Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/01840

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/01840

 

 

 

 

Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2022/02057 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж ХХК-ийн хариуцагч А К ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 308,537,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Талууд 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр барилгын туслах материал түрээслэх гэрээг байгуулж, Ж ХХК нь ... хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа С Ш төслийн барилгын ажилтай холбогдуулан А К ХХК-д БНСУ-д үйлдвэрлэсэн V-2 загварын барилгын тулаас төмөр, хэв хашмал, буланг хүлээлгэн өгсөн. А К ХХК түрээсийн төлбөр 208,537,800 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Иймд талуудын байгуулсан гэрээний дагуу А К ХХК-аас түрээсийн төлбөр 208,537,800 төгрөг, алданги 100,000,000 төгрөг, нийт 308,537,800 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга: Тайлбар ирүүлээгүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч А К ХХК-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд 308,537,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, нэхэмжлэгч Ж ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 1,700,639 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хариуцагч А К ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,700,639 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Хэргийн үйл баримтын тухайд,

Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан талаар маргаагүй. Түрээсийн төлбөрийг Ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад барилгын ажил зогсож, хугацаа сунгагдсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч талтай уулзаж хариуцагчаас 140,000,000 төгрөгийн үнэтэй QTZ 40 маркийн цамхагт краныг түрээсийн төлбөртөө суутгаж хүлээлгэн өгсөн. Ж З ХХК хүлээн авч цааш нь өөр компанид худалдан борлуулж урьдчилгаа төлбөрийг авсан. Энэ талаар мэдсээр байсан атлаа шүүхэд хэлээгүй, түрээсийн төлбөрөө бүхэлд нь нэхэмжилж, шүүх алдангийн хамт гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2. Хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн тухайд,

Хариуцагч компанийг шүүх хуралдаанд оролцуулж, мэтгэлцэх эрхээр хангаагүй, хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй хэргийг шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны товыг манай компанид болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдээгүй. Нэхэмжлэлийн хувийг гардаж авсан А К ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Б гэх хүн компанийн гүйцэтгэх захирлаар ажиллахаа больж 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн. О.Э нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс тус компанийн захирлаар томилогдож, одоог хүртэл ажиллаж байна. Гэтэл шүүх хуралдааны товыг Н.Б д утсаар мэдэгдэв гэж тэмдэглэж, шүүгч уг баримтыг үнэлсэнд гомдолтой байна. Н.Б д шүүх хуралдааныг товыг мэдэгдээд байгаа баримт нь хэдэн сарын хэдний өдөр, хэний нэхэмжлэлтэй хэнд холбогдох хэргийн шүүх хуралдааны товыг хэдэн сарын хэдэнд хэн гэж хүн, хэнд мэдэгдээд байгаа нь тодорхойгүй, он сар өдөр нь засвартай, хэн хэзээ яагаад засаад байгаа нь тодорхойгүй баримт байна. Энэ үед Н.Б тус компанид ажиллахаа больсон байсан.

Шүүх хуралдааны тэмдэглэлд ирц танилцуулахдаа хэзээ, хэнд, ямар аргаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн талаар танилцуулаагүй. Шүүх хуралдаан завсарлалгүй шүүгч захирамжийн агуулгаа танилцуулж, хуралдааныг үргэлжлүүлж хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр анхан шатны шүүх хуралдаан болсон байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтээ 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гаргасан нь шүүх болон нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд хариуцагч ирэхгүй гэдгийг урьдаас төлөвлөж шүүх хуралдааны товоо мэдэгдээгүй, хариуцагч ирэхгүй гэдгийг нэхэмжлэгч хурал болохоос өмнө мэдэж байсан нь харагдаж байна. Шүүх хэт нэг талыг барьж нэхэмжлэгчийн талд шийдвэрлэсэн.

Мөн хариуцагч компанийн хаягийг тодруулаагүй, хариуцагчийн төлөөлөгч өөрийнхөө иргэний үнэмлэхийн хаягаар нэхэмжлэлийн хувийг гардаж авсан, компанийн одоо үйл ажиллагаа явуулж байгаа хаягийг тодруулалгүй нэхэмжлэлийг гардуулсан. Хэргийн харьяалал зөрчиж хаяг тодорхойгүй, хуралдааныг товыг мэдэгдэлгүйгээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж, мэтгэлцэх эрхээр хангаагүйд гомдолтой байна.

Хариуцагч компанийн одоо үйл ажиллагаа явуулж байгаа албан ёсны хаяг нь ... тоот бөгөөд шүүх компанийн улсын бүртгэлд бүртгэлтэй хаяг өөр байхад тодруулаагүй.

Хариуцагчийн мэтгэлцэх эрхийг эдлүүлээгүй. А К ХХК нь Ж З ХХК-д 140,000,000 төгрөгийн үнэ бүхий цамхагт краныг хүлээлгэн өгсөн ба түрээсийн төлбөрөөс 140,000,000 төгрөг хасагдаж тооцогдох ёстой. Мөн алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж өгөх хүсэлт гаргасан нь тусгагдсан. Шүүх хуралдааны өмнө хариуцагчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэхийг мэдэж байсан гэх утга санааг илэрхийлээгүй. Учир нь шүүх хуралдааны явцад хэлсэн гэдэг нь тэмдэглэлд туссан байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрын хаягаар нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч албан ёсны хаяг, хариуцагчийн тогтмол үйл ажиллагаа явуулж байсан компанийн ерөнхий удирдлагын байгаа газрын хаягаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь өөрийнхөө оршин суугаа газрын харьяаллын шүүхээр хэргээ шийдвэрлүүлэх хүсэлттэй байсан бол хүсэлтээ шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан. Гэтэл хүсэлт гаргаагүй. 140,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий краныг хүлээлгэж өгсөн гэж тайлбарласан. Шүүх хуралдаан болох үед 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр биет байдлаар хүлээлгэж өгөөгүй байсан. Өгөх тухай хэлцэл явагдаж байсан. Шүүх хуралдааны дараа биет байдлаар хүлээлгэн өгч, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын батламжилсан итгэмжлэл 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гарсан. Иймд 140,000,000 төгрөгийг хасаж тооцоход татгалзах зүйлгүй. Шүүх хуралдааны товыг хариуцагч талд утсаар мэдэгдэж, гарын үсэг зуруулсан. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцож, шүүхийн шийдвэрийг сонссон гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ж ХХК хариуцагч А К ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр 208,537,800 төгрөг, алданги 100,000,000 төгрөг, нийт 308,537,800 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр барилгын туслах материал түрээслэх түрээсийн гэрээ байгуулсан, нэхэмжлэгч нь ... хороонд баригдаж байгаа С Ш E C төслийн барилга угсралтын ажилд 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл БНСУ-аас оруулж ирсэн хэв хашмал, V2 /сапуд/ тулаас, гадна булан, трубаг 167 хоног түрээслэх, хариуцагч нь гэрээгээр тохиролцсон төлбөрийг төлөх, түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна. Талууд 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дээрх гэрээнд 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг тооцох тухай өөрчлөлт оруулсан байна. /хх7-11/

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн боловч талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ. Тодруулбал, анхан шатны шүүх зохигчдын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж үзсэнийг давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх тухай түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн зохигчдын эрх бүхий этгээдүүдийн тооцоо нийлсэн акт, хариуцагч талаас нэхэмжлэгчид хүргүүлсэн түрээсийн төлбөрийн талаарх санал, хүсэлт, талуудын удирдлагын түвшинд хийсэн хурлын тэмдэглэл зэргээс харахад хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүрэг 208,537,800 төгрөг болох нь тогтоогдож байна. Хэрэгт хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн талаар баримтгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй. /хх12-39/

Гэрээний 4.2-т түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувиар бодож алданги тооцно гэж заасан. Нэхэмжлэгч нь алдангид 100,000,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт нийцжээ.

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо ... 140,000,000 төгрөгийн үнэтэй QTZ 40 маркийн цамхагт краныг түрээсийн төлбөртөө суутгаж нэхэмжлэгч талд хүлээлгэж өгсөн, нэхэмжлэгч краныг хүлээн авч цааш нь өөр компанид худалдан борлуулж урьдчилгаа төлбөр авсан. Иймд 140,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулна гэж тайлбарласан. Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд 140,000,000 төгрөгийн үнэлгээтэй краны үнийн дүнг нэхэмжлэлийн үнээс хасаж тооцоход татгалзах зүйлгүй гэх тайлбар гаргаж байх тул түрээсийн төлбөр 208,537,800 төгрөгөөс талуудын хасаж тооцохыг хүлээн зөвшөөрсөн дүн 140,000,000 төгрөгийг хасаж түрээсийн төлбөр 68,537,800 төгрөг, алданги 100,000,000 төгрөг, нийт 168,537,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзэв.

5. Хариуцагчийн төлөөлөгчийн хариуцагч талыг шүүх хуралдаанд оролцуулаагүй, мэтгэлцэх эрхээр хангаагүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Шүүхээс 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тус нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Н.Б д нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн байна. Хэргийн 6 дугаар талд авагдсан хариуцагч А К ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс харахад 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тус компанийн гүйцэтгэх захирлаар Н.Б ийг бүртгэсэн байна. Тэрээр компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хувьд нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ. Шүүх 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны товыг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч Н.Б д утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна. Нэхэмжлэгчийн хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүх хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасантай нийцжээ. /хх45, 47-48, 53-54/

Хариуцагчийн давж заалдах гомдолд хавсаргасан А К ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд компанийн гүйцэтгэх захирлаар О.Э ыг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр бүртгэснийг хэргийн оролцогч шүүхэд мэдэгдээгүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2022/02057 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч А К ХХК-аас гэрээний үүрэгт 168,537,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 140,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 2 дах заалтын ... 56.1 ... гэснийг ... 56.2 ... гэж, ... хариуцагч А К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1.700.639 ... гэснийг ... хариуцагч А К ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,000,639 ... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,700,639 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

А.МӨНХЗУЛ