| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 307/2026/01019/И |
| Дугаар | 307/ШШ2026/01271 |
| Огноо | 2026-04-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 307/ШШ2026/01271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2026/01019/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* байрлах******* (РД:*******, утас:*******)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоот хаягт байрлах ******* (РД:*******, утас: *******),
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух хаягтай, А******* овгийн Г******* А******* (РД:*******, утас:*******) нарт холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 40,384,592.055 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т******* (цахимаар),
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.У (цахимаар),
Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Г.А*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, Г.А******* нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 40,384,592.055 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...******* сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн *******, Г.А******* нартай 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр SME-20-00179 дугаартай зээлийн гэрээ байгуулсан байдаг. Энэхүү зээлийн гэрээгээр 46,800,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр байгуулсан болно. Мөн зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т “Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн үлдэгдэлд 0.1 хувиар алданги тооцно” гэж заасан. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр SME-20-00179 дугаартай барьцааны гэрээ байгуулсан. Энэхүү барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон *******-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Дархан-Уул аймаг, ******* тоот хаягт байрлах 250 м.кв талбайтай фермер зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн *******-ийн эзэмших эрхийн нэгж талбарын ******* дугаартай, 22787 м.кв талбай бүхий хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор бүхий газрыг тус тус барьцаалсан болно. Үүнээс хойш зээлдэгч *******, Г.А******* нар нь зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 19,879,742.30 төгрөг, хүү 4,313,437.70 төгрөг, нийт 24,193,180 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2025 оны 11 сарын 23-ны өдөр дууссан боловч зээлийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрч байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу зээлдэгч *******, Г.А******* нараас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 26,920,257.70 төгрөг, хүү 2,803.67 төгрөг, алданги 13,461,530.685 төгрөг, нийт 40,384,592.055 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч *******, Г.А******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...******* нь 2020 оны 11 дүгээр сарын 23-нд*******-тай гэрээ байгуулан 46,800,000 төгрөгийн зээл авч малын тэжээлийн тоног төхөөрөмж, цэвэр Ангус үйлдвэрийн бух худалдан авч зарцуулан тайлангаа гаргаж *******т танилцуулж байсан болно. Үндсэн зээлээс 24,193,180 төгрөгийн зээл болон хүүг төлсөн. 2026 оны 03 дугаар сарын 17-нд 700,000 төгрөг, 04 дүгээр сарын 05-нд 4,000,000 төгрөгийг ******* тоот дансанд шилжүүлсэн болно. Үлдэгдэл 22,220,257.70 төгрөг, хүү 2803.67 төгрөгийг 04 дүгээр сарын 30-ны дотор 5,200,000 төгрөг, 05 дугаар сарын 25-ны дотор 5,000,000 төгрөг, 06 дугаар сарын 15-ны дотор үлдэгдэл 5,024,000 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулна. Манай компани нь ямар ч үйл ажиллагааны орлого байхгүй данс битүүмжлэгдсэн тул алданги 13,461,530.685 төгрөгийг төлөх боломжгүй тул чөлөөлж өгнө үү” гэжээ.
3.Нэхэмжлэгчээс 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1/276 дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг, өөрийн байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн SME-20-00179 дугаартай зээлийн гэрээ, мөн дугаартай барьцааны гэрээ, гэрчилгээний дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* гэрчилгээний дугаартай аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 04507-2019/00111 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, *******-ийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 69 дугаартай баталгаа гаргасан албан бичиг, *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулгыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 3-21 хуудас)
4.Хариуцагч нараас С.Г******* Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, *******-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2026 оны 03 дугаар сарын тайланг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх65-69х)
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* хариуцагч *******, Г.А******* нарт холбогдуулан гаргасан “Зээлийн гэрээний үүрэгт 40,384,592.055 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг “...хариуцагч *******, Г.А******* нар нь 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан SME-20-00179 дугаартай зээлийн гэрээний дагуу олгосон зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул үндсэн зээл 26,920,257.70 төгрөг, хүү 2,803.67 төгрөг, алданги 13,461,530.685 төгрөг, нийт 40,384,592.055 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэж тодорхойлсныг,
Хариуцагч *******, Г.А******* нар нь “...зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, зээлийн төлбөрөөс тодорхой хэсгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл, хүүг төлж барагдуулна. Харин компанийн үйл ажиллагаа зогссон, орлого байхгүй, данс битүүмжлэгдсэн, нийгмийн даатгал, татварын байгууллагад өртэй байгаа тул алданги 13,461,530.685 төгрөгийг төлөх боломжгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, маргадаг.
3.Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, Г.А******* нар нь 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 46,800,000 төгрөгийг, жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, семинтал үхрийн ферм, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл төсөл хэрэгжүүлэх зориулалтаар зээлдүүлэхээр тохиролцож, №SME-20-00179 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн барьцааны гэрээ байгуулж, *******-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, ******* хаягт байрлах, фермерийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлалтай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор зориулалттай, 22787 м.кв, нэгж талбарын ******* дугаартай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалжээ.
4.Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч нараас зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй ба нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үндсэн төлбөр, хүүд 26,923,061.37 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин алданги болох 13,461,530.685 төгрөгийг төлөхгүй гэж маргасан.
5.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, 282.3-т ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж, 232 дугаар зүйлийн 232.1-д хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.3-т ...анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрээгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус зохицуулсан.
Зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулсан, гэрээний 3.1.1-т зээлийн хүүг, 3.3-т алдангийн талаар харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас гэрээний үндсэн үүргээс гадна зээлийн хүү, алданги шаардах эрхтэй.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дууссан, хариуцагч нар нь зээлийн гэрээний 4.1-т зааснаар авсан зээлээ зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлөх ёстой байсан боловч 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлсэн болохоо хүлээн зөвшөөрдөг.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан.
Хариуцагч нарын зээлээ төлөөгүй, үүргийн зөрчил гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн үндсэн төлбөр 26,920,257 төгрөг байсанд талууд маргаагүй. Үүнээс зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 1088 хоногийн хугацааны алдангийг тооцоход нэг өдрийн алданги 26,920 төгрөг, нийт алданги үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй тул 13,460,128 төгрөгийн алдангийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иймээс хариуцагч нараас төлөхийг зөвшөөрсөн зээлийн үндсэн төлбөр, хүүд 26,923,061.37 төгрөг, алдангид 13,460,128 төгрөг, нийт 40,380,384 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх нэхэмжлэлийн 4,208 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
6.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т барьцааны гэрээг бичгээр байгуулна, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж, 156.3-т ...энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус зохицуулсан.
Зохигчийн хооронд бичгээр байгуулагдсан 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №SME-20-00179 дугаартай барьцааны гэрээ хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр байх тул хариуцагч нь зээлийн төлбөрийг төлөхгүй тохиолдолд барьцааны хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтад ...үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зааснаар хангах үндэслэлтэй байна.
7.Хариуцагч нарын зүгээс гаргаж буй ”... Манай компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон. Өр төлбөр ихтэй байгаагаас алдангиа төлж чадахгүй байдалд хүрсэн” гэх татгалзал нь зээлийн гэрээний үүргийн зарим хэсгээс буюу алдангиас чөлөөлөгдөх хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй тул энэ талаар гаргасан тайлбар үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
8.Түүнчлэн хариуцагч нараас 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 4,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг нийт 6,700,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* тоот дансанд шилжүүлсэн гэж тайлбар гаргадаг бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хойшхи хугацаанд хариуцагчийн төлсөн төлбөр нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тус төлбөрөөс хасагдах нь зүйтэй болохыг тэмдэглэж байна.
9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 430,052 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч *******, Г.А******* нараас зээлийн гэрээний үүрэгт 40,380,384 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 4,208 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэг, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, Г.А******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд *******-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, ******* хаягт байрлах, фермерийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлалтай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор зориулалттай, 22787 м.кв, нэгж талбарын ******* дугаартай эзэмших эрхтэй газрыг тус тус худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 430,052 төгрөгийг хариуцагч *******, Г.А******* нараас гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НОМИН