Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01918

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01918

 

 

 

 

 

 

 

2022 10 21 210/МА2022/01918

 

 

НСИЭК ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2021/01382 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: НСИЭК ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: МБГ ХХК болон ШӨ ХХК-д тус тус холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 426,909,322 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, Д.У, хариуцагч МБГ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, хариуцагч ШӨ ХХК-ийн өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: НСИЭК ХХК нь бетон зуурмагийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Бетон зуурмагийн гол түүхий эд болох цементийг хариуцагч компаниудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр МБГ ХХК-д үйлдвэрлэгдсэн чанар стандартын шаардлага хангасан 1 тонн задгай цементийг 140,000 төгрөгөөр тооцон худалдах-худалдан авахаар харилцан тохирсон. Хариуцагчийн нийлүүлсэн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 105,25 тонн, 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 108 тонн задгай цемент нь 30 хувь болон түүнээс дээш хувийн үнсний хольцтой, чанар стандартын шаардлага хангаагүйгээс нэхэмжлэгч компанид маш их хэмжээний хохирол учирсан.

Хариуцагч талын 2018 оны 08 дугаар сарын 17,18-ны өдөр нийлүүлсэн цементээр нэхэмжлэгч компани нь МЗОО маркийн бетон зуурмагийг үйлдвэрлэн 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр захиалагч Б хорооллын 4 дүгээр барилгын 2 дугаар давхрын 552.64 м.кв талбайд бетон зуурмаг цутгасан. Гэтэл Баганат хорооллын 4 дүгээр барилгын 2 давхарт цутгасан бетон зуурмаг нь 3 хоног болоход бэхжилт авахгүй, нойтон байна гэсэн гомдлыг БӨ ХХК-аас ирүүлсний дагуу 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр БӨ ХХК-ийн ерөнхий захирал Л.Б, БУҮЭЗахирал Б.Т, ахлах инженер А.Б, НСИЭК ХХК-ийн захирал П.Ц нарын бүрэлдэхүүнтэй комисс тухайн барилга дээр ажилласан. Тус үзлэгээр нэхэмжлэгч компанийн цутгасан бетон зуурмагаас дээж авч мэргэжлийн байгууллага болох ШУТИС-ийн Барилга инженер, архитектурын сургуулийн оношилгоо, зураг төсөл, судалгааны Реконстрашн ХХК-аар шинжлүүлэхэд 4 дүгээр барилгын 2 давхарт цутгасан бетон зуурмаг нь чанар, стандартын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч компанид учирсан хохирлыг барагдуулж, хохиролгүй болгохоо мэдэгдэж байсан.

Түүнчлэн, 2018 оны 08 дугаар сарын 31, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Барилга архитектур корпорацын итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн цемент 30 хувь болон түүнээс дээш хувийн үнсний хольцтой чанар, стандартын шаардлага хангахгүй болох нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. БӨ ХХК-ийн зүгээс НСИЭК ХХК-д 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 204 дугаартай албан мэдэгдлийг хүргүүлж НСИЭК ХХК-ийн нийлүүлсэн бетон зуурмаг нь чанарын шаардлага хангахгүй болох нь үзлэг шалгалт, мэргэжлийн байгууллагын шинжилгээ туршилтаар батлагдсан. Иймээс тухайн давхрын цутгамал төмөр хийцүүдийг буулгах ажлыг аюулгүй зохион байгуулж, 2 дугаар давхрын угсралтын ажилд гарсан зардал, дараагийн давхар буюу 3 дугаар давхрын арматурчлал, хэв хашмал угсралт болон буулгалтын зардал, үүнээс шалтгаалан гарсан гүйцэтгэгч байгууллагын сул зогсолтын зардлуудыг тооцож хохирлыг барагдуулахыг мэдэгдсэн.

Хариуцагч талын үнсний хольц ихтэй чанар стандартын шаардлага хангахгүй цемент нийлүүлснээс шалтгаалан Б хорооллын 4 дүгээр барилгын 2, 3 давхрын цутгамал хийцүүдийг буулгахад 130,000,000 төгрөг, дахин барьж гүйцэтгэхэд 162,634,200 төгрөг нийт 292,634,200 төгрөгийн хохирол учирсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2881 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2091 дугаартай магадлалаар НСИЭК ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нийлүүлсэн бетон зуурмаг нь чанарын шаардлага хангахгүй болохыг тогтоож НСИЭК ХХК-аас хохиролд 282,944,322.72 төгрөг, шинжээчийн хөлс 4,000,000 төгрөгийг БӨ ХХК-д гаргуулах шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Шүүхээс БӨ" ХХК-д учирсан хохирлыг 282,944,322 төгрөг гэж тогтоосон бөгөөд дээрх үнийн дүнд нэхэмжлэгч НСИЭК ХХК-ийн зүгээс өмнө нь БӨ ХХК-ийн дахин хийж гүйцэтгэхэд гарсан зардал 162,634,200 төгрөгийн хэсгийг нэхэмжилсэн байсан бөгөөд хохирлын дагуу дутуу төлбөр болох 120,310,122 төгрөгийг нэхэмжлэгч компанид хариуцагч тал төлөх нь үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгч компанийн чанар стандартын шаардлага хангахгүй цементийн төлбөрт төлсөн 9,965,000 төгрөг, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон хохирол 120,310,122 төгрөг, шинжээчид төлөх 4,000,000 төгрөг, нийт 134,275,122 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байх тул хариуцагч талаас нийт 426,909,322 төгрөгийг гаргуулж өгнө үү. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2 дахь хэсэгт хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ, мөн хуулийн 242.11 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасны дагуу тэнцүү хувааж хариуцуулж байна. ШӨ ХХК-аар 9,965,000 төгрөгийг төлүүлэхээр шаардаж байна гэжээ.

2. Хариуцагч ШӨ ХХК-ийн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: ШӨ ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан, барилгын засвар, барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эрхэлдэг. Тус компани нь МЖЖЦ ХХК-аас хоорондын тооцоогоор 140,000,000 төгрөгийн авлагатай байсан. МЖЖЦ ХХК нь авлага барагдуулах шаардлагын хариуд МБГ ХХК-аас авах авлагаа ШӨ ХХК-д шилжүүлье гэсэн хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн. МБГ ХХК-аас мөнгөн хэлбэрээр авлагыг бүрэн барагдуулахад хангалттай ижил хэмжээний санхүүгийн болоод эдийн засгийн боломж байхгүй байсан тул МБГ ХХК нь НСИЭК ХХК-ийн захиалгын дагуу тохирсон үнэ, тоо, чанар, стандартаар цемент нийлүүлэх, худалдан авагч нь барааны төлбөрийг худалдагчийн зөвшөөрснөөр манай компанид ийнхүү шилжүүлсэн дүнгээр МБГ ХХК-аас авах авлагаас хасагдаж тооцогдохоор тус тус тохирсон. Дээрх тохиролцооны үндсэн дээр тус компанийн дансанд НСИЭК ХХК-аас нийт 24,700,000 төгрөг шилжүүлсэн. Тохирсон ёсоор цементийг худалдан авагчийн захиалсан тоо чанар стандартын дагуу нийлүүлэх үүргийг МБГ ХХК хүлээсэн, бараа материал задгай цементийг НСИЭК ХХК үйлдвэрийн хашаанаас холбогдох чанарын сертификаттай нь хүлээн авч өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн тул хариуцагч тал нь чанар стандартын шаардлага хангаагүй цемент нийлүүлснээс учирсан хохирол нь ШӨ ХХК-д хамааралгүй.

НСИЭК ХХК нь компани хоорондын тооцоог болон цемент үйлдвэрлэгч нь ШӨ ХХК биш болохыг мэдэж байсан. Энэхүү утгаараа ШӨ ХХК болон НСИЭК ХХК-ийн хооронд цемент нийлүүлэх гэрээ байгуулаагүй. Мөн НСИЭК ХХК нэхэмжлэлийн үндэслэлээ зөвхөн МБГ ХХК-д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэгч хэдийгээр хамтран хариуцагчаар ШӨ ХХК-ийг татсан боловч энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь ШӨ ХХК биш юм. Иймд хариуцагч нар гэрээний үүргийг хамтран хариуцах үндэслэлгүй тул ШӨ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч МБГ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: "НСИЭК ХХК 1 тонн цементийг 140,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцагч компаниудтай харилцан тохирсны дагуу 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 105,25 тонн цемент 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 213,25 тонн цемент нийлүүлсэн. Гэтэл МБГ ХХК-д "НСИЭК ХХК харилцан тохиролцсоны дагуу 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 105,25 тонн шуудаатай цемент нийлүүлсэн нь үнэн боловч 105,25 тонн цементэд чанарын асуудал гараагүй болохыг нэхэмжлэгч тодорхой илэрхийлсэн. 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр манай компаниас худалдан авсан цементийн тухайд манай компани ийм хэмжээний задгай цементийг нэхэмжлэгчид нийлүүлээгүй, тийм гэрээ огт байгуулаагүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хэргийн материалын 16-19 дүгээр хуудсанд гаргаж өгсөн баримтад тусгагдсанаар 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээний дагуу 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр МЖЖЦ ХХК-д бид 100 тонн цемент нийлүүлсэн, "НСИЭК ХХК-д худалдсан гэх цементийг ШӨ ХХК нь өөр этгээдээс худалдан авсан байна. Уг чанарын асуудал нь МБГ" ХХК-ийн хариуцах ёстой гэж нэхэмжлэгч болон ШӨ ХХК тайлбарлаж байгаа нь компанийн нэр хүндэд халдаж байгаа ноцтой үйлдэл байна.

МБГ ХХК-ийн тухайд задгай буюу савлаагүй цементийг үйлдвэрийн агуулахаас ачигдсанаас хойших чанартай холбоотой асуудал, ялангуяа хэд хэдэн эрх зүйн чадамж бүхий этгээдүүдийн дамжин худалдсан цементийн чанарын асуудлыг хариуцах боломжгүй. Цементийн тээвэрлэлтийг ч худалдан авагчид өөрсдөө хариуцан гүйцэтгэдэг тул агуулахаас ачилт хийгдсэний дараа гуравдагч этгээдийн зүгээс цементийн чанарыг алдагдуулах зорилготой санаатай эсхүл болгоомжгүй үйлдлийн улмаас нэмэлт бодис холих, буруу тээвэрлэлт, хадгалалтын улмаас чанарт өөрчлөлт оруулах бүрэн боломжтой онцгой бүтээгдэхүүн юм. Иймд МБГ ХХК нь зөвхөн гэрээлэгч этгээдийн өмнө 40 хоногийн дотор гомдлын шаардлагатай холбоотой хариуцлага хүлээдэг бөгөөд цаашид дамжин худалдсан этгээдүүдийн өмнө хариуцлага хүлээх боломжгүй. Гэрээлэгч этгээд нь одоо хүртэл МБГ ХХК-д хандаж аливаа гомдлын шаардлага гаргаагүй бөгөөд уг гомдол нь МБГ ХХК-д ямар хамааралтай гэдэг нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч хүлээн авсан гэх цементийг БӨ ХХК-д бетон зуурмаг болгон нийлүүлсэн бөгөөд БӨ ХХК-ийн барилгын бетон зуурмаг нь 3 хоногийн дараа бэхжээгүй байна гэсэн гомдлыг БӨ болон НСИЭК ХХК-ийн хамтарсан комисс шалгаж цементээс шалтгаалсан болохыг тогтоосон. Уг тогтоогдсон гэх үйлдэл нь ямар шинжилгээ судалгааны үр дүнд, ямар албан баримтаар тогтоогдсон нь тодорхойгүй байна.

Мөн бетон зуурмагийн тээвэрлэгч, дамжуулан худалдагч, бетон зуурмагийн үйлдвэрийн зүгээс аливаа нэмэлт хийж ашигласан эсэх талаар тогтоох боломжгүйгээс гадна тогтоогдсон гэх албан ёсны дүгнэлт шинжилгээний үр дүн байхгүй. Нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн хохирлыг МБГ ХХК-аас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Тухайн үед МБГ ХХК-ийн цементээс бус бетон зуурмагаас дээж авч итгэмжлэгдсэн лабораторийн хувьд өөрийн лабораторид шинжилж үзсэн бөгөөд шинжилгээний үр дүнгээр тухайн бетон зуурмагт ашигласан цемент нь МБГ ХХК-ийн цемент биш болох нь түүнд агуулагдаж байгаа эрдэс бодис, найрлагын хэмжээгээр бүрэн тогтоогдсон. Тиймээс нэхэмжлэгч компанийн зүгээс хохирлыг барагдуулах талаар ямар ч мэдэгдэл өгөөгүй бөгөөд МБГ ХХК ч хохирол барагдуулах талаар мэдэгдэл нэхэмжлэгч компанид өгч байгаагүй.

МБГ ХХК-ийн худалдан авагч МЖЖЦ ХХК ямар ч гомдлын шаардлага мэдэгдэл ирүүлээгүй. 2018 оны 08 дугаар сарын 31, 09 дүгээр сарын 12-ны өдрийн Барилга архитектур корпорацын итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн цементэд 30 хувь болон түүнээс дээш хувийн үнсний хольцтой чанар, стандартын шаардлага хангахгүй болох нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэжээ.

2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс Барилга архитектур корпорацад шинжлүүлсэн гэх цементийн эх үүсвэр, гарал үүслийг тогтоох боломжгүй бөгөөд гарал үүслийн талаар хэрхэн тогтоосныг Барилга архитектур корпорацад хандаж тодорхойлолт гаргаж өгөхийг хүссэний дагуу Барилга архитектур корпорац нь тухайн дээж нь МБГ ХХК-ийн цемент мөн эсэхийг нотлох баримт болохгүй талаар хариуг өгсөн.

Нэг талын санаачилгаар хаанаас ямар бүтээгдэхүүнээс дээж авсан нь тодорхойгүй дангаар өгч шинжлүүлсэн шинжилгээний үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нь барилгын материал үйлдвэрлэгчдэд тогтсон дагаж мөрдөх зарчим юм. Нэхэмжлэлд дурдсан цементийн чанартай холбоотой асуудлаар НСИЭК ХХК нь мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан, уг гомдлын дагуу МХЕГ МБГ ХХК-ийн үйлдвэрт 2019 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал шалгалт хийж 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн үйлдвэрээс гарсан цементийн дотоодын лаборатори болон хөндлөнгийн лабораторийн шинжилгээний дүн, шахалт гулзайлтын бат бэхийг шалгасан 3 болон 28 хоногийн үр дүн, үйлдвэрийн явцад авч хадгалсан дээж, тухайн өдөр бусад худалдан авсан этгээдүүдийн санал гомдол зэргийг шалгаж МБГ ХХК-ийн үйлдвэрээс гарсан цементэд чанарын асуудал байгаагүй болохыг тогтоосон.

ШӨ ХХК нь цементийн чанартай холбоотой асуудлаар өөрөө худалдан авагчийн өмнө буюу нэхэмжлэгчийн өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй бөгөөд уг үндэслэлд МБГ ХХК хариуцах мэтээр тайлбар гаргасан нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас МБГ ХХК-д хамаарах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.2-т заасныг баримтлан МБГ ХХК, Шарлаг өргөө ХХК-аас 426,909,322 төгрөгийг хамтран хариуцуулж гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,450,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: Тухайн үед дээж авсан бункерт хаанахын ямар цемент хийсэн баримтгүй тул доголдолтой зуурмагийг МБГ ХХК-ийн нийлүүлсэн 213.25 тонн задгай цементээр зуурагдсан болох нь гэрчлэгдэхгүй, хариуцагч тал маргаж байгааг үгүйсгэхгүй байна... гэжээ.

Тайлбарлах нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу 2018 оны 08 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд нэхэмжпэгч НСИЭК ХХК-ийн бункерт хадгалагдаж байсан цемент нь хариуцагч МБГ ХХК-аас нийлүүлсэн цемент болох нь хариуцагчийн амаар болон бичгээр өгсөн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгүүдээр тус тус тогтоогддог.

Түүнчлэн, хариуцагч талын төлөөлөгчид 2018 оны 08 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд нэхэмжлэгч НСИЭК ХХК-д цемент нийлүүлсэн болохоо шүүхэд бичгээр болон амаар өгсөн тайлбарт хүлээн зөвшөөрдөг. МБГ ХХК-ийн цемент нэхэмжлэгч компанийн бункерт хадгалагдаж байсан болохыг гэрчүүд нотолсон боловч шүүхээс тус мэдүүлгүүдийг үнэлэлгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: ...Харин хариуцагчаас ирүүлсэн, Барилга архитектур корпорац ХХК-ийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн гэсэн, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолт /хэргийн 133/-ОД, ХЭЛ235/18, 325/18КБЛ дугаар шинжилгээний дүн болох сорилтын шинжилгээний үр дүнгээр НСИЭК ХХК-ийн захиалгаар дээжид ирүүлсэн цементэд хамааралтай, цементийн анги, төрөл, гарал, үүсэл, үйлдвэрлэгчийн талаарх мэдээллийг захиалагчийн мэдүүлсний дагуу тэмдэглэж тайланд тусгасан гэсэн нь шинжлэгдсэн дээж нь захиалагч НСИЭК ХХК-ийн ирүүлсэн цемент бөгөөд энэ цементийн анги, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэгчийн талаарх мэдээллийг захиалагч өгсөн байх тул хариуцагч МБГ ХХК-ийн тус компанид 2018 оны 08 дугаар сарын 17,18-ны өдрүүдэд борлуулсан цемент гэдгийг нотлохгүй болно... гэжээ.

Тайлбарлах нь: Нэхэмжлэгч НСИЭК ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 17,18-ны өдрүүдэд МБГ ХХК-аас хүлээн авсан цементээр бетон зуурмаг зуурч, улмаар тус зуурмаг барьцалдахгүй буюу огт хатахгүй байсан тул тус цементийг шинжлүүлэх зорилгоор Барилга архитектур корпорацын итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлсэн. 2018 оны 09 дугаар сарын 12-ны өдрийн ХЭЛ 235/18 дугаартай шинжилгээний дүнд ...Дээжийн нэр: П Цемент ОРС-42,5 / МБГ ХХК Г, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 325/18КБ: дугаартай шинжилгээний дүнд ...Дээжийн нэр: Портланд цемент ОРС-42,5 / МБГ ХХК/ гэх дүгнэлт гарч, шинжлүүлэхээр өгсөн цементийн төрөл, анги, бат бэх, нэршлийг тогтоож тус цемент нь Портландцемент ОРС-42,5 стандартын нэршилтэй, ОРС төрлийн, 42.5 бат бэхийн ангид хамаарах цемент болохыг тодорхойлсон

Хавтаст хэрэгт авагдсан Бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ гэх бичигт Цементийн төрөл: ОРС Бат бэхийн анги: 42.5...Портландцемент техникийн шаардлага стандартыг хангасан тул ОРС 42.5 цементийг борлуулахыг зөвшөөрөв гэж тус цементийн төрөл, бат бэхийн анги, нэршил, гарал үүслийг тодорхойлсон. Гэтэл анхан шатны шүүхээс нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлээгүйгээс, үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: ...МБГ ХХК-ийн захиалгаар Аргайн чулуу ХХК-ийн итгэмжлэгдсэн лабораторийн Ц-49/18 тоот МБГ ХХК-ийн, портланд цемент /МБГ ОРС 42,5/-ийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дээжид 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хийсэн, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дээжид 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хийсэн, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дээжид 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дээжид 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд хийсэн шинжилгээний дүн баримтуудаар цемент чанар, стандартын шаардлагад нийцсэн байна... гэжээ.

Тайлбарлах нь: Нэхэмжлэгч НСИЭК ХХК нь өөрсдийн зардлаар МБГ ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 17-оос 18-ны өдрийн хооронд үйлдвэрлэсэн цементийг Барилга архитектур корпорациар шинжлүүлж дүгнэлт гаргуулсан боловч шүүхээс нэхэмжлэгч НСИЭК ХХК өөрсдөө захиалга өгч шинжлүүлсэн тул тус шинжээчийн дүгнэлтийг үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн. Гэвч хариуцагч МБГ ХХК мөн адил өөрсдийн захиалгаар Аргайн чулуу ХХК-д 2018 оны 08 дугаар сарын 17-оос 18-ны өдрийн хооронд үйлдвэрлэсэн гэх эргэлзээтэй цементийг шинжлүүлж, дүгнэлт гаргуулсан бөгөөд шүүхээс тус дүгнэлтийг үнэлж байгаа нь нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасныг зөрчиж, Барилга архитектур корпорацын дүгнэлтүүдийг үнэлээгүй болно.

Хариуцагч МБГ ХХК нь өдөр бүр маш их хэмжээний цемент үйлдвэрлэдэг томоохон цементийн үйлдвэртэй компани бөгөөд тус компанийн шинжилгээнд өгсөн гэх цементийг 2018 оны 08 дугаар сарын 17, 18-ны өдрийн хооронд үйлдвэрлэсэн болохыг нотолсон баримт хавтаст хэрэгт байдаггүй.

Нэхэмжлэгч НСИЭК ХХК нь цемент ашиглан бетон зуурмаг үйлдвэрлэдэг компани бөгөөд БӨ ХХК-д нийлүүлсэн бетон зуурмаг хатахгүй байна гэдгийг мэдсэн үеэс эхлэн нэн даруй хариуцагч МБГ ХХК-аас нийлүүлсэн Портландцемент ОРС-42,5 стандартын цементийг шинжлүүлсэн. Иймд анхан шатны шүүх Барилга архитектур корпорацаас гарсан шинжээчийн дүгнэлтийг үнэлэх бүрэн боломжтой байсан боловч огт үнэлээгүй нь нотлох баримт үнэлэх журмыг зөрчиж байна.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: ...БӨ ХХК-ийн барилгад нийлүүлсэн 261 метр куб доголдолтой бетон зуурмагт, зөвхөн МБГ ХХК-ийн худалдан нийлүүлсэн цемент орсон эсэх, МБГ ХХК-ийн цемент 30 орчим хувийн үнс нэмсэн, стандартад заагдсан хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэсэн чанарын доголдолтой байсан, мөн МБГ ХХК нь доголдолтой бетон зуурмагт чанарын шаардлага хангахгүй цемент бүтээгдэхүүн нийлүүлсэн болон нэхэмжлэгчид үүссэн хохирлыг хариуцан арилгахаа хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэл тус тус тогтоогдохгүй..." гэжээ.

Тайлбарлах нь: Хариуцагч МБГ ХХК-аас нийлүүлсэн цемент стандартад заагдсан хэмжээний үнс буюу 30 хувийн үнстэй цемент нийлүүлсэн болохыг мэргэжлийн лаборатори болох Барилга архитектур корпорац тогтоож, гэрчүүд нотолсон байдаг. Тодруулбал, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ХЭЛ 235/18 дугаартай Барилга архитектур корпорацаас гаргасан шинжилгээний дүнд ...Үндсэн эрдсүүд; Үнс, Агууламж 30% гэж тогтоосон.

Мөн 2018 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр Барилга архитектур корпорацаас ирсэн 42/8 дугаартай албан бичигт Танай байгууллагаас МБГ ХХК-ийн цементийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн ОРС-42,5 ангийн портландцемент цементийн дээжид физик-механик эрдэс найрлагын шинжилгээг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа стандартад заагдсан арга, аргачлалаар гүйцэтгэн 2018 оны 09-р сарын 12-ны өдөр ХЭЛ 235/18 болон 2018 оны 09-р сарын 28-ны өдрийн 325/18КБЛ шинжилгээний үр дүнгүүдийг хүргүүлсэн байна ...2.Эрдэс найрлагын шинжилгээгээр уг цементийн дээж нь 30 орчим хувийн үнс нэмсэн болох нь тогтоогджээ. МNS 974-2008 Портландцемент. Техникийн шаардлага стандартад нүүсний үнс нь идэвхт эрдэс нэмэлтээр хэрэглэх стандартын шаардлага хангаж байвал 20 хүртэл хувь харин идэвхт эрдэс нэмэлтээр хэрэглэх стандартын шаардлага хангахгүй бол 5 хувиас хэтрүүлэн хэрэглэж болохгүй гэж заасан байдаг... гэж дүгнэн, хариуцагч МБГ ХХК-аас нийлүүлсэн цементэд стандартад заагдсан хэмжээнээс их хэмжээний үнс хольж, улмаар их хэмжээний үнс хольсноос шалтгаалан цемент барьцалдах чадвараа алдсан болох нь тогтоогдсон.

Иймд анхан шатны шүүхээс цементэд үнс хольсон, цемент доголдолтой байсан эсэх нотлох баримтыг нэхэмжлэгч талаас огт өгөөгүй, нотлоогүй гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: ...Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгааны хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж зааснаар ...хамгийн сүүлд мэдэгдэл хүргүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш л тооцоход 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дотор худалдан авсан эд хөрөнгийн биет байдлын хувьд доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, гэрээ цуцлах тухай шаардлагууд гаргах эрхтэй байсан, нэхэмжлэл шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ирүүлэх хүртэл хугацаанд ийм шаардлага гаргах хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх байдал нотлогдохгүй байх тул доголдлын талаарх худалдан авагчийн шаардлага гаргах эрхийн хугацаа өнгөрсөн гэж үзнэ. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т ...эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргийг хуулиар хүлээдэг тул нэхэмжлэгч цементийн чанар баталгааг шалгасан үүргээ биелүүлснээ нотлоогүй... гэжээ.

Тайлбарлах нь: Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн тул нэхэмжлэгч НСИЭК ХХК нь Иргэний хуульд тусгайлан заасан 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.2-т тус тус заагдсан гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн гэж талуудын хооронд үүссэн харилцааг буруу дүгнэж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Ажил гүйцэтгэх гэрээний онцлог нь ажлын үр дүн бөгөөд түүний бий болох үйл явц байдаг бол худалдах, худалдан авах гэрээний онцлог нь дан ганц ажлын үр дүн байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн гэрээний зүйл хэрхэн бий болох нь худалдах, худалдан авах гэрээнд хамааралгүй байдаг.

Нэхэмжлэгч НСИЭК ХХК нь бетон зуурмаг үйлдвэрлэдэг компани бөгөөд бетон зуурмаг захиалагч компаниуд ямар сорт, стандартын бетон зуурмаг захиалж байгаагаас шалтгаалж, цемент үйлдвэрлэгч компаниудад авах цементийн төрөл, анги, сорт, хэмжээг нарийвчлан хэлж үйлдвэрлүүлэн хүлээн авдаг.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч НСИЭК ХХК нь хариуцагч МБГ ХХК-д өөрийн үйлдвэрлэх гэж буй бетон зуурмагт хэрэгтэй цементийн захиалгыг тусгайлан өгч, үйлдвэрлүүлсний үндсэн дээр тус бүтээгдэхүүнийг хүлээн авсан тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор гомдлын шаардлага гаргасан.

Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2018 оны 10-р сарын 03-ны өдөр нэхэмжлэгч НСИЭК ХХК-аас хариуцагч МБГ ХХК-руу мэдэгдэл хүргүүлсэн гэж дурдсан боловч гомдлын шаардлага гаргаагүй гэж дүгнэж байгаа нь нотлох баримтыг үнэлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч НСИЭК ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 18/83 дугаартай мэдэгдэл хүргүүлж тус мэдэгдэлд 2018 оны 08 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд танай компанийн эрх бүхий этгээдүүдтэй тус барилга дээр болон манай компанийн үйлдвэрийн талбайд үзлэг шалгалт хийж нийлүүлсэн цементээс дээж авч шинжлүүлэхэд чанарын шаардлага хангахгүй болох нь тодорхой болж, танай компанийн зүгээс чанарын шаардлага хангахгүй цемент нийлүүлснээ хүлээн зөвшөөрсөн...Танай компанийн нийлүүлсэн чанарын шаардлага хангахгүй цементээс үүдэж барилгын ажил зогссон нь нэгэнт тодорхой болсон тул цаашид гарах зардлуудыг тухай бүрт нь төлж барагдуулан хохиролгүй болгож байхыг мэдэгдэж байна гэж мэдэгдсэн.

Мөн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 18/112 дугаартай мэдэгдлийг хариуцагч ШӨ ХХК, МБГ ХХК-д тус тус хүргүүлж, тус мэдэгдэлд ...Иймд чанар стандартын шаардлага хангахгүй цемент нийлүүлснээс шалтгаалан Баганат хорооллын 4 дүгээр барилгын 2 дугаар давхрыг буулган хог хаягдлыг зориулалтын газар хаяхад гарсан зардал 130,000,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны дотор манай компанид төлөх, цаашид буулгасан давхрыг дахин барьж гүйцэтгэхэд гарсан зардлыг тухай бүр нь төлж байхыг мэдэгдэж байна" гэж мэдэгдсэн.

Иймд нэхэмжлэгч НСИЭК ХХК-аас цемент доголдолтой гэдгийг мэдсэнээс хойш нэн даруй хэд хэдэн удаа мэдэгдэл явуулж, гарсан зардлыг төлөхийг шаардаж байсан боловч хариуцагч компаниуд огт арга хэмжээ аваагүй болно.

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон гэрч н.Б, н.Н, Хятад гэрчүүд тус тус шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ дурдахдаа бетон зуурмагт доголдол гарснаас хойш нэхэмжлэгч НСИЭК ХХК-ийн төлөөлөгч болон хариуцагч МБГ ХХКийн төлөөлөгч нар нэхэмжлэгч НСИЭК ХХК-ийн үйлдвэрт очиж цементээс нь дээж авч, цемент асуудалтай, гарсан зардлаа шаардах тухайг хариуцагч МБГ ХХК-ийн төлөөлөгч нар биечлэн сонсож байсан.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч компани нь хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага холбогдох компаниудад гаргаж, улмаар тус компаниуд нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлж барагдуулахгүй байсан тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч МБГ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал 2018 оны 08 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд цемент татсан гэх боловч гэрчийн мэдүүлгээс үзэхэд эхний өдрийн цемент асуудалгүй бөгөөд дараагийн өдрийн цемент асуудалтай байсан гэж тайлбарласан боловч цементийн үйлдвэр өдөрт 2500 тонн цемент үйлдвэрлэдэг. НСИЭК ХХК-ийн гомдлын дагуу мэргэжлийн хяналтын байгууллагаас 2018 оны 08 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд гарсан цемент болон түүнийг худалдан авсан компаниудад бүгдэд нь шалгалт хийгээд өөр компаниудад цементийн чанарын талаар асуудал гараагүй бөгөөд стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт гарсан. Тухайн дүгнэлтийг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Мөн НСИЭК ХХК-ийн авсан цементийг МБГ ХХК үйлдвэрлээд 3500 тоннын гурван агуулахаас 100 тонныг худалдахад орц найрлага нь өөр байх боломжгүй. Барилга архитектур корпорацын дахиад өөр тодорхойлол хавтаст хэрэгт авагдсан бөгөөд тухайн баримтад НСИЭК ХХК цементийн дээж аваачиж шинжлүүлсэн бөгөөд шинжилгээнд дурдахдаа зөвхөн дээж шинжлүүлж байгаа этгээдийн мэдүүлснээр тусгах ёстой гэсэн учраас тухайн шинжлүүлсэн цемент нь МБГ ХХК-ийн үйлдвэрлэсэн цемент мөн эсэхийг тогтоосон дүгнэлт гараагүй. Мөн талуудын хоорондын гэрээнд 3 сарын дотор цементэд асуудал гарвал 2 тал цементээс дээж аваад шинжлүүлэхээр заасан. Гэтэл цементийн дээжийг зөвхөн нэхэмжлэгч тал шинжлүүлсэн. МБГ ХХК-ийн лабораторийн эрхлэгчийн авсан дээжийг үйлдвэрт аваачиж шинжлээд дүгнэлт гаргасан бөгөөд тухайн дүгнэлтийг хэрэгт баримтаар өгсөн. Тухайлбал, үйлдвэрт шинжилсэн дүгнэлтээр бетон зуурмагаас авсан цементийн дээж нь МБГ ХХК-ийн цементтэй тохирохгүй байгааг харьцуулсан дүгнэлт хийсэн. Цементийн орц найрлагад агуулагдах кальци, хүхэр зэрэг бусад төрлийн бодис болон ширхэглэг нь манай үйлдвэрийн цементтэй тохирохгүй байсан. Монгол улс даяар бүх барилга зам дээр зөвхөн 42,5 гэдэг төрлийг хэрэглэдэг учраас НСИЭК ХХК-тай захиалгаар цемент үйлдвэрлэх болон худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Гэрээний харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч ШӨ ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлээс 243.1 дэх хэсэгт зааснаар цемент худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дахь хэсэгт заасан хугацааг зөв тооцож тайлбарласан. Иймд нэхэмжлэгч компанид худалдсан бараа бүтээгдэхүүнийг хүлээж авсан бөгөөд хүлээж авснаас хойш нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч НСИЭК ХХК нь хариуцагч МБГ ХХК болон ШӨ ХХК-д тус тус холбогдуулан нийлүүлсэн цемент үнсний хольц ихтэй чанар стандартын шаардлага хангахгүй байсны улмаас үйлдвэрлэсэн бетон зуурмагт доголдол үүсэж, БӨ ХХК-ийн Баганат хорооллын 4 дүгээр барилгын 2, 3 давхрын цутгамал хийцүүдийг буулгахад 130,000,000 төгрөг, дахин барьж гүйцэтгэхэд 162,634,200 төгрөг, нийт 292,634,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад чанар стандартын шаардлага хангахгүй цементийн төлбөрт төлсөн төлбөр 9,965,000 төгрөг, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон хохирол 120,310,122 төгрөг, шинжээчид төлөх 4,000,000 төгрөг, нийт 134,275,122 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. /1хх 1-3, 163-164, 183-184/

3.а. Хариуцагч ШӨ ХХК нь татгалзлын үндэслэлээ МЖЖЦ ХХК-аас авах 140,000,000 төгрөгийн авлагадаа уг цементийн үнийг тооцохоор тохиролцсоны үндсэн дээр НСИЭК ХХК-д худалдагч МБГ ХХК нь чанарын сертификаттай цемент нийлүүлсэн, доголдолтой холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж,

3.б. Хариуцагч МБГ ХХК нь татгалзлын үндэслэлээ НСИЭК ХХК-тай гэрээ байгуулагдаагүй, МЖЖЦ ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээний дагуу 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 100 тонн цемент нийлүүлсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр манай үйлдвэрээс үйлдвэрлэсэн цементэд чанарын асуудал байгаагүй болохыг тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ. /1хх 128-130, 190-192, 201-202/

4. Нэхэмжлэгч НСИЭК ХХК нь хариуцагч ШӨ ХХК-аас цемент худалдан авахаар тохиролцож, ШӨ ХХК нь МЖЖЦ ХХК-аас авах авлагад МБГ ХХК-аас чанар стандартын шаардлага хангасан 1 тонн задгай цементийг 140,000 төгрөгөөр НСИЭК ХХК-д худалдахаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

ШӨ ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 105,25 тонн, 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 108 тонн задгай цементийг НСИЭК ХХК-д нийлүүлж, нэхэмжлэгч нь ШӨ ХХК-д цементийн үнэ 24,700,000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан МБГ ХХК-ийн үйлчлүүлэгч МЖЖЦ ХХК-ийн нэрээр 213,25 тонн Р042.5 задгай цементийг ачиж явуулсан баримт, 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 14,700,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн нь Хас банкны цахим гүйлгээний баримт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /1хх 14-19/

Иймд нэхэмжлэгч НСИЭК ХХК болон хариуцагч ШӨ ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Учир нь ШӨ ХХК нь НСИЭК ХХК-д цемент нийлүүлэх үүргийг хүлээж, НСИЭК ХХК нь цементийн үнийг ШӨ ХХК-д төлөх үүргийг тус тус хүлээсэн тохиролцооноос үзэхэд худалдах-худалдан авах гэрээний харилцаа нэхэмжлэгч НСИЭК ХХК болон хариуцагч ШӨ ХХК-ийн хооронд үүссэн болох нь тогтоогдож байна. Харин НСИЭК ХХК болон МБГ ХХК-ийн хооронд гэрээний үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэх агуулгаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

5. Талууд цемент нийлүүлсэн үйл баримтад маргаагүй, харин нийлүүлсэн цемент нь чанарын шаардлага хангасан эсэх нь маргааны зүйл болжээ.

6.а. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2881 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 сарын 07-ны өдрийн 2091 дугаар магадлалаар НСИЭК ХХК-аас 282,944,322 төгрөгийг гаргуулж БӨ ХХК-д олгон, шинжээчид хөлс 4,000,000 төгрөг төлөхийг НСИЭК ХХК-д үүрэг болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /1хх 8-12,166-169/

6.б. Барилга архитектур корпорац ХХК-ийн итгэмжлэгдсэн лабораторийн 2018 оны 09 дүгээр сарын 12, 28-ны өдрүүдийн "НСИЭК ХХК-ийн захиалгаар МБГ ХХК-ийн цементийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн цемент гэж мэдүүлсэн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн дээж нь 30 орчим хувийн үнс нэмсэн стандартад заагдсан бат бэхийн үзүүлэлтийн шаардлага хангахгүй болох нь шинжилгээгээр тогтоогдсон Барилга архитектур корпорац ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийн 42/6 тоот албан бичигт дурджээ. /1хх 20-25/

Барилга архитектур корпорац ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолтод ...лабораторийн үр дүн нь захиалагчийн ирүүлсэн тухайн дээжид хамааралтай бөгөөд цементийн эд анги, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэгчийн талаарх мэдээллийг захиалагчийн мэдүүлсний дагуу тэмдэглэж тайланд тусгасан болно гэж дурдсан бөгөөд дээрх шинжилгээнд захиалагч "НСИЭК ХХК-аас ирүүлсэн цемент дээж болон цементийн талаарх мэдээлэлд үндэслэн хариуцагч Мөнхийн баян гол ХХК-ийн үйлдвэрлэсэн цемент доголдолтой гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. /1 хх. 135/ Энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй.

6.в. Барилгын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.5-д зааснаар үйлдвэрлэсэн барилгын материал, бүтээгдэхүүнийхээ чанарын үндсэн үзүүлэлтийг тодорхойлох лабораторитой байх, хяналт тавих үүрэгтэй.

6.г. Гэвч нэхэмжлэгч НСИЭК ХХК нь барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчийн хувьд бетон зуурмаг үйлдвэрлэхээс өмнө барилгын материалын чанарын үндсэн үзүүлэлтийн лабораторид шинжилгээ хийх, хяналт тавих үүргээ хэрэгжүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч "НСИЭК ХХК нь эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний улмаас учирсан хохирол шаардах эрхээ алдсан гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч "НСИЭК ХХК нь МБГ ХХК-тай урьд ажил хэргийн харилцаатай байсан нь бетон зуурмагийн гол түүхий эд болох цементийг нэн даруй шалган авах үүргийг үгүйсгэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан баталгаат хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Баталгаат хугацаа өнгөрснөөс хойш доголдолтой холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа үргэлжлэн тоологдох тул гомдол гаргах хугацаа өнгөрөөгүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэг гэснийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас хасах нь зүйтэй.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг 426,909,322 төгрөгийн хэмжээнд шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг 292,634,200 төгрөг гэж техник алдаа гаргасныг залруулах нь хуульд нийцнэ.

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2021/01382 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 254 дүгээр зүйлийн 254.6 гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,450,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

С.ЭНХБАЯР