Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/308

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Хохирогч Д.Майннэгэн,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 1838005370308 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.А.

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Мөрөн сумын 5 дугаар багийн ... тоот хашаанд өөрийн төрүүлсэн 3 сартай хүүхэд А.М-г зориуд орхиж, хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийж, хүүхдийг хаях гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Мөрөн сумын 5 дугаар багийн 6-03 тоот хашаанд өөрийн төрүүлсэн 3 сартай хүүхэд А.М-г зориуд орхиж, хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийж, хүүхдийг хаях гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...би 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Алаг-Эрдэнэ сумаас том охин А, 3 сартай охин М нарын хамтаар баяр үзэх гэж Б жолоочтой орж ирсэн. Мөрөн орж ирээд бага охин М-аа сайн айлд өргүүлье гэж бодоод Мөрөнгийн төвөөр хэсэг алхаж байгаад 5 дугаар хороонд нэг айлын хашаа онгорхой байхаар нь сайн айл байна гэж бодоод бага охин М-аа хашаан дотор оруулж тавиад урагшаа зах руу явсан... маргааш нь миний хөх чинэрээд би охиноо хармаар санагдаад нөгөө хүүхдээ хаясан айлынхаа гадаа ирээд айлын хүмүүс гарч ирэхээр нь хаясан хүүхдээ авах гэсэн юм гэхэд цагдаад өгсөн. ...амьдрал минь ядуу учраас би хүүхдээ ядуу хүн болгохыг хүсээгүй юм” гэх мэдүүлэг, 

Гэрч Р.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 09-ний өглөө би ... 12 цагийн үед гадагшаа гарах шаардлагатай болоод машинаа асаагаад гарах гэсэн... гэрээс гарахдаа хашааныхаа хаалгыг онгорхой орхисон. Тэгээд дугуйгаа засуулаад эргээд гэртээ 13 цаг 30 минутын үед ирээд ... хашаагаа хаах гэсэн чинь зүүн талын хашааны хаалганы ар талд хүрэн бор өнгийн хуучин хиртсэн бүтээлгэнд өлгийдсөн нярай хүүхэд байсан. Тэр хүүхдийг харахад ямар ч байсан амьд байсан. Өлгийн дотроо унтаж байх шиг байхаар нь гэр рүү гүйж ороод гадаа юун хүүхэд байгаа юм бэ, хүүхэд байна шүү дээ гэсэн чинь ээж, эгч хоёр юун хүүхэд билээ гээд бид нар гарч хараад цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...гаднаас манай бага охин Ганзул орж ирээд хашаан дотор өлгийтэй хүүхэд байна гэхээр нь гараад харсан чинь хуучин хүрэн бор өнгийн адъяалан дотор өлгийтэй нялх хүүхэд байсан. Тэгэхээр нь би айх сандрахын зэрэгцээ цагдаа дууд гэж хэлээд том охин Г-ээр дуудлага өгүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Гэрч Р.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г гаднаас орж ирээд гадаа хашаан дотор өлгийтэй хүүхэд байна, манайд хүн ирсэн юм уу гэж асуусан. Гэрт байсан хүмүүс бүгд гайхаад юун хүүхэд вэ, тийм хүүхэд байх ёсгүй дээ гээд гараад харсан чинь хашаан дотор хашааны хаалга онгорхой байсан тул түүний ар талд хүрэн бор өнгийн хуучирч хиртсэн бүтээлэгт өлгийдсэн хүүхэд байсан. ...ямар ч байсан хөдөлж байхаар нь гэрт орж утсаа аваад цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Алаг-Эрдэнэ сумын хүүхэд хамгааллын хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 57 дугаар хуудас/,

Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 26 дугаартай:

1. Б.А нь өөрийнхөө хийж байгаа үйлдэл, ярьж байгаа зүйлийг зөв ойлгож мэдэж удирдаж чадна.

2. Б.А нь сэтгэцийн эмнэлгийн кабинетын хяналт болон сэтгэцийн эмчлүүлж байгаагүй.

3. Б.А-д  эмгэг судлалын IQ тодорхойлох шинжилгээ болон тархины цахилгаан бичлэгийн шинжилгээ хийж IQ=64% /Шо=50/ ЭЭГ-д: бифронтоль холболтонд 7-8=ета илэрнэ. Оюун ухааны хөнгөн хомсдол зан төрхийн өөрчлөлт архаг толгойн өвдөлт эмгэгтэй болох нь тогтоогдов.

4. Б.А нь хэрэг хариуцах чадвартай, энгийн тасагт эмчлүүлэн, албадан эмчилгээ шаардлагагүй гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838005370308 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.А нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн 1838005370308 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Б.А-г хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийж, хүүхдийг хаясан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.А-г 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.А-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

       4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.А-д хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      5. Эрүүгийн 1838005370308 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.НЯМСҮРЭН