Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01820

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01820

 

 

 

 

Н.Э ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2022/01279 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Э ийн хариуцагч НШШГГ т холбогдуулан гаргасан үнэлгээ болон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Төлбөр төлөгч Р ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Н.Э ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн А-0000000000 дугаарт бүртгэлтэй ... тоотод байрлах 206 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 566,500,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн А-0000000000 дугаарт бүртгэлтэй ... тоотод байрлах 107,7 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 206,064,000 төгрөгөөр үнэлсэн. Барьцаа хөрөнгө болох 000 тоотын 206 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 396,550,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн А-0000000000 дугаарт бүртгэлтэй 107,7 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 144,244,800 төгрөгөөр худалдан борлуулах мэдэгдлийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №0-000/00000 албан бичгийг Н.Э д гардуулахгүйгээр гэрт нь үлдээсэн байсныг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мэдэж шийдвэр гүйцэтгэгчээс тодруулахад дуудлага худалдаа болж байгаа мэдээлэл өгөх боломжгүй Даваа гаригт лавлаж асуугаарай гэсэн хариу өгсөн. Барьцаа хөрөнгүүдийг үнэлэхдээ зах зээлийн дундаж үнээс харьцангуй доогуур, төлбөр авагчид ашигтай байдлаар үнэлсэн. Шинжээч томилсон талаар төлбөр төлөгчид мэдэгдээгүй, төлбөр төлөгч шинжээчээс татгалзах боломжийг олгоогүйд гомдолтой байна. Хөрөнгийн үнэлгээ хийсэн Б ХХК, С Э ХХК нь зах зээлийн жишиг үнийн аргаар хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо харьцуулж буй хөрөнгөө очиж үзэхгүйгээр цахим орчинд тавьсан зарын дагуу үнэлгээ гаргасан нь шинжээч бүрэн гүйцэд ажилласан гэж үзэх боломжгүй. Албадан дуудлага худалдааны талаар утсаар мэдэгдээгүй, мэдэгдлийг өөр хүнд өгч гомдол гаргах эрхийг санаатай хаасанд гомдолтой байна. Иймд ... тоотод байрлах 206 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 566,500,000 төгрөгөөр, ... тоотод байрлах 107,7 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 206,064,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ болон ... тоотод байрлах 206 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 396,550,000 төгрөгөөр, ... тоотод байрлах 107,7 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 144,244,800 төгрөгөөр худалдан борлуулах албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга: Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ... тоот хаягт байршилтай 206 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 000/0 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 00000000/00 дугаар тогтоолоор хураасан. Мөн ... тоот хаягт байршилтай 107,7 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн А-0000000000 дугаартай 4 өрөө орон сууцыг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 000/0 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 00000000/00 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөрт хураагдсан хувийн сууцыг харилцан тохиролцож үнэлгээ тогтоох тухай 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 0-000/0000 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт гардуулан өгөхөд төлбөр төлөгч, өмчлөгч нараас ... тоот хаягт байршилтай, 5 өрөө орон сууцыг 803,400,000 төгрөгөөр, 4 өрөө орон сууцыг 236,940,000 төгрөгөөр тус тус дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн санал ирүүлсэн бол төлбөр авагч Т Б ХХК-аас үнийн санал ирүүлээгүй тул шинжээч томилсон. Шинжээч 206 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 566,500,000 төгрөгөөр, 4 өрөө орон сууцыг 206,064,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлтийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0-000/0 0000 тоот албан бичгээр мэдэгдэж, төлбөр төлөгч, өмчлөгч нарын бүртгэлтэй хаягт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч Р ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ... тоот хаягт байршилтай, 4 өрөө орон сууцыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0-000/0 0000 тоот албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0-000/00000 тоот албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 00/0 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг төлбөр төлөгч, өмчлөгч нарын хаягт баталгаат шуудангаар хүргүүлж тэмдэглэл хөтөлсөн.... тоот хаягт байршилтай 206 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн А-0000000000 дугаартай таван өрөө орон сууцыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0-000/0 0000 тоот албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0-000/0 0000 тоот албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 00/0 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг төлбөр төлөгч, өмчлөгч нарын хаягт баталгаат шуудангаар хүргүүлэн тэмдэглэл хөтөлсөн. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар ... тоот хаягт байршилтай, 4 өрөө орон сууц 146,500,000 төгрөгөөр худалдан борлогдсон. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0-000/0 0000 тоот худалдан борлогдсон мэдэгдэл, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 00/00 дугаар өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг тус тус өөрт нь танилцуулсан боловч гарын үсэг зурахаас татгалзсаныг тэмдэглэлд тусгасан. 206 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0-000/0 0000 , 0-000/0 0001 тоот албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 00/00 дугаар тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг танилцуулан тэмдэглэл хөтөлж гарын үсэг зуруулсан. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар ... тоот хаягт байршилтай 206 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 215 дугаар зүйлийн 215.5 дахь хэсэгт зааснаар Н.Э ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт холбогдох ... тоотод байрлах 206 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 566,500,000 төгрөгөөр, ... тоотод байрлах 107,7 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 206,064,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ болон дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 000 дугаар зүйлийн 000 .2 дахь хэсэгт зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 сарын 12-ний өдрийн 00000 тоот захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд,

Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 000/AA0000/00000 дугаар шүүгчийн захирамж, шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай ерөнхий шүүгчийн 2022 оны 04 сарын 08-ны өдрийн 000/AA0000/00001 дугаар захирамжид Н.Э ийн нэхэмжлэлтэй, НШШГГ т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагыг дутуу хэлцүүлэхээр бичиж процессын алдаа гаргасан.

2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 0/000 тоот тогтоолоор С Э ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч Б.О 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр эрх, үүрэгтэй танилцаж, гарын үсэг зурж шинжээчээр ажиллаж 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дүгнэлт гаргасан. Шинжээч Б.О нь 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр С Э ХХК-аас олгосон №00 дугаартай итгэмжлэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох ёстой байсан. Гэтэл итгэмжлэл олгогдохоос өмнө ажиллагаа хийсэн тул шинжээч Б.О ын гаргасан дүгнэлт хууль бус юм. Хөндлөнгийн шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ гаргуулах хүсэлт гаргасан боловч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой гомдол гаргаагүй тул хүсэлтийг хангахаас татгалзсан. Шүүгч татгалзсан үндэслэлээ захирамждаа тодорхой заагаагүй.

4.2. Үнэлгээний тухайд,

Шүүгч шийдвэрийн үндэслэлдээ үнэлгээнд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн албадан дуудлага худалдааны тогтоолыг хүргүүлэхдээ хариуцагч хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн. Гэтэл үнэлгээ хийсэн шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг бүрэн дүүрэн бодитой гаргаж чадаагүй. Шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгчийн хөрөнгийн гэрэл зургийг гадна болон дотор талаас авч хавсаргасан байх боловч хариуцуулсан хөрөнгүүд нь зөвхөн зарын сайтуудаас авсан зураг үнээр хөрөнгүүдийг хооронд нь харьцуулан үнэлсэн нь үндэслэлгүй. Тухайн харьцуулсан хөрөнгүүдийн дотор засвар зохион байгуулалт нь ижил төстэй эсэх, үнэлгээ өсөж буурах нөхцөл байдал дотор байгаа эсхийг нягталж газарт нь очиж үзлэг хийхгүйгээр зарын үнэлгээгээр харьцуулан дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцсэний дараа хугацаа хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан эсэхийг бус үнэлгээ хийгдсэн ажиллагаа нь үндэслэлтэй болсон эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх нь зүйтэй байсан.

... тоот хаягт байршилтай 107,7 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн А-0000000000 дугаартай 4 өрөө орон сууцыг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 000/0 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 00000000/00 дугаар тогтоолоор хурааж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэн Н.Э д танилцуулан гарын үсэг зуруулсан гэж шийдвэрийн үндэслэл болгосон байх боловч битүүмжлэх ажиллагаа явуулахдаа хөндлөнгийн гэрч оролцуулаагүй. Шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Барьцаа хөрөнгө болох 5 өрөө орон сууцыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0-000/0 0000 тоот, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0-000/0 0000 тоот албан бичгээр 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 00/0 дугаар, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 00/0 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг төлбөр төлөгч, өмчлөгч нарын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл хөтөлсөн байх боловч Н.Э , эсвэл Р ХХК-ийн удирдах албан тушаалтан, эсхүл тус компанийг төлөөлөх эрх бүхий ажилтанд гардуулан өгсөн эсэх нь тодорхойгүй байхад баталгаат шууданд хийснээрээ тухайн иргэн хуулийн этгээдэд гардуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66-р зүйлийн 66.3-т заасны дагуу албадан дуудлага худалдаа явуулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, мэдэгдлийг бүх төлбөр төлөгч нарт хүргүүлээгүйн улмаас төлбөр төлөгч нар иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах, албадан дуудлага худалдаанд оролцох эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон зэрэгт дүгнэлт хийхгүй хэргийг шийдвэрлэсэн. Шинжээч барьцааны хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн ба уг үнэлгээний 70 хувиар тогтоож барьцаа хөрөнгийг бусдад худалдан борлуулах нь Н.Э д их хэмжээний хохиролтой нөхцөл байдал бий болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2 байгууллагаар хөрөнгийн үнэлгээ хийлгүүлсэн. Үнэлгээ хийсэн 2 байгууллагын шинжээч анхан шатны шүүхэд гэрчээр оролцсон. Үнэлгээний компаниуд сонгон шалгаруулалтын журмаар оролцож байгаа учир итгэмжлэл хэзээ олгогдох эсэх нь тухайн компанийн шийдэх асуудал. Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Н.Э ... тоот 206 м.кв 5 өрөө орон сууц, ... тоот 107,7 м.кв 4 өрөө орон сууцыг үнэлсэн шинжээчийн үнэлгээ, мөн хаягт байрлах дээрх 2 орон сууцыг худалдан борлуулах албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч НШШГГ эс зөвшөөрч маргажээ.

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 181/ШШ2018/00684 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1457 дугаар магадлалаар Р ХХК-аас 871,073,207.59 төгрөг гаргуулан Т Б ХХК-д олгох, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Н.Э ийн өмчлөлийн ... тоот 206 м.кв 5 өрөө орон сууц, ... тоот 107,7 м.кв 4 өрөө орон сууц, Т ХХК-ийн өмчлөлийн ... тоот 37,5 м.кв 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /1хх15-26/

4. Хариуцагч нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, уг шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай гүйцэтгэх хуудсыг үндэслэн барьцааны зүйл болох төлбөр төлөгчийн өмчлөлийн 107.7 м.кв 4 өрөө, 206 м.кв 5 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж, дуудлага худалдаагаар санал болгох үнийг тохиролцон тогтоож шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэхийг талуудад даалгасан байна. /1хх70-71/

5. Төлбөр төлөгч нь барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн саналаа ирүүлсэн боловч төлбөр авагч үнийн санал ирүүлээгүй тул хариуцагч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар Б ХХК, С Э ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч 206 м.кв 5 өрөө орон сууцыг 566,500,000 төгрөгөөр, 107,7 м.кв 4 өрөө орон сууцыг 206,064,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх ба дээрх ажиллагааг мөн хуулийн 21, 49, 54, 55 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулсан байна. /1хх108-112, 134/

Хариуцагч үнэлгээний тайланг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, барьцаа хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг 2021 оны 10 дугаар сарын 03, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тус тус төлбөр төлөгч, өмчлөгч нарт баталгаат шуудангаар хүргүүлж, тэмдэглэл үйлдсэн байна. /1хх170-171, 176-182/

Хэрэгт ... тоот 107,7 м.кв 4 өрөө орон сууц нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө анхны албадан дуудлага худалдаагаар 146,500,000 төгрөгөөр худалдан борлогдож, өмчлөх эрхийг шилжүүлэх тухай тогтоол, ... тоот 206 м.кв 5 өрөө орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тогтоол авагдсан байх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль заасан журмын дагуу явагдсан байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. /1хх194, 198/

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

6.а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд,

Шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж, Ерөнхий шүүгчийн шүүх хуралдаан даргалагч томилсон шийдвэрийг албажуулах тухай захирамжид нэхэмжлэлийн шаардлагыг үнэлгээ хүчингүй болгуулах гэж дутуу бичсэн байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй. 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх хуралдаанаар орон сууцыг үнэлсэн шинжээчийн үнэлгээ, мөн хаягт байрлах дээрх 2 орон сууцыг худалдан борлуулах албадан дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага хянан хэлэлцэгдэж, зохигчид энэ талаар харилцсан мэтгэлцсэн байна. /1хх210, 213/

6.б. Шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй тухайд,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээч томилуулах хүсэлтийг шүүх 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШЗ2022/06423 дугаар захирамжаар хангахгүй орхисныг буруутгах үндэслэлгүй. Төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг шүүх тогтоохгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэх, эсвэл хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох журамтай. /1хх229-230/

6.в. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухайд,

... тоот хаягт байршилтай 107,7 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн А-0000000000 дугаартай 4 өрөө орон сууцыг битүүмжлэх ажиллагаа явуулахдаа хөндлөнгийн гэрч оролцуулаагүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дах хэсэгт төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна, шийдвэр гүйцэтгэгч нь шаардлагатай бол энэ хуулийн 41.1-д зааснаас бусад ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно гэж заасан. Хуулийн уг зохицуулалтаар шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулахдаа хөндлөнгийн гэрчийг заавал оролцуулах үүрэггүй болно. /1хх86-87/ Мөн Г.О нь С Э ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин байх тул энэ талаарх гомдолыг хангах үндэслэлгүй.

Хариуцагч нь барьцаа хөрөнгө болох 5 өрөө орон сууцыг анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагааг зохион байгуулах тухай мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг төлбөр төлөгч Р ХХК, болон хөрөнгийн өмчлөгч Н.Э нарт баталгаат шуудангаар хүргүүлж, энэ талаар тэмдэглэл хөтөлсөн нь хэргийн 1 дүгээр хавтасны 176-182 дугаар талд байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ, 14.6 дахь хэсэгт мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэж заасан. Нэхэмжлэгчийн мэдэгдлийг надад гардуулаагүй гэрт үлдээсэн байсныг дараа нь мэдсэн гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь уг мэдэгдлийг хүлээн авсан байна. /2хх3/

6.г. Хөрөнгийн үнэлгээний тухайд,

Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь үнэлж буй хөрөнгөд Шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу биет үзлэг хийж, орон сууцыг өртгийн, орлогын, жишиг үнийн аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж жишиг үнийн үнэлгээний дүнгээр хөрөнгийн үнэлгээг тогтоожээ.

Шинжээч үнэлэгдэх хөрөнгөтэй аль болох ойр байршилтай, шинж чанарын хувьд ижил төстэй, зах зээлд худалдан борлуулагдахаар санал болгосон хөрөнгүүдийг харьцуулах замаар үнийн судалгаа хийсэн байна. Энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасантай нийцсэн. Шинжээч нь эд хөрөнгийг эрс үнэгүйдүүлсэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй. Нэхэмжлэгч шинжээчийн үнэлгээг үгүйсгэх зах зээлийн үнэ ханштай харьцуулсан баримт шүүхэд гаргаагүй байх тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2022/01279 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

А.МӨНХЗУЛ