Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 218/МА2022/00022

 

*******ийн нэхэмжлэлтэй 
иргэний хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар  
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж шийдвэрлэсэн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 139/ШШ2022/00357 тоот шийдвэртэй, 
Нэхэмжлэгч *******
Хариуцагч *******д холбогдох 
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Сайнбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Сайнбилэг, нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: ******* миний бие *******тэй 2012 оны 9 дүгээр сард үүрэн телефоны "Мобиком" ХХК-ий 99******* дугаарыг 300000 /Гурван зуун мянган/ төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, худалдах худалдан авах хэлцлийг амаар хийсэн. Гэрээний дагуу тохиролцсон төлбөрийг төлж, дугаар эзэмшигчийн гэрээг өөрийн нэр дээр шилжүүлье гэхэд ******* нь би энэ сард Мобикомоос гэрээ шилжүүлэх үйлчилгээ авчихсан, гэрээ шилжүүлэх үйлчилгээг нэг удаа л авах эрхтэй байдаг юм байна, эгч нь нэг хот орж ирэхдээ шилжүүлээд өгчихнө санаа зоволтгүй гээд төлбөрөө аваад явсан. Түүнээс хойш ******* нь өөрийн санаачилгаар нэг ч удаа утасдаагүй. Энэ хугацаанд би түүн рүү удаа дараа залгаж гэрээгээ шилжүүлж авмаар байна гэж хэлэхээр завгүй байна, удахгүй очно, хүлээж бай гэдэг байснаа сүүлдээ утсаа авахаа больсон. Улмаар утас нь холбогдохгүй болсон. Би 99******* дугаарыг 2012 оны 9 дүгээр сараас 2022 оны 2 дугаар cap хүртэл 10 жил эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд уг дугаарт миний ХААН, Төрийн банк, Худалдаа Хөгжлийн банкны Мобайл банк, РВ, Е-баримт, E-mongolia цахим үйлчилгээнд бүртгүүлсэн хувийн мэдээлэл, банкны зээлийн мэдээлэл байдаг ба нэхэмжлэхийг уг дугаараар хүлээж авдаг байсан. Гэтэл ******* 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр дугаарын ярих эрхийг хаалгаж, намайг бусадтай утсаар ярих, мессежээр болон мессенжерээр мессеж бичих, банкны гүйлгээ хийх, цахимаар төрийн үйлчилгээ авах зэрэг боломжгүй болгосон. ******* нь одоогоос 10 жилийн өмнө тухайн үеийн ханшаар өөрийн эзэмшиж байсан дугаараа худалдчихаад гэрээний дагуу дугаарыг шилжүүлэх үүргээ гүйцэтгэхгүй, надад чирэгдэл учруулсны эцэст ямар ч үндэслэлгүйгээр дугаарыг хаалгаж намайг маш их хохироож байна. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар 99******* дугаарын 20195474 тоот “Хэрэглэгчийн гэрээ”-г худалдан авагч ******* миний нэр дээр шилжүүлж өгөхийг худалдагч *******д даалгаж өгнө үү гэжээ. 
2. Хариуцагчийн тайлбарын, татгалзлын агуулга: ...******* Мобикомын 99******* дугаар эзэмшигч болж гэрээ байгуулсан. Өнөөдрийг хүртэл тус дугаар нь ******* эзэмшигч нь юм гэдгийг Мобикомоос албан бичгээр өгсөн байгаа. ...Гар утасны компани үйлчилгээ үзүүлэхдээ ашиглаж байгаа тоон илэрхийлэл нь Монгол Улсын харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1,12-д зааснаар Монгол Улсын харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу гаргасан дуудлагын чиглэлийг тодорхойлох, хэрэглэгчийг таньж илрүүлэх зориулалттай тоон илэрхийлэл. Харин оператор компани нь тухайн дугаарлалтыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашиглаж, гуравдагч этгээдэд хэрэглүүлдэг. Мобиком компанийн гэрээгээр зөвхөн гэрээнд заасан нөхцөлөөр ашиглуулна гэж заасан. Энэ нөхцөл байдлаас харахад ******* тухайн дугаарын хууль ёсны эзэмшигч мөн тул эрх ашиг нь хөндөгдөж байна. Иргэний хуулийн 41.1-д хүсэл зоригийн агуулга гэдгийг хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн эрмэлзлийн мөн чанар, харин мөн зүйлийн 41.2-д заасан хүсэл зоригийн илэрхийллийн утга гэдгийг энэхүү эрмэлзлийн гадаад илэрхийллийн гол санаа гэнэ гэж заасан. Иргэний хуулийн 43.4-д зааснаар хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцно. Хэрэв худалдах, худалдан авах гэрээний дагуу бол хуулийн дагуу явагдах ёстой. Талууд гэрээний тодорхой агуулгын талаар тохирч чадаагүй бол хэлцэл хийгдээгүйд тооцно. Үндсэн гэрээ байгуулагдахыг шаардана. Үүргийн гүйцэтгэлийг шаардана. Гэтэл худалдах, худалдан авах гэрээ байхгүй, хэлцэл байхгүй. Гэрээ байхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 
             3. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Мобикомын үүрэн холбооны 99******* дугаарын 20195474 тоот хэрэглэгчийн гэрээг нэхэмжлэгч ******* овогт *******ын ******* /*******/-т шилжүүлэхийг хариуцагч ******* овогт ийн ******* //-д даалгаж,
3.2. Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ. 
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Сайнбилэг шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэдгийг нотлох баримт хавтаст хэргийн материалд авагдаагүй байхад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тэй 2012 оны 9 сард үүрэн телефоны “Мобиком” ХХК-ий 99******* дугаарыг 300000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож худалдах, худалдан авах хэлцлийг амаар хийсэн гэх боловч хариуцагчийн зүгээс худалдах, худалдан авах хэлцэл хийгдээгүй, нэхэмжлэгч *******ийн хүсэлтээр түр хугацаанд тэрхүү дугаарыг ашиглуулсан гэж тайлбар хийсэн. Өөрөөр хэлбэл талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасны дагуу хэлцэл хийгдсэн эсэх нь тодорхойгүй, хэлцэлтэй холбоотой хангалттай нотлох баримт байхгүй. Үндсэн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй байх нөхцөл нь үндсэн гэрээ байгуулагдсан, үүрэг үүсэх эрхзүйн үйл баримт тогтоогдсон байхыг шаардана. Тухайн иргэний хэргийн материалд авагдсан баримтын хүрээнд *******, ******* нарын хооронд худалдах, худалдан авах хэлцэл амаар хийгдсэн гэдгийг нотлох баримт хангалттай байхгүй тул гэрээний үүрэг үүсээгүй, үүрэг гүйцэтгэх, үүргийг гүйцэтгүүлэх эрх зүйн үр дагавар байхгүй гэж үзэж байна. 
           ...Хэргийн 91-рт байх баримт нь эх баримт биш төдийгүй нотариатаар гэрчлүүлээгүй баримт байх тул Анхан шатны шүүх тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.3, 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах хэлбэрийн шаардлага хангаагүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. 
            Иймд Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 139/ШШ2022/00357 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.  
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа давж заалдах гомдолд гаргасан тайлбар болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Үүрэн телефоны Мобиком компанийн 99******* дугаарын төлбөрийг нэхэмжлэгч ******* нь 2012 оны 10 дугаар сараас эхлэн төлсөн талаар түүний ХААН банк дахь 5040004705 тоот данснаас төлж байсан банкны гүйлгээний дэлгэрэнгүй хуулга хавтас хэргийн 5-75 дугаар талд, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ Даатгуулагчийн мэдээлэлд ******* утас 99******* хавтас хэргийн 105 дугаар талд, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт хавтас хэргийн 106-109 дугаар талд, кредит картын гэрээ хавтас хэргийн 110-112 дугаар талд, 2012.10.01-ний өдрөөс 2022.02.28-ны өдрийг хүртэл төлбөр төлөлтийн мэдээлэл хавтас хэргийн 141-142 дугаар талд тус тус авагдсан нотлох баримтаар уг дугаарыг нэхэмжлэгч ******* ашигласан нь нотлогдоно.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д ”Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж заасан. Хариуцагч *******, нэхэмжлэгч ******* нарын хооронд хийсэн хэлцлийг хуульд заавал бичгээр хийхийг шаардаагүй тул талууд гол нөхцөлийн талаар амаар харилцан тохирч, төлбөрийг худалдан авагч тал төлсөн.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д ”хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон;” бол, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т: ”Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ.” гэж заасны дагуу хариуцагч ******* нь өөрийн эзэмшиж байсан 20195474 гэрээтэй 99******* дугаараа нэхэмжлэгч *******тэй 300000 төгрөгөөр өгч авахаар тохирч, өөрийн тодорхой үйлдлээр дугаарыг 10 жилийн турш *******т эзэмшүүлсэн тул талуудын хооронд “Худалдах, худалдан авах гэрээ”-ний харилцаа буюу үүрэг үүссэн.
2. Гомдолд дурдаж буй нотлох баримтыг хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн ба Мобиком ХХК-ийн Дундговь аймгийн салбараас 2022.04.13-ны өдрийн байдлаар 99******* дугаар овогтой *******ийн нэр дээр болохыг тодорхойлж үүрэн телефоны гэрээ, өргөдлийн маягтын хамт хуулбарлан, тэмдэг дарж ирүүлсэн байна. 
Байгууллагын тэмдэг дарагдсан хуудасны хх-94-р талд авагдсанаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээр дүгнэлтийг гаргажээ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлагыг хангасан байна. 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д заасны дагуу гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
     
ХЯНАВАЛ:

     Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд *******ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч эрх харилцааг буруу тодорхойлж, Иргэний хуульд заасан худалдах худалдан авах гэрээний зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. 
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж,  хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах боломжтой гэж үзэв.
    Нэхэмжлэгч тал хариуцагчтай үүрэн холбооны 99******* дугаарыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэн нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тайлбарлаж, хариуцагч худалдаж авах талаар хэлцэл тохироо хийгээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан атлаа ******* 2012 оноос 2022 оны 2 сарыг хүртэл уг дугаарыг ашиглаж, дугаарыг ашигласантай холбоотой гарсан зардлыг бүрэн хэмжээгээр хариуцаж төлж байсан үйл баримтад хэн хэн нь  маргаагүй байна.
           Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Мобиком Дундговь салбарын 2022 оны 04 сарын 13-ны өдрийн 02 дугаартай албан бичиг /хэргийн 90-р хуудас/, 20195474 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээний хуулбар /хэргийн 91-р хуудас/, 20195474 дугаартай гэрээний өргөдлийн маягтын хуулбар /хэргийн 92-р хуудас/ зэрэг баримтуудаар Мобикомын үүрэн холбооны 99******* дугаарын эзэмшигч нь хариуцагч ******* мөн болох нь тогтоогдсон гэж, 
           Нэхэмжлэгч *******ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 5-75 хуудас/, авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, баталгаа /хэргийн 105-р хуудас/, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт /хэргийн 106-109 хуудас/, кредит картын гэрээ /хэргийн 110-112 хуудас/, Мобиком корпорац ХХК-ий 2022 оны 06 сарын 29-ний өдрийн 4/6473 дугаартай албан бичиг, 2012.10.01-2022.02.28 төлбөр төлөлтийн мэдээлэл /хэргийн 141-142 хуудас/ баримтуудаар 2012 оны 10 сараас 2022 оны 2 сарыг хүртэл нэхэмжлэгч ******* нь Мобикомын үүрэн холбооны 99******* дугаарыг эзэмшиж, ашиглаж байсан үйл баримт тогтоогдсон гэж  тус тус дүгнэсэн байна. 
           Нэхэмжлэгч талаас Мобикомын үүрэн холбооны 99******* дугаарыг 300000 төгрөгөөр худалдсан гэж тайлбарласан байх бөгөөд уг мөнгийг авсанд хариуцагч мөн маргаагүй байна. 
Тухайн дугаар худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр шилжээгүй юм бол чухам яагаад бусдад ашиглагдах болсон талаар  шүүхийн тодруулах асуултад зүгээр л ашиглуулсан гэх байдлаар хариуцагч тайлбарласан нь татгалзал нотлогдоогүй гэж үзэх үндэслэл болсон байна. 
           Энэхүү үйл баримтад анхан шатны шүүх “... хэрэв нэхэмжлэгч ******* шударга бусаар дугаарыг эзэмшиж байсан  бол хариуцагч ******* Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т зааснаар “Шударга эзэмшигч өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө гурван жилийн дотор шинэ эзэмшигчээс буцаан шаардах эрхтэй”, гэсний дагуу энэ эрхээ хэрэгжүүлэх байсан. Гэтэл 10 жилийн турш нэхэмжлэгч *******т 99******* дугаарыг ашиглуулсан  нь талуудын хооронд уг дугаарыг эзэмших эрхийг худалдах худалдан авах хэлцэл хийгдсэн гэх  үндэслэл болно гэж  дүгнэсэн нь  зөв байна. 
           Харин шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь энэхүү гэрээний зүйл нь “...хөрөнгө...” байна гэж хууль тогтоогч хуульчилсан Иргэний хуулийн 83 дугаар зүйлд хөрөнгө гэдгийг аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно. гэж, 85 дугаар зүйлийн 85.1-д “Устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг нь хуульд заасан тохиолдолд иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект болно.” 85.2-т “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна.” гэж тодорхойлжээ. 
           Хуулийн энэхүү тодорхойлолтоос үзвэл үүрэн холбооны дугаарыг хөрөнгө гэж үзэхгүй. Нөгөө талаар хэрэгт цугларсан нотлох бартуудад үүрэн холбооны дугаарыг эзэмших эрх гэж томьёолж, тодорхойлж байна. Энэ үндэслэлээр зохигчид эд юмс биш эрх худалдаж, худалдан авч байгаа үйл баримт тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан эрх, шаардлага, бусад эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх нь уг хуулийн  энэхүү зохицуулалтад нийцнэ.
           Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх нь Иргэний эрх зүйн хамгаалалтын арга болохыг хуульчилсан бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болсныг шүүх хангаж Мобикомын үүрэн холбооны 99******* дугаарын 20195474 тоот хэрэглэгчийн гэрээг нэхэмжлэгч *******т шилжүүлэхийг хариуцагч *******д даалгаж шийдвэрлэсэн нь үндэстэй гэж үзэн шийдлийг хэвээр үлдээн, хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулахаар тогтов.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 139/ШШ2022/00357 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын Иргэний хуулийн “243 дугаар зүйлийн 243.1” гэснийг “260 дугаар зүйлийн 260.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.   
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай. 
4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын  журмаар  гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 


                              ДАРГАЛАГЧ                              Ш.ТӨМӨРБААТАР 

                                  ШҮҮГЧИД                              Х.ГЭРЭЛМАА

                                                                                 Ц.ОТГОНЦЭЦЭГ