Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01890

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01890

 

 

2022 10 14 210/МА2022/01890

 

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2022/02945 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 56 м.кв үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагчийн өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Би 2005 оноос гэр ахуйн тавилгын үйлдвэрлэл, худалдааны бизнес эрхэлж байсан. Бизнесийн үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Б ХХК-тай харилцан тохиролцож, тухайн үедээ шинээр баригдаж байсан, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 хороолол, Хасбаатарын гудамж, 43 байрны Б1 давхрын 470.05 м.кв үйлчилгээний талбайгаас 56 м.кв талбайг захиалж, 1 м.кв-ыг 1,500,000 төгрөгөөр тооцож, нийт 84,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон.

Улмаар 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Б ХХК-ийн захирал Д.П-д үл хөдлөх эд хөрөнгийн үнийн 60,000,000 төгрөгийг урьдчилгаа болгож бэлнээр өгөхөд Б ХХК нь ХЦГ ХХК-д ажлын хөлс төлөх ёстой гэж хэлээд ХЦГ ХХК-ийн нягтлан бодогч н.А гэх эмэгтэйд орлогын баримт үйлдэн 60,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Гэрээний үлдэгдэл төлбөр 24,000,000 төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Б ХХК-д бэлнээр орлогын баримт үйлдэн тушаасан.

Барилга ашиглалтад орсон 2014 оноос хойш 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл тухайн үйлчилгээний талбайд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд Б ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө гэдэг байсан. Гэтэл 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дэлгүүрийн цоожийг сольж, үйл ажиллагаа явуулах аргагүй болсон. Улмаар 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр анхан шатны шүүхэд маргаан бүхий талбайн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан боловч Б ХХК нь төлбөрийн үлдэгдэл болох 24,000,000 төгрөгийн баримтыг хуурамчаар үйлдэж, шүүхэд гаргаж өгсөн гэж Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өгч шалгуулсан тул тус шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШЗ2020/13819 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэг бүртгэлтийн хэргийг 2018 оны 09 дүгээр сараас хойш 3 жил гаруйн хугацаанд шалгаж, Б ХХК-ийн гомдлоор дахин сэргээн шалгаж хугацаа алдсан. Дээрх хугацаанд хяналтын прокурорын 4 удаагийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн ба прокурорын тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон. Иймд дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Би тухайн үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг бүрэн төлж, гэрээний үүргээ биелүүлсэн тул Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, + хороолол Х-ын гудамж, ** байрны Б1 давхрын зүүн хэсэгт байрлах, 56 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоож, уг талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхийг хариуцагч Б ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б ХХК-ийн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Б ХХК болон ХЦГ ХХК нар нь МҮОНРТ-ийн захиалгаар Баянгол дүүргийн ** дүгээр хороо, * дүгээр хороолол, Х-н гудамжинд байрлах орон сууцны зориулалттай 12 давхар барилгыг барихаар 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгын ажлыг хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгсөн.

Б ХХК нь Д.Б-той 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр захиалгын гэрээ байгуулаагүй. М.Э 2012 оны 05 дугаар сард Б ХХК-д менежерээр ажиллаж байсан ба энэ үед нэхэмжлэгч Д.Б бид хоёр гэр бүл байсан. МҮОНРТ-ийн захиалгатай орон сууцны барилгын суурь зоорийн давхрын угсралтын ажил барилгын зурагт заагдсаны дагуу хийгдэж байсан юм. Б ХХК-аас ХЦГ ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн хөлсөнд төлөх ёстой байсан 60,000,000 төгрөгийг тухайн үед М.Э ХЦГ ХХК-д тушааж, мөнгө төлсөн баримтад гарын үсэг зурах ёстой байсан боловч уг мөнгийг Д.Б-д өгч явуулан ажил гүйцэтгэгчид төлүүлсэн. Тус баримт нь Б ХХК-аас ХЦГ ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилга угсралтын ажлын хөлсөнд төлөгдсөн тус хоёр байгууллагын орлого, зарлагын баримтаар нотлогдохоос гадна тооцоо нийлсэн актаар давхар нотлогдоно.

Д.Б дээрх баримтад гарын үсэг зурснаа ашиглан өөрөө Б ХХК-д захиалгын гэрээний дагуу урьдчилгаа төлбөр төлсөн болгон ашиглаж үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байгаа үйлдэл нь төөрөгдөлд оруулж байна.

Би Д.Б-д холбогдуулан 2015 онд шүүхэд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаж байсан ба Д.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Б ХХК-ийг гэр бүлийн компани гэж тайлбарлан хувьцаа, эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхээр шийдвэрлүүлж байсан.

Дээрх гэр бүлийн маргааны талаар бид харилцан тохиролцож 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 3.2-3.6-д нэрлэн заасан эд хөрөнгийг Д.Б-д шилжүүлэн өгөх, 4-д зааснаар Д.Б нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаантай холбоотой шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ бусад шаардлагаас бүхэлд нь татгалзаж, цаашид аливаа эд хөрөнгийн өмчлөлийн талаар дахин маргахгүй гэдгээ илэрхийлж гэрээ байгуулсныг шүүх баталж шийдвэрлэсэн.

Б ХХК-ийн зүгээс 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл гарган шалгуулсан бөгөөд уг баримтыг хуурамчаар үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоогдсон боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн болно.

Маргаж буй 56 м.кв талбай нь одоо Б ХХК-ийн нэр дээр өмчлөх эрх нь бүртгэлтэй бөгөөд уг талбайн ашиглалтын зардлыг төлж ирсэн.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Баянгол дүүргийн ** дүгээр хороо, * дүгээр хороолол, Х-ын гудамж, ** дугаар байрны Б1 давхрын зүүн хэсэгт байрлах, 56 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, уг талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулж өгөхийг хариуцагч байгууллагад даалгах тухай Д.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 648,150 төгрөгөөс 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 507,750 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан Д.Б-д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх болж өнгөрсөн үйл баримтыг нотлох баримтад үндэслэн тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнэж шийдвэрлэх хуульд заасан үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас хэргийн бодит нөхцөл байдлыг зөв тогтоогоогүй гэж үзэж байна.

Шүүх шийдвэртээ "Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, * хороолол, Х-н гудамж, ** байрны 61 давхарт байрлалтай, 470.05 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс 56 м.кв талбайг 84,000,000 төгрөгөөр худалдан авахаар Б ХХК-тай тохиролцсон, зохигчдын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй. ...60,000,000 төгрөгийн эх үүсвэрийг 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр КА ХХК-аас зээлж авсан гэж тайлбарлаж байх боловч КА ХХК-аас гарсан зарлагын 60,000,000 төгрөг нь ХЦГ ХХК-д орлогодсон болохыг нотолсон санхүүгийн анхан шатны орлого, зарлагын болон санхүүгийн дэмжих баримтгүй байна гэсэн нь нотлох баримтыг дутуу, буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн.

2012 онд Д.Б нь Б ХХК-ийн бариулж байсан барилгаас 56 м.кв талбайг худалдан авахаар амаар тохиролцож, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 84,000,000 төгрөгийн урьдчилгаа 60,000,000 төгрөгийг 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр КА ХХК-аас зээлж, 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Б ХХК-д төлөхөөр очиход "ХЦГ" ХХК-д очоод тушаачих гэж хэлсний дагуу "Д.Б-оос ажлын хөлс" гэсэн утгатайгаар тушаасан санхүүгийн баримт хэрэгт авагдсан, мөнгөнийхөө эх үүсвэрийг нотолсоор байхад санхүүгийн баримтгүй гэж дүгнэсэн нь буруу байна.

Мөн шийдвэртээ "...Д.Б-оос талбайн үлдэгдэл 24,000,000 төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн огноотой, Б ХХК-ийн санхүүгийн тэмдгийн дардастай, кассын орлогын ордерыг Б ХХК-аас худалдан авсан 56 м.кв талбайн үлдэгдэл үнэ гэж үзэх боломжгүй байна, өөрөөр хэлбэл ...худалдах-худалдан авах хэлцэл хийгдсэн болох нь нотлогдож, тогтоогдоогүй байхад тухайн хөрөнгийн үнийг төлсөн байна гэж үзэх боломжгүй" гэснийг зөвшөөрөхгүй.

Барилга ашиглалтад орох жил буюу 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Д.Б нь талбайн үлдэгдэл төлбөр болох 24,000,000 төгрөгийг "талбайн үлдэгдэл" утгатайгаар "Б" ХХК-д тушаасан санхүүгийн баримт авагдсан, мөн хаан банкны дансны хуулга, гэрч М.Б-ийн мэдүүлэг тус тус хэрэгт авагдсан.

Б ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 84,000,000 төгрөгийг бүрэн авсан учраас Д.Б-ын эзэмшилд шилжүүлсэн, 2014-2018 оны 8 сар хүртэл Д.Б нь тус үйлчилгээний талбайд өөрийн тавилгын дэлгүүр ажиллуулж байсан, 4 жилийн хугацаанд удаа дараа өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргаж өгөх, бичгийн гэрээ хийхийг шаардахад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй байна, гэрчилгээ 470 м.кв талбай дээр бүтнээрээ гарсан. Гэрчилгээг тусад нь гаргуулж өгнө" гэх мэтээр хойшлуулж явсан гэдэг нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч О.А-ы мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр нотлогддог.

Өөрөөр хэлбэл, хариуцагч тал янз бүрийн шалтаг шалтгаан хэлж бичгийн гэрээ байгуулаагүй, гэрчилгээ гаргаж өгөөгүй боловч ярилцаж тохиролцсоныхоо дагуу талбайг Д.Б-ын эзэмшилд шилжүүлж олон жил болсон нь, хэлцэл бодитоор хэрэгжээд явж байсныг гэрчилнэ. "Б" ХХК Д.Б-той хэлцэл хийгээгүй, харилцан тохиролцоогүй, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг аваагүй байсан бол нэхэмжлэгчид өөрийн хөрөнгийг ямар нэгэн түрээс, төлбөргүйгээр ашиглуулж, эзэмшүүлэх үндэслэл байхгүй юм.

Мөн шүүх "2017 оны 2 дугаар сард Б ХХК-ийн нэр дээр байгаа хөдлөх үл хөдлөх эд хөрөнгүүд нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байсан учраас талууд эвлэрсэн үйл баримтыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байна, иймд тухайн үед гэр бүлийн гишүүн байсан Д.Б нь өөрийнхөө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 56 м.кв талбайг худалдан авсан байх боломжгүй" гэж дүгнэсэн нь шүүх нотлох баримтыг дутуу үнэлж, үйл баримтыг буруу дүгнэсэн.

Д.Б нь "Б" ХХК хэмээх хуулийн этгээдэд холбогдуулан ул хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл М.Э, Д.Б нарын гэр бүлийн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг дурдаж, эвлэрсэн гэж дүгнэсэн буруу болжээ.

Б ХХК нь 84,000,000 төгрөгийг авсан атлаа үйлчилгээний талбайн гэрчилгээг гаргаж өгөлгүй 4 жил болсны дараа гэнэт цоожийг нь сольж гаргаад зогсохгүй 24,000,000 төгрөгийг хуурамчаар үйлдэж, шүүхэд өгсөн гэж цагдаад өгч 3 жил гаруй шалгуулсан. Энэ хугацаанд гарын үсгийн шинжилгээ хийгдэж, 3 удаа гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж байсан. Сүүлд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан.

Хариуцагч байгууллага нь Д.Б надаас 84,000,000 төгрөгийг авсан атлаа 56 м.кв талбайг шилжүүлж өгөхгүй хохироож байгаа үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг нэхэмжлэгч хэрхэн нотолж байна вэ, мөн өмчлөх эрхийг гэрээ хэлцлийн үндсэнд үүсгэж байна уу эсхүл хуульд заасан хэлбэрээр үүсгэж байна уу гэдэгт анхаарч үзнэ үү. Тухайн цаг хугацаанд талуудын хооронд гэрээ хэлцэл хийгдсэн эсэх, амаар тохиролцсон зүйл байгаа эсэхийг шийдвэрлэх нь ач холбогдолтой юм. Б ХХК нь МҮОНРТ-ийн ажилчдад зориулсан орон сууцны барилгыг тухайн цаг хугацаанд барьж эхэлж байсан. Нотлох баримтыг буруу дутуу үнэлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Урьдчилгаа болон үлдэгдэл мөнгийг нэхэмжлэгчийн хувьд төлөөгүй учраас өмчлөх эрх үүссэн буюу гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтаар авагдсан. М.Э-ын гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч Д.Б тухайн үед сөрөг нэхэмжлэл гаргасан, гэр бүлийн маргааныг тэнд шийдвэрлэсэн.

24,000,000 төгрөгийн хувьд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан дүгнэлтэд тухайн цаг хугацаанд Б ХХК-ийн санхүүгийн баримтад 24,000,000 төгрөгийг төлсөн баримт байхгүй байхад хуурамчаар үйлдэж, үүнийг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнтэй холбогдуулан Б ХХК-ийн тухайд Баянгол дүүргийн цагдаагийн I дүгээр хэлтэст хандаж, шалгуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн. 24,000,000 төгрөгийн баримт хууль ёсны эсэхэд анхан шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд гомдолд дурдсан 3 үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхгүй тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Д.Б нь Б ХХК-д холбогдуулан 56 м.кв үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 52-56/

3. Нэхэмжлэгч Д.Б нь ...Б ХХК-тай 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр харилцан тохиролцож, шинээр баригдаж байсан, Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, * хороолол, Х-ын гудамж, ** байрны Б1 давхрын 470.05 м.кв үйлчилгээний талбайгаас 56 м.кв талбайг захиалж, 1 м.кв-ын үнийг 1,500,000 төгрөгөөр тооцож, нийт 84,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж, 60,000,000 төгрөгийг ХЦГ ХХК-ийн нягтлан бодогч н.А-т орлогын баримт үйлдэн хүлээлгэн өгсөн. Гэрээний үлдэгдэл төлбөр болох 24,000,000 төгрөгийг бэлнээр тушаасан. гэх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлаж, өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан.

4. Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, * хороолол, Х-ын гудамж, ** байрны Б1 давхарт байрлах, 470,05 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Y-********** дугаарт Б ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 7/1194 дүгээр баримтаар нотлогдож байна. /хх150/

4.а. Нэхэмжлэгчийн ХЦГ ХХК-д 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 60,000,000 төгрөгийг ажлын төлбөр гэх гүйлгээний утгатайгаар, Б ХХК-д 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 24,000,000 төгрөгийг талбайн үлдэгдэл гэх гүйлгээний утгатайгаар тус тус төлсөн баримт хэрэгт авагджээ. /хх 7-8/

Дээрх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй.

4.б. Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1654 дүгээр Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд нэхэмжлэгчийн 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр талбайн үлдэгдэл гэх 24,000,000 төгрөгийн баримтыг ... М.Б-ийг 24,000,000 төгрөгийн орлогын баримтыг хуурамчаар үйлдсэн эсэх, мөн Д.Б-ыг орлогын баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэжээ. /хх. 17-44/

4.в. Нэхэмжлэгч нь КА ХХК-аас 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 60,000,000 төгрөг зээлж, уг мөнгийг ХЦГ ХХК-д 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Б ХХК-ийн нэрийн өмнөөс ажлын төлбөр гэх гүйлгээний утгатайгаар тушаасан бэлэн мөнгөний орлогын баримтыг Д.Б-оос Б ХХК-д гэрээний үүрэгт төлсөн үзэх үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Учир нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн гэх үндэслэлээр Д.Б-ыг өмчлөгчөөр тогтоох үндэслэл хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Д.Б, болон М.Э /хариуцагч Б ХХК-ийн захирал/ нар нь гэр бүлийн харилцаатай байсан ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 422 дугаартай шийдвэрээр Д.Б, М.Э нар нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар эвлэрлийн гэрээ байгуулахдаа Б ХХК-ийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийн ногдох хэсгээс бүхэлд нь татгалзсан татгалзлыг баталж, шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан. /хх. 65-68/

Нэхэмжлэгч Д.Б нь Б ХХК-ийн хувьцааг эзэмшдэггүй гэж тайлбарлах атлаа дээрх гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчийн хуваах эвлэрлийн гэрээнд Б ХХК-ийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөс татгалзсан байх бөгөөд бодит хүсэл зоригийн илэрхийллийг анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн гэж үзнэ.

Тодруулбал, нэхэмжлэгч нь маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгө нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойш Б ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн болохыг мэдсэн атлаа хожим Б ХХК-ийн өмчөөс татгалзаж байгаа нь хууль зүйн үр дагавар бүхий тохиролцоо юм.

4.г. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх хуулийн шаардлага хангасан хэлбэрээр гэрээ байгуулаагүй тул мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж зөв дүгнэжээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбоотой хэлцэл нь агуулгын болон хэлбэрийн тусгай нөхцөл, шалгуурыг хангасан тохиолдолд хүчин төгөлдөр болж, хууль зүйн үр дагавар үүсгэх онцлогтой. Талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах, өмчлөх эрх шилжүүлэх үндэслэлийг тодорхой заасан бичгийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлээгүй байна.

5. Талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй тул үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нэхэмжлэгчийн төлсөн гэх мөнгөн хөрөнгийг нэхэмжлэлийн шаардлагад хамааруулан дүгнэх боломжгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлын агуулгаар шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2022/02945 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР