Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 38

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар “Саран арвай” ХХК-ний нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох “Галуут багийн иргэдийн Нийтийн Хурлын  2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Саран арвай” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа, хариуцагч Г.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавзмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баяндэлгэр сумын Галуут багийн иргэдийн Нийтийн хурлын тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Тогтоолдоо аймаг, сумын Засаг даргын тосны ургамлыг тариалах талбайнхаа 10-иас илүүгүй хувьд тариалах гэсэн захирамжуудыг үндэслэн гаргасан байдаг. ...Багийн иргэдийн Нийтийн хурлаар 5 асуудал хэлэлцсэн, хуралдааны тэмдэглэлээс харахад хэлэлцэх асуудлаас өөр зүйл ярьж тогтоол гаргасан байсан. ...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлыг зөвшөөрсөн тул хуульд зааснаар шийдвэрлэнэ үү гэжээ.

Хариуцагч Баяндэлгэр сумын Галуут багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Аймаг, сумын Засаг даргын захирамж, багийн иргэдийн саналаар тогтоол гаргасан... багийн иргэдийн Нийтийн Хурал саналаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжилдаг, тогтоол гаргасан болохоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжлаагүй. “Саран арвай” ХХК-ний нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Саран арвай” ХХК-иас Баяндэлгэр сумын Галуут багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Галуут багийн иргэдийн Нийтийн Хурлын  2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд хариуцагч Г.Нямсүрэн “Саран арвай” ХХК-ний нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргаж,  бичгээр илэрхийлсэн байна.

Баяндэлгэр сумын Галуут багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 02 тоот тогтоол нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8, 17.1.9 дэх заалт, Төв аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/206 дугаар захирамж, сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны А/72 дугаар захирамж, иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас гаргасан саналд үндэслэжээ. Эдгээр захирамжуудад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд холбогдох “газар тариалан эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллага нийт тариалах талбайнхаа 10-аас илүүгүй хувьд тосны ургамал тариалах” тухай заасан бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж байгаа, мөн нэхэмжлэгч эдгээр захирамжуудад гомдол гаргаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж “Саран арвай” ХХК-ний нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Саран арвай” ХХК-ний “Баяндэлгэр сумын Галуут багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга хүлээн зөвшөөрснийг баталж, “Саран арвай” ХХК-ний нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7  дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.6 заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баяндэлгэр сумын Галуут багийн иргэдийн Нийтийн Хурлаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Саран арвай” ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ОДСҮРЭН