| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2022/00925/И |
| Дугаар | 210/МА2022/01821 |
| Огноо | 2022-09-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2022/01821
| 2022 оны 09 сарын 26 өдөр | Дугаар 210/МА2022/01821 |
Х Г ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2022/01730 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х Г ХХК-ийн хариуцагч П ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 34,105,450 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Х Г ХХК нь П ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 00/00 дугаартай шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Х Г ХХК нь П ХХК-ийн ачаа тээврийн автомашинд чанарын шаардлага хангасан шатахуун нийлүүлэх, П ХХК нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүрэг хүлээсэн. П ХХК-ийн худалдаж авсан шатахууны нийт төлбөр 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 585,159,700 төгрөг болсон. П ХХК төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тул хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги нийт 104,850,504 төгрөг болно. Талууд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тооцоо нийлж гэрээний үлдэгдэл төлбөр 55,916,950 төгрөг, алданги 104,850,504 төгрөг болсныг багасгаж 53,000,000 төгрөг болгож, тээврийн хөлсөнд 3,188,500 төгрөг тооцож нийт 112,105,450 төгрөгийн өр төлбөр үүссэн. Талууд харилцан тохиролцож нэхэмжлэгч талаас 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа гэх албан бичиг бэлдэж гарын үсгээ зураад явуулсан. П ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч талд гарын үсэг зурж тамга дараад өөрийн и-мэйлээр ирүүлсэн. Гэтэл энэ баримтаа манай талыг дарамталж зуруулсан гэж тайлбарладаг. Хэрэв дарамталж зуруулсан гэж байгаа бол уг баримт нь манай байгууллагад бичгээр байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч талаас 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр цахим шуудангаар явуулж 09 дүгээр сарын 11-ний өдөр и-мейл ирсэн. Тооцоо нийлсэн актаар нийт үлдэгдэл 112,105,450 төгрөг гэж тохиролцсон. 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 78,000,000 төгрөгийн шатахуун нийлүүлсэн. Иймд 34,105,450 төгрөгийн үлдэгдэлтэй. Хариуцагч нь тооцоо нийлсэн актыг хүчин төгөлдөр эсэх талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Ковидын улмаас хариуцагч байгууллагын үйл ажиллагаа доголдсон гэдгийг нотолсон баримт байхгүй. Б З ХХК-ийн албан бичиг нь хариуцагчийг давагдашгүй хүчин зүйлд өртсөн гэдгийг нотлох баримт биш. Иймд хариуцагч нь 34,105,450 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж үзэх тул үлдэгдэл 34,105,450 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга: Талууд 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл нийт 581,971,200 төгрөгийн үнэтэй 329,490 литр түлш худалдан авсан. Гэрээ байгуулснаас хойш хариуцагч тал дансаар болон түлшээр төлбөрийг хааж эхэлсэн. Нийт 208,000,000 төгрөг бэлнээр болон дансаар шилжүүлсэн. 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр, 06 дугаар сарын 03-ны өдөр, 06 дугаар сарын 09-ний өдөр, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр, 08 дугаар сарын 02-ны өдөр, 12 дугаар сарын 09-ний өдөр нийт 404,054,250 төгрөгийн түлш нийлүүлсэн. Хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 78,000,000 төгрөгийн түлш нийлүүлж талуудын тооцоо нийлсэн үлдэгдэл 55,916,950 төгрөг болох албан бичгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн. 55,916,950 төгрөгөөс 78,000,000 төгрөгийн түлш шилжүүлсэн, хариуцагч нь нийт 23,083,050 төгрөгийн илүү төлөлт буюу илүү түлшийг нийлүүлж төлбөрийн үлдэгдлийг хаасан. Үндсэн төлбөрөө төлөөд үлдэгдэл 23,083,050 төгрөгөө алданги гэж дүйцүүлж өгсөн. Ковидын үед тээвэр болон хил гааль хаалттай хүнд нөхцөл байдалтай байхад тээвэрлэлт хийдэг аж ахуйн нэгж атлаа аж ахуйн нэгжийнхээ ажил орлогыг дэмжихгүй, гэрээгээр дарамт шахалт, албан тоотоор алданги төл, төлөхгүй бол цуцална гэж сүрдүүлж гарын үсэг зуруулсан. П ХХК-ийн захирлын гарын үсэггүй байхад алдангид 34,105,450 төгрөг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Гэрээгээр болон тооцоо нийлсэн баримтад тээврийн зардал 3,188,500 төгрөг төлөхөөр тохиролцсон зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Харин алданги 78,000,000 төгрөгийн үлдэгдэл 23,083,000 төгрөгийн түлш илүү нийлүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоно. Үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй, давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэнтэй холбоотой гэрээний үүргийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, хугацаа алдсан. Зөвхөн ковид цар тахлаас болоогүй, өөр бусад хүчин зүйл байгаа. Хэрэгт Б З ХХК-ийн удирдах зөвлөлийн дарга н.Б гийн гаргасан дүгнэлтийг хавсаргасан. Бэлэн мөнгө, түлшний төлбөрийг тооцоолж үзэхэд 8,000,000 төгрөгийн баримт нь Ц.М ын эзэмшлийн Хаан банкны дансанд шилжүүлсэн гэдэг. Хариуцагч байгууллагын Х.Б ийн тайлбараар Э , М нарын хамт оффис дээр ирж сэтгэлзүйн дарамт үзүүлж, сүрийг үзүүлж яг одоо зураад өг гэсээр өндөр алдангитай тооцоо нийлсэн акт зуруулж авсан нь харагдаж байна. Иймд 8,000,000 төгрөг Х Г ХХК-ийн удирдлагын дансанд орсон болох нь тогтоогдсон. Хариуцагч нь нийт 604,054,250 төгрөгийг бэлнээр болон түлшээр төлсөн. Худалдах, худалдан авах гэрээний төлбөр 581,971,200 төгрөгийг хасч үзэхэд 23,083,050 төгрөгийн илүү төлөлттэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн хариуцагч нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 78,000,000 төгрөг төлснөөрөө үлдэгдэл төлбөр 55,916,950 төгрөгийг хасахад 23,083,050 төгрөгийг алдангид дүйцүүлээд төлж байгаа, хасахад татгалзах зүйлгүй гэж нэхэмжлэгч тал тайлбарласан. Талуудын тооцоо нийлсэн актад хэт өндөр алданги тусгаж дарамталж гарын үсэг зуруулчихаад төлөх ёстой гэсэн шаардлага гаргаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад хариуцагч тал гэрээний үндсэн төлбөрийг төлсөн, үндсэн төлбөрт илүү төлсөн төлбөрийг алдангид дүйцүүлэн төлсөн гэх нөхцөл байдал нотлогдож байна. Нотлох баримтаар үнэлэгдэхгүй баримтыг үндэслэж шийдвэр гаргах нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Иймд гэрээний үүрэгт биш алдангид тооцож шаардаж байгаа нь нотлогдож байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан П ХХК-аас 30,916,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х Г ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,188,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,480 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 312,535 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.
4.1. Хууль буруу хэрэглэсэн тухайд,
Шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан П ХХК-аас 30,916,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х Г ХХК-д олгож гэснийг хүлээн зөвшөөрөхгүй, шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Нэхэмжлэгчийн шаардсан үнийн дүн нь Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасан алданги биш. Хариуцагч нь үндсэн төлбөрөө бүрэн төлж дараа нь алдангид шилжүүлсэн 78,000,000 төгрөгийг суутгаж төлсөн нь үндсэн төлбөр болон алдангаас суутгагдах ёстой байсан. Энэ нь хариуцагч гэрээний нийт үнийн дүн болох 581,971,200 төгрөгөөс 604,054,250 төгрөгийг бэлнээр болон түлшээр төлсөн ба 23,083,050 төгрөгийн илүү төлөлт төлсөн байхад шүүх харгалзан үзээгүй.
Ковид-19 цар тахлын нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдалд байсаар байхад хариуцагч үндсэн төлбөр, алдангид төлөлт хийсэн байхад шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтад үндэслэсэн нь учир дутагдалтай байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг харгалзан үзээгүйд гомдолтой байна.
4.2. Тооцоо нийлсэн баримт нотлох баримтын шаардлага хангаагүй тухайд,
Х Г ХХК-аас нотлох баримтаар өгсөн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн талуудын магадалгаа, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 00/00 тоот бичгүүд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй. Тухайн баримтад П ХХК-аас алданги төлнө гэдгийг баталсан, зөвшөөрсөн гарын үсэг, тамга дарагдаагүй байдаг байхад шүүх нотлох баримтын шаардлагыг хангахгүй баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.3. Нэхэмжлэгч тал нотлох баримтыг хууль бус аргаар бүрдүүлсэн тухайд,
Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 2-т хариуцагч П ХХК нь шүүх хурлын үеэр Х Г ХХК-ийн зүгээс Э , М гэх 2, 3 залуучууд оффис дээр орж ирж сэтгэл зүйн дарамт үзүүлж, сүрдүүлж, тооцоо нийлэх акт дээр яг одоо зур гээд өндөр алдангитай тооцоо нийлсэн акт хүчээр гарын үсэг зуруулсан тухай дурдсан байдаг. Хариуцагч нь нийт 604,054,250 төгрөгийг бэлнээр болон түлшээр төлсөн. 581,971,200 төгрөгийг буюу үндсэн худалдах худалдах авах гэрээний дүнгээс төлсөн төлбөрөө хасвал хариуцагч нь 23,083,050 төгрөг илүү төлөлт төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
Алдангийн хувьд тухайн үед Ковид-19 цар тахлын үед төлөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн боловч хэт их алдангийг талуудын тооцоо нийлсэн актад тусгаж дарамталж гарын үсэг зуруулан төлөх ёстой гэж шаардлага гаргасан. Хүч хэрэглэж цуглуулсан нотлох баримтаараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь учир дутагдалтай байна. Хариуцагч нь 2022 оны 07 дугаар сарын 28-ний өдөр Х Г ХХК-аас гаргасан баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүйд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн Иргэний хуулийн 232 дугаар зүйл 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан П ХХК-аас 30,916,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х Г ХХК-д олгож гэснийг хүлээн зөвшөөрөхгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр талууд эцсийн байдлаар тооцоо нийлж, үндсэн төлбөр 55,000,000 төгрөг, алданги 104,000,000 төгрөг болсныг харилцан тохиролцож 53,000,000 төгрөг болгож бууруулсан. Тээврийн нөхцөлийн зардлыг 3,000,000 төгрөгт тооцож, 110,000,000 төгрөгт тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн. Тус албан бичгийг эх хувиар нь П ХХК-руу явуулсан ба уг баримтыг хүлээн авч компанийн тамга дарж, гарын үсгээ зурж сканердаад цахим шуудангаар манай компани руу ирүүлсэн. Уг баримтыг хүч хэрэглэж зуруулсан гэдэг боловч баримт нь эх хувиараа П ХХК-д байдаг. Эх баримтыг шүүхийн журмаар гаргуулах гэсэн боловч П ХХК-аас алга болсон гэх тайлбар өгсөн. Өмнө нь өгч, авсан тооцооны асуудалд талууд маргаагүй. Давагдашгүй хүчин зүйлд өртсөн гэдгээ баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл нотлох баримтын шаардлага хангахгүй баримт гаргаж өгсөн атлаа давагдашгүй хүчин зүйлд өртсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 0000 дугаар, 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 00/00 дугаар албан бичгээр төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Х Г ХХК хариуцагч П ХХК-д холбогдуулан түлш худалдах худалдан авах гэрээний үүрэгт 34,105,450 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хариуцагчаас 30,916,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,188,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагч П ХХК 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Х Г ХХК-тай шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 1 литр түлшийг 1900 төгрөгөөр худалдан авах, тухайн сард хүлээн авсан шатахууны үнийг 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдөрт бүрэн төлж барагдуулах, төлбөрийг хугацаандаа бүрэн барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх, нэхэмжлэгч нь чанар стандартын шаардлага хангасан шатахууныг гэрээнд заасан нөхцлөөр нийлүүлэх, шатахууны хэмжээг тухайн өдрийн санхүүгийн анхан шатны баримтаар баталгаажуулахаар тохиролцсон байна. /хх4-8/
5. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь 585,159,700 төгрөгийн үнийн дүнтэй нийт 329,490 литр түлшийг хариуцагчид нийлүүлсэн, гэрээний төлбөрт 200,000,000 төгрөг бэлнээр, 404,054,250 төгрөгийг түлшээр төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдсон. /хх13, 60-64/
6. Хариуцагч нь 404,054,250 төгрөгийн түлш нийлүүлсэн, дансаар болон бэлнээр 208,000,000 төгрөг төлсөн, гэрээний төлбөрт нийт 612,054,250 төгрөг төлсөн, уг дүнгээс худалдах худалдан авах гэрээний төлбөр 581,971,200 төгрөгийг хасч тооцоход 30,083,050 төгрөг илүү төлөгдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х Г ХХК-ийн ... и-мэйл хаягт хариуцагч П ХХК-ийн захирал Х.Б ын ... и-мэйл хаягт ирүүлсэн талуудын тооцооны үлдэгдлийн баталгаа, хүсэлт гаргах тухай гэх баримтад үзлэг хийж бэхжүүлсэн байна. Тооцооны үлдэгдлийн баталгаанд 2020 оны 08 дугааар сарын 27-ны өдрөөр түлшний төлбөрийн үлдэгдэл 55,916,950 төгрөг, тээврийн хөлс 3,188,500 төгрөг, алданги 53,000,000 төгрөг, нийт 112,105,450 төгрөг болохыг баталгаажуулж талуудын эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж, компанийн тамга дарсан байна. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн П ХХК-ийн хүсэлт гаргах тухай албан бичигт ... гэрээний үндсэн төлбөр 55,916,950 төгрөг, алданги 53,000,000 төгрөгийн төлбөрийг тодорхой шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүйд хүлцэл өчье, нөхцөл байдлыг ойлгон 11 сарын 30-ны өдрийг хүртэл хүлээхийг хичээнгүйлэн хүсье. гэжээ. Хариуцагч нь тооцоо нийлсэн актад хүч хэрэглэн дарамталж гарын үсэг зуруулсан гэж тайлбарлах боловч энэ талаарх нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй. /хх47-53/
Хариуцагч нь дээрх тооцоо нийлсэн акт үйлдэгдсэнээс хойш 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 78,000,000 төгрөгийн шатахууныг нэхэмжлэгчид нийлүүлсэн байх тул түлшний төлбөрт 55,916,950 төгрөг, алдангид 22,083,050 төгрөг төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй. Алдангийн үлдэгдэлд 30,916,950 төгрөг төлөгдөөгүй бөгөөд үүнийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, гэрээний 5.1-д заасны дагуу нэхэмжлэх эрхтэй. Анхан шатны шүүх хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг, талуудын тооцоо нийлсэн актад тусгагдсан түлшний төлбөр 55,916,950 төгрөг, алданги 53,000,000 төгрөг, нийт 108,916,950 төгрөгөөс хариуцагчийн хожим төлсөн 78,000,000 төгрөгийг хасч, 30,916,950 төгрөг гэж тогтоосон байна.
Гэрээ хэрэгжих явцад ковид цар тахлын давагдашгүй хүчин зүйл бий болж үүргийн биелэлтэд нь нөлөөлсөн гэж үзээд давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу алдангийг 50 хувиар багасгаж хариуцагчаас 15,458,475 төгрөг /30,916,950*50%/ гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч нь түлшний төлбөрт 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгч компанийн эрх бүхий албан тушаалтан Ц.М ын данс руу шилжүүлсэн гэж тайлбарласан бөгөөд шүүх уг мөнгөн дүнг талуудын гэрээгээр тохиролцсон төлбөрийн дансанд шилжүүлээгүй, Ц.М нь нэхэмжлэгч компанийн удирдлага, хамаарал бүхий этгээд болох талаар нотлох баримтгүй тул 8,000,000 төгрөгийг гэрээний үүрэгт төлсөн гэж үзэхгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна. Мөн тээврийн хөлс 3,188,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт зөв байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2022/01730 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 232.8 ... гэж нэмж, ... 30,916,950 ... гэснийг ...15,458,475 ... гэж, ... 3,188,500 ... гэснийг ... 15,458,475 ... гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... 312,535 ... гэснийг ... 235,242 ... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 312,535 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
А.МӨНХЗУЛ