| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2018/0297/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/307 |
| Огноо | 2018-11-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/307
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр,
Улсын яллагч М.Ариунцэцэг,
Шүүгдэгч У.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Б-д холбогдох эрүүгийн 1838007590367 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У.Б.
Шүүгдэгч У.Б нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэн Ш.О-н Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч У.Б нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэн Ш.О-н Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч У.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 16 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад сумын төвөөр жаахан алхаж сэлгүүцэж явсан чинь захиргааны урд талд нэг шинэ Мустанг-5 маркийн мотоцикль данхраадаж тавьсан байсан. Хажууд нь хүн байгаагүй. Мотоцикль руу ойртож очтол түлхүүр нь зоолттой байсан. Би мотоциклийг асааж унаад Мөрөнгийн чиглэлд гарсан. Тэгээд явсаар байгаад оройхон 22 цаг өнгөрч байхад Мөрөнд орж ирээд ... маргааш өглөө нь эрт босоод 14 дүгээр багт байдаг ээжийн маань төрсөн эгчийн хүү болох Э ахын хашаанд очиж мотоциклио үлдээгээд Түнэл сум руу явсан. ...Түнэл ороод гэртээ байж байсан чинь манай сумын цагдаа хүрч ирээд намайг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Хохирогч Ш.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 01-ний орой манай гэрт Ш ирж надаас улсын дугааргүй шинээр нь 1 сая 800 мянгаар аваад удаагүй байгаа цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг маань гуйгаад захиргаа ороод ирье гэхээр нь өгөөд явуулчихсан юм. Тэгээд 1 цаг гаруйн дараа Ш манайд сандарсаар орж ирээд “та мотоциклээ аваагүй биз” гэхээр нь би гайхаад “чи аваад явсан биз дээ” гэхэд “харин тийм ээ, би захиргааны урд зам дээр түлхүүртэй нь үлдээчихсэн чинь алга болчихлоо” гэсэн. Сумын цагдаад мэдэгдээд маргааш нь олж манай сумын Б гэдэг залууг мотоциклийг чинь унаад Мөрөн оруулж айлд үлдээсэн байна гэхээр нь Мөрөнд явж очтол Б айлд үлдээчихсэн байсан. Мотоциклоо цагдаатай очиж авсан. ...би мотоциклио бүрэн бүтэн хүлээж авсан, надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ... О ахын шинээр авсан Мустанг-5 маркийн мотоциклийг нь гэрээс нь очиж гуйж аваад захиргаа орохоор явсан. Захиргааны урд талд мотоциклио данхраадаад түлхүүртэй нь орхиод захиргаа ороод 20 орчим минут болоод гараад иртэл мотоцикль нь алга болчихсон байсан. ...мотоциклийг хайгаад олдохгүй болохоор нь сумын цагдаад мэдэгдсэн. Тэгтэл маргааш нь манай сумын Б гэдэг залуу миний унаж явсан мотоциклийг хулгайлж аваад Мөрөн оруулсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Нэг өглөө шинэ хөх өнгийн улсын дугааргүй мотоцикль унаад ирчихсэн байсан. Би энэ хэний мотоцикль юм бэ гэхэд миний таньдаг хүнийх юм гэж хэлээд Түнэл сум руу яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 24 дүгээр хуудас/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч У.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч У.Б нь учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогч Ш.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч У.Б нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч У.Б-н гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж шүүгдэгч У.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Эрүүгийн 1838007590367 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч У.Б-г 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч У.Б-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 1838007590367 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН