| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1464/Э |
| Дугаар | 1534 |
| Огноо | 2018-11-13 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 1534
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
Хохирогч Ж.Оюунзул,
Шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Эт холбогдох 1803 00693 0367 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, “Гэрэлт цамхаг орд” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 3, эмээ, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг, 41-21 тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 9-110В тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Хариад овогт Т.Э,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Т.Э нь 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 08 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “ХААН” банкны баруун талын явган хүний гарцтай замд Тоёота Приус маркийн 57-92 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Оюунзулыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Эын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Оюунзулын өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 12-ны өглөө ажилдаа 8 цаг 35 минутын үед гараад зам гарах гээд явж байхад гэнэт машин гарч ирсэн. Шүүгдэгч өөрөө автобусны араас гарч ирсэн гэж хэлж байна. Би бол машин байхгүй байсан учир гарахад гэнэт гарч ирээд намайг мөргөсөн. Би “Амула” ХХК-д гоо сайхны зөвлөх хийдэг. Миний ажил удаан хугацаагаар зогсох шаардлагатай байдаг. Гэтэл машинд мөргүүлснээс болж удаан зогсож чадахгүй ажлаа хийхгүй байгаа. Эмчийн дүгнэлтээр аарцаг ясны 5 хугаралтай байна гэж гарсан. Одоогоор бороолох болоогүй. 3-6 сарын дотор бороолно гэж эмч хэлсэн. Одоогоор бие гайгүй. Удаан явбал өвддөг. Би шүүгдэгчийн өөрийнх нь төлнө гэж хэлсэн мөнгөн дүнг үндэслээд 7 сая төгрөг нэхэмжилж байна. Би энэ хэргээс болж өөрөө гарсан зардлаа нэг бүрчилэн тооцоогүй байгаа. Надад хохирлын талаар баримт байхгүй. Одоо бол 2 сая төгрөг авчихвал болно...” гэх мэдүүлэг,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.5-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Оюунзулын өгсөн: “Би 2018 оны 08 дугаар сарын 12-ны өглөө 08 цаг 35 минутын орчим ... гэрээсээ гараад ... Сансарын туннелын автобусны буудал орох гээд Сансарын “ХААН” банкны баруун талын явган хүний гарцаар гарч явтал ертөнцийн зүгээр урд талаас нэг машин ирээд намайг маш хүчтэй мөргөж унагасан... амралтын өдөр буюу ням гараг байсан учир хөдөлгөөн багатай байсан...” гэх мэдүүлэг /хх.18-20/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 10107 дугаартай: “Ж.Оюунзулын биед аарцагны зүүн талын умдаг ясны дээд салаа, зүүн суудал яс, зүүн талын ацетабулумын урд багана, зүүн талын ууц, сүүжний үе хамарсан хугарал, зүүн нүдний гадна хэсэг, шанаа, зүүн ташаа, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдэлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтэлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар гэмтэлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх.27/,
Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 169 дугаартай: “... Тоёота Приус маркийн 57-92 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн ... урд салхины шил баруун гар талаасаа бяцарч, цуурч хагарсан, урд буфер баруун дугуйрсан булан хэсэгтээ цуурч хагарсан, баруун гар талын крыло хонхойж будаг нь халцарсан, баруун гар талын их гэрэл хагархай, сэнж нь хугарсан эвдрэл нь тухайн зам тээврийн ослоос үүссэн байх боломжтой шинэ гэмтэл...” гэх дүгнэлт /хх.33-40/,
Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 600 дугаартай: “Тоёота Приус маркийн 57-92 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан Т.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “13. Явган хүний гарц нэвтрэх. 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хх.42-43/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Т.Э нь 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 08 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “ХААН” банкны баруун талын явган хүний гарцтай замд Тоёота Приус маркийн 57-92 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Оюунзулыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.5-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Оюунзулын өгсөн: “... Сансарын “ХААН” банкны баруун талын явган хүний гарцаар гарч явтал ертөнцийн зүгээр урд талаас нэг машин ирээд намайг маш хүчтэй мөргөж унагасан...” гэх мэдүүлэг /хх.18-20/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 10107 дугаартай дүгнэлт /хх.27/,
Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 169 дугаартай дүгнэлт /хх.33-40/,
Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 600 дугаартай дүгнэлт /хх.42-43/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Эын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт Т.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Т.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Т.Эын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Ж.Оюунзул нь эмчилгээний зардалд 7,000,000 төгрөг нэхэмжилж, нотлох баримтаар 1,718,630 төгрөгийн нэхэмжлэл нь тогтоогдсон, шүүгдэгч Т.Э нь 5,000,000 төгрөг нөхөн төлж, 2,000,000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой сайн дураар харилцан тохиролцож гэрээ /хх.72/ байгуулжээ.
Хохирогч Ж.Оюунзул нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.Эаас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Т.Э нь “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Т.Эын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Эт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Эт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Т.Эт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулж байна.
Хэрэгт хураан ирүүлсэн жолоочийн В ангиллын 1212865 дугаартай үнэмлэхийг шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Хариад овогт Т.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Эт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 2.5 дахь заалтад тус тус зааснаар, Т.Эт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Т.Эт сануулсугай.
5. Энэ хэрэгт Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 5,000,000 төгрөг нөхөн төлсөн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт хураан ирүүлсэн жолоочийн В ангиллын 1212865 дугаартай үнэмлэхийг шүүгдэгч Т.Эт оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.
7. Хохирогч Ж.Оюунзул нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Т.Эаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР