08-ны өдөр №ТГ-02 тоот Түрээсийн гэрээг бичгээр байгуулж, нэхэмжлэгчийн өмчлөлийн **************** үл хөдлөх хөрөнгийг хариуцагч 2 жилийн хугацаатай түрээслэж, түрээсийн төлбөрт 1 сард 50 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохирчээ.
Хариуцагч 2024 оны 07 сарын 24-ны өдөр 40 000 000 төгрөг, 2024 оны 08 сарын 08-ны өдөр 50 000 000 төгрөг тус тус төлжээ. /хэргийн 7, 30-33 дугаар тал/
Түүнээс хойш түрээсийн төлбөрөө төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч тал 2024 оны 11 сарын 12-ны өдөр түрээсийн гэрээг цуцлах санал гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч гэрээний зүйл 376 м кв талбай хөрөнгийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн байна.
5. Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
6. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
7. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ баримтаас үзэхэд нэг талаас нэхэмжлэгчийн “Лоунж” болон “Караоке” чиглэлийн 376 м кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг хариуцагч түрээслэн үйл ажиллагаа явуулж нэхэмжлэгч талд түрээсийн төлбөр төлөхөөр тохирсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 318 дугаар зүйлийн 318.1, 318.3-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
8. Дээрхи гэрээ зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
9. Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх, гэрээ цуцлагдсан талаар зохигчид маргаагүй
10. Гэрээний дагуу түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
11. Нэхэмжлэгч гэрээний дагуу түрээсийн зүйл буюу 376 м кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг, 11 176 106 төгрөгийн бараа, 39 100 000 төгрөгийн төгөлдөр хуурыг 2 сарын сургалттай, 700 000 төгрөгийн үнэ бүхий 2ш хавтангийн хамт хариуцагчид шилжүүлсэн байна.
12. Хариуцагч хариу үүрэг буюу түрээсийн төлбөрийг гэрээний 2.1, 2.8, 2.10-д заасны дагуу сар бүрийн 08-ны өдөр**************** эзэмшлийн Төрийн банкны ************* тоот дансанд шилжүүлэх, барьцаа төлбөрт 50 000 000 төгрөгийг түрээсийн зүйлийг түрээслэж эхэлсэн өдрөөс эхлэн ажлын 5 хоногийн дотор шилжүүлэхээр тус тус тохирчээ.
13. Хариуцагч 2024 оны 07 сарын 24-ний өдөр 40 000 000 төгрөг, 2024 оны 08 сарын 08-ны өдөр 50 000 000 төгрөгийг нэхэмжлэгч талд шилжүүлсэн боловч түүнээс хойш түрээсийн төлбөр төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн учир нэхэмжлэгч гэрээг цуцлах санал гаргаснаар талууд түрээсийн гэрээг 2024 оны 11 сарын 12-ны өдөр цуцалж, түрээсийн зүйл болох 376м кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөө нэхэмжлэгч хүлээн авсан байна.
14. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т “...түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 318.5-т “энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж, мөн хуулийн 289.1.2-т “хөлслөгч эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй” гэж заажээ.
15. Хариуцагч түрээсийн төлбөрийг сар бүрийн 08-ны өдөр төлөх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчсөн үндэслэлээр талууд гэрээгээ цуцалсан учир нэхэмжлэгч энэ хүртэлх буюу гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй.
16. Хариуцагч 2024 оны 09 сарын 08-ны өдрөөс хойш гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй талаар маргаагүй, гэхдээ ...манай тооцоо төлбөрийн үлдэгдэлтэй тохирохгүй байна... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй, төлөхгүй гэж маргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй.
17. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн хэргийн 45-47 дугаар талд авагдсан 11 176 106 төгрөгийн бараа хүлээн авсан баримт, 2024.11.12-ны өдрийн Тооцоо нийлсэн акт баримтыг хариуцагч нотлох баримтаар үгүйсгэж няцаагаагүй.
18. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т “түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно” гэжээ.
19. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 2.1, 2.10, 3.2.5, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2-д заасан үндэслэлтэй учир хариуцагчаас түрээсийн төлбөр 116 666 666 төгрөг, алданги 58 333 333 төгрөг, хохирол 56 876 106 төгрөг нийт 231 876 105 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
20. Хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн учир нэхэмжлэгч гэрээний хариуцлага буюу түрээсийн гэрээний 3.1.8-д заасан алданги шаардах эрх үүссэн гэж үзнэ.
21. Түрээсийн төлбөр, хохирлын хэмжээг дараах байдлаар тооцов.
- 2024 оны 09 сарын 08-аас 2024 оны 10 сарын 08-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөр 50 000 000 төгрөг,
- 2024 оны 10 сарын 08-ны өдрөөс 2024 оны 11сарын 08-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр 50 000 000 төгрөг,
- 2024 оны 11 сарын 08-ны өдрөөс 2024 оны 11 сарын 12-ны өдөр хүртэл 4 хоногийн түрээс 6 666 666 төгрөг.
- 2024 оны 07 сарын 08-ны өдрөөс 2024 оны 08 сарын 08-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөрийн үлдэгдэл 10 000 000 төгрөг нийт 116 666 666 төгрөг, алданги 50 хувь 58 333 333 төгрөг нийт 174 999 999 төгрөг.
- Хохирол буюу хариуцагчийн шилжүүлэн авсан бараа 11 176 106 төгрөг, төгөлдөр хуур болон сургалт 45 000 000 төгрөг, хавтан 700 000 төгрөг нийт 56 876 106 төгрөг.
Түрээсийн төлбөр алданги хохирол нийт 231 876 105 төгрөг болно.
22. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 795 400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1 321 830 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2-д зааснаар хариуцагч ****-аас түрээсийн төлбөр 116 666 666 төгрөг, алданги 58 333 333 төгрөг, хохирол 56 876 106 төгрөг нийт 231 876 105 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 64 023 894 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ