Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 226/МА2022/00030

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 24-ний өдөр            226/МА2022/00030                                     Хэрлэн сум

 

 

 

 

Н.О-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Хэнтий аймгийн Дадал сумын

Засаг дарга Д.М-од холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2022/00030/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

Нэхэмжлэгч Н.О-,  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг /цахимаар/, 

Хариуцагч Хэнтий аймгийн Дадал сумын Засаг дарга Д.М-,  

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхжаргал /цахимаар/,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 156/ШШ2022/00376 дугаар шийдвэртэй Н.О-ын нэхэмжлэлтэй хариуцагч Хэнтий аймгийн Дадал сумын Засаг дарга Д.М-од холбогдох “Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б/10 дугаартай Н.О-ыг албан тушаал бууруулах тухай захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 1.789.209 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах тухай” иргэний хэргийг хариуцагч Хэнтий аймгийн Дадал сумын Засаг дарга Д.М-ын гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Н.О- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул иргэн бөгөөд 1992 онд сумандаа 10-р анги төгсөөд цэцэрлэгт бүлгийн багшаар, 1995-2000 онд Эрдэнэт хотын Х театрт бүжгийн багшаар тус тус ажиллаж байгаад 2000 онд Хэнтий аймгийн Дадал суманд ирсэн. 2005-2006 онд Дадал суманд Дэлхийн зөн ОУБ-ын “Малчдын амьжиргааг дээшлүүлэх төсөл”-ийн сургалтын зохицуулагчаар ажиллаж байхдаа сургууль завсардсан 18-19 насны хүмүүст албан бус боловсрол олгох багшаар ажиллаж байсан юм. Дараа нь сонгон шалгаруулалтад тэнцэж, 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Дадал сумын Засаг даргын захирамжаар тус сумын цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдож өдий хүртэл ажилласан. Намайг анх томилогдоход тус цэцэрлэг 4 эсгий гэрт үйл ажиллагаа явуулж, зориулалтын бус дүнзэн байшинд гал тогоо нь байрлаж, мэргэжлийн бус багш нар үйл ажиллагаа явуулж байсан тул цэцэрлэгийн шинэ барилга бариулах талаар сумын Засаг даргын хамт хөөцөлдөж 2011 онд 508.000.000 төгрөгийн өртөгтэй 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон, аймгийн Засаг дарга, сумын Хилийн цэргийн 0287-р ангийн захирагч нартай хамтран мэргэжлийн багш нараас бүрдсэн цэцэрлэгийн салбар бүлэг байгуулсан. 2019 оны хавар Хилийн цэргийн 0287 дугаар ангийн захирагч, сумын Засаг дарга нарын хамт БСШУЯ-ны Барилга, хөрөнгө оруулалтын газрын даргыг Дадал суманд ирэх үед уулзан АНУ-н Армийн инженерүүдийн газрын хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилга бариулахаар шийдвэрлүүлж 2022 оны 09 сард ашиглалтад орохоор төлөвлөн одоо барилга нь баригдаж байна.  Мөн багш нарын боловсролын зэргийг ахиулах талаар анхаарсны дүнд 8 багш боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалсан.

Ер нь би 10 гаруй жил байгууллага удирдахдаа ёс зүйн зөрчил гаргаж, хамт олны дунд таагүй уур амьсгал бүрдүүлж, ажил үүргээ хэрэгжүүлэхдээ хувийн үзэл бодлоо хамт олонд тулгаж, дарамталж байсангүй, аль болох л дэмжиж, эв нэгдэлтэй ажиллахыг эрхэмлэж ирсэн.

Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр томилогдсон засаг дарга Д.М- 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/10 дугаартай захирамжаар намайг "ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн, хяналт шалгалтаар хангалтгүй дүн авсан, 2021 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар зөрчилтэй гарсан" гэх үндэслэлээр миний хөдөлмөрийн гэрээг цуцалж, намайг албан тушаал бууруулсан.

Засаг даргын Б/10 дугаартай тушаалд:

1. 2022.02.01-ний өдрийн 24 тоот Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсрол төвийн багш, удирдах ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 4.2.2 “...хамт олны эв нэгдлийг дээдлэх”, 4.3.5 “...хамт олны дунд таагүй уур амьсгал үүсгэх, аливаа үйл, үйлдэлд оролцохгүй, хөхүүлэн дэмжихгүй байх", 4.4.4 "Чиг үүргээ хэрэгжүүлэхдээ “...хувийн үзэл бодлоо хамт олонд тулган хүлээлгэхгүй, уриалахгүй байх" гэснийг зөрчсөн гэж буруутгасан байгаа ч Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт, хурлын тэмдэглэлээс үзэхэд намайг хэзээ, ямар зөрчил гаргасныг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, дүгнэлт нь үндэслэл муутай байна. Харин ч би хамт олны эв нэгдлийг дээдэлж ажилладаг. Энэ нь цэцэрлэгийн хамт олон намайг ажлаас халуулахгүй гэж 8-р сард Засаг даргад өргөдөл барьж орсон, Засаг дарга албан тоотоор хамт олонд хариу өгсөн байдлаас, мөн 2010 оноос хойш өдийг хүртэл ямар ч арга хэмжээ авагдаж байгаагүй зэргээс харагдаж байна.

2. Аудитын зөрчлийн тухайд: 2022 оны эхээр төсөвт байгууллагуудад хийгдсэн 2021 оны жилийн эцсийн төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитын шалгалт, дүгнэлтээр төлбөрийн акт тавигдаж, албан шаардлага ирсэн бөгөөд зөрчлөө 2022.06.25-ны дотор арилгах, биелэлтийг ирүүлэх үүрэг өгсөн. Ямар ч байгууллагад санхүүгийн хяналт шалгалтаар их, бага хэмжээгээр зөрчил гардаг. Би хувьдаа завшиж дутагдуулсан, ноцтой зөрчил гаргасан зүйл байхгүй, арилгах, залруулах боломжтой, хугацаа заагаад 2022.03.23-ны өдөр акт, албан шаардлага ирүүлсэн, биелэлтийн хариу өгөх хугацаа нь болоогүй байхад намайг зөрчил гаргасан буруутай гэж тушаалын нэг үндэслэлдээ тусгасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шинэчлэгдсэн батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль 2022 оны 01 сараас мөрдөгдөж ирсэнтэй холбоотой Дадал суманд Хөдөлмөрийн маргаан таслах комисс одоогоор байгуулагдаагүй, ер нь маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэх боломжгүй тул шүүхэд хандсан.

Иймд Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын 2022.04.25-ны өдрийн Б/10 тоот "Н.О-ыг албан тушаал бууруулах тухай" захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулахаар нэхэмжилж байна.

Одоогийн байдлаар ажлаас халагдсан 2022.04.25-2022.05.31-ний өдрийг дуустал хугацаанд сүүлийн 3 сарын цалин буюу 2022 оны 02-04 сарын цалин 1.313.898+1.350.859+1.576.678=4.241.435 төгрөг бөгөөд 4.241.435:3=1.413.811 төгрөг /сарын дундаж цалин/ болно. 4 дүгээр сарын 25-30-ны өдрийн хооронд ажлын 5 хоногийн цалин 375.398 төгрөг+1.413.811 /5 cap/=1.789.209 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахаар нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагч Хэнтий аймгийн Дадал сумын Засаг дарга Д.М- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нямдорж овогтой Н.О-ыг 2010 оноос тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж ирсэн тэр цагаас мэднэ. Тус цэцэрлэгийн 15 албан хаагчид 2017 оны 08 сард Н.О-т холбогдуулан “албан хаагчдаа дарамталдаг, ялгаварлан гадуурхдаг, ёс зүйн алдаа дутагдал гаргадаг, санхүүгийн болон удирдлагын алдаа дутагдал гаргадаг” зэргээр сумын ИТХ-д өргөдөл гаргаж тухайн үед ажлын хэсэг гарч шалгаж байсан бөгөөд тухайн үеийн сумын Засаг дарга тус үйлдлийг хаацайлан хамгаалж Н.О-ыг цалингийн хувиар сахилгын шийтгэл оногдуулан өнгөрөөж байсан. Мөн тухайн үйл явдлаас хойш цэцэрлэгийн зарим албан хаагчид ажлын байрны дарамт, ёс зүйн зөрчил байсаар байгаа талаар удаа дараа амаар гомдол гаргаж байсан.

Миний бие 2020 онд Дадал сумын Засаг даргаар томилогдож байгууллагын дарга нартай жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах, хариуцлагын гэрээ байгуулах зэрэгтээ ёс зүйн алдаа дутагдал гаргахгүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж байх, төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж ажиллах талаар байнга сануулж, байгууллагын хамт олны уур амьсгалыг сайтар сахиж ажиллах зэргээр үүрэг чиглэл өгч ажиллаж байсан. Гэвч Н.О- нь зарим тохиолдолд чөлөө авалгүй хот, аймаг явах, үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх зэргээр алдаа дутагдал гаргасаар байсан.

 Н.О-ыг албан тушаал бууруулсан үндэслэл нь:

1. Тус сумын нэр бүхий иргэдээс 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр цэцэрлэгийн эрхлэгч Н.О- нь ёс зүй алдаа дутагдал гаргаж, айл гэр бүл үймүүлж, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж нийгэмд удирдах албан тушаалтны нэр хүнд, цэцэрлэгийн нэр хүндийг унагах ёс зүйн алдаа гаргаж байгаа талаар сумын Засаг даргад өргөдөл ирж түүний дагуу хяналт шалгалт явуулж, сумын Засаг даргын 2021 оны 08 сарын 17-ны өдрийн 1/437 тоот албан бичгээр цаашид хамтран ажиллах боломжгүй болохоо илэрхийлж, 2021 оны 09 сарын 15-ны өдрийн Б/21 тоот сумын Засаг даргын захирамжаар Н.О-т сахилгын шийтгэл оногдуулж, 01 сарын үндсэн цалинг 20 хувь бууруулах арга хэмжээ авсан. Мөн түүнээс хойш 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр сумын Засаг даргад цэцэрлэгийн 17 нэр бүхий албан хаагчдаас Н.О-тай хамтран ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлж, 4 заалт бүхий өргөдөл гаргасан. Тус өргөдлийг хуулийн дагуу хянан шалгах ажлын хэсгийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/223 дугаар захирамжаар томилж өргөдлийн дагуу хяналт шалгалт явуулж зөрчил дутагдлыг илрүүлсэн. Тус цэцэрлэгийн албан хаагчид мөн аймгийн Боловсролын газар, Мэргэжлийн хяналтын газарт уг өргөдлөө гаргасныг тус газруудаас хяналт шалгалт хийж, тайлан дүнг гаргасан. Тус өргөдөл болон дээрх 2 байгууллагын зүгээс Н.О-ын талаар аймгийн Багшийн ёс зүйн зөвлөлийн хурлаар 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хэлэлцэж 100 хувийн саналаар "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсрол төвийн багш удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийн холбогдох заалтыг зөрчсөн тухай шийдвэрийг аймгийн Боловсролын газрын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 24 тоот албан бичгээр ирсэн нь арга хэмжээ авах нэг үндэслэл болсон.

2. Н.О- нь Аймгийн Засаг даргын 2021 оны А/105 дугаар захирамжийн хүрээнд сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн баталсан удирдамжаар нийт төсөвт байгууллагуудад хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээгээр 58.8 оноо авч хангалтгүй дүгнэгдэж, мөн 2021 оны ажлын гүйцэтгэл үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлэх үнэлгээ буюу жилийн эцсийн үнэлгээгээр 69.5 оноо буюу ажлаа сайжруулах шаардлагатай гэж үнэлэгдсэн боловч тухайн үнэлгээгээр өгөгдсөн үүрэг даалгавар болон ажил төрлөө сайжруулахгүй, алдаа дутагдал гаргасаар байсан.

3.  2021 оны байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаар 2 албан шаардлага, 2 акт тавиулж, зөрчил дутагдал гаргасныг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/70 дугаар сумын Засаг даргын захирамжаар сонсох ажиллагаа явуулж тайлбар тэмдэглэл хийж, албан тушаал бууруулах арга хэмжээг авсан бөгөөд цэцэрлэгийн эрхлэгчийн түр орлон гүйцэтгэгчээр бүлгийн багш А.С-гг томилж, Н.О-ыг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр бүлгийн багшаар мөн томилж ажлын байраар хангасан.

Гэвч Н.О- нь тус ажлыг хийлгүй хаяж яван 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өргөдөл ирүүлж, Хэнтий аймгийн 7 дугаар цэцэрлэгт хөгжмийн багшаар ажилласан. Засаг даргын хувьд ажил сайжруулах чиглэлээр ажил хэргийн хүрээнд тодорхой шаардлага тавьдаг байсан ба тухайн байгууллагад ажиллаж байсан нэр бүхий иргэдийн өргөдөл, аймгийн Багшийн ёс зүйн зөвлөлийн шийдвэр, аудитын тайлан, бусад баримтыг үндэслэн албан тушаал бууруулах арга хэмжээ авсан. Гэтэл өөрийн хүсэлтээр уг ажлаасаа чөлөөлөгдөж, одоо өөр ажил, албан тушаал эрхэлж байгаа талаар баримт мэдээлэл ирсэн. Иймд Н.О-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 156/ШШ2022/00379 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, 123.4, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б/10 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Н.О-ыг урьд эрхэлж байсан цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажилгүй байсан хугацааны цалин 1.789.209 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар тус тус заан шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Хэнтий аймгийн Дадал сумын Засаг дарга Д.М- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Н.О- нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа "2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/10 дугаартай захирамжийг эс зөвшөөрч албан тушаал бууруулж, хөдөлмөрийн гэрээ цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн ба "намайг хэзээ, ямар зөрчил гаргасныг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, дүгнэлт нь үндэслэл муутай байна” гэсэн байна.

Би түүний гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар анхан шатны шүүхэд хангалттай тайлбарлаж, нотлох баримтыг аргаж өгсөн.

Уг шийдвэр гарахаас өмнө сумын нэр бүхий иргэдээс 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “цэцэрлэгийн эрхлэгч Н.О- нь ёс зүйн алдаа дутагдал гаргаж, айл гэр бүл үймүүлж, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж нийгэмд удирдах албан тушаалтны нэр хүнд, цэцэрлэгийн нэр хүндийг унагах ёс зүйн алдаа гаргасан” талаар сумын Засаг даргад өргөдөл ирж түүний дагуу хяналт шалгалт явуулж, сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1/437 тоот албан бичгээр цаашид хамтран ажиллах боломжгүй болохоо илэрхийлж, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/21 тоот сумын Засаг даргын захирамжаар Н.О-т сахилгын шийтгэл оногдуулж, 01 сарын үндсэн цалинг 20 хувь бууруулах арга хэмжээ авсан ба энэ захирамжийн үйлчлэл дуусаагүй байна.

Мөн түүнээс хойш 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр сумын Засаг даргад цэцэрлэгийн 17 нэр бүхий албан хаагчдаас “Н.О-тай хамтран ажиллах боломжгүй” гэдгээ илэрхийлж, 4 заалт бүхий өргөдөл гаргасан. Тус өргөдлийг хуулийн дагуу хянан шалгах ажлын хэсгийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/223 дугаар захирамжаар томилж өргөдлийн дагуу хяналт шалгалт явуулж зөрчил дутагдлыг илрүүлсэн.

Тус цэцэрлэгийн албан хаагчид мөн аймгийн Боловсролын газар, Мэргэжлийн хяналтын газарт уг өргөдлөө гаргасныг тус газруудаас хяналт шалгалт хийж, тайлан дүнг гаргасан. Үүнийг үндэслэн аймгийн Багшийн ёс зүйн зөвлөлийн хурлаар Н.О-ын талаар 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хэлэлцэж 100 хувийн саналаар "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсрол төвийн багш удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийн холбогдох заалтыг зөрчсөн тухай аймгийн Боловсролын газрын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 24 тоот албан бичгээр ирсэн нь арга хэмжээ авах нэг үндэслэл болсон.

Н.О- нь Аймгийн Засаг даргын 2021 оны А/105 дугаар захирамжийн хүрээнд сумын Засаг даргын 2021 оны 09 сарын 14-ний өдрийн баталсан удирдамжаар нийт төсөвт байгууллагуудад хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээгээр 58.8 оноо авч хангалтгүй дүгнэгдэж, мөн 2021 оны ажлын гүйцэтгэл үр дүн, мэргэжлийн түшинг үнэлэх үнэлгээ буюу жилийн эцсийн үнэлгээгээр 69.5 оноо буюу ажлаа сайжруулах шаардлагатай гэж үнэлэгдсэн боловч ажил төрлөө сайжруулахгүй, алдаа дутагдал гаргасаар байсан.

2021 оны байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаар 2 албан шаардлага, 2 акт тавиулж, зөрчил дутагдал гаргасныг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/70 дугаар сумын Засаг даргын захирамжаар сонсох ажиллагаа явуулж тайлбар тэмдэглэл хийж, албан тушаал бууруулах арга хэмжээг авсан бөгөөд цэцэрлэгийн эрхлэгчийн түр орлон гүйцэтгэгчээр А.С-г томилж, бүлгийн багшаар Н.О-ыг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр томилж ажлын байраар хангасан ч өөрөө хүсэлтээр өөр газар ажиллаж байна.

Шүүхээс тухайн асуудлыг судалж үндэслэх хэсэгт дурдахдаа Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, 123.4, Боловсролын хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.13-т "хуульд заасан бусад бүрэн эрхийг эдэлнэ" гэсэн эрхийн хүрээнд хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэлийг хүлээлгэх бүрэн боломжтой тул дээрх үндэслэлээр хариуцагчийг буруутгах боломжгүй байна гэсэн дүгнэлтийг хийсэн.

Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Н.О- хэзээ, хаана ямар үйлдэл гаргаж, түүнийг ёс зүйн зөрчил гэж үзсэн нь тодорхойгүй гэж дүгнэн түүнийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буцаан тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна .

Н.О- нь цэцэрлэгийн багшаар ажиллаж байхдаа үргэлжилсэн байдлаар ёс зүйн зөрчил гаргаж цэцэрлэгийн нэр хүндийг унагасан үйлдлийг Хэнтий аймгийн Боловсролын газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 24 тоот дүгнэлтээр "Хамт олны эв нэгдлийг дээдлээгүй, хамт олны дунд таагүй уур амьсгал үүсгэх, аливаа үйлдэлд оролцохгүй, хөхүүлэн дэмжихгүй байх, чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хувийн үзэл бодлоо хамт олондоо тулгахгүй байх, уриалахгүй байх" гэснийг зөрчиж ёс зүйн алдаа гаргасныг тогтоосон. Дээрх дүгнэлтийг үгүйсгэсэн, хүчингүй болгосон өөр эрхийн акт байхгүй.   

Мөн ганцхан энэ зөрчилд биш үр дүнгийн гэрээгээр хангалтгүй үнэлгээ авсан, санхүүгийн зөрчил гаргасан нь тогтоогдсон тул бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх шаардлагатай байсан тул Н.О-ын хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан ажлаас чөлөөлөөгүй, сахилгын арга хэмжээ авч албан тушаал бууруулсан шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-д заасныг зөрчөөгүй. Энэ арга хэмжээг авахдаа би Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасны дагуу Н.О-т өөрт нь урьдчилан мэдэгдэж, холбогдох сонсох ажиллагааг хийж, зөрчил үйлдсэн нь баримтаар нотлогдсон тул арга хэмжээг авсан.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч Н.О- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтын “...үлдэх ажилгүй байсан хугацааны цалин 1.789.209 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон” хэсгийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин 1.789.209 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж, нотлох баримтаар Хэнтий аймгийн Дадал сумын цэцэрлэгийн цалингийн картын хуулбар, Сургуулийн өмнөх боловсролын 2021 оны төсвийн зарлагын сар, улирлын хуваарь, Дадал сумын цэцэрлэгт ажиллаж буй даатгуулагчдын 2022 оны 03 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас Хэнтий аймгийн Дадал сумын цэцэрлэгийн эрхлэгчээр түр орлон гүйцэтгэгч А.С-г томилсон Засаг даргын захирамжийг гарган өгсөн бөгөөд уг захирамжид түүний цалинг тогтоосон нь хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн байтал ажилгүй байсан хугацааны цалин 1.7 сая төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаагүйд гомдолтой байна.

2. Түүнчлэн Засаг дарга нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Дадал сумын цэцэрлэгийн эрхлэгчийн орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласан байгаа нь шүүхийн шийдвэрийг үл хүндэлж байгаагийн нэг хэлбэр гэж үзэж байна.

3. Нэхэмжлэгч би ажлаас үндэслэлгүй халагдсанаас нэлээдгүй хохирч цалингүй олон сар болсон бөгөөд энэхүү маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дараа өөрт учирсан хохирлыг жич нэхэмжлэх болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...үлдэх ажилгүй байсан хугацааны цалин 1.789.209 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон” хэсгийг хүчингүй болгож, хуульд заасан журмаар өөрчлөлт оруулан, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар зөвхөн нэхэмжлэгч, хариуцагч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Нэхэмжлэгч Н.О- нь хариуцагч Хэнтий аймгийн Дадал сумын Засаг дарга Д.М-од холбогдуулан “Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б/10 дугаартай Н.О-ыг албан тушаал бууруулах тухай захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 1.789.209 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “...тухайн байгууллагад ажиллаж байсан нэр бүхий иргэдийн өргөдөл, аймгийн Багшийн ёс зүйн зөвлөлийн шийдвэр, аудитын тайлан, бусад баримтыг үндэслэн албан тушаал бууруулах арга хэмжээ авсан. ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б/10 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Н.О-ыг урьд эрхэлж байсан цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмаар үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримтыг тодруулбал:

Нэхэмжлэгч Н.О- нь Хэнтий аймгийн Дадал сумын цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан ба түүнд тус сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/10 дугаартай захирамжаар албан тушаал бууруулахаар шийдвэрлэсэн үйл баримт хэрэгт цугларсан Хэнтий аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 27-ны А/377 дугаартай “Сургуулийн захирал цэцэрлэгийн эрхлэгч нарыг үргэлжлүүлэн ажиллуулах” тухай захирамж, 2019, 2020, 2021 онуудын “улирлын урамшуулал олгох” тухай захирамжууд, Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/15,  2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б/10 тоот захирамжуудаар тогтоогдож байна. 

 

Шүүх Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.12, 31.1.13, Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.4-д заасанчлан сумын Засаг даргыг ажил олгогч гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан этгээдэд зохих арга хэмжээг авах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Давж заалдсан гомдлын тухайд:

Хариуцагч: “...Багшийн ёс зүйн зөвлөлийн хурлаас "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсрол төвийн багш удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийн холбогдох заалтыг зөрчсөн тухай шийдвэр гарсан, ...Н.О- нь төсөвт байгууллагуудад хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээгээр 58.8 оноо, 2021 оны жилийн эцсийн үнэлгээгээр 69.5 оноо авч хангалгүй үнэлэгдсэн,  2021 оны байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаар 2 албан шаардлага, 2 акт тавиулж, зөрчил дутагдал гаргасныг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/70 дугаар сумын Засаг даргын захирамжаар сонсох ажиллагаа явуулж тайлбар тэмдэглэл хийж, албан тушаал бууруулах арга хэмжээг авсан.

 

Шүүхээс “...Н.О- хэзээ, хаана ямар үйлдэл гаргаж, түүнийг ёс зүйн зөрчил гэж үзсэн нь тодорхойгүй...” гэж дүгнэн түүнийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буцаан тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

 Хариуцагч нь нэхэмжлэгчийг хэзээ үйлдсэн, ямар сахилгын зөрчилд холбогдуулан хариуцлага хүлээлгэж байгаагаа шүүхэд нотлох үүрэгтэй ба хэрэгт хавсаргасан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд нэхэмжлэгчийг ёс зүйн болон ажил үүрэгтэй нь холбогдуулан зөрчил дутагдал гаргасан талаар тэмдэглэл, акт, шаардлага, албан бичгүүдэд дурдагдсан боловч чухам ямар зөрчил хэзээ гаргасан нь тодорхойгүй байгаа талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт “...Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна...” гэж заасан бөгөөд ажил олгогч нь зөрчил гаргасан өдөр болон түүнийг илрүүлсэн өдрүүдийг зайлшгүй тодруулах шаардлага нь хуулийн дээрх заалтаас урган гарч байгаа болно.

 

Нэхэмжлэгч: “...Хэнтий аймгийн Дадал сумын цэцэрлэгийн цалингийн картын хуулбар, Сургуулийн өмнөх боловсролын 2021 оны төсвийн зарлагын сар, улирлын хуваарь, Дадал сумын цэцэрлэгт ажиллаж буй даатгуулагчдын 2022 оны 03 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас Хэнтий аймгийн Дадал сумын цэцэрлэгийн эрхлэгчээр түр орлон гүйцэтгэгч А.С-г томилсон Засаг даргын захирамжийг гарган өгсөн бөгөөд уг захирамжид түүний цалинг тогтоосон ...байтал ажилгүй байсан хугацааны цалин 1.7 сая төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаагүйд гомдолтой байна...” гэжээ.

 

Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/10 тоот захирамжаар Н.О-т албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсныг шүүх хүчингүй болгосон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт “...Ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно...” хэмээн хуульчилсан байна.

 

Харин нэхэмжлэгчийг Дадал сумын Засаг даргын захирамж гарсан өдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын цэцэрлэгийн эрхлэгчийн Б/15 дугаар тушаалаар тус цэцэрлэгийн бүлгийн багшаар томилсон боловч 7 хоногийн дараа буюу 2022 оны 05 дугаар сарын 02-нд нэхэмжлэгч Н.О- “Миний бие Хэнтий аймгийн Хэрлэн 7-р цэцэрлэгт хөгжмийн багшаар түр ажиллах болсон тул хүний нөөцийн системээс хасаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж ажлаас чөлөөлөгдсөн болох нь Дадал сумын цэцэрлэгийн эрхлэгчийн Б/15, Б/20 дугаартай тушаалууд /хавтаст хэргийн 106 хуудас А, Б тал/, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 105 хуудас/ зэргээр тогтоогдож байна.

 

Хуульд заасанчлан үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсний улмаас нэхэмжлэгчийн цалин хөлсний хэмжээ буурсан бол өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжлэх эрхтэй боловч шаардлагаа нотолж буй баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн журамд нийцүүлж нэхэмжлэгч тал гаргаж өгөх үүрэгтэй.

 

Гэвч хэрэгт цугларсан баримтуудаар цалин олговрыг тооцон гаргах боломжгүй, нотлох баримт хангалтгүй, өгсөн нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн   70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.О-, хариуцагч Д.М- нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 156/ШШ2022/00376 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ДЭНСМАА

 

                                     ШҮҮГЧИД                           Г.БОЛОРМАА

 

                                                                                            Д.ГАНЗОРИГ