Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2019/0012

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2019/0012

Улаанбаатар хот

 

 

 

 

 

Э.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, гуравдагч этгээд Д.С-ийн өмгөөлөгч А.Г, гуравдагч этгээд Н.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0616 дугаар шийдвэртэй, Э.Н-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд Д.С-ийн өмгөөлөгч А.Г, гуравдагч этгээд Н.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т нарын давж заалдах гомдлыг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0616 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.4, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль/2003/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5.1, 11.5.2, 11.5.3, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Д.С-ийг А ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн, Н.Н А ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн улсын бүртгэлүүдийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Д.С-ийн өмгөөлөгч А.Г давж заалдах гомдолдоо: “ ... Миний үйлчлүүлэгч Д овогтой С миний бие Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт “Агро-Кроп” ХХК-ийн нэр дээр уул уурхай ашигт малтмалын хайгуулын 13176 дугаартай тусгай зөвшөөрлийг талийгаач нөхрөөсөө өвлөн авч үлдсэн билээ.

С овогтой Э нь Д.С-тэй 2011 оны 05 дугаар сараас эхлээд 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хамтран амьдарсан байдаг.

Энэ хамтран амьдрах хугацаандаа С.Э нь биеийн байдал нь маш муудаж сард 2-3 удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж бүрэн хэвтрийн дэглэмд орж асаргаа сувилгаа дээд зэргийн шаардлагатай байх үед нь зөвхөн Д.С л асарч байсан байдаг. Энэ үед төрсөн хүү Э.Н нь тоодоггүй байсан ба 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр бие нь муудаж эмнэлэгт хэвтэх болоод байхад Э.Н хэлэхэд ердөө тоосон шинжгүй найзуудтайгаа наргиж цэнгэн архидан согтуурч байсан байдаг.

Д.С энэхүү чин сэтгэлээрээ асран халамжилж байсанд С.Э баярлаж өөрийн эзэмшлийн “А” ХХК баярласан сэтгэлийн илэрхийлэл болгож Д.С-д хууль ёсны дагуу 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутагт байрлах Ард кино театрын хажуугийн Д гэдэг хүний нотариат дээр өөрийн биеэр очиж “А” ХХК-ийг “Бэлэглэлийн гэрээ, Компаний эрх шилжүүлэх гэрээ” зэргийг хийж Д.С мэдэлд хууль зүйн шаардлагад нийцүүлэн шилжүүлсэн байдаг. Энэ тухай тухайн үед гэрээг хийсэн нотариатч Д бүртгэлийн дэвтэр дээр бичигдсэн гарын үсэг зурагдсан байдаг.

Үүнээс үзэхэд Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх дурдагдаад байгаа хууль зүйн үндэслэл байсаар атал хэргийн бодит байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгөлгүй буруу шийдвэр гаргасан байх тул хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр бүрэн хэмжээгээр судлуулж дахин хэлэлцэн хуульд нийцсэн шийдвэр гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

Гуравдагч этгээд Н.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т давж заалдах гомдолдоо: “ ... Анхан шатны шүүх бодит байдалд дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Монгол Улсын иргэн Н.Н миний бие “А” ХХК-ийн 100 хувийг эзэмшигч тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага болох иргэн Д.С 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 50 хувийн хувьцаа буюу нэг бүрийн 10000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 60 ширхэг энгийн хувьцааг “Хувьцаа худалдах, худалдан авах” гэрээ, “Компанийн эрх шилжүүлэх” гэрээ болон компанийн ээлжит бус хурлаар хэлэлцэж 30,000,000 төгрөгөөр худалдан авч, нотариатын байгууллагаар гэрчлүүлэн, хувьцааг шилжүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн. Тухайн бүртгэлийн үйл ажиллагааг Улсын бүртгэлийн газар хийхэд болон хийхээс өмнө уг “А” ХХК-ийн 100 хувийн эзэмшигч нь иргэн Д.С байсан ба ямар нэг эрхийн зөрчилгүй байсан тул Улсын бүртгэлийн газар Монгол Улсын “Хуулийн этгээдийн бүртгэл”-ийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчээр иргэн Н.Н намайг бүртгэсэн. Бүртгэлийн газрын ямар ажиллагаа нь бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн нь тодорхойгүй Иргэн надтай холбоотой бүртгэлийн ажиллагаа хууль зүйн дагуу явагдсаныг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч талаас маш тодорхой тайлбарласан байна.

Тухайн компанийг хууль бус аргаар Д.С авсан гэж үзэх үндэслэл байгаа бол иргэн миний 50 хувийн хувьцааг худалдан авсан болон оруулсан хөрөнгө оруулалт зөвхөн тухайн компанид хийгдсэн. Өөрөөр хэлбэл 50 хувийн хувьцааг худалдаж аваад тухайн компанид тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг удаа дараа хийсэн ба энэ хөрөнгө оруулалт нь захирал Д.С биш зөвхөн компанид оруулсан хөрөнгө оруулалт байсан. Энэ байдлыг ч анхан шатны шүүх дүгнэж үзээгүй орхигдуулсан нь хуульд нийцэхгүй иргэн миний хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу нас барсан хүний гарын үсэгт харьцуулсан шинжилгээ хийлгэхээр томилж байгаа нь хууль бус болохыг удаа дараа тайлбарласан. Мөн харьцуулсан шинжилгээ хийхэд зөвхөн тус захиргааны хэрэгт байгаа бичгийн нотлох баримтуудад үндэслэсэн шинжилгээг хийдэг байхад ямар хүний бичгийн хэв, гарын үсгийн загвартай харьцуулан шинжилгээ хийж байгаа зэрэг нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

Өөрөөр хэлбэл гарын үсгийн харьцуулалт хийх гэж байгаа иргэн нас барсан, нас барсан хүний гарын үсэг бичгийн хэв гэх ямар эх сурвалж бүхий баримтууд тус захиргааны хэрэгт огт байхгүй Ямар үндэслэл бүхий баримтад шинжээч нар үзэж дүгнэлт хийсэн зэрэг нь ойлгомжгүй байна. Үүнийг анхан шатны шүүх дүгнэж үзэлгүй орхигдуулсан.

Гуравдагч этгээдийн зүгээс бие даасан шаардлага гаргасан. Мөн тухайн хэргийн материалыг гуравдагч этгээд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулаагүй. Түүнчлэн шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдээгүй атлаа шүүх хуралдааныг явуулсан нь харилцан мэтгэлцэх, бие даасан шаардлагаа хуульд заасан үндэслэлээр тайлбарлах эрхийг олголгүй хэт нэг талыг баримтлан явуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчим алдагдсан гэж үзэж байна.

Иймд иргэн Н.Н миний бие ямар нэг эрхийн зөрчилгүй хуульд заасны дагуу тус компанийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авсан тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0616 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын талаар зөв шийдвэрлэсэн боловч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулалгүй, нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхлыг хамгаалан сэргээж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, мөн нотлох баримтыг  дутуу цуглуулж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

            Нэхэмжлэгч Э.Н (“А” компанийн хувьцаа эзэмшигч байсан С.Э-ийн хүү) нь Д.С-ийг “А” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн, Д.Н-г мөн компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн улсын бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            “А” ХХК-ийг анх А.Ё үүсгэн байгуулж, 2006 оны 03 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн,

- 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 100 хувь хувьцаа эзэмших эрхийг өв залгамжлалаар С.Э-д, 

2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээгээр 100 хувь  Д.С,

            2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээгээр 50 хувь нь Н.Н-д,

            2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээгээр 35 хувийн хувьцааг Д.С-ээс  Х.Б-т,

Х.Б нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр мөн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр Д.С-д 35 хувийн хувьцааг буцаан шилжүүлснийг тус тус улсын бүртгэлд бүртгэснээр Д.С, Д.Н нар тус бүр 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгджээ.

Түүний дараа нэхэмжлэгч Э.Нямцэрэн нь тус компанийн 100 хувь хувьцааг С.Э-ээс өвлөсөн гэх 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ, Э.Н-ийн шийдвэр, Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0541 дүгээр шийдвэрийг үндэслэн А ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн боловч улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 594 дүгээр дүгнэлтээр “... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2017/0541 дүгээр шийдвэр хүчингүй болсон тул Э.Н-ийн бүртгэлийг хуулийн этгээдийн цахим санд идэвхигүй төлөвт шилжүүлэх”-ээр шийдвэрлэсэн байх бөгөөд уг бүртгэлийг хүчингүй болгоогүй байна.

            Дээрх бүртгэлүүд хийгдэх тухай бүр хувьцаа эзэмшигчдийн нэр, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөн компанийн дүрмийг шинэчлэн баталж, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.2-д “компанийн дүрэмд компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг заах”-аар, 17 дугаар зүйлийн 17.9-д “Компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу хувь нийлүүлэгч буюу хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтүүд тухай бүр улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болж өмнөх бүртгэлүүд тухайлбал, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан бүртгэлүүд хүчингүй болсон байна. Мөн тухайн бүртгэлүүдийн үндэслэл болсон хувьцаа эзэмших эрх шилжүүлсэн хэлцлүүд, компанийн дүрмийн өөрчлөлтүүдийг хууль бус болохыг тогтоогоогүй байхад энэ талаар маргаагүй атлаа зөвхөн 2003, 2005 оны бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргасан ойлгомжгүй байх бөгөөд уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхол зөрчигдсөн, шүүхээр ямар эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... Э.Н-г бүртгэсэн бүртгэл түдгэлзсэнээр Н.Н, Д.С нар тус бүр 50 хувийн хувьцаа эзэмших эрх /2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр бүртгэгдсэн/ нь сэргэх учир 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосноор Н.Н Д.С нарын хувьцаа эзэмших эрх хүчингүй болно” гэх тайлбар нь дээрх хуулийн заалтын дагуу үндэслэлгүй юм.

Түүнчлэн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн бүртгэлээр компанийн 50 хувийн хувьцааг Н.Н, 15 хувийн хувьцааг Д.С, 35 хувийн хувьцааг эзэмшигчээр Х.Б бүртгэгдсэн бүртгэл хүчинтэй байхад нэхэмжлэгч Э.Н нь тус компанийн 100 хувь хувьцаа, дагалдах эрх, компанийн хөрөнгийг С.Э-ээс өвөлсөн гэх 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээг ямар үндэслэлээр авсан, өвлөх эрх хэрхэн үүссэн нь ойлгомжгүй бөгөөд холбогдох тайлбар, нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүх дүгнэлт өгөөгүй байна.

Энэ талаарх гуравдагч этгээд Н.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... миний бие 2005 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 50 хувийн хувьцааг худалдан авч гэрээ байгуулан ямар нэгэн эрхийн зөрчилгүй хуульд заасны дагуу шилжүүлэн авсныг бүртгэлийн байгууллага бүртгэсэн, бүртгэлийн газрын ямар ажиллагааг хууль зөрчсөн гэж үзсэн нь тодорхойгүй. Компанид удаа дараа хөрөнгө оруулалт хийсэн  байхад шүүх дүгнэж үзээгүй орхигдуулсан ...” гэх давж гомдол үндэслэлтэй байна.

                        Иймд дээр дурдсан тодорхойгүй нөхцөл байдлуудыг тодруулж, холбогдох баримтыг цуглуулан үнэлж, захиргааны байгууллага болох улсын бүртгэлийн байгууллагын ямар үйл ажиллагааг ямар хуулийг зөрчсөн гэж үзсэн талаар дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар 04-ний 128/ШШ2018/0616 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

             

 

 

                                    ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

                                    ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

                                    ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ