Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 225/МА2022/00028

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 225/МА2022/00028

 

 

Т.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 155/ШШ2022/00820 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ХХК-нд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Орц, гарц гаргахыг даалгах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.******* би Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2-р баг Жанхайн нутаг дэвсгэрт Жанхайн ардаг гэх газар 2016 оноос аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахаар хэсэг газрыг ашиглан хашаа, байшин барьж улмаар Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/211 дүгээр тушаалаар 1 га газрыг хууль ёсоор ашиглах болсон юм. Анх намайг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлэхээр хашаа байшин барьж байхад надтай хөрш зэргэлдээ аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг Х жуулчны бааз нь өөрийн эзэмшил газарт хашаатай, тухайн хөршийн хашааны хажуугаар Хөвсгөл далай талаасаа нэвт өгсөж өөрийн амралтын газар дээр ирж, орж гарч болдог байсан юм. Миний бие газрын кадастрын зургаа орц, гарцаа тооцоолон Хөвсгөл далай орох гарах чиглэлийн дагуу, бусдын газар эзэмших, ашиглах эрхтэй давхцуулалгүйгээр өөрийн далай руу хошуулж орсон байдлаар хийлгэж зохих зөвшөөрлийг авсан юм. 2019 оноос хойш Хөх сувд жуулчны бааз нь зөвшөөрөлгүйгээр орц, гарц хааж хашаагаа сунгаж барьсаар манай ашиглалтын талбайг бүрэн хаасан ба би зохих зөвшөөрлийн дагуу гэрээ гэрчилгээ гаргуулсан ч өнөөдрийг хүртэл аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрээд энэ байдлаа захирал М.Э гэдэг хүнд өөрийн газар, байшин руугаа очих, орох гарцыг маань гаргаж өгнө үү гэж удаа дараалан хэлсэн боловч чөлөөлөхгүй өнөөдрийг хүрсэн.

Түүнчлэн М.Э гэдэг хүнээс орох, гарах гарцыг чөлөөлүүлж өгөөч гэж миний бие Хөвсгөл аймгийн Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газарт удаа дараалан хандсан боловч дорвитой арга хэмжээ авахгүй байгаа тул шүүхэд энэ нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Э ХХК-ийн төлөөлөгч М.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Т.*******гийн орох, гарах гарцыг албадан чөлөөлүүлэхээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ: 2016 оноос аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхээр хэсэг газрыг ашиглан улмаар Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/217 дугаартай тушаалаар 1 га газрыг хууль ёсоор ашиглах болсон гэжээ. Тусгай хамгаалалттай газрын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмаар тухайн харилцааг зохицуулсан байдаг. Уг зохицуулалтаар:

1.Газар ашиглаж буй иргэн, аж ахуй нэгж байгууллага нь төслөө боловсруулан тухайн газрыг хариуцан ажиллаж буй хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргаж, санал авна.

2.Тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар кадастрын зураг хийлгэнэ.

3. Дэмжигдсэн санал авсан бол төсөлдөө Байгаль орчинд нөлөөлөх ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэнэ.

4.Дээрх бичиг баримтаа хавсарган Байгаль орчны яаманд хүсэлт гаргана.

5.Сайдын газар ашиглахыг зөвшөөрсөн шийдвэр гарна.

6.Гуравласан гэрээ байгуулна. Ингэснээр газар эзэмших гэрээ байгаа байгуулна. Ингэснээр газар ашиглах эрх үүсдэг болно.

Гэтэл уг иргэн нь 2016 онд дур мэдэн газар хатгаж зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаад газар ашиглах зөвшөөрөл авчээ. Хууль бусаар газар ашиглаж байснаа өөрөө нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрдөг байна.

Хоёр: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2019 оноос хойш Хөх сувд жуулчны бааз нь зөвшөөрөлгүйгээр орц, гарц хааж хашаагаа сунгаж барьсан гэжээ.

Манай Э ХХК нь 2002 оноос Хөвсгөлийн тусгай хамгаалалтай хязгаарлалтын бүс Жанхайн даваа даваад Өвөр бунхат нэртэй газар тасралтгүй 20-иод жил аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж байна. Бид үйл ажиллагаагаа өргөтгөх, ойр орчмын далайг тэжээж байдаг ус, намгархаг газрыг хамгаалах үүднээс талбайгаа өргөтгөх хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу гаргаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын шийдвэр гарснаар 2016 оны 4 дүгээр сард газар ашиглах гэрчилгээ олгогдсон болно. Бид тухайн гэрчилгээнд заагдсан солбицлын дагуу цэг тэмдэгтийг мэргэжлийн байгууллагаар тавиулсан болно. Харин энэ үед манай урд байрлах 7 улаан байшин 5 ширхэг байсан тухайн байшингууд нь манай газарт орсон байсан болно. Бид зөвшөөрөлгүйгээр хашаагаа сунгаж бариагүй бөгөөд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу бичиг баримтаа бүрдүүлж, газар ашиглах зөвшөөрөл авсны дагуу 2018 онд хашаагаа барьсан болно гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 155/ШШ2022/00820 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар Эд ХХК-д Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөвсгөл аймгийн Байгалийн цогцолбор газар тусгай хамгаалалттай газар нутгийн Жанхайн ардаг нэртэй газар 70768.0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зөвшөөрөлтэй газраас илүү гарсан хэсгийг чөлөөлж, орц, гарц гаргахыг******* ХХК-д даалгаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.*******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Э ХХК-ийн төлөөлөгч М.Э давж заалдах гомдолдоо: ...Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь иргэн Т.*******гийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч талын тайлбар болон нотлох баримтыг үл хэрэгсэн нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна. Хариуцагч 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хариу тайлбар болон нотлох баримтыг өөрийн биеэр шүүхэд хүргэж өгсөн байдаг. Уг материалыг шүүгчийн туслах гардан авахдаа нотлох баримтын шаардлага хангаагүй талаар мэдэгдээгүй бөгөөд шүүх хурал болох өглөө хэлсэн. Хариуцагч шүүхийн хаягаар хурал хойшлуулах тухай хүсэлтээ явуулсаар атал уг хүсэлтийг үл хэрэгсэж, хэлэлцэлгүйгээр шүүх хурлыг хийсэн байна.

Мөн газар дээр үзлэг хийхдээ нэг талыг оролцуулан, хариуцагч талыг байлгалгүй, ямар кадастрын зураг үндэслэн үзлэг хийсэн нь тодорхой бус. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргаж өгсөн лавлагаанаас өөр кадастраар зураг гаргажээ. ГХБХБГ-ын геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Дэлгэрмөрөн нь зөвшөөрөгдсөн кадастрын 9, 10 дугаар цэгийг иргэн *******тай илт хуйвалдаж, өөрчилж буруу зураг гаргажээ.

Нэхэмжлэгчийн орц, гарц гаргахаар шаардаж буй талд илүү хашсан талбай байхгүй, олгогдсон цэгийн дагуу байгаа бөгөөд харин ч нутгийн иргэн Анхбаярын зөвшөөрөлгүй барьсан 5 байшин нь манай зөвшөөрөлтэй цэг дотор /9, 10 цэг/ байдаг болно. Иймээс иргэн *******гийн ашиглаж буй газар руу орох орц, гарц гаргаж өгөх ямар ч боломжгүй.

Иймээс хариуцагч талын оролцоог хангалгүй, хэт нэг талын оролцоотойгоор нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Э ХХК-нд холбогдуулан орц, гарц гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дараах байдлаар зөрчсөн байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Х жуулчны бааз /5044405/, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар баг, Жанхайн Ардаг гэх газарт байрладаг амралтын газрын захирал М.Энхбаатар гэдэг хүнээс орох, гарах гарцыг чөлөөлүүлж өгөөч гэж миний бие Хөвсгөл аймгийн Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газарт удаа дараа хандсан боловч дорвитой арга хэмжээ авахгүй байгаа тул шүүхэд энэ нэхэмжлэлийг гаргаж байна... гэжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т.******* нь Хөх сувд жуулчны бааз болон Э ХХК-ийн алинд нь холбогдуулж нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлд өөр өөр байдлаар бичигдсэн байхад шүүх 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 155/ШЗ2022/01675 дугаартай шүүгчийн захирамжаар Э ХХК-нд холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг зөрчсөн байна.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл ойлгомжтой, хариуцагчийг зөв тодорхойлсноор нотлох баримтын талаар талуудын үүргийн хуваарилалт, нотлох баримтын үнэлгээ, маргааны үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлт, хууль хэрэглээ зөв болох учиртай.

2. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 155/ШЗ2022/02190 дугаартай захирамжийг үндэслэн маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт харьяалагдах Жанхайн Ардаг гэх газар орших Хөх сувд жуулчны бааз нь амралтын газрын хашаагаа кадастрт тусгагдаагүй газарт буюу зохих зөвшөөрөлгүйгээр сунгаж, нэхэмжлэгчийн амралтын газрын орц, гарцыг хаасан гэх газруудад үзлэг хийх ажиллагааг эхлүүлсэн талаар дурдсан байх ба уг ажиллагаанд хариуцагч талыг оролцуулаагүй, нэхэмжлэгч Т.*******гийн зааж өгсөн цэгүүдээр хэмжилт хийж үзлэг хийсэн нь ойлгомжгүй байна /ХХ-ийн 80 тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасан бөгөөд үзлэг хийх ажиллагаанд талуудын оролцоог бүрэн хангах нь нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг хэрэгжүүлэх боломж бүрдүүлэхээс гадна талуудын шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэх юм.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Э.Д оролцуулсан байх ба Э.Д нь ямар эрх, үүрэгтэйгээр оролцож байгаа нь тодорхойгүй атал уг мэргэжилтний тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн /ХХ-ийн 83 тал/.

Тодруулбал дээрх мэргэжилтэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, гуравдагч этгээд, шинжээчийн алинаар оролцож буй нь тодорхойгүй, үнэн зөв тайлбар гаргаагүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар хууль сануулсан баримт хэрэгт авагдаагүй байна.

Энэ нөхцөл байдлаас дүгнэж үзвэл Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Э.Д-ийн гаргасан тайлбар, түүнд хавсаргасан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх учир энэхүү баримт нь нотлох чадвараа алдах бөгөөд шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

4. Хариуцагч Э ХХК-ийг хэн төлөөлөх, хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Э гэх хүн нь тус компанийг төлөөлөх эрхтэй эсэх баримт хэрэгт авагдаагүй, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, нэрийн хуудас хэрэгт авагдсан байх боловч уг баримтыг үндэслэж түүнийг Э ХХК-ийг төлөөлөх эрхтэй гэж дүгнэх боломжгүй.

Учир нь хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлэх учиртай бөгөөд хуулийн этгээдийн удирдлагын эрх нь хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан баримт, дүрмээр, албан тушаалд томилсон тушаал гэх мэт баримтуудаар тодорхойлогдоно.

Дээрхээс бусад тохиолдолд төлөөлөгчийн бүрэн эрх төлөөлүүлэгчээс бичгээр олгогдсон итгэмжлэлээр тодорхойлогдохыг анхаарах нь зүйтэй.

5. Хэргийн 129-130 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд нотлох баримтыг гаргаж өгөх хүсэлтийг шүүгч шийдвэрлэхдээ шүүх хуралдааныг завсарлуулсан байх ба энэ талаар гаргасан эрхийн акт хэрэгт авагдаагүй, мөн шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтуудыг хариуцагчид танилцуулаагүй, мэтгэлцэх зарчмыг алагдуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болох-ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т хуульчлан, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах... шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан байтал шүүх хуралдаан завсарлуулж, ямар нэгэн эрхийн акт гаргалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Иймд хариуцагчийн гаргасан ...хариуцагч талын оролцоог хангалгүй, хэт нэг талын оролцоотойгоор нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас буцаан гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж байгаа тул хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх боломжгүйг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 155/ШШ2022/00820 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                            Н.БАЯРХҮҮ    

Л.ЭРДЭНЭБАТ