Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 948

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч О.Пүрэвсүрэн,

Шүүгдэгч С...., түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ын ...т холбогдох 1808015651151 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

 Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 8-29 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ын ... /.../.

.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

С.... нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны орчим насанд хүрээгүй Ө....ын “ЛЖ” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэж довтлон, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1. Шүүгдэгч С....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 1 дүгээр хорооллын Цамбагаравын ард байдаг 106 дугаар цэцэрлэг дээр очиж охиныхоо цэцэрлэгийн төлбөрийг төлчихөөд 13 цагийн үед цэцэрлэгээс гараад явж байсан чинь миний өөдөөс нэг хүүхэд алхаад ирж байсан. Би тэр хүүхдээс цаг хэд болж байна гэсэн чинь нөгөө хүүхэд гар утсаа гаргаж ирэхээр нь гар луу нь цохиод утсыг нь газар унагаасан. Тэгээд газраас утсыг нь шүүрч аваад гражнуудын тийшээ зугатаасан. Гэтэл араас нэг банди хүрч ирээд намайг барьж аваад надтай ноцолдсон юм. Тэр бандитай ноцолдож байх хооронд халаасанд хийсэн байсан тэр хүүхдийн гар утас траншейны нүх рүү уначихсан юм. Ингээд байж байхад цагдаа нар ирээд намайг хэлтэс рүү аваад явсан юм. Тэр хүүхэд гартаа чанга барьчихсан байхаар утсыг нь авахын тулд цохичихсон. ... хохирлын 68,000 төгрөгийг ар гэрийнхэн төлсөн, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү? ...” гэх мэдүүлэг /хх 50-52, 53-54, 88-89 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

2. Насанд хүрээгүй хохирогч Ө....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хичээлээ тараад байрныхаа гадаа ангийнхаа хүүхдүүдийн хамт тоглож байгаад дуусаад гэртээ орох гээд явж байтал нэг хүн ирээд цаг хэд болж байна гэж асуусан. Тэгээд утсаа гаргаж ирээд харах гэтэл тэр ах миний утсыг авах гээд татаад намайг тавихгүй болохоор нь миний гар луу цохиод аваад зугатаачихсан. Араас нь манай ангийн хүүхдийн ах нь хөөгөөд барьж аваад цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Миний гар утас “ЛЖ” маркийн саарал өнгийн гар утас 180,000 төгрөгөөр худалдаж авч байсан. ... Траншейны нүх ойр орчим байгаагүй, миний гар луу гараараа хүчтэй цохисон. Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 16 дугаар байрны арын гражны орчим болсон юм. ...” гэх мэдүүлэг /хх 12-13, 26-27, 28 х /,

 

3. Гэрч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Гар луу нь цохиод авсан гэсэн. Гэхдээ би гар луу нь цохисныг нь хараагүй. Нилээн сандарсан хүрч ирээд ахаа утас дээрэмдчихлээ гэхээр нь утас дээрэмдсэн хүний араас хөөгөөд барьж авсан. Би утас дээрэмдсэн залуутай зөндөө ноцолдсон. Зугатаах гээд зүтгээд байсан. Арай хийж хоргоож байгаад хохирогч хүүхдийн аавд нь хүлээлгэж өгсөн юм. ...” гэх мэдүүлэг /хх 33 х/,

 

4. ДАМНО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 68,000 /жаран найман мянган/ төгрөгөөр үнэлэгдэв. гэх тайлан /хх 36-37 х/,

 

5. Гэрч С....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... Би эхээс 4-лээ, айлын 2 дахь хүүхэд нь юм. ... бол айлын бага хүүхэд. ... Чингэлтэй дүүрэг, Ар согоотод эмээ, өвөө дээрээ өссөн. ... уг нь их дажгүй зантай, тусархуу хүүхэд байсан. Би өөрөө хамт байнга байдаггүй болохоор сүүлийн үед ямар болсныг үнэхээр хэлж мэдэхгүй байна. 2017 оноос ... гээд эмэгтэйтэй хамтран амьдарч байгаа. Одоо ч гэсэн хамт амьдарч байгаа. Энэ хоёр дундаасаа хүүхэд байхгүй. Дүү маань сүүлд ажилд орсон гэж дуулдсан, чухам ямар ажилд орсон талаар нь сайн мэдэхгүй байна. Хүнд их тусархуу ахаа, эгчээ гээд байдаг хүүхэд байсан. ...” гэх мэдүүлэг /хх 31 х/,

 

6. Гэрч Н....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би ...тэй 1 жилийн өмнө танилцаж байсан юм. ... анх надтай танилцахдаа Шархад-Хархорин ханын материал чиглэлд микроны кундоктор хийдэг байсан юм. Тэгээд кундокторын ажлаа болиод “Барс” зах дээр туслах хийж байгаад больсон. Миний бие 4 хүүхэдтэй. ...тай хамтран амьдарахаасаа өмнө 4 хүүхэдтэй байсан. ... бид хоёрын дундаас хүүхэд байхгүй. Манай гэр Тахилтад байдаг болохоор ... манайд өдийг хүртэл хамт амьдарч байсан юм. ... 2018 оны 08 сарын 16-ны өдөр Төв аймгийн Заамар сум руу хамгаалалтын албаны ажлаараа яваад 9 сарын 17-ны өдөр ирсэн. Хотод ирээд тогтсон ажил хийлгүй байж байсан чинь хоёр хоногийн өмнө цагдаа нарт баригдаад саатуулагдсан байна. ... түргэн ууртай, уур нь тэр дороо гарчихдаг, хүнд их тусархуу, хар бор ажилд сайн, харин гэрийн ажилд муухан, надтай хамт амьдрсанаасаа хойш гэрийн ажилд сайн, цайлган цагаан сэтгэлтэй. ...гийн эмээ нь надад маш сайн байдаг, эмээ нь ...гийн талаар хэлэхдээ цайлган цагаан сэтгэлтэй, хүнд тусархуу, хэтэрхий цайлган болохоор хүний үгээр байх гээд байдаг дутагдалтай байдаг гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 32 х/,

 

           7. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 60 х/

  1. Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 21 х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч С.... нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 13 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны гадна талбайд насанд хүрээгүй Ө....ын “LG” загварын гар утсыг гар луу нь цохиж хүч хэрэглэн авсан болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогч Ө....ын “... тэр ах миний утсыг авах гээд татаад намайг тавихгүй болохоор миний гар луу цохиод аваад зугатаачихсан...” гэх мэдүүлэг /хх 12-13, 26-27, 28 х /,

            Шүүгдэгч С....ын “... хүүхэд гар утсаа гаргаж ирэхээр нь гар луу нь цохиод утсыг нь газар унагаасан. ... Тэр хүүхэд гартаа чанга барьчихсан байхаар нь утсыг нь авахын тулд цохичихсон. ...” гэх мэдүүлэг /хх 50-52, 53-54, 88-89 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Б....гийн “...Гар луу нь цохиод авсан гэсэн. ... сандарсан хүрч ирээд ахаа утас дээрэмдчихлээ гэхээр нь утас дээрэмдсэн хүний араас хөөгөөд барьж авсан. ...” гэх мэдүүлэг /хх 33 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.   

 

            Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд Улсын яллагчаас С....ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцсон.

 

 Шүүгдэгч С....ын “насанд хүрээгүй хохирогч Ө....ын “LG” загварын гар утсыг авах зорилгоор гар луу нь цохисон” үйлдэл хийснээр дээрэмдэх гэмт хэрэг төгс үйлдэгдсэн гэж үзэх бөгөөд уг гэмт хэргийн улмаас ямар нэгэн хохирол, хор уршиг шаардахгүй.

 

Шүүгдэгч С.... нь насанд хүрээгүй хохирогч Ө....ын “LG”  загварын гар утсыг өөрийн болгохын тулд биеийн хүч хэрэглэж буюу гар луу нь цохиж довтолсон үйлдлээр уг гэмт хэргийн объектив талын шинж хангагдсан.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.  

 

            Шүүгдэгч С....ын дээрх үйлдлийг бусдын эд хөрөнгийг өөрийн болгон хүчээр авах гэсэн зорилготой шууд санаатай гэж үзэх үндэслэлтэй.    

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, С....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй.

Насанд хүрээгүй хохирогч Ө....ын “LG” загварын гар утас 68,000 төгрөгийн үнэлгээтэй болох нь ДАМНО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 68,000 /жаран найман мянган/ төгрөгөөр үнэлэгдэв”  /хх 36-37 х/-аар нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн зүгээс уг хохирлыг бүрэн төлсөн болох нь хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх 21 х/-аар тогтоогдож байгаа тул шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршгийг арилгасан, төлөх төлбөргүй болно.

 

            Шүүгдэгч С.... дээрэмдсэн эд зүйл болох гар утасны төлбөрийг өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, энэ гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүйн улмаас амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял оногдуулахад харгалзан үзэхийн зэрэгцээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 1.3-т заасан нөхцөлүүдийг шүүгдэгч С.... бүрэн хангасан. Тухайлбал: Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь оногдуулах ялын хувьд 2-8 жилийн хорих ялтай, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох гар утасны төлбөрийг бүрэн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

           С.... нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл нийт 31 хоног урьдчилан цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар урьдчилан цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 68,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Боржигон овогт ...ын ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С....ыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар С....ын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар С....ын урьдчилан цагдан хоригдсон 31 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

            5.С....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 68,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

           6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С....т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ