Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01917

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01917

 

 

 

 

 

 

 

2022 10 21 210/МА2022/01917

 

 

Б.Н, Н.Н нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/02965 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.Н, Н.Н нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: НКС ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 403,323,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З, хариуцагчийн өмгөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Бид НКС ХХК-тай харилцан тохиролцож Дундговь аймгийн Сайнцагаан сумаас ямааны ноолуур нийлүүлэхээр болж, тус компани нь ямааны ноолуурыг 1 кг нь 126,000 төгрөгөөр худалдан авахаар болж, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 5,369.6 кг ямааны ноолуурыг НКС ХХК-д хүлээлгэн өгч, худалдан авагч нь 676,569,600 төгрөг төлөхөөр болсон. Тухайн үед НКС ХХК нь ямааны ноолуурын үнийг 3 хоногийн дараа өгнө гэсэн боловч өгөөгүй. Н.Н-д 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл нийт 80,000,000 төгрөг, Б.Н-д 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл нийт 62,000,000 төгрөг тус тус шилжүүлэн өгсөн.

Бид НКС ХХК-аас үлдэгдэл төлбөрөө авахаар 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр уулзахад банкнаас зээл хөөцөлдөж байгаа, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны дотор үлдэгдэл төлбөрийг бүрэн төлнө, 28,500,000 төгрөгийг Б.Н-гийн дансанд шилжүүлнэ гэж тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан. Гэтэл НКС ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 28,500,000 төгрөг шилжүүлэхээс 11,000,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш Б.Нд 273,246,000 төгрөг төлсөн. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч НКС ХХК-аас үлдэгдэл 403,323,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н, Н.Н нарт олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нартай ямар нэг бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй бөгөөд өр төлбөрийн асуудал байхгүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч НКС ХХК-аас 392,584,400 /гурван зуун ерэн хоёр сая таван зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н, Н.Н нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,739,200 /арван сая долоон зуун гучин есөн сая хоёр зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 2,174,568 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,120,872 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.а. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд

Анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шүүгчийн 102/ЗШ2022/05248 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжид НКС ХХК-ийг хариуцагчаар татан оролцуулж, нэхэмжлэлийн хувийг гардуулах, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохигчийн эрх, үүргийг танилцуулсугай гэж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч байгууллагын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд О.О нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгээр Ү.Ч-д зохигчийн эрхийг эдэлж, үүрэг хүлээх итгэмжлэлийг хуульд зааснаар олгож, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн албан бичгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр Т.Ууганбаярыг оролцуулж, өмгөөлөгчөөрөө дамжуулан цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэлээс татгалзан зохигчийн эрх, үүргийг өөрөө хүлээн оролцох тухай шүүхэд мэдэгдсэн. Харин шүүхээс нэхэмжлэлийг гардуулахдаа хариуцагч байгууллагыг төлөөлөх эрхгүй, иргэн Ц.Д-г дуудаж, эрх үүрэг танилцуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийдвэрт Ц.Д нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хэмээн дурдсан нь шүүх хэргийн оролцогчийг анхнаасаа буруу тодорхойлсон буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийг гардуулах, хуульд заасны дагуу хариу тайлбар авах зэрэг ажиллагааг ноцтой зөрчсөн. Харин тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд манай байгууллагаас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон оролцуулан дээр хөндөгдсөн эрхээ сэргээлгэх, цаашид шүүхийн шатанд эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх боломжтой гэж үзэж шүүхийн ажлын ачаалал, гомдол гаргаад хуульд зааснаар шийдвэрлүүлсэн зэргийг харгалзан үзээгүй шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч О.О-д мэдэгдээгүй. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг хуулийн дагуу танилцуулаагүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хариу тайлбарыг хуульд зааснаар төлөөлөх эрхтэй этгээд хуульд нийцүүлэн өгөх эсхүл шаардлага хангахгүй хариу тайлбарыг нотлох баримтаас хасах ёстой. Шүүх хуралдааны товыг шүүхээс заавал мэдэгдэх ёстой байсан. Мөн хариуцагч байгууллагын өмгөөлөгч Т.У-т хэргийн материал танилцуулалгүй, үүний дотор шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн албан бичгийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хавтаст хэрэгт хавсаргасан. Шүүх товлосон цагтаа хуралдаанаа эхлүүлээгүй, тов мэдсэн оролцогч нар товлосон цагтаа хоцорсон байхад гагцхүү нэг талыг оролцох боломжоор хангаж 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 09 цаг 10 минутад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүхэд ирэхэд нь хуралдаанаа эхлүүлсэн бөгөөд тухайн цаг хугацаанд өмгөөлөгч Т.Ууганбаяр нь мөн адил хоцорсон байсан ч өөрийн шүүхэд гаргаж буй хүсэлтийг цахимаар хүргүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүлээх үүргээ биелүүлэн хэргийн бусад оролцогчид шүүх хуралдаандаа товлосон цагтаа ирээгүй учир шүүхээр хүсэлтээ хэлэлцүүлэхээр илгээсэн. Шүүх тэгш эрхийн зарчмын дагуу аль нэг талыг ирсэн даруйд шүүх хуралдааныг явуулж нөгөө талыг шүүх хуралдаанд оролцуулалгүй, мэтгэлцэх зарчмыг хангахгүй үргэлжлүүлэн явуулсан зүйд нийцэхгүй гэж үзэж байна.

Мөн шүүх хуралдааны дарааллыг хуулиар тогтоосон атал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тогтсон хуульчилсан шат дарааллыг урд хойно нь оруулан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт байхгүй гэж хэлсээр байтал хариуцагч талаас шүүх хуралдаанд оролцох хүн ирээгүй байна, ирцтэй холбоотой хүсэлт байхгүй юм уу? гэж шүүх хуралдаанд даргалагч нэмж хариулт шаардаж аван Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хариултаа аваад хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгч хүсэлт гаргасан тул гэж шийдвэрлэсэн байдаг нь зүйд нийцэхгүй, шүүх өөрийн хуулиар хүлээсэн үүргээ үл биелүүлсэн шийдвэр гаргасан байдаг. Энэхүү шүүх хуралдаанд болсон нөхцөл байдал нь дуу, дүрс бичлэгт тодорхой үлдсэн бөгөөд, хуралдааны тов мэдэгдээгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудад бүгд тодорхой байдаг юм.

4.б. Шүүхийн шийдвэрийн тооцоолол, шийдлийг эс зөвшөөрсөн тухайд

Шүүхийн шийдвэрийнхээ үндэслэлийг Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-аас нэхэмжлэгчийн төлөөлөгч С.У-т хандан явуулсан 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 223 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгийг үндэслэл болгосон нь хавтаст хэрэгт авагдаагүй буюу хариуцагч талд огт танилцуулаагүй баримтыг үндэслэлээ болгосон нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Хэзээ хаанаас гаргаж өгсөн нь тодорхойгүй шүүхийн журмаар хавтаст хэрэгт авагдаагүй баримтыг хэргийн оролцогч болох НКС ХХК-ийн хууль ёсоор итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болон өмгөөлөгч хэн алинд нь танилцуулалгүй шүүх шийдвэрийн үндэслэл болгосон байна. Мөн хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд шүүхийн журмаар биржээр арилжсан ямааны ноолуурын ханшийн мэдээллийг гаргуулахаар хүсэлт гаргасан байдаг. Энэ нь 1-т баримтыг шүүхийн журмаар гаргуулж нотлох баримтаар хавсаргах, 2-т Түүхий эд бэлтгэл, Ямааны ноолуур Техникийн шаардлага MNS 0038:2007 стандартад ямааны ноолуурыг өнгөөр нь а. Цагаан, б. Цагаан цайвар в. Цайвар г. Бараан гэж, чанараар а. Дээд, б. I зэрэг, в. II зэрэг, г. III зэрэг гэж тус тус ангилдаг.

Энэхүү ангиллын дагуу Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-аас стандартад заасан ноолуурууд ямар үнэ ханштай байсан тухай лавлагааг гаргуулах хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан. Гэвч шүүх нэхэмжлэгч тал өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-аас хүсэлтээр өөрөө буюу төлөөлөгчөөр ажиллаж байгаа өмгөөлөгч С.У-т хандан ирүүлсэн баримтыг нотлох баримтаар үнэлсэн нь шударга ёсны зарчмыг алдагдуулсан, бодит бус, ялгавар ангилалтай үнэ ханшаар бус зөвхөн цайвар бараан гэсэн үнээр шийдвэрийн үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй байна.

Мөн Баянгол дүүргийн Прокурорын газраас НКС ХХК-ийн гаргасан гомдлоор шалгагдсан 210501972 дугаартай хэрэг бүртгэлийн хэргээс хэргийг хуулбар хувиар татуулж нотлох баримтаар хавсаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй орхигдуулсан. Гомдол гаргагчид өөрт хамаарал бүхий буюу өөрийн гаргаж өгсөн баримтаас бусдыг хуулбарлан өгдөггүй учир хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй нөхцөл байдалтай байгаагаа ч хүсэлтдээ дурдсан байдаг.

Дээрх эрүүгийн журмаар шалгагдсан хэрэгт нэхэмжлэгч нараас ямааны ноолуурыг бүрэн хүлээж аваагүй, мөн ямааны ноолуурыг угаах үүрэг хүлээсэн буюу нэхэмжлэгч нараас шууд хүлээж авсан Овк ХХК нь хэдэн кг ноолуур хүлээн авч, угаах самнах ажиллагааны дараах байдлаар хэдэн кг ноолуур болж үлдсэн зэрэг олон нөхцөл байдал тодорхойлоход чухал ач холбогдолтой баримтууд авагдсан байдаг.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил, нотлох баримт дутуу байхад хэргийн хянан хэлэлцэж шийдвэрлэсэн, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдол бүхий нотлох баримт гаргуулах тухай зохигчийн хүсэлтийг хүлээж аваагүй, хууль хэрэглээний хувьд анхан шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн зэрэг ноцтой зөрчил гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч цагтаа ирээгүй гэж худал тайлбарласан. Би өглөө 08 цаг 55 минутад буюу шүүх хуралдаан эхлэхээс 5 минутын өмнө ирсэн бөгөөд хариуцагч талаас хүн ирээгүй байсан. Шүүхээс хариуцагч компанийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл гаргаагүй. Ц.Д компанийг төлөөлөх эрхтэй этгээд гэж нэхэмжлэлийг гардаж авсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.О НКС ХХК-ийг төлөөлөөд Ү.Ч-д итгэмжлэл олгосон. 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Ү.Ч-г итгэмжлэлээсээ татгалзсан гэх боловч өмнө нь шүүх хуралдааныг товлон зарлахад ОХУ-д тэмцээнтэй учраас шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт гаргасан. Тухайн шүүх хуралдаанд өмгөөлөгч Т.У ирсэн бөгөөд Ү.Ч-г итгэмжлэлээсээ татгалзсан талаар огт хэлээгүй. Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-аас үнийн талаар албан бичиг гаргуулсан нь тухайн үед ноолуурыг 126,000 төгрөгөөр худалдсан бичигт гарын үсэг зураагүй байсан учраас ноолуурын үнэнд маргаан үүссэн. Иймд тухайн үед хөрөнгийн биржид ноолуур ямар үнэтэй байсныг нотлохын тулд дээрх албан бичгийг нотлох баримтаар өгсөн. НКС ХХК-ийн хууль ёсны эрх ашиг нь огт хөндөгдөөгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрхээ эдэлсэн. Гэвч хариуцагч тал үүргээ хүлээх ёстой байсан. Анхан шатын шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч хурал эхэлснээс хойш 01 цаг 10 минутын дараа орж ирсэн учраас нэхэмжлэгч талд давуу байдал бий болгосон гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Б.Н, Н.Н нар нь хариуцагч НКС ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 403,323,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийг хариуцагчийн төлөөлөгч Ц.Д-д гардуулж, эрх үүргийг тайлбарласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна./хх 9, 18-20/

Тодруулбал, хэрэгт авагдсан НКС ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр О.О нь уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд байх боловч тус компанийн дүрмээр Ц.Д нь хувьцаа эзэмшигч байна. /хх 13-17/ Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

4. Харин анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

4.а. Хэрэгт авагдсан 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Орлогын баримт №02 гэх баримтаар нэхэмжлэгч Б.Н, Н.Н нар хариуцагч НКС ХХК-д 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 5,396.6 кг ямааны түүхий цайвар ноолуур нийлүүлж, мөн оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тооцоо нийлсэн актаар НКС ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Н.Н-д 80,000,000 төгрөг, Б.Н-д 62,000,000 төгрөг, 10 дугаар сарын 04-ний өдөр Б.Н-д 28,500,000 төгрөг, нийт 170,500,000 төгрөг төлж, үлдэгдэл тооцоог 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон байна. /хх 7-8/

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх боловч гэрээний гол нөхцөлийг тохиролцсон эсэх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Тодруулбал, талууд цэвэр эсхүл түүхий ноолуур худалдах-худалдан авах талаар тохиролцсон эсэх, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-аас гаргасан ноолуурын ханш 124,000 төгрөг нь цэвэр ноолуурын эсхүл түүхий ноолуурын үнэ эсэх нь тодорхой бус байхад анхан шатны шүүх гэрээний гол нөхцөл болох ноолуурын үнийг 124,000 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн нь буруу.

4.б. Хариуцагчийн өмгөөлөгчөөс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн Прокурорын газраас НКС ХХК-ийн гаргасан гомдлоор шалгагдсан 210501972 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт авагдсан баримтыг нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байна.

5. Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/02965 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,175,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

С.ЭНХБАЯР