| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 192/2025/12066/И |
| Дугаар | 192/ШШ2026/02881 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2026/02881
2026 03 12 192/ШШ2026/02881
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нэхэмжлэгч: *** нэхэмжлэлтэй,
хариуцагч:*** холбогдох,
234 980 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичиг *** хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан гэрээний хариуцлага буюу алданги нийт 234 980 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... иргэн Ж.М нь 2023 оны 10-р сарын ***-ны өдөр ***-тай №*** дугаартай Орон сууц захиалгын гэрээг байгуулан *** дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр /хуучнаар/ Худаг усны 36-р байрны 1-р орц 10 давхарт 147.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг, Авто зогсоол захиалгын гэрээг байгуулан *** дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр /хуучнаар/ Худаг усны 36-р байрны зоорийн давхарт байрлах №*** тоот авто зогсоолыг тус тус захиалсан. Захиалгын орон сууц нь нийт 1,075,000,000 төгрөгийн үнэтэй бөгөөд 400,000,000 төгрөгийн төлбөрт 2 автомашиныг, 460,000,000 төгрөгийн төлбөрт нэг орон сууцыг тус тус ***-ийн нэр заасан этгээдүүдийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн, улмаар тухайн хөрөнгүүдийг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгсөн. Үлдэх 214,000,0000 төгрөгийг 2023 оны 10-р сарын ***-ны өдөр ***К-ийн Хаан банк дахь *** тоот дансанд шилжүүлснээр захиалагч тал үүргээ бүрэн биелүүлсэн. Авто зогсоол нь 99,900,000 төгрөгийн үнэтэй бөгөөд төлбөрийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэгч талын дансанд төлж, захиалагч тал үүргээ бүрэн биелүүлсэн. Гүйцэтгэгч тал нь талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууц болон авто зогсоолыг 2024 оны 1-р улиралд багтаан барилга болон авто зогсоолыг тус тус ашиглалтад оруулах үүргийг хүлээсэн. Гүйцэтгэгч талаас 20*** оны 08-р сарын 26-ны өдөр захиалгын орон сууцны, 20*** оны 10-р сарын 17-ны өдөр авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах баримт, материалуудыг тус тус захиалагч талд хүлээлгэн өгсөн нь гэрээнд заасан хугацааг даруй 513 ба түүнээс дээш өдрөөр хэтрүүлсэн байна. Иймд Захиалагч Ж.М нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.3 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтрүүлсний алдангиа төлөхийг гүйцэтгэгч талаас хүсэж 20*** оны 10- р сарын 24-ний өдөр хүсэлтээ бичгээр хүргүүлсэн. Энэхүү хүсэлтийг гаргахдаа дараах нөхцөл байдлыг тодорхойлсон. 2023 оны 10-р сарын ***-ны өдрийн ***К-тай байгуулсан №*** дугаартай Орон сууц захиалгын гэрээний 4.16 дахь хэсэгт заасныг үндэслэн 2024 оны 05-р сарын 30-ны өдрөөс эхлэн алдангийг тооцсон. Орон сууц захиалгын гэрээний 6.3 дахь хэсэгт зааснаар хоног тутам захиалагчийн төлсөн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид олгоно гэснийг үндэслэн тооцвол гүйцэтгэгч тал хоногт (1,075,000,000*0,3% буюу) 3,2***,000 төгрөгийн алдангийг захиалагчид төлөх үүрэгтэй. Нийт хэтрүүлсэн 513 өдрөөс Орон сууц захиалгын гэрээний 4.16 дахь хэсэгт заасан 60 хоногийг хасаж тооцвол нийт 453 өдрөөр тооцон алданги төлөх үүрэгтэй бөгөөд энэ хугацаагаар нь тооцвол маш өндөр дүн бүхий алдангийг шаардах ёстой байв. Гэвч талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний 6.4 дэх хэсэгт алдангийн дээд хэмжээг 20 хувиас хэтрэхгүй байхаар заасныг үндэслэвэл 1,075,000,000*20%=215,000,000 төгрөгийг алдангийг захиалагч талд, Авто зогсоол захиалгын гэрээний 4.8 болон 6.2, 6.4 дэх хэсгүүдэд заасныг үндэслэн тооцвол 99,900,000*20%=19,980,000 төгрөгийн алдангийг тус тус гүйцэтгэгч талаас захиалагч талд төлөх үүрэгтэй. Гэвч гүйцэтгэгч талаас 20*** оны 11-р сарын 10-ны өдрийн 342 дугаартай хариу бичгээр “хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй" гэсэн хариуг ирүүлсэн нь гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ сайн дураар биелүүлэхээс татгалзаж байгааг нотолж байх тул захиалагч Ж.М нь дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд ***К-аас 2023 оны 10-р сарын ***-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан №*** дугаартай Орон сууц захиалгын гэрээний хугацаа хэтрүүлсний алданги болох 215,000,000 төгрөгийг, 2023 оны 10-р сарын ***-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Авто зогсоол захиалгын гэрээний хугацаа хэтрүүлсний алданги болох 19,980,000 төгрөгийг буюу нийт 234,980,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа: ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж татгалзаж байгаа. Агуулга нь 2023 оны 10 сарын ***-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний 1.1 дэх заалтыг шүүгч анхаарч уншаач ээ гэж хүсэж байгаа юм. Улаанбаатар хотын 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр хуучнаар худаг усны 36 дугаар байр гэж байгаа. Энэ юуг нотолж байгаа юм гэхээр дахин төлөвлөлт гэдгийг чинь нотлоод байна. Дахин төлөвлөлтийн барилга гэдэг юмыг яагаад барьдаг юм бэ гэхээр хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасны дагуу төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компани тухайн дахин төлөвлөлтийн барилгын хөрөнгийг 100% гаргаад тухайн орон сууцын барилгыг өөрийн хөрөнгөөр 100% барина. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ямар үүрэг хүлээдэг юм гэхээр гадна инженерийн шугам сүлжээг тухайн барилга руу оруулж өгөх үүргийг тус тус хүлээдэг юм. Орон сууц гэдэг ойлголт буюу барилга гэдэг ойлголт өөрөө хэзээ байж байж цогц ойлголт болдог юм гэхээр гадна инженерийн шугам сүлжээ бүрэн ороод, тухайн барилга халаалттай, устай, тогтой, цахилгаантай, холбоо дохиололтой бүрэн бий болсны дараа барилга болдог юм, орон сууц гэдэг ойлголтод очдог юм. Эдгээр байдлууд нь Барилгын тухай хууль, орон сууцын тухай хуулиудаар нотлогдоно. Нэхэмжлэгчийн тухайд энэ орон сууцыг манай байгууллагатай захиалгын гэрээ хийж авч байхдаа дахин төлөвлөлтийн барилга юм байна гэдгийг бүрэн ойлгож ухамсарлаж байсан. Түүнээс гадна хугацаа алдалтын хувьд хугацаа алдаад гадна инженерийн шугам сүлжээ гээд яваад байна гэдгийг тухайн үедээ Ж.М гэдэг чинь энэ төлөөлөгчийн эхнэр гэж би ойлгоод байгаа. Энэ 2 дандаа хамт явдаг байсан. Тэгээд орж ирээд ийм юм болж байна, тийм юм болж байна гээд надтай байнгын уулзаад л явж байдаг байсан. Дув дуугүй явж байгаад гэрчилгээгээ гаргуулж авангуутаа алданги нэхэж байгаа хуншгүй байдал харагдаад байгаа. Гэрээний 6.3-т заасны дагуу би алданги авах ёстой гээд байна, гэхдээ шүүх шийднэ байлгүй дээ. Гэрээнд чинь бас давагдашгүй хүчин зүйл гэж нэг юм байх ёстой байх. Түүнээс гадна Иргэний хуулийн 222 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол тухайн үүрэг гүйцэтгэгч хариуцлага хүлээхгүй ч гэсэн заалт байгаа. Энэ мэтчилэн ер нь бидний зүгээс болж энэ хүний барилгыг, захиалгын гэрээнийхээ үүргийг гүйцэтгэхгүйгээр удаагаад энэ хүнийг хохироосон явдал байхгүй гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байгаа юм. Дээр нь 2.1-д заасан төлбөр дотор 1,075,000,000 төгрөгөөр тухайн орон сууцыг тохирсон боловч 214,000,000 төгрөгийг л бэлэн мөнгөөр бид авч байгаа. Үлдсэн нь дандаа бартерын нөхцөлтэйгөөр авсан. Өөрөөр хэлэх юм бол Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гудамжинд байрлалтай 109 м.кв 3 өрөө орон сууц байдгаараа байж л байна. 1676 улсын дугаартай тогоор ажилладаг машин 239,000,000 төгрөгт тооцож өгсөн. Одоо зах зээл дээр гаргахад 40 сая төгрөг ч хүрэхгүй байна. Тоёота ланд крузер маркийн 0787 улсын дугаартай машин 161 сая төгрөгт бодоод өгсөн. Энэ машин нь байж л байна. Бид юу авсан юм гэх юм бол энэ хүнээс 214 сая төгрөг л бэлэн мөнгө авсан, бусад юмнууд нь яг тэр чигээрээ байгаа ийм л нөхцөл байдал байна. Хэн нь хохироод байгаа юм гээд үзэх юм бол нэхэмжлэгч уг нь хүн чанар байдаг бол цахилгаан машиныхаа үнийг бодоод үзэх юм бол хэцүү л юм гарч ирэхээр байгаа гэдгийг нэг талдаа бас бодох л хэрэгтэй байх. Татгалзаад байгаа үндэслэл гадна инженерийн шугам сүлжээ гэдэг юмаа ярих хэрэгтэй болно. Энэ барилгыг та нар Улсын комисст 20*** оны 2 сарын 28-ны өдөр комисс ажиллуулчихсан л юм байна шүү дээ гэж мэдээж маргах байх. Бид үүргээ хангалттай эрт биелүүлчихсэн. Бид 513 хоног хэтрүүлэх шаардлага байхгүй. Гадна инженерийн шугам сүлжээгээ хүлээгээд байдаг ордоггүй, улсын комиссоо ажиллуулчихмаар байдаг гээд өчнөөн асуудал болж байгаад дахин төлөвлөлтийн барилга учраас Нийслэлийн Засаг даргаас тодорхой шийдвэр гаргаад, түрүүлээд барилгыг нь хүлээж ав гэдэг шаардлага гаргаад барилга хүлээлцсэн байгаа юм. Тэгээгүй бол бид өнөөдрийг хүртэл улсын комисс хүлээлгэж өгч чадаагүй л байж байгаа. Шугамыг нь хүлээж аваагүй юмыг чинь бид яаж хүлээлгэж өгөх юм бэ. Ийм нөхцөл байдал байгаа юм. Дахин төлөвлөлтийн барилга гэдэг чинь хуучин байшингаа нураалгачихсан 54 өрх байсан. Тэр өрхүүдийн эрх ашгийг харгалзан үзээд нийслэлээс улсын комисс ажиллуулах үйл явц болчихсон юм. Шугам дээр бол би нотлох баримтаа шүүхэд гаргаад өгчихсөн байгаа. Баримтууд байж байгаа, гэрээ нь байж байгаа, дээр нь улсын комисс нь 20*** оны 12 сарын 23-ны өдөр ажиллаад үүрэг даалгавар өгөөд явсан. Тэр биелэлтийнх нь хуудаснуудыг гаргаж өгсөн. Өөрт байгаа, гаргаж өгөх боломжтой юмаа л гаргаж өгсөн. Түүнээс би ямар нэгэн байдлаар өөрийнхөө буруутай үйл ажиллагааг тэндээс заавал шүүхийг аваадхаач гээд гуйгаад байгаа юм байхгүй. Энэ нэхэмжлэлийн шаардлагатай яагаад холбогддог юм гэхээр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа барилгын тухай хууль, барилга байгууламж гэдэг тодорхойлолтыг уншаад үзэхээр маш тодорхой байдаг. Барилга байгууламж гэдэг бол барилга дээрээ нэмэх нь дэд бүтцийн шугамууд орж байж цогцоороо барилга гэж хэлнэ. Орон сууц гэх юм бол юу болох юм гэхээр хүн амьдрах боломжтой, хүн амьдрах наад захын хэрэгцээг хангасан зүйлийг орон сууц гэж хэлнэ. Халаалт ч үгүй, ус ч үгүй, дулаан ч үгүй байх юм бол яаж орон сууц болох юм. Бид өөрсдөө гадна инженерийн шугам сүлжээгээ хийчихдэг, хийчих үүрэгтэй байгаад тэрийгээ бид хийгээд явсан бол бид 513 хоногийн хугацаа алдалтад оруулахгүй. Тэгэхээр дундуур нь орж ирсэн Нийслэлийн зүгээс үүргээ биелүүлэхдээ тодорхой төрлийн тендер зарлал, эхлээд төсвийн хөрөнгөөр шийддэг юм байна лээ. Нийслэл чинь төсвийн хөрөнгө нь төсвөөсөө гарахгүй, бондын хөрөнгөөс санхүүжнэ гээд бондоо хүлээсэн ийм асуудал байсаар байгаад бүтэн жилээр хойшлоод явсан ийм нөхцөл байдал байдаг юм. Тэгээд дээр нь Улаанбаатар хотын төвд байгаа шугам сүлжээ гэдэг бол доогуур дээгүүр нь өчнөөн олон аалзны тор шиг сүлжчихсэн шугам сүлжээнүүдийг зайлуулах, барих гээд гүйцэтгэгч компанийн удаасан үйл явцууд байгаа юм. Барилга бариад ашиглалтад оруулахтай холбоотой *** ХХК бол ямар нэгэн байдлаар зөрчөөд, биелүүлээгүй нэхэмжлэгчийг хохироосон асуудал байхгүй. Харин гэрээний үйл явцад хариуцагч өөрөө гэрээгээр тохирч хүлээж авсан эд хөрөнгө, бартерын нөхцөлөөр тохирч авсан юмаар хариуцагчийн зүгээс өөрөө хохирчхоод, тэрэн дээрээ юм ярихгүй явж л байгаа. Дээр нь бид 239 сая төгрөгийн үнийн саналтай л байгаа шүү дээ. Дүнжингарав захын хажуу талын орон сууцыг дээврийн давхар гэдгийг нь ойлгоогүй байж байгаад өөртөө шилжүүлээд авчихсан. Намхан таазтай, 400 хэдэн сая төгрөгөөр зарагдахгүй л байна. Энэ дээр хүртэл бид өөрсдийнхөө гэрээний хариуцлагаа хүлээгээд хохирлоо өөр дээрээ дараад л өнгөрчхөж байгаа шүү дээ. Биднээс шалтгаалаагүй үйл ажиллагаа, харин ч бид барилгыг хурдан оруулаад, шугам нь комисст ороогүй байж байхад барилгынх нь улсын бүртгэлийн гэрчилгээ гаргах үйл ажиллагааг хүртэл зохион байгуулаад явж байгаа компанийг буруутгаад өнөөдөр алданги нэхээд орж ирж байна гэдэг бол гэрээнд нь заачихсан юм, энэ ямар хамаатай юм гэдэг байдлаар л хандаж байх шиг байна. Гэрээнд заасан байдлаар гэхэд цаана нь бас нэг хүн чанар, хүнлэг ёс байх ёстой л гэж бодож байна. Та бид нар олон уулзаж байсан, нэг ч удаа алдангийн талаар ярьж байгаагүй. Улсын бүртгэлийн гэрчилгээ манайхаар гаргуулж авангуутаа ийм юм яриад л явсан. Үнэндээ хүнд чинь бас хүн чанар гэж юм байна. Тэр орон сууцад та он удаан жил амьдрах байх. Ийм муухай байдал гаргаад, гүйцэтгэгч компанитайгаа ийм байдал гаргаад, ийм юм ярих бол утгагүй л байх гэж би бодож байна. Хуулийн үндэслэлийг хэлэхэд бидний зүгээс шалтгаалсан байдлаар гэрээний үүрэг зөрчих ажиллагаа болоогүй юм. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүртэл хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна... гэв
4. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.10.***-ны өдрийн №***, Орон сууц захиалгын гэрээ, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, фото зураг, 2023.10.***-ны өдрийн Авто зогсоол захиалгын гэрээ, *** тоот орон сууц захиалгын гэрээний тооцоо нийлсэн акт, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, 20***.10.24-ний өдрийн *** ХХК-д гаргасан албан бичиг, Албан бичгийн хариу, нэхэмжлэгчээс *** олгосон итгэмжлэл,*** *** олгосон итгэмжлэл, Автомашин хүлээлцэх акт, 2023.10.26-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 1-29, 49, 113-117 тал/ зэрэг баримтууд,
5. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн хариуцагчаас О.Айнур, Т.Баасанжаргал нарт олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээ, хариу тайлбар, газар эзэмших эрхийн гэрчилгээ, *** тоот орон сууц захиалгын гэрээний тооцоо нийлсэн акт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын хуваарь, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үүрэг даалгаврын биелэлтийн хуудас, Нийтийн албан тушаалтан ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл, тайлбар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын албан бичиг, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай Худаг усны 18, 36 дугаар орон сууцны барилгыг буулган баталгаажуулах төслийн гадна инженерийн шугам сүлжээний ажил /Улаанбаатар *** дүүрэг, 4 хороо/ гүйцэтгэх гэрээ, дугаар НХААГ/20240101558, Захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт, 20***.10.16-ны өдрийн *** байгууламж ХХК-ийн зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт, Захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт, 2023.10.27, Автомашин хүлээлцэх акт /хэргийн 31-34, 40-46, 59-112 тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан ...234 980 000 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагч тал гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй хэтрүүлсэн учир алданги шаардах эрхтэй... гэж тайлбарлав.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... манай компанийн зүгээс шалтгаалахгүй гадна инженерийн шугам Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас хийгддэг ажил бөгөөд уг ажил удааширсаны улмаас орон сууцыг ашиглалтад оруулах хугацаа удааширч байсан... гэж тайлбарлав.
3. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Нэхэмжлэгч буюу худалдан авагч Ж.М 2023 оны 10 сарын ***-ны өдөр №*** тоот Орон сууц захиалгын гэрээг хариуцагч буюу худалдагч “***” ХХК-тай байгуулж, худалдан авагч *** дүүрэг, 4 хорооны нутаг дэвсгэр, /хуучнаар/ Худаг усны 36 байр 1 орж 10 давхар №*** тоот 4 өрөө 147.4 м кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нийт 1 075 000 000 төгрөгөөр худалдан авах, худалдагч орон сууц хөрөнгийг 2024 оны 1 улиралд багтаан худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон нь орон сууц захиалгын гэрээ, зохигч талуудын тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 5-11 дугаар тал/
3.2. Тус гэрээний 8.1-т “...гэрээний явцад гэрээний үүрэгтэй холбогдон гарсан маргааныг талууд зөвшилцлийн журмаар харилцан тохиролцож шийдвэрлэхийг эрмэлзэх ба тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Арбитраар шийдвэрлүүлнэ...” гэж заажээ.
3.3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “талууд байгуулсан гэрээндээ маргаан гарвал арбитраар шийдвэрлүүлэхээр заагаагүй буюу энэ талаар хэлэлцэн тохиролцоогүй, эсхүл Засгийн газар хоорондын хэлэлцээрээр маргааныг арбитраар шийдвэрлүүлэхээр заагаагүй бол нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэнэ” гэж зохицуулсан.
3.4. Мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т “шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана: ...65.1.1.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн” гэж, мөн хуулийн 117.1-т “энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэжээ.
3.5. Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 10 сарын ***-ны өдөр №*** тоот Орон сууц захиалгын гэрээ баримтаар талууд гэрээтэй холбоотой маргаан гарвал Арбитраар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцжээ.
3.6. Дээрх үйл баримт хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон учир шүүхээс нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан 2023 оны 10 сарын ***-ны өдөр №*** тоот Орон сууц захиалгын гэрээний хугацаа хэтрүүлсний алданги 215 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж үзнэ.
4.Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын тухайд
4.1. Нэхэмжлэгч буюу худалдан авагч Ж.М 2023 оны 10 сарын ***-ны өдөр Авто зогсоол захиалгын гэрээг хариуцагч буюу худалдагч “***” ХХК-тай байгуулж, худалдан авагч *** дүүрэг, 4 хорооны нутаг дэвсгэр, /хуучнаар/ Худаг усны 36 байрны зоорийн давхарт байрлах №*** тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нийт 99 900 000 төгрөгөөр худалдан авах, худалдагч авто зогсоол хөрөнгийг 2024 оны 1 улиралд багтаан худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон нь Авто зогсоол захиалгын гэрээ, зохигч талуудын тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 18-*** дугаар тал/
4.2. Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.
4.3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
4.4. Дээрхи гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
4.5. Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
4.6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй *** дүүрэг, 4 хорооны нутаг дэвсгэр, /хуучнаар/ Худаг усны 36 байрны зоорийн давхарт байрлах *** тоот авто зогсоол хөрөнгийг холбогдох баримт бичгийн хамт худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг төлж авто зогсоол хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй.
4.7. Нэхэмжлэгч гэрээний төлбөр болох зогсоолын үнэ 99 900 000 төгрөгийг хариуцагчид төлөхөөр тохиролцжээ.
4.8. Нэхэмжлэгч автозогсоол хөрөнгийн үнэд нийт 99 900 000 төгрөгийг хариуцагчид төлж гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн нь тооцоо хийсэн баримт, хариуцагчийн ... төлбөр тооцоотой холбоотой маргах зүйл байхгүй... гэх тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн ***, 59 дүгээр тал/
4.9. Хариуцагч Авто зогсоол захиалгын гэрээний 3.1, 3.4-д заасны дагуу хариу үүрэг буюу авто зогсоол хөрөнгийг 2024 оны 1-р улиралд багтаан барьж дуусган нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, мөн эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг захиалагчид өгөхөөр тохирчээ.
4.10. Хариуцагч автозогсоол хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг 20*** оны 10 сарын 17-ны хүлээлгэн өгсөн, өмчлөх эрхийн гэрчилгээ 20***.10.24-ны өдөр гаргасан, тухайн зогсоол хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар, өмчлөх эрхийн гэрчилгээ баримтаар тогтоогдож байгаа, талууд энэ талаар маргаагүй.
4.11. Талуудын хооронд байгуулагдсан Авто зогсоол захиалгын гэрээний 6.2-т “гүйцэтгэгч нь зогсоолыг ашиглалтад оруулахаар гэрээнд заасан хугацаанаас хойш 45 хоногоос дээш хугацаагаар хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй ажлын гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө, 6.4-т талуудын гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нөгөө талдаа төлөх алдангийн дээд хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20.0 хувиас хэтрэхгүй байна” гэж тохирчээ.
4.12. Дээрх гэрээний тохиролцооны дагуу нэхэмжлэгч хариуцагчийг гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй хариуцлага буюу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20.0 хувиар тооцож 19 980 000 төгрөг нэхэмжилжээ.
4.13. Авто зогсоол захиалгын гэрээний 3.1-т заасан хугацааг хариуцагч хэтрүүлсэн буюу авто зогсоол хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгчид 20***.10.17-ны өдөр хүлээлгэн өгсөн нь дээр авагдсан баримтаар тогтоогдож байна.
4.14. Нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний хариуцлага буюу авто зогсоол хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, өмчлөх эрхээ бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй хариуцлагыг шаардаж буй нөхцөлд нэхэмжлэгч гэрээний үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлсэн байх шаардлагатай.
4.15. Тодруулбал талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1-т авто зогсоол нь 99 900 000 төгрөгийн үнэтэй байна, 1.2-т энэхүү гэрээ нь 2023 оны 10 сарын ***-ны өдрийн дотор *** ХХК-ийн *** тоот дансанд автозогсоолын үнийн дүнгийн 56.1 хувь бололх 56 000 000 төгрөгийг төлснөөр хүчин төгөлдөр болно, 1.3-т авто зогсоолын үлдэгдэл төлбөр 43.9 хувь болох 43 900 000 төгрөгийг 2024 оны 01 сарын 05-ны өдөр төлж дуусгана” гэж тус тус тохирсон.
4.16. Хэргийн ***, 59 дүгээр талд авагдсан “*** тоот орон сууц захиалгын гэрээний тооцоо нийлсэн акт” баримтаар нэхэмжлэгч авто зогсоол хөрөнгийн үнийн 56.1 хувь болох 56 000 000 төгрөгийг 2023.10.***-ны өдөр төлсөн байх боловч үлдэх 43.9 хувь буюу 43 900 000 төгрөгийг 2024.05.30-ны өдөр төлсөн нь тогтоогдож байна.
4.17. Нэхэмжлэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, хугацаа хэтрүүлж биелүүлснээ “...авто зогсоолын дугаарлалттай холбоотой буюу хариуцагчаас шалтгаалсан, түүний хэлсэн хугацаанд төлбөрийг шилжүүлсэн...” гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбараа баримтаар нотлоогүй, хэрэгт энэ талаар ямар нэг баримтыг ирүүлээгүй.
4.18. Дээрхийг үндэслэн нэхэмжлэгч Авто зогсоол захиалгын гэрээний төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй зөрчсөн учир хариуцагчаас гэрээний хариуцлага буюу алданги шаардах үндэслэлгүй гэж үзнэ.
4.19. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагчаас гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй хариуцлага буюу алданги 19 980 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 215 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь маргааныг эцэслэн шийдвэрлэж буй хэрэг биш учир нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 332 850 төгрөгөөс 1 232 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч “***” ХХК-д холбогдуулан гаргасан 2023 оны 10 сарын ***-ны өдрийн №*** тоот Орон сууц захиалгын гэрээний алданги 215 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.М-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “***” ХХК-д холбогдуулан гаргасан 2023 оны 10 сарын ***-ны өдрийн Авто зогсоол захиалгын гэрээний алданги 19 980 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.М-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 332 850 төгрөгөөс 1 232 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ