2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2026/02980

 

 

 

 

   

   2026          03            17                                        192/ШШ2026/02980

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: *** нэхэмжлэлтэй,

хариуцагч: ***,

хариуцагч: *** нарт холбогдох,

184 789 066.88 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

*** нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан 184 789 066.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...нэхэмжлэгч *** нь 2024 оны 11 сарын 13-ны өдөр эд хөрөнгө худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг *** ХХК-ийн захирал Х.***тай байгуулсан. Ямар учиртай эд хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулсан юм бэ гэхээр 2024 оны 10 сарын эхээр фейсбүүк хуудсан дээр анх зар харсан. Тухайн зар дээр юу гэж байсан гэхээр үйл ажиллагаа нь жигдэрсэн, бэлэн бизнес тохижилт худалдана, франчайз эрхийн хамтаар,***, үл хөдлөх хөрөнгө, түрээсийн гэрээтэй 150 сая төгрөгөөр зарна гэсэн ийм зар гарсан гэсэн. Энэ зартай нь холбогдуулаад *** өөрөө хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүний хувьд ашигтай байрлалтай, аятайхан газар оллоо гэдэг агуулгаар тухайн бизнесийг хийх талаар бизнесийн зээл хөөцөлдсөн. Бизнесийн зээл хөөцөлдөөд 10 сарын 15-ны өдөр өөрийнхөө орон сууцыг барьцаалаад Ашид капитал компаниас 100 сая төгрөг зээлсэн. Ингээд 100 сая төгрөг зээлээд, энэ хугацаандаа Х.***, Л.*** нартай уулзсан. Х.***, Л.*** нар өөрсдийнхөө бизнесийг***, франчайз эрхтэй гэдгийг итгэл үнэмшил төрүүлэхийн тулд*** 1 буюу Цэнгэлдэх хүрээлэн, Наадам центрийн тэнд ажиллаж байгаа, Л.***ий нэр дээр түрээсийн гэрээтэй, хавтаст хэрэгт авагдсан байгаа Төв цэнгэлдэхийн баруун талд байрлах 134м2 талбай, түрээсэлж байгаа*** 1 гэж пабаа үзүүлсэн. Тэр пабд очиж үзэхэд бүгдээрээ тэр хүнийг захирал аа, захирал аа гэдэг агуулгаар ерөнхийдөө эд нар сүлжээ бизнестэй юм байна гэдэг ойлголтыг төрүүлсэн. Ингээд бизнесийн зээлийг авсан. Энэ түрээсэлж байгаа *** өмчийн газар дээр ирээд тэр байртай нь танилцахад тэнд ажиллаж байсан хүмүүс нь тэр хоёрыг захирлаа, захирлаа гэдэг агуулгаар хандаж байсан. Тэнд өөр ямар нэгэн *** ХХК бие даасан хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байгаа гэж мэдээгүй. Ингээд 11 сарын 13-ны өдөр өөрийн данснаасаа Л.***ий дансанд 130 сая төгрөгийг шилжүүлсэн. 130 сая төгрөгийг шилжүүлээд, 11 сарын 15-ны өдөр байгуулсан гэрээнийхээ дагуу энэ объект нь бусдад давхар түрээслэгдсэн байж болзошгүй гэдэг агуулгыг олж мэдсэн. Өөрөөр хэлэх юм бол *** ХХК-ийн ажилтнууд нь Х.***, Л.*** нар байраа зараад явчихсан, бид ажиллуулж байгаа, 9 сарын 23-ны өдрөөс нэг жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулсан гэдэг ийм агуулгыг ярьсан. Ингээд үндсэн түрээслэгч Э.***гийн утсыг олоод, Э.***гийн эхнэртэй ярьсан. Энэ хөрөнгүүдийг би шилжүүлж аваад ажиллуулах гэж байна. Энэ хөрөнгүүд Х.***, Л.*** нарын хөрөнгө үү, танай хөрөнгө үү гэсэн чинь бүгд манай хөрөнгө гэдэг асуудал ярьсан. Өөрөөр хэлэх юм бол эргэлзээтэй байдал бий болсон. 15-ны өдөр Э.***гийн, эзэмшигч өмчлөгч компанийн хүний утсыг олж авахаасаа өмнө Лэнд.мн-ээс үлдэгдэл 23 сая төгрөг зээлж авсан. Ингээд авангуутаа энэ асуудлыг мэдээд төөрөгдөлд оржээ гэдгээ мэдсэн. Төөрөгдөл орсон учраас ямар нэгэн байдлаар энэ үйл ажиллагааг цаашид явуулах боломжгүй юм байна гэдэг асуудлаар судалж үзсэн, судлаад үзэхэд ер нь залилуулсан юм байна гэдэг агуулга маш тов тодорхой болж ирсэн. Энэ хугацаанд Э.***тэй уулзаж, Э.***, Х.***, Л.*** нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээг олж авсан. Тэр түрээсийн гэрээ нь 2024 оны 8 сарын 14-ний өдөр 5 жилийн хугацаатайгаар сарын 7 сая төгрөгөөр байгуулагдсан гэрээ байсан. Ямар нэгэн барьцаагүйгээр сар болгон 7 сая төгрөг төлөхөөр байгуулагдсан байсан. Энэ Э.***, Л.***, Х.*** нарын байгуулсан гэрээний 5.1 дээр гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах гэсэн байгаа. 5.6 дээр Зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц зохион байгуулалтыг засахгүй байх үүрэгтэй гэж заасан байсан. 7.3 дээр Зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг дамжуулан түрээслэхийг хориглоно гэсэн заалт байсан. Ийм заалт байсаар байхад Х.***, Л.*** нар нь 2024 оны 9 сарын 13-ны өдөр 1 жилээр Л.***ий нэр дээр *** ХХК-ийн *** гэх хүнтэй сарын 15 сая төгрөгөөр гэрээ байгуулсан. Гэрээний зорилго нь үйл ажиллагаа нь жигдэрсэн бизнесийг ажиллуулахад гэж байгаа юм. Эхний ээлжид 30 сая төгрөг, үйл ажиллагаа нь эхлэхээр 9 сарын 18-ны өдөр 15 сая төгрөг, барьцаа хөрөнгө 15 сая төгрөгийг авна. 3.8-т Хаан банкны ***3 дугаар дансанд мөнгийг хийнэ гэсэн байсан. Энэ нь Л.***ий данс байсан. Ингээд харах юм бол хариуцагч нар Э.***тэй байгуулсан түрээсийн гэрээгээ зөрчөөд *** ХХК-тай дүр эсгэсэн буюу хамтран ажиллах гэрээгээр давхар түрээсэлсэн ийм үйл баримтууд тогтоогдож байгаа. Үүнийгээ ч *** ХХК-ийнхан өөрсдөө хэлсэн. Ер нь бол өндөр үнээр түрээсэлж байна, ашиггүй байна, алдагдалтай байна, дээрээс нь согтууруулах ундааны зөвшөөрлөө өөрсдөө хөөцөлдөж авч өгнө гэсэн, өнөө маргаашгүй гарна гээд одоог хүртэл гарахгүй, ашиггүй байгаа тул маш их бухимдалтай байсан. Ингээд эд хөрөнгийн доголдолтой гэрээ цаашид хэрэгжих боломжгүй юм байна, залилуулсан юм байна гэдэг асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллага эхлээд харьяалал буруу байна гэдгээр гомдлыг хүлээж аваагүй байдаг. Энэ хугацаанд юу болсон юм бэ гэдэг асуудал гарна. Энэ хугацаанд***, гуравдагч этгээд Э.***тэй түрээсийн гэрээ байгуулаад ажиллуулсан юм байна лээ. Энэ шилжүүлсэнтэй холбоотой гэрээг цуцлахаар хариуцагч тал буруутай, буруугаас нь хохирол учирсан, учирсан хохирлыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Өөрөөр хэлэх юм болбол энэ 130 сая төгрөг, гэрээний үүрэгтэй холбоотой өгсөн мөнгөтэй холбоотой их хэмжээний хүү, алданги төлөөд явж байгаа баримтыг гаргаж өгсөн. Энэ нь нийлээд одоогийн байдлаар нийтдээ 184,739,066 төгрөг, үүний хохирол нь 34,926,760 төгрөг. Өөрөөр хэлэх юм бол гэрээний үүргийн 130 сая төгрөг дээр хохирол 54,739,066 төгрөгийг нэхэмжилж байгаа. Уг 130,000,000 төгрөгийг өнөөдрийн байдлаар хариуцагч Х.***, Л.*** нар ашиглаад, өнөөдрийг хүртэл бүтэн жил энэ мөнгийг завшаад явж байна. Иргэний хуулийн 256 дугаар зүйлд заасны дагуу гэрээг цуцлаад, өгсөн мөнгө 130 сая төгрөг, үүн дээр зээл авсан, түүний хүү, хохирлыг гаргуулахаар нэхэмжилж байгаа... гэв.

3. Хариуцагч хариу тайлбартаа: ... Э.***тэй 2024 оны 3 сарын 14-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулаад Баянгол дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж 47Б байрны 4 тоотыг сарын 7,000,000 төгрөгийн төлбөртэйгөөр түрээсэлчихсэн байдаг. Ингэж түрээсэлж аваад Э.***гийн түрээсийн байр нь өмнө нь Солонгос хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан тул нэхэмжлэгч нарын явуулж байгаа паб чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаагаас зөрүүтэй байсан. Өөрсдийн хөрөнгөөр Э.***гийн охин болон Э.***гээс зөвшөөрөл авсны дагуу тохижилтыг хийсэн. Уг нь Э.***гийн охинтой холбогдож, Э.***гийн охиноор дамжуулж объектыг түрээсэлчихсэн байдаг. Улмаар лоунжийнхаа засварыг бүрэн хийж дууссаны дараа согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөл авахад хугацаа шаардлагатай байсан. *** ХХК согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй байсан тул уг компанитай 2024 оны 9 сарын 13-ны өдөр 1 сарын 15 сая төгрөгийн төлбөртэй хамтран ажиллах гэрээг байгуулсан. Хариулагч нар хувийн шалтгааны улмаас хоорондоо тохиролцоод 8 сая төгрөгийн ашигтай бэлэн бизнесийг *** ХХК-ийн 100 хувийн хувьцаа, түүнд ноогдох эрх, мөн*** нэрээр үйл ажиллагаа явуулах эрхийг болон энэ түрээсийн гэрээг шилжүүлэхээр 2024 оны 9 сарын 13-ны өдөр хамтран ажиллах гэрээ, эрхийг нийтэд нь 150 сая төгрөгөөр үнэлээд фейсбүүк дээр анх зар оруулсан байдаг. Энэ зарыг оруулахдаа Х.*** өөрийнхөө фейсбүүкээр оруулсан. Нийтэд тавьсан зар дээр үйл ажиллагаа жигдэрсэн бэлэн бизнест тохижилт худалдана, франчайз эрх, хоолны бүх чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжтой тохижилттой, тохиромжтой зам дагуу байрлалтай бэлэн бизнес худалдана, жич гэж байгаад үл хөдлөх хөрөнгө, түрээсийн гэрээтэй, зөвхөн үйл ажиллагаа явуулах эрх болон тохижилт худалдана, 150 сая төгрөг гэж зар оруулсан. Уг зараас харах юм бол хариуцагч нар фейсбүүкт оруулсан нийтэд илэрхий зар дээр согтууруулах ундааны тусгай зөвшөөрөлгүй, зөвшөөрөлтэй гэж зар оруулаагүй гэдэг нь харагдаж байгаа. Үүн дээр хоолны бүх чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжтой гэсэн зар оруулсан. Паб чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжтой гэсэн зар байхгүй байгаа нь харагдаж байгаа. Зар оруулсны дагуу *** холбогдсон. Тэгээд хэд хэдэн удаа уулзалтын үндсэн дээр 2024 оны 11 сарын 13-ны өдөр эд хөрөнгө худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг байгуулаад*** үйл ажиллагаа явуулах эрх, уг компанийн бол 100 хувийн хувьцаа, түүнд ноогдох эрхийг нийтэд нь 130 сая төгрөгөөр үнэлж худалдан борлуулсан байдаг. *** ХХК-ийг шилжүүлэхдээ компанийн хувьцаа болон хувьцаанд ноогдох эрхийг шилжүүлэхэд заавал ч үгүй нотариат дээр эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хийгддэг. Хувьцаа шилжүүлэх гэрээ хийгдсэний үндсэн дээр уг компани ***ын нэр дээр шилжиж очсон. Гэрээ байгуулсан анхны санал, хэд хэдэн удаагийн уулзалт дээр, мөн *** болон Л.*** нарын хооронд бичсэн вайбер чат дээр ч *** тоон гарын үсгээр нэвтэрч согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг хөөцөлдөж байгаа, согтууруулах ундааны тусгай зөвшөөрлөө авахад шаардлагатай хүмүүстэйгээ Л.*** холбож өгч байгаа үйл баримтууд байдаг. Үүнээс уг компанийг согтууруулах ундааны тусгай зөвшөөрөлгүй байсан гэдгийг нэхэмжлэгч мэдэж байгаа гэдэг нь тодорхой харагдана. Э.***гийн өмч бол өмнө нь Солонгос хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан өмчүүдийг 19-ийн агуулахад хураачихлаа шүү гээд охинд нь хэлсэн, Э.***д хэлсэн байдаг. Энэ дотор Э.***гийн өмч, доторх тохижилт бүгд Э.***гийн өмч биш байсан. Мөн дотор нь Э.*** болон Э.***гийн охиноос зөвшөөрөл авсны үндсэн дээр засвар хийсэн. Франчайз эрх гэдгийг хариуцагч нар маань юу гэж тайлбарладаг вэ гэхээр*** гэж Улаанбаатар хотод 2 салбартай шар айргийн хаус ресторан байгаа. Энэ рестораныг Л.***, Х.*** нар ажиллуулдаг, баримтаа гаргаад өгсөн байгаа. Энэ нь *** ХХК-ийн түрээсийн гэрээг хийж ажиллуулдаг. Энэ компанийн Бийр хаус гэдэг нэрээр ресторан, паб чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг франчайз эрх гэж тодорхойлоод байгаа. Үүн дээр нэмээд эрх шилжүүлэх гэрээгээр яагаад энэ компанийг шилжүүлж аваад байгаа вэ гэхээр уг түрээсийн гэрээ бол *** ХХК-тай байгуулсан. Түрээсийн гэрээгээр шилжүүлж байгаа болохоор компанитай нь бас хамт шилжүүлсэн. Уг гэрээний дагуу иргэнээрээ хариуцагч биш, *** ХХК хариуцагч гэж тодорхойлно. Мөн уг гэрээний хохирол шаардаж байна. Гэхдээ нэхэмжлэгч гэрээгээ цуцлаад хохирол шаардаж байгаа юм уу, гэрээнээсээ татгалзаж байгаа юм уу, эсвэл хүчин төгөлдөр бусад тооцуулж байгаа юм уу гэдгээ тодорхойлж хэлэхгүй гурвууланг нь хольж ярьж байна. Гэрээ цуцлах, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаа бол бүгдээрээ үр дагавар нь өөр байдаг. 2025 оны 11 сарын 13-ны өдөр уг эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу *** мөнгөө Л.***ий данс руу 50 сая, 50 сая, 30 сая төгрөгөөр 3 хувааж шилжүүлсэн байдаг. Гэтэл 2024 оны 11 сарын 15-ны өдөр буюу 2 хоногийн дараа 2 банк бус санхүүгийн байгууллагаас авсан мөнгөөр уг төлбөрийг төлж байгаа юм уу гэхээр цаг хугацааны хувьд хольж яриад байна л даа. 2 өдрийн өмнө 130,000,000 төгрөг шилжүүлчхээд, 2 өдрийн дараа зээл авчхаад энэ зээлийг аваад би шилжүүлсэн гэж байгаа нь хохирол, хор уршгийн хоорондох шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.*** тайлбартаа: ...манайхыг ямар ч эд хөрөнгөгүй байсан мэтээр ярьж байна. Солонгос хоолны газар ажиллуулж байсан, нэлээн их хөрөнгө гаргаад тохижуулчихсан. Хариуцагч тал их худлаа ярьж байна. Тийм ч ашигтай байсан, ийм ч ашигтай байсан гээд байна. Би Л.***ийг түрээслээд ажиллуулж байх тухайн нөхцөл байдал дээр байнга очиж байсан. Огт ажиллуулж чадахгүй байсан, ямар ч орлогогүй л сууж байдаг байсан. Тэгээд түрээсээ бас төлдөггүй байсан. Тэр засвартай холбоотойгоор ямар ч засвар хийнэ гэж бол хэлээгүй. Би 5 жилээр түрээсэлнэ ах аа, би 5 жил ямар ч асуудалгүй түрээсэлнэ гэж хэлсэн. Ингээд түрээсийн гэрээ хийсний дараа нэг мэдсэн чинь дотор талыг нь буулгачихсан байсан. Чи яаж байгаа юм бэ, өчнөөн 100 сая төгрөгөөр тохижуулсан юмыг ингэж буулгаж болохгүй гэсэн. “Ах аа нэгэнт буулгачихсан, манай юмтай тохирохгүй байна, пиво зарахад арай болохгүй байна” гээд 2 вип өрөө байсан, бүгдийг нь буулгаад нэгэнт эхэлчихсэн учраас би одоо яах вэ дээ тийм биз дээ. Нэг яваад орсон буулгачихсан байсан. Би 5 жил түрээслэх юм чинь ах аа яах вэ, та битгий санаа зов гэсэн. Бодит байдал дээр нөхцөл байдал яг л ийм л юм болсон. Одоо ингээд өнгөрсөн, буулгачихсан юмыг чинь би ямар буцаагаад янзал гэлтэй биш. 5 жил болно, асуудалгүй би түрээсээ цаг тухайд нь төлөөд явна гэсэн. Түрээсэлж эхэлсэн цагаасаа эхлээд л түрээс дандаа унжилттай, хоцролттой явсан. Ингэж явсаар байгаад нэг яваад орсон чинь өөр хүүхдүүд байж байсан. Та нар юун хүүхдүүд вэ гэсэн чинь бид нар 15 сая төгрөгөөр түрээсэлчихсэн байж байна гэсэн. Юу гэсэн үг юм бэ, наадах чинь 15 сая битгий хэл 7 сая төгрөгийнхөө түрээсийг төлж чадахгүй байсан газрыг та нар яахаараа 15 сая төгрөгөөр түрээсэлдэг юм гэсэн “өө бид нар ёстой гоё ажиллуулна, ёстой аймар ашигтай гэсэн” гээд сууж байсан. Би дахиад хэд хоногийн дараа яваад орсон үгээ хэлчихсэн “энэ чинь ёстой ашиг орлогогүй, бид дампуурч байна” гэсэн байдалтай л байж байсан. Ингээд түрээсээ төлөхгүй байж байгаад нэг өдөр утасдаад “ах аа хүрээд ир түрээсийн чинь мөнгийг төлье” гээд уулзсан чинь энэ хүмүүс би нэг найздаа өгчихсөн, манай найз ажиллуулаад явна, ёстой ямар ч асуудал байхгүй гэхээр нь би “үгүй, тийм юм байхгүй. Одоо танайх түрээсийн гэрээн дээрээ байгаа түрээсийн мөнгөө төлөхгүй бол гэрээг цуцална гэсэн. Би мэдээж түрээсийн мөнгийг авна шүү дээ. 3 сар билүү 4 сарынхаа л төлбөрийг аваагүй байсан. Би тэрийгээ авсан. Тэр тоног төхөөрөмж бүх юм бүгдийг нь өөрсдөө авсан. Энэ хүмүүст юу гэж хэлсэн байсан гэхээр цав цагаанаараа байсан, хараараа байсан, бараг энэ дотор нэг ширхэг хадаас ч байгаагүй, бид тохижуулж орсон гэж хэлсэн байсан гэх мэтчилэн юм яриад байдаг юм байна лээ. Тэрийг нь би ойлгодоггүй, тийм луйварчин байж болохгүй шүү дээ. Хүний өчнөөн хөдөлмөр, өчнөөн 100 сая төгрөгөөр тохижуулчихсан байсан юмыг хоосон байсан гээд. Тэр сандал ширээ бол яалт ч үгүй сольсон, бусад юмыг нь би сайн мэдэхгүй байна. Манайх ямар ч байсан гал тогоо, бүх юм ажиллаж байсан. Хөргөгч, хөлдөөгч, плитка бүх юм л байсан. Нойлыг хүртэл бид хийсэн гэж хэлсэн байна лээ. Нойлоо хүртэл би өөрөө хийсэн юм чинь ингэж улайм цайм гөрдүүлээд байхаар жоохон эвгүй л байдаг юм байна. Өөр тайлбаргүй... гэв.

 

5. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2024.11.13-ны өдрийн Эд хөрөнгө худалдах, худалдан авах эрх шилжүүлэх гэрээ, хавсралт, зураг, 2024.08.14-ны өдрийн Түрээсийн гэрээ, 2024.09.13-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, *** ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм, Зээлийн гэрээнүүд, Хаан банкны дансны хуулга, нэхэмжлэгчээс *** олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, түрээсийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Татварын албаны тодорхойлолт, 2025.02.26, дугаар 1754, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай прокурорын тогтоол, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, дансны хуулга, төрсний бүртгэлийн лавлагаа, тайлбар, мэдэгдэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага  /хэргийн 1-40, 69, 78-87, 123, 128-149, 152, 205-206, 219/ зэрэг баримтууд,

 

6. Хариуцагч нарын шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, гар бичвэр, төлбөрийн баримт, 2024.11.13-ны өдрийн Эд хөрөнгө худалдах, худалдан авах эрх шилжүүлэх гэрээ, хавсралт, түрээсийн гэрээ, дансны хуулга, хариуцагч нараас ***олгосон итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх хүсэлт, хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, *** ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, түрээсийн гэрээ   /хэргийн 45-46, 51-68, 100-107, 153, 163, 172-174, 190-191, 212-215, 222-224/ зэрэг баримтууд,

 

7.Шүүхээс бүрдүүлсэн 2025.10.16-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 165-169/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч ...184 789 066.88  төгрөг гаргуулах тухай... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагчийн өмнө байгуулсан түрээсийн гэрээгээр дамжуулан түрээслэхийг хориглосон, түрээслүүлэгчээс зөвшөөрөл олгогдоогүй, худалдсан хөрөнгө нь хариуцагчийн хөрөнгө биш байсан учир гэрээ бодитоор хэрэгжих үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн... гэж тайлбарласныг,

хариуцагч нар эс зөвшөөрч ...түрээсийн гэрээний зүйлийг дамжуулан түрээслээгүй, харин *** ХХК-ийн эрхийг шилжүүлсэн, гуравдагч этгээд болон түүний охинд энэ талаар мэдэгдсэн... гэж маргаж байна.

3.Талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Х.*** 2024 оны 9 сарын 13-ны өдөр өөрийн цахим хаягаар “үйл ажиллагаа жигдэрсэн бэлэн бизнес тохижилт худалдана, франчайз эрх ***хоолны бүх чиглэлийн үйл ажиллагаа явуулахад тохиромжтой, дам дагуу байрлалтай, бэлэн бизнес худалдаж аваад орлогоо тогтмол нэм. Жич: Үл хөдлөх хөрөнгө түрээсийн гэрээтэй. Зөвхөн үйл ажиллагаа явуулах эрх болон тохижилт худалдах юм” гэсэн зар байршуулжээ.

Зарын дагуу нэхэмжлэгч *** Х.***тай уулзахад ...*** тоот хаягт байрлах 121.96 м кв талбай бүхий кафе барны чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа байрыг үзүүлж, ...дээрх ажлын байрыг өөрөө эзэмшдэг, “***” ХХК-ний нэр дээр 2024.08.14-ны өдрөөс 1 жилийн хугацаатай уг байрыг өмчлөгч Э.***тэй сарын 7000 000 төгрөгөөр “Түрээсийн гэрээ” байгуулан ажиллуулж байгаа, ...энд байгаа бүх эд хөрөнгө, тохижилт Л.*** бид хоёрынх, одоо бизнес үйл ажиллагаа нь жигдэрсэн, согтууруулах ундааны тусгай зөвшөөрөлтэй, худалдан авсан хүн шууд маргаашнаас нь ашгаа олох боломжтой... гэжээ.

 Х.***тай харилцан ярилцаж, түүний хэлсэнд итгэсний үндсэн дээр нэхэмжлэгч тухайн хөрөнгийг худалдан авахаар тохирч, 2024.11.13-ны өдөр Х.***ын хамтрагч Х.***ий Хаан банкны *** тоот дансанд 130 000 000 төгрөгийг шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, цахим сүлжээнд байршуулсан зар, нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга баримтаар тогтоогдож байна. /хэргийн 11-15, 35 дугаар тал тал/

2024 оны 11 сарын 13-ны өдөр нэхэмжлэгч ***, “*** ХХК-ийг төлөөлж, хувьцаа эзэмшигч хариуцагч Х.***, хариуцагч Л.*** нар “Эд хөрөнгө худалдах худалдан авах эрх шилжүүлэх гэрээ”-г бичгээр байгуулжээ. Гэрээгээр

...1.1-т худалдагч буюу хариуцагч тал худалдан авагч буюу нэхэмжлэгчийн өмчлөлд ***рестораны өмч болон доторх тохижилт, үйлчилгээ, эд хөрөнгө, франчайз эрхийг шилжүүлэх,

..1.2-т худалдагч тал нь худалдан авагч талд Гэрээний Хавсралт№1-д заасан тохижилт үйлчилгээ, эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг  талуудын тохирсон хугацаанд шилжүүлэх

... 1.3-т гэрээ нь 2024 оны 11 сарын 13-ын байгуулагдснаас хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хүчин төгөлдөр байхаар,

... 3.1-т худалдан авагч нь рзстораны тохижилт, доторх эд хөрөнгө, үйл ажиллагаа явуулах эрхийг нийт 130 000 000 төгрөгөөр худалдан авахаар,

... 3.2-т гэрээний төлбөрийг гэрээ байгуулснаас хойш 1 хоногийн дотор төлөхөөр,

... 3.3-т гэрээний төлбөрийг Л.***ий Хаан банкны 504 555 2873 тоот дансанд шилжүүлэхэээр тус тус тохирчээ. /хэргийн 3-7, 61-68 дугаар тал/

Гэрээний Хавсарлт№1-т заасан 59 нэр бүхий 130 059 000 төгрөгийн үнэ бүхий дотоод тохижилт, гал тогоо хоол заалны хэрэгсэл хөрөнгийг талууд хүлээлцсэн баримт үйлджээ. /хэргийн 8-10 дугаар тал/

рд:***, “***” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр нэхэмжлэгч *** 2024.11.15-ны өдөр бүртгэгдсэн байна. /хэргийн 21-25 дугаар тал/

2024 оны 08 сарын 14-ний өдөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд өмчлөгч Э.***гээс Биеэр бровн хаус ХХК-ийг төлөөлж хувьцаа эзэмшигч хариуцагч Х.*** *** талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 5 жилийн хугацаатай түрээслэсэн нь Түрээсийн гэрээ баримтаар тогтоогдож байна. /хэргийн 16-17, 84 дүгээр тал/

Дээрх гэрээний 7.3-т тухайн түрээсийн гэрээний зүйлийг түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр дамжуулан түрээслэхийг хориглосон зохицуулалттай байна./хэргийн 17 дугаар тал/

2024 оны 09 сарын 13-ны өдөр хариуцагч *** ХХК-ийн захирал Л.***,***-ийн  ***тай Хамтран ажиллах гэрээ байгуулжээ. /хэргийн 18-20 дугаар тал/

4. Эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй.

5. 2024 оны 11 сарын 16-ны өдөр нэхэмжлэгч худалдан авсан маргаан бүхий хөрөнгөд үйл ажиллагаа явуулах болоход*** “Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр 15 000 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлж түрээслэдэг, түрээсийн зүйл тохижилт хөрөнгийг манай хөрөнгө” гэх үндэслэлээр авч нүүсэн, согтууруулах ундааны зүйл худалдаалах түүгээр үйлчлэх зөвшөөрөлгүй, тухайн хөрөнгийн жинхэнэ өмчлөгч гуравдагч этгээд Э.***тэй холбогдож хариуцагч нарын хөрөнгө гэх зүйл байхгүй, давхар түрээслэснийг зөвшөөрөхгүй надаас зөвшөөрөл аваагүй... гэх зэрэг нөхцөл байдлаас үйл ажиллагаа явуулах гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж гэрээг цуцалж, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгөн хөрөнгө, хохирол гаргуулахаар шаарджээ.

6. 2024.11.13-ны өдрийн Эд хөрөнгө худалдах, худалдан авах эрх шилжүүлэх гэрээ баримт, талуудын тохиролцоо тайлбараар нэг талаас худалдан авагч буюу нэхэмжлэгч ***хаягт байрлах 121.96 м кв талбай бүхий ***болон доторх тохижилт, үйлчилгээ, эд хөрөнгө, франчайз эрх худалдан авч үнийг төлөх, нөгөө талаас хариуцагч буюу худалдагч нэхэмжлэгчийн өмчлөлд рестораны өмч болон доторх тохижилт, үйлчилгээ, эд хөрөнгө, франчайз эрх хөрөнгийг хүлээлгэн өгөхөөр тохирсон байх тул талуудын хооронд Иргэний Хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдан худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

 7. Дээрх гэрээ зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрсөн, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

8. Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

        

9.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө болон эрхийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх нийлүүлэх, худалдан авагч гэрээгээр тохирсон хугацаанд үнийг төлж, хөрөнгийг хүлээн авах үүрэгтэй.

 

10. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээний 3.3-т заасны дагуу худалдан авсан хөрөнгийн үнэд 2024.11.13-ны өдөр “тохижилт худалдан авав” гэсэн гүйлгээний утгатай 3 удаагийн гүйлгээгээр нийт 130 000 000 төгрөг шилжүүлж гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн нь хариуцагчийн ....рестораны тохижилт, дотоод хөрөнгө, үйл ажиллагаа явуулах эрх, энэ гурвын төлбөрт 130 000 000 төгрөг авсан... гэх хариуцагчийн тайлбараар нотлогдож байна.

 

11. Нэхэмжлэгч  дээрх төлбөрийг шилжүүлэхдээ 2024.10.15-ны өдөр *** ХХК-аас хөрөнгө барьцаалсан зээл зориулалтаар авсан 100 000 000 төгрөгөөр төлбөрийг шилжүүлсэн, энэ зээлийн хүүнд 2024 оны 11 сарын 05-ны өдрөөс эхлэн 2025 оны 08 сар хүртэл сар бүр 3 600 599 төгрөг төлөхөөр үүрэг хүлээсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн төлбөр шилжүүлсэн банкны дансны хуулга баримтаар тогтоогдож байна.

 

12. Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-т “худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ” гэж заасан.

13. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.2-т “гэрээ байгуулах үндэслэлийн талаар талуудын төсөөлөл буруу байсан бол түүнийг гэрээ байгуулах нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй адилтгаж үзнэ” гэж , мөн хуулийн 220.4-т “гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэжээ.

14. 2024 оны 08 сарын 14-ний өдөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд өмчлөгч Э.***, Биеэр бровн хаус ХХК нарын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээний зүйлийг хариуцагч нар дамжуулан түрээслэх зөвшөөрлийг өмчлөгч буюу түрээслүүлэгчээс аваагүй, гэрээгээр дамжуулан түрээслэхийг хориглосон, мөн худалдан авсан эд хөрөнгө өөр этгээдийн хөрөнгө болох нь гуравдагч этгээдийн тайлбар баримтаар тогтоогдож байна.

 

15. Хариуцагч талын гуравдагч этгээдтэй байгуулсан түрээсийн гэрээний зүйлийг доторх засан сайжруулалт буюу тохижилт эд хөрөнгө, үйл ажиллагаа явуулах эрх, түрээсийн гэрээний эрхийг Эд хөрөнгө худалдах, худалдан авах эрх шилжүүлэх гэрээ байгуулан нэхэмжлэгч шилжүүлэн авч, бэлэн бизнесийн үйл ажиллагаа явуулах хэрэгцээ шаардлага байсан боловч тухайн гэрээ бодитоор хэрэгжих боломжгүй, нэхэмжлэгчийн бэлэн бизнесийн үйл ажиллагаа буюу архи согтууруулах ундааны тусгай зөвшөөрөлтэй шууд ашгаа олох боломжтой гэсэн төсөөлөл буруу байсан, гэрээ байгуулснаас хойш нөхцөл байдал өөрчлөгдсөн нь нэхэмжлэгчийн тайлбар, гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтуудаар тогтоогдож байна.

 

16. Түүнчлэн ***хаягт байрлах 121.96 м кв талбай бүхий хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гуравдагч этгээд Э.*** энэхүү үл хөдлөх хөрөнгө, болон рестораны зориулалт бүхий бусад хөрөнгийг “***” ХХК-д 2025 оны 01 сарын 03-ны өдөр хүлээлгэн өгч, түрээслэсэн болох нь 2025.02.13-ны өдрийн Түрээсийн гэрээ баримтаар тогтоогдож байна./хэргийн 78-84 дүгээр тал/

 

17. Энэ нь нэхэмжлэгч хариуцагч нартай байгуулсан гэрээтэй холбоотой нөхцөл байдал өөрчлөгдснийг зохицуулах боломжгүй байдалд хүрсэн, өөрөөр хэлбэл гуравдагч этгээд нэхэмжлэгч талтай түрээсийн гэрээний зүйлийг үргэлжлүүлэн эзэмших, ашиглахыг зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэл болно.

 

18. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т “худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж, мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-т “эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж зохицуулсан.

 

19. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256.1-д заасан үндпэслэлтэй тул хариуцагч нараас гэрээний үүрэг шилжүүлсэн 130 000 000 төгрөг, хохирол 32 408 270 төгрөг нийт 162 408 270 гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

20. Гэрээнд заасан үйл ажиллагаа эрхлэх зорилгоор *** ХХК-аас авсан зээлийн төлбөрт шилжүүлсэн 2024 оны 11 сараас 2025 оны 03 сар, 2025 оны 05 сараас 2025.08.13 хүртэл төлсөн 32 408 270 төгрөгийг гэрээнээс татгалзсантай холбоотой нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцож нотлох баримтаар нотлогдсон хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэв.

 

21. Харин нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээний төлбөрийг нэхэмжлэгч шилжүүлснээс хойш *** ХК-аас зээл авсан байж болохыг үгүйсгэхгүй ч тухайн зээлийн мөнгөн хөрөнгийг талуудын хаооронд байгуулагдсан түрээсийн гэрээтэй холбоотой ямар үйл ажиллагаанд зарцуулсан нь ойлгомжгүй энэ талаар хангалттай нотлох баримт үгүй тул энэхүү зээлийн төлбөрийг нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцох үндэслэлгүй гэж үзэв.

 

22. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухаэй хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907 262 төгрөг, 332 579 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 969 991 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256.1-д зааснаар хариуцагч Л.***, Х.*** нараас гэрээний үүрэг шилжүүлсэн 130 000 000 төгрөг, хохирол 32 408 270 төгрөг нийт 162 408 270 гаргуулан нэхэмжлэгч ***т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22 380 796 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907 262 төгрөг, 332 579 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 969 991 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                             Ш.ОЮУНТУУЛ