Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 226/МА2022/00034

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 04-ний өдөр            226/МА2022/00034                                   Хэрлэн сум

 

 

 

 

“М” ТӨҮГ-ийн харьяа

Б-О УБҮ-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.Т-д холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2022/00034/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А-, Ц.Ө- /цахимаар/,  

Хариуцагч Д.Т-,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Жавхлан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 157/ШШ2022/00121 дугаар шийдвэртэй “М” ТӨҮГ-ын харьяа Б-О УБҮ-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Т-д холбогдох “нефтийн агуулахаас дутагдсан 5362 кг дизель түлшний үнэ 14.423.780 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагч Д.Т-гийн гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа Б-О УБҮ- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Т- нь УБҮ-н Материал техник хангамжийн хэлтсийн нефтийн агуулахын нярваар ажиллаж байхдаа эд хариуцагчийн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ирсэн 2 машин түлшийг орлогод авахдаа өөрийн биеэр хүлээж аваагүйгээс гадна нефтийн агуулахад түлш орлогод авах, зарлага гаргах бүрт хэмжилт хийж, санхүүгийн бүртгэл хөтлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нефть агуулахын 1 дүгээр саванд хийсэн хэмжилтээр 5362 кг түлш дутагдуулж 14.423.780 төгрөгийн хохирол учруулсан байна.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 57 дугаартай прокурорын тогтоолоор 5362 кг түлшийг Д.Т- нь өөртөө завшсан болох нь нотлогдоогүй, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, 5362 кг дизель түлшний үнэ 14.423.780 төгрөгийг Д.Т-гээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн.  

Иймд Бор-Өндөр УБҮ-т учирсан 5362 кг дизель түлшний үнэ 14.423.780 төгрөгийн хохирлыг Д.Т-гээс гаргуулж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “УБҮ-н Материал техник хангамжийн хэлтсийн нефтийн агуулахын нярав Д.Т- “М” ТӨҮГ-ын харьяа Б-О УБҮ-т 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ирсэн түлшийг орлогод авахдаа хэмжилт хийгээгүй, хэмжилт хийгээгүй хэрнээ хүлээн авсан акт болон бусад баримтад гарын үсэг зурсан байсан. Энэ асуудал нь ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгуулахад нотлогдоогүй. Тийм болохоор эд хариуцаж байсан нярваар тухайн дутагдлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан” гэв.

 

Хариуцагч Д.Т- шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Энэхүү асуудлыг цагдаа, прокурорын байгууллагаар шалгагдсан. Прокурорын байгууллагаас намайг гэмт хэрэг үйлдээгүй болохыг тогтоосон. Гэхдээ прокурорын тогтоолд намайг хоёр машины түлшийг өөрийн биеэр хүлээж аваагүй, агуулахын 1 дүгээр саванд орсон түлшинд тухай бүр нь хэмжилт хийгээгүйн улмаас дутагдал гарсан гэж дүгнэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн өдөр хоёр машины түлшийг өөрийн биеэр хүлээн авсан, маргааш өглөө нь хөдөлмөрийн аюулгүй байдлын хуралтай байсан учир хэмжиж амжаагүй, байгууллагын камер бүрэн ажилладаг атлаа тэр өдрийн камер ажиллаагүй гэж байгаа нь эргэлзээтэй байна. Миний бие 5352 кг дизель түлшний төлбөрийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 157/ШШ2022/00121 дугаар шийдвэрээр: “1999 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Т-гөөс 14.423.780 /арван дөрвөн сая дөрвөн зуун хорин гурван мянга долоон зуун ная/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа Б-О УБҮ-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230.069 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, хариуцагч Д.Т-гөөс 230.069 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа Б-О УБҮ-т олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Т- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр манай хангамжийн хэлтсийн дарга Амартүвшин намайг “маргааш өглөө чи ХАБ-ын хуралд сууна шүү” гэж хэлсэн. Би “өглөө түлшээ хэмжихгүй юм уу” гэхэд “хэрэггүй” гэж хэлсэн. Тэгээд би даргын үүргийн дагуу ХАБ-ын хуралд суусан. Намайг хуралд сууж байхад харуул Ганболд над руу залгаад “түлш дутсан ирж хэмжиж үзээрэй” гэж хэлсэн. Би очоод хэмжиж үзэхэд түлш дутаж байсан. Би 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр бүрэн хүлээж аваад зохих ёсны дагуу мэдээ тайлангаа хүлээлгэж өгсөн. Би өөрийгөө дутагдалтай хүлээж авсан гэж үзэхгүй байгаа.

Миний бие Б-О УБҮ-ийн Материал техник хангамжийн хэлтсийн нефтийн агуулахын нярваар ажиллаж байх хугацаандаа бусадтай эвсэн хуйвалдаж, идэж шамшигдуулсан зүйл байхгүй. Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.       

Нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа Б-О УБҮ- нь хариуцагч Д.Т-д холбогдуулан “нефтийн агуулахаас дутагдсан 5362 кг дизель түлшний үнэ 14.423.780 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Д.Т- “Би түлшийг өөрийн биеэр бүрэн хүлээж аваад зохих ёсны дагуу мэдээ тайлангаа хүлээлгэж өгсөн. Миний бие 5352 кг дизель түлшний төлбөрийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх Д.Т-гөөс 14.423.780 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа Б-О УБҮ-т олгохоор шийдвэрлэжээ.  

           

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримтыг тодруулбал:

 

   Хариуцагч Д.Т- нь “М” ТӨҮГ-ын харьяа Б-О УБҮ-ийн материал техник хангамжийн хэлтсийн нефтийн агуулахад нярваар ажиллаж байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр М ХХК-иас хоёр автомашин /автоцистерин/-аар ирсэн нийт 63,105 кг дизель түлшийг нефть агуулахын 1 дүгээр саванд хүлээн авч маргааш өглөө нь хэмжихэд 5352 кг дизель түлш дутагдсан үйл баримт Д.Т-г Материал техник хангамжийн хэлтсийн ШТМ-ын нярваар шилжүүлэн ажиллуулсан талаарх УБҮ-н захирлын тушаал, Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, Сав цэвэрлэгээний гүйцэтгэлийн акт, Нефть агуулахын 1-р саванд хэмжилт хийсэн тухай акт, зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Давж заалдсан гомдлын тухайд:

 

Хариуцагч Д.Т- нь “өөрийн ажил үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Би тухайн өдөр хоёр машины түлшийг өөрийн биеэр хүлээн авсан, маргааш өглөө нь ХАБ-ын хуралтай байсан учир хэмжиж амжаагүй, Миний бие 5352 кг дизель түлшний төлбөрийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчийг хүлээн авсан бараа, материалынхаа үлдэгдлийг тогтоосон хугацаанд шалгаж, хэмжээгүй гэж буруутгасан боловч хариуцагч үүргээ биелүүлэх боломжтой байсан эсэх, хүндэтгэн үзэх шалтгаан бий эсэхийг анхаарч дүгнээгүй байна. Учир нь:

 

Хариуцагчийн ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны үндсэн чиг үүрэгт “тухайн өдрийнхөө дизель түлш, бензиний үлдэгдлийг дараа өдрийн өглөө хэмжилтээр баталгаажуулан 0755-д УБҮ-ийн төв диспетчерт мэдээлэх” гэж заажээ. Энэ талаар хариуцагч “...Би тухайн өдөр 2 машины түлшийг өөрийн биеэр хүлээн авсан, маргааш өглөө нь хэмжилт хийхээс өмнө уурхайгаас ХАБ-ын хуралтай заавал оролц гэсний дагуу би хуралд суусан...” гэсэн тайлбар /1хх-ийн 101 хуудас/ өгсөн, мөн 1 дүгээр хавтаст хэргийн 41 дүгээр хуудсанд байх засварчин М.Г-н тайлбарт “2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр М ХХК-иас хоёр машин дизель түлш ирснийг нярав Д.Т-, харуулын хамт лац ломбыг шалгаж хэмжилт, тооцоололт хийж дууссаны дараа буулгасан... 1 сарын 22-ны өглөө нярав Д.Т- хөдөлмөр хамгааллын хичээлтэй байсан учир миний бие харуултай 1 дүгээр саванд хэмжилт хийхэд савны түвшин 484,7 см байсан” гэж дурдагдсан, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын прокурорын Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 2020 оны 09 дүгээр сарын 11-ний 57 дугаар тогтоолд /гэрч М.Г-н мэдүүлэгт/ дээрх нөхцөл байдал мөн адил дурдагдсан зэргээс дүгнэхэд хариуцагч Д.Т- нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө хөдөлмөр хамгааллын хичээлтэй байсан хугацаанд түлшний савны лац ломбыг өөр этгээд дур мэдэн хөдөлгөж хэмжилт хийсэн байдал тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь уг нөхцөл байдлын улмаас хэмжилт хийж /үүргээ гүйцэтгэж/ чадаагүй байна. Нэхэмжлэгч тал дээрх байдлыг няцаан үгүйсгэж чадаагүй, түлш дутагдсан гэх асуудалд хариуцагчийг буруутгасан нотлох баримтуудыг шүүхэд бүрэн ирүүлж түүний гэм бурууг нотлох үүргээ хангалттай гүйцэтгэж чадаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шүүх дүгнэв.

 

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230.069 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор тогтов.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 157/ШШ2022/00121 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хариуцагч Д.Т-гөөс 14,423,780 /арван дөрвөн сая дөрвөн зуун хорин гурван мянга долоон зуун ная/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа Б-О УБҮ-т олгосугай...” гэснийг “...нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа Б-О УБҮ-ийн гаргасан 14,423,780 /арван дөрвөн сая дөрвөн зуун хорин гурван мянга долоон зуун ная/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

           

2 дахь заалтын “...хариуцагч Д.Т-гөөс 230,069 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа Б-О УБҮ-т олгосугай...” гэснийг хасаж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230.069 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                   

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.ДЭНСМАА

 

                                     ШҮҮГЧИД                           Г.БОЛОРМАА

 

                                                                                            Д.ГАНЗОРИГ