| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1473/Э |
| Дугаар | 1548 |
| Огноо | 2018-11-14 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 1548
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Улсын яллагч Ч.Батбаяр,
Хохирогч Х.Ичинхорлоо,
Шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг /ҮД:1554/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Мд холбогдох 1706 01648 0313 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Тарагт суманд 1980 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн 1-12 тоотод оршин суух иргэний үнэмлэхийн бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, задгайд түр оршин суудаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Хөнхөөдэй овогт С.М, регистрийн дугаар /РД:ЙМ80052209/,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
С.М нь бусадтай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 01-02 нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 02 дугаар хэсгийн 414 тоотод оршин суух иргэн Х.Ичинхорлоогийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, 17 нэр төрлийн эд зүйлс хулгайлж, нийт 974,040 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Мгийн өгсөн: “... 2018 оны 9 дүгээр
сарын 01-ний өдөр таван хүнтэй таарсан. Тухайн хүмүүсийг Амаржаргал гэх хүн сонгино боогоод өг гээд дуудсан юм билээ. Сонгино боож дууссаны дараа Амаржаргал биднийг энд хоночих гэж хэлсэн. Тэр үед бид бага зэрэг уусан байсан. Би хоёроос гурван сарын хугацаанд гэртээ хариагүй байсан учир гэртээ харих гэснээ нөхөрөөсөө айгаад, урагшаа Х.Ичинхорлоо гэх айлын үүдэнд суусан. Цолмон гэх хүн Х.Ичинхорлоогийн байшингийн дээврээс орсон талаар мэдээгүй. Мөн хаалга эвдсэн талаар ч гэсэн мэдээгүй. Цонхыг нь хагалаад орсон байсан. Өглөө яваад ирэхэд юмыг нь боогоод тавьсан байсан. Чацарганы мод, мотор, тэрэг зэргийг хулгайлсан гэх асуудлыг мэдэхгүй байна. Урьд нь Х.Ичинхорлоо “манай мотор байхгүй байна” гэж байсан. Бид урд айл руу хамт очиход биш байсан. Х.Ичинхорлоогийн байшинд хулгай орсон асуудлыг мэдээгүй сүүлд хохирогч “манай байшинд хүн орсон” гэж хэлсэн. Тухайн үед л энэ асуудлыг мэдсэн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Ичинхорлоогийн өгсөн: “... 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 2 өдөр амраад ирье гээд зээ охиноо сургуульд нь бүртгүүлчихээд амрахаар яваад ирсэн. Бид гэр рүү явж байгаад даваан дээрээс харахад манай байшингийн гадаа гурван хүн байсан. Мөн хаалга нь нээлттэй байсан. Өвгөн, охин, зээ охины хамт бид дөрөв яваад очсон. Гэрийн гадаа очоод охин түрүүлээд орсон. Охин ороод юу болж байна гэхэд нь М.М охиныг танихгүй “энэ чинь манай хашаа байшин, би зарах гэж байгаа юм” гэж хэлсэн байдаг. Манай гэрийн тампарын хаалга төмөр хамгаалалттай. Охиныг дотогшоо ороход тус төмөр хамгаалалтыг эвдээд, цонх хагалсан байсан гэсэн. С.М болон өөр хоёр хүн байсан. Намайг ороход хаалга түгжээд зогсож байсан. “Яагаад хаалга түгжиж байгаа юм бэ” гэхэд “хаалга хаалттай одоо эд нар цонхоор л гарах байх” гэж хэлсэн. Гал тогооны цонхоор харахад цонх хагалаад хар үүргэвчтэй өндөр залуу буюу Мөнхсайхан, араас нь нэг эмэгтэй гарсан. С.Мгаар хашаа байшингаа харуулаад байсан асуудал байхгүй. Хажуугаар нь өнгөрөхдөө амаараа “манай хашаа руу харж байгаарай” гэж хэлдэг байсан. Цонх хагалаад хамгаалалт төмөрийг нь эвдэлсэн байсан. Гурван эрэгтэй гурван эмэгтэй байсан. Түүнээс биш манай хашааг хараад, сахиж манасан зүйл байхгүй. Тухайн үед гурван эрэгтэй, гурван эмэгтэй нийт зургаан хүн байсан. Би хүн гарч ирэх байх гэж бодоод цонхныхоо хажууд гараа алдлаад зогссон. Охин хаалга түгжчихээд нөгөө өндөр залууг татахад хар өнгийн цүнхнийх нь оосор мултарсан. Цүнх унахад цүнхээс нь охины хувцас гарсан. Манай том охины охин Швейд улсад байдаг. Швейд улсаас хувцас болон цаг өгч явуулсан. Нөгөө залуу зугтаах гээд байхаар нь бид зууралдсан. Мөнхсайханы эхнэр хамт явж байсан юм билээ. Цагдаа нар ирээд барих гэтэл би жирэмсэн гэж хэлсэн байсан. Хулгайд алдсан зүйлсээ жагсаасан. Манай гэрт дөрвөн удаа хулгай орсон. 3.800.000 төгрөгийн хохирол учирсан. Өвгөн бид хоёр 400 ширхэг чацарганы мод суулгасан. Тухайн модоо худаг гаргаад тус мотороороо усладаг байсан. Нийт 3.845.000 төгрөгийн хохирол учирсан. Мотор байхгүй учир мод хатсан. Хэргийн материалд хаалга зэргийг засварлаж өгсөн гэх асуудлыг бичсэн байсан. Гэтэл С.М ямар ч эд зүйл засварлаж өгөөгүй. С.М надад “дөчийн битон, мотор зэргийг Мөнхсайхан цайз зах дээр авч очоод зарсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чиний ярьж байгаа үнэн бол гарын үсгээ зураад өг” гэж хэлсэн. С.М надад гарын үсгээ зурж өгсөн. Хохирогчийн зүгээс 350.000 төгрөг байцаагчид өгсөн байсан. Би тус мөнгийг нь авсан. С.Мгаас хохирлоо авах хүсэлттэй байна. Миний хувьд гомдолтой байна. Цолмон гэх хүн мөрдөн байцаалтын шатанд бүгдийг хэлсэн байдаг...” гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.8-16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Ичинхорлоогийн өгсөн: “... би 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүүхдүүд сургуульд орох болоод гэрээсээ хот руу орохоор гарсан. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр охин Цэцэгээ, нөхөр Лхамхүүгийн хамт гэртээ 11 цаг 20 минутын үед иртэл байшингийн хаалга, цонх мөн амбаарын хаалга онгорхой гадна талд нь 3 хүн зогсож байсан. Тэгээд юу болов гээд хартал манай гэрийн хаалга, үүд цонхыг эвдэлж орсон 3 эрэгтэй, 3 эмэгтэй хүн байсан. Тэр дунд миний таньдаг М буюу Ягаанаа байсан. Манай охин Цэцэгээ “юу болоод байна” гэтэл манай охиныг М танихгүй “энэ манай гэр” гэж хэлэхээр нь “тэгвэл гэрт чинь орж байгаад ярилцъя” гэж хуурч оруулаад гаднаас нь цоожлоод цагдаа дуудсан. Тухайн үед усны тэрэг, хөнгөн цагаан 4 үетэй жигнүүр тогооны хамт, 3 литрийн бидон, будаа агшаагчийн хөнгөн цагаан 2 ширхэг сав, хөнгөн цагаан шанага, халбага, хоолны ган халбага, боовны хөнгөн цагаан шүүрэн шанага, манай охины бугуйн цаг алга болсон байсан. Мөн манай гэрт байсан охины болон нөхрийн хувцаснуудыг тэдгээр хүмүүс өмссөн байсан. 400 ширхэг чацарганы мод болон шинжээчийн 8/45 дугаартай дүгнэлтэд тусгасан эд зүйлийг М нь Мөнхсайхан гэх эрэгтэй өндөр хүнийг авч явсан гэж хэлсэн. Би өөрөө бол хараагүй. Ингээд би цахилгаан үүсгэврээ алдаж өөрийн 400 гаруй чацарганы модыг усалж чадахгүйгээс болж энэ моднууд хатаж үхсэн. Энэ асуудал нь 2015 оны 06 дугаар сард болсон...” гэх мэдүүлэг /хх.18, 123/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Цэцэгээгийн өгсөн: “... манайх Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 414 тоотод зуслангийн хашаатай юм. 2017 оны 09 дүгээр сарын 02-ны Бямба гаригт зуслангийн хашаа байшиндаа 11 цаг өнгөрч байхад иртэл ягаан, цэнхэр, улаан хувцастай 3 хүн байхаар нь яваад ортол улаан куртиктэй зүс харсан эмэгтэй /М/ “энэ манай гэр гэхээр нь би “танайх руу оръё” гээд нөгөө 3 хүнийг оруулж түгжээд цагдаа дуудсан. Манай байшингийн гадна талын цоож газар хэвтэж байсан. Тэгтэл 1 эрэгтэй, 1 эмэгтэй хоёр хүн цүнх үүрчихсэн цонхоор гараад зугтахаар нь бариад автал бид хоёр энэ байшинг худалдаж авах гэж байсан юм, М энэ байшинг манай байшин гэсэн. Бид хоёр мөнгө төгрөгөө өгөх гэж байсан” гэж хэлсэн. Дээрх хүмүүсээс Мг л зүс харж байсан. М 40 гаран насны, миний улаан куртикыг өмсчихсөн байсан. Байшингийн таазны банз, цонхны хаалт төмөр, таазны лампир зэргийг хуулаад хаячихсан байсныг буцаагаад хадаж янзлуулсан...” гэх мэдүүлэг /хх.25, 56/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхжаргалын өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Мөнхбаатар, түүний авгай Төгөлдөр, Энхцэцэг бид дөрөв дээр Ягаанаа, Цоомоо хоёр ирээд “Улиастайд сонгино хураах ажил байна гэсэн. Бид нар зөвшөөрөөд 6-лаа цуг Улиастайд очсон. Очиход нөгөө ажил хийлгэх хүн нь “өнөөдөр орой болчихлоо, маргааш ир” гэсэн. Бид нар гол дээр очоод 2 шил архи уусан. Тэгээд хаана хонох тухай ярьсан чинь Ягаанаа манайх энд байдаг юм, очоод унтъя” гэсэн. Тэгээд Ягаанаагийн гэр гэх нэг байшин дээр очсон. Очиход хаалга үүд нь цоожтой байсан. Би Ягаанаагаас “одоо яаж орох юм бэ” гэхэд Ягаанаа цонх төмрийг нь эвдэлчих гэсэн. Мөнхбаатар цонхны төмрийг эвдлээд орох гэхэд цонх нь түгжээтэй байсан. Тэгээд Цоомоо дээврээр нь дотогшоо ороод цонхыг онгойлгосон. Ягаанаа ороод “цөмөөрөө эндээс бүгдийг нь аваад явъя аа, маргааш машин авчираад ачаад явъя, би угаасаа энэ газрыг зарах гэж байгаа юм” гэсэн. Тэгээд тэр шөнөдөө тэндээ хоносон. Маргааш нь машин хашаанд ирж зогсоод 2 эмэгтэй хүн бууж ирээд байшингийн хаалгыг гаднаас нь түгжсэн. Ягаанаа тэр байшинг өөрийнхөө байшин гэсэн ба нөхөр бид хоёр анх танилцахдаа тэр байшинг барьж босгосон гэж байсан...” гэх мэдүүлэг /хх.29-30/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Энхцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх.32/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Мөнхсайханы өгсөн мэдүүлэг /хх.36-37/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Я.Амарзаяагийн өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө 9 цагийн үед Улиастайн хуучин эцэс дээр нүүрс, түлээ зардаг газар зогсож байтал М нэг залуутай хамт усны тэрэг түрчихсэн ирээд 15,000 төгрөгөөр зарна гээд явж байхаар нь 15,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх.38/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Дандарын өгсөн мэдүүлэг /хх.39, 124/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх.68/,
Эд мөрийн баримтаар тооцсон гар утсны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.126-127/,
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэл /хх.108-109/,
Хулгайд алдагдсан эд зүйлд хийсэн “Тод Үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх.129, 154/,
Байшингийн эвдрэл гэмтэлд хийсэн “Тод Үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх.134/,
Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.153/,
Хохирлын тооцоо /хх.156/,
Шүүгдэгч С.Мгийн хамтран амьдрагч Л.Дандарын эмнэлэг хөдөлмөрийн магадлагааны комиссын шийдвэрийн хуулбар шинээр гаргаж өгсөн 1 хуудас баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
С.М нь Ж.Мөнхсайхан, Э.Төгөлдөр, Б.Энхжаргал, Л.Энхцэцэг нартай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 01-02 нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 02 дугаар хэсгийн 414 тоотод оршин суух иргэн Х.Ичинхорлоогийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, 17 нэр төрлийн эд зүйлс хулгайлж, нийт 974,040 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.8-16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Ичинхорлоогийн өгсөн: “... Тэгээд юу болов гээд хартал манай гэрийн хаалга, үүд цонхыг эвдэлж орсон 3 эрэгтэй, 3 эмэгтэй хүн байсан. Тэр дунд миний таньдаг М буюу Ягаанаа байсан. Манай охин Цэцэгээ “юу болоод байна” гэтэл манай охиныг М танихгүй “энэ манай гэр” гэж хэлэхээр нь “тэгвэл гэрт чинь орж байгаад ярилцъя” гэж хуурч оруулаад гаднаас нь цоожлоод цагдаа дуудсан. Тухайн үед усны тэрэг, хөнгөн цагаан 4 үетэй жигнүүр тогооны хамт, 3 литрийн бидон, будаа агшаагчийн хөнгөн цагаан 2 ширхэг сав, хөнгөн цагаан шанага, халбага, хоолны ган халбага, боовны хөнгөн цагаан шүүрэн шанага, манай охины бугуйн цаг алга болсон байсан. Мөн манай гэрт байсан охины болон нөхрийн хувцаснуудыг тэдгээр хүмүүс өмссөн байсан...” гэх мэдүүлэг /хх.18, 123/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Цэцэгээгийн өгсөн: “... зүс харсан эмэгтэй /М/ “энэ манай гэр гэхээр нь би “танайх руу оръё” гээд нөгөө 3 хүнийг оруулж түгжээд цагдаа дуудсан. Манай байшингийн гадна талын цоож газар хэвтэж байсан. Тэгтэл 1 эрэгтэй, 1 эмэгтэй хоёр хүн цүнх үүрчихсэн цонхоор гараад зугтахаар нь бариад автал бид хоёр энэ байшинг худалдаж авах гэж байсан юм, М энэ байшинг манай байшин гэсэн. Бид хоёр мөнгө төгрөгөө өгөх гэж байсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.25, 56/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхжаргалын өгсөн: “... Ягаанаа цонх төмрийг нь эвдэлчих гэсэн. Мөнхбаатар цонхны төмрийг эвдлээд орох гэхэд цонх нь түгжээтэй байсан. Тэгээд Цоомоо дээврээр нь дотогшоо ороод цонхыг онгойлгосон. Ягаанаа ороод “цөмөөрөө эндээс бүгдийг нь аваад явъя аа, маргааш машин авчираад ачаад явъя, би угаасаа энэ газрыг зарах гэж байгаа юм” гэсэн...” гэх мэдүүлэг /хх.29-30/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Энхцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх.32/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Мөнхсайханы өгсөн мэдүүлэг /хх.36-37/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Я.Амарзаяагийн өгсөн: “... М нэг залуутай хамт усны тэрэг түрчихсэн ирээд 15,000 төгрөгөөр зарна гээд явж байхаар нь 15,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх.38/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Дандарын өгсөн мэдүүлэг /хх.39/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх.68/,
Эд мөрийн баримтаар тооцсон гар утсны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.126-127/,
Хулгайд алдагдсан эд зүйлд хийсэн “Тод Үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх.129, 154/,
Байшингийн эвдрэл гэмтэлд хийсэн “Тод Үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх.134/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Мгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт С.Мг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд С.Мг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж болон “Энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч С.Мгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Х.Ичинхорлоо нь хохиролд нийт 3,845,000 төгрөг нэхэмжилж байх боловч түүний зуслангийн байшинд урьд нь 3 удаа хулгай орж байсан, харин чацарганы модны үнэ 460,000 төгрөг, хувцаснуудын үнэ 160,000 төгрөг, байшингийн засварын зардал 104.040 төгрөг, бүргэд хаалганы үнэ 250,000 төгрөг, нийт 974,040 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогджээ.
Дээрх хохирлоос бүргэд хаалганы үнэ 250,000 төгрөгийг хасч тооцох тухай шүүгдэгчийн өмгөөлөгч хүсэлтийг хангах шаардлагагүй, С.М нь хохиролд 350,000 төгрөг төлсөн байх бөгөөд хохирлоос үлдэх 624,040 төгрөгийг уг гэмт хэрэгт хамтран оролцож, холбогдох хэргийг нь тусгаарласан бусад 4 этгээд хариуцах үндэслэлтэй учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
С.М нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.Мгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэхээр шийдвэрлэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Мд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
С.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч С.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээв.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, С.Мгийн хамтран амьдрагч Л.Дандарт хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг түүний оршин суух дүүргийн Засаг даргад даалгавал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөнхөөдэй овогт С.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Мд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар, С.Мд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. С.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, С.Мгийн цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. С.М нь хохиролд 350,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
8. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Мгийн хамтран амьдрагч Л.Дандарт хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР