Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 189

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны  10 сарын 18 өдөр                              2018/ШЦТ/189                                   Хэрлэн сум

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0212/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                         М.Сайнболд

Улсын яллагч                                                       Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгч                                                               Л.И нарыг оролцуулан

    

Тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.И-д холбогдох 1839004280212 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 10-р хороо 2-р хэсэг 126а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Л.И  /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.И нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 36-99 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Хэнтий аймгийн Баянхутаг сумын 5 дугаар багт жолоодож явахдаа Монгол Улсын ЗХД-ийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 1.5 “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зогчино” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж иргэн Б.Нандинцэцэгт хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

      

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Л.И нь  2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 36-99 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Хэнтий аймгийн Баянхутаг сумын 5 дугаар багт жолоодож явахдаа Монгол Улсын ЗХД-ийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 1.5 “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зогчино” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж иргэн Б.Нандинцэцэгт хүнд хохирол учруулсан болох нь: 

Хохирогч Б.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Сүхбаатар аймгийн Мөнхаан сум руу хөдлөөд явж байтал удалгүй машин дайвалзах шиг болоод түүнээс хойш юу болсныг санахгүй байгаа нэг сэрээд ухаан ороход би машин дотроо сэрээд машинаас буух гэтэл хаалга нь онгойхгүй байсан чинь хамт явж байсан Адъяа нөгөө талын хаалгыг намайг түшиж буулгасан. Тэгээд би машинаас буугаад хэд алхаад дахиад ухаан алдсан. Тэгээд дахиад сэргэсэн чинь манай найз Л.И газар хэвтэж байхаар нь би мөлхөж очоод үзэхэд ухаангүй байсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 хуудас/

Гэрч Л.Иын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр яг хэдэн цагт гэдгийг нь сайн санахгүй байна. Хэнтий аймгийн Хэрлэн гүүрний урд талаас нутгийн таньдаг найз Адъяа гэх хүнийг аваад гүүрний урд байсан Хэрлэн зоог нэртэй цайны газар хоол идсэн. Тухайн үед машинд манай нөхөр Бат-Өлзий манай 5-6 насны хоёр хүүхэд тэгээд манай нутгийн таньдаг найзууд болох Нандинцэцэг, Адъяа нар явж байсан. Тэгээд бид нар хоол идчихээд цааш хөдлөөд удаагүй байж байтал замын урд талаас хоёр нохой зам руу орж ирээд би сандарч тухайн хоёр нохойг тойрч дараад машин дайвалзах шиг болоод тэгээд л би юу болсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуудас/

Гэрч Т.Бат-Өлзийгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тухайн цайны газар хоол идчихээд цааш Сүхбаатар аймгийн Мөнххаан сум руу хөдлөөд манай эхнэр машин бариад явж байтал нээх удалгүй замын урд талаас хоёр нохой нэгнийгээ хөөгөөд замруу орж иртэл манай эхнэр сандраад тухайн нохойг тойрч гарах гэж байгаад жолооны хүрдээ  буцааж чадалгүй замын хажуу руу онхолдсон. Тухайн үед би ухаан алдаад тэрүүхэн зуур юу болсныг санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд би хоёр хүүхдийнхээ хамт эхнэрийнхээ хажууд очсон байдалтай манай эхнэр газар ухаангүй хэвтэж байсан. Тэгээд хамт явж байсан Адъяа гэх эмэгтэй замын унаанд суугаад Хэнтий аймгийн төв орж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/

Гэрч М.Адъяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хөдлөөд удалгүй машин гэнэт дайвалзаад дотор нь байсан хүмүүс орилолдоод гэнэт замын хажуу руу унасан. Тэгээд би машинаас буугаад машин дотор байсан хүмүүсийг буулгаад Хэнтий аймгийн төв рүү дуудлага өгөх гэсэн боловч утас сүлжээгүй байхаар нь замын унаанд суугаад төв рүү орж цагдаагийн газар дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуудас/

Яллагдагч Л.Иын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн гүүрний урд талаас нутгийн таньдаг найз Адъяа гэх хүнийг аваад гүүрний урд байсан Хэрлэн зоог нэртэй цайны газар хоол идсэн. Тухайн үед машинд манай нөхөр Бат-Өлзий манай 5-6 насны хоёр хүүхэд тэгээд манай нутгийн таньдаг найзууд болох Нандинцэцэг, Адъяа нар явж байсан. Тэгээд бид нар хоол идчихээд цааш хөдлөөд удаагүй байж байтал замын урд талаас хоёр нохой зам руу орж ирээд би сандарч тухайн хоёр нохойг тойрч дараад машин дайвалзах шиг болоод тэгээд л би юу болсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63 хуудас/

Шүүх эмнэлгийн №405 дүгнэлтэд:

-Б.Нандинцэцэгийн биед цээжний зүүн талд шингэн хуралдалт, зүүн талын уушгины бүрэн авчийлт, зүүн 2,3,4-р хавирга, дал ясны далд хугарал, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрхи гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 51 хуудас/

Замын цагдаагийн тасгийн шинжээчийн №28 дугаартай:

“36-99 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Л.И нь ЗХД-ийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”. Мөн дүрмийн 1.5-д “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зогчино” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй. /хх-ийн 55-56 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцгдсэн шүүгдэгч Л.Ит холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Л.Иыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм  хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас  Б.Нандинцэцэгийн биед хүнд гэмтэл учирсан бөгөөд хохирогч Б.Нандинцэцэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 96 тал/ гэсэн тул шүүгдэгч Л.Иыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.И нь дээрх гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа үйлдсэн байх бөгөөд үүнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Л.Ит 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд, шүүгдэгч Л.Иын хувьд учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэргийн шинж, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг байдлыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, түүнд оногдуулах ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, шүүгдэгч Л.И нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.И-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан  шүүгдэгч Л.И-г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолооох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.4-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Л.И-д мэдэгдсүгэй.

 

4. Монгол Улсын Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186  дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Л.И-н тэнсэгдсэн хугацаанд болон эрх хязгаарлах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.И-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                              Ц.МӨНХТУЛГА