| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 156/2022/00333/И |
| Дугаар | 226/МА2022/00031 |
| Огноо | 2022-10-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 226/МА2022/00031
2022 оны 10 сарын 24-ний өдөр 226/МА2022/00031 Хэрлэн сум
Э.Ц-гийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Э.М-д холбогдох
иргэний хэргийн талаар
226/2022/00031/И
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Нэхэмжлэгч Э.Ц-, түүний өмгөөлөгч О.Дүүриймаа,
Хариуцагч Э.М-, түүний өмгөөлөгч Б.Төгсбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул нарыг оролцуулан
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 156/ШШ2022/00384 дугаар шийдвэртэй Э.Ц-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.М-д холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хариуцагч Э.М-ийн гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Э.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Э.М-тай 2006 онд танилцаж 2007 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүү Х-, 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдөр охин Ү-, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бага охин Э- нар төрсөн.
Хамтран амьдрах хугацаанд Э.М- нь архи ууж, зодож, хэл амаар доромжилж, сэтгэл санааны дарамтад оруулдаг байсан ба сүүлийн үед архи ууж ирээд охин бид хоёрыг унтуулахгүй оролдох гээд байдаг болсон, мөн гэрээсээ хөөдөг цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Э.М-ийн энэ байдал нь хүүхдүүдийн маань хүмүүжилд муугаар нөлөөлж байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү” гэв.
Хариуцагч Э.М- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Э.Ц-тай анх 2006 онд танилцаж улмаар 2007 онд нэг гэрт орсны дараа гэр бүлээ албан ёсоор батлуулж эхнэр нөхөр болж амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2007 онд том хүү Х-, 2010 онд охин Ү-, 2016 онд бага охин Э- нар төрсөн.
Хамтран амьдрах хугацаанд эхнэр Э.Ц- нь бага насны хүүхдүүдийн маань дэргэд гэртээ ахуйн хүрээнд архидан согтуурч, гэр бүлээс гадуур бусадтай бэлгийн харьцаанд орох зэрэг асуудлууд гаргасаар байсан. Түүнээс нь Э.Ц-тай холбоотой архи, бөгс, бөөр, эр эмийн хэрүүл байнга болдог болсон.
Хэргийн материалаас хүүхдүүдийнхээ шүүхэд өгсөн тайлбартай танилцахад том хүү Х- “Улаанбаатар хотын Багануур дүүрэг 4-р хороонд байгаа” талаараа бичжээ. Э.Ц- нь надад хэлэхдээ хүүхдүүд маань ээжтэй хамт Улаанбаатар хотод Дэнжийн 1000-д байгаа гэж хэлсэн. Том хүү маань Э.Ц-гийн хамтран амьдрагч М нь хэрэлдэж маргалдсан, таарамжгүй харьцаатай байгаа гэж сонссон. Тийм учраас тусдаа өөр хаягт байгаа байх гэж бодож байна. Миний том хүү Х- яг одоо хаана, хэнийд, хэнтэй хамт, юу хийж, юу идэж ууж, яаж амьдарч байгаа нь тодорхойгүй байгаа тул хүүдээ маш их санаа зовж байна.
Э.Ц- нь миний гурван хүүхдэд аавынх нь эсрэг хэлэх үгийг зааж өгч, зааснаар нь хэлэхгүй бол хүүхдүүдийг маань загнаж зодож, идэж уух зүйлээр нь боох зэргээр дарамталж байна. Хүүхдүүдийг маань аавтай нь нэг ч удаа утсаар яриулдаггүй, өвөө эмээгийндээ ирэх гэхээр нь Э.Ц- загнаад явуулдаггүй зэргээр хүүхдүүдийн маань эрхийг нь маш ноцтойгоор зөрчиж байна. Э.Ц- ажил хөдөлмөр эрхэлдэггүй, зээлээ төлөхийн тулд хүүхдийн тэтгэлэг авах зорилготой байгаа.
Миний бие том хүү Х-, дунд охин Ү-, бага охин Э- нарыгаа өөрөө өсгөж хүмүүжүүлэх хүсэлттэй байгаа тул хүүхдүүдийг маань миний асаргаанд үлдээн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 156/ШШ2022/00384 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар Э.М-, Э.Ц- нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6, 14.7-д зааснаар 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Э.М-ийн Х-, 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Э.М-ийн Ү-, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Э.М-ийн Э- нарыг эх Э.Ц-гийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар М.Э-ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, М.Х-, М.Ү-, М.Э- нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож сар бүр эцэг Э.М-аас гаргуулж, тэжээн тэтгүүлж, Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эхийн үүрэг хэвээр хадгалагдаж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Э.М-, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.Ц-д тус тус үүрэг болгож, Гэрлэгчид нь эвлэрсэн тохиолдолд шүүхэд хүсэлтээ гаргаж гэрлэлтээ сэргээх боломжтой болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг цаг хугацаанд нь төлж байхыг эцэг Э.М-ид даалгаж, хэрэв хугацаандаа төлөөгүй бол хойшлуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлдөг болохыг дурдаж, хүүхдийн тэтгэлгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.Ц-д үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.
Хариуцагч Э.М- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Тухайлбал: Шүүх хуралдааны явцад хавтаст хэргийн материалд нэхэмжлэгч Э.Ц-гийн талаар гаргаж өгсөн тайлбарыг судлан шинжлэх бололцоогоор хангаагүй, судлан шинжилсэнд тооцсон гэснээр орхигдуулсан.
Э.Ц- нь намайг ор үндэслэлгүйгээр гүтгэн доромжилж байхад үүнийг дээрх шийдвэрт онцгойлон “архи ууж ирээд бид нарыг унтуулдаггүй, оролдох гээд байдаг” гээд байгаа. Би архи уудаггүй. Төрийн эрх бүхий байгууллагад нэг ч удаа архитай холбоотойгоор арга хэмжээ авахуулж байгаагүй. Харин Э.Ц- нь уулздаг хүмүүсээсээ миний охиныг яаж хамгаалж явах нь надад их сэтгэлийн дарамттай байна.
Миний амьдралын арав гаруй жилийг там болгож хаячхаад одоо зүгээр гэмгүй хүн болоод үлдэж байгаад туйлын гомдолтой байна. Би 3 хүүхдээ өөр дээрээ авъя гээд байхад Э.Ц-д 3 хүүхдийг минь үлдээж, надаар тэтгэлэг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Би одоо 600.000 төгрөгийн цалинтай. Хэрэв 3 хүүхдийн тэтгэлэг төлөхөөр болох юм бол цаана нь ямар мөнгөөрөө амин зуулга залгуулах эсэх нь тодорхойгүй болоод байна.
Э.Ц- нь одоо цуг байгаа хүнээ дагаад хаяж явахдаа намайг элдэв муу муухайгаар доромжилж худал гүтгэж, миний хүүхдүүдийн санааг урвуулж өөрийнхөө худал үгэнд итгүүлж бүх үг үйлдлийг нь хянаж дарамталдаг. Өөрийнхөө худал хэлэх, хуурмаг байдлаа хүүхдүүдэд минь тулган шаардаад дарамтад байлгаад байгаа тул миний хүүхдүүд хүнд байдалд байна. Хүүхдүүд маань одоо түрээсийн байранд танихгүй хүн болох ээжийнхээ нөхөртэй царайчлан амьдарч байна. Иймд Э.Ц-гийн талд шүүх шийдвэр гаргасанд гомдолтой байна. 3 хүүхдийг минь миний асаргаанд үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
Нэхэмжлэгч Э.Ц- нь хариуцагч Э.М-д холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Э.М- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хүүхдүүдээ өөрийн асрамжид авна, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй хэмээн маргасан байна.
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, эцэг Э.М-аас нь тэтгэлэг гаргуулж хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмаар үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
Гэрлэгчид 2006 онд танилцаж 2007 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон, 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүү М.Х-, 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдөр охин М.Ү-, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бага охин М.Э- нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ болон төрсний гэрчилгээний хуулбарууд, зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд гэрлэгчид 2021 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, мөн шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон, хоорондын байнгын таарамжгүй харьцаатай зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүх Э.Ц-, Э.М- нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.
Давж заалдсан гомдлын тухайд:
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт заасан “...хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ...” гэсний дагуу шүүх хүүхдүүдийн саналыг өмгөөлөгчийг оролцуулан асуусан, хүүхдүүд 2021 оноос хойш ээжтэйгээ амьдарч байгаа, ээжийн зүгээс хүүхдүүдийн хүмүүжилд муугаар нөлөөлөх ноцтой нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхээс Монгол Улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг үндэслэн хүүхдүүдийн асрамж, тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Мөн гомдолд “...Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Э.Ц-гийн талаар гаргаж өгсөн тайлбарыг судлан шинжлэх бололцоогоор хангаагүй, судлан шинжилсэнд тооцсон гэснээр орхигдуулсан...” гэж дурдсан ба шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгагдаагүй, шүүх хуралдаан даргалагчаас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалсны дараа “...нэмж судлуулах баримт байна уу...” гэсэн асуултад хариуцагч болон түүний өмгөөлөгч “...байхгүй...” гэж хариулсан /хавтаст хэргийн 95 хуудас/ зэргээс үзэхэд шүүх оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Дээрх үндэслэлээр хариуцагч Э.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хариуцагч Э.М-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагч Э.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 156/ШШ2022/00384 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Б.ДЭНСМАА
Д.ГАНЗОРИГ